Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1481

 

ТӨСӨЛ

2020.07.03                                            1481                                            Улаанбаатар

 

 

 

 

 

 

 

“АК” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Нямбазар шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01228 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “АК” ХХК-ийн хариуцагч М.Г-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 905 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 12 сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, 2018 оны 12 сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөгийг, 60 хоногийн хугацаатай тус тус зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 27, 2019 оны 03 сарын 14-ний өдрүүдэд дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй. Зээлдэгч М.Г 2020 оны 01 сарын 9-ний өдрийн байлаар үндсэн зээлийн төлбөрт 18 000 000 төгрөг. 363 хоногийн зээлийн хүү 6 706 485 төгрөг нийт                  24 706 486 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2020 оны 01 сарын 9-ний өдрийг хүртэл 15 436 000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 9 270 486 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 370 хоног хугацаа хэтруүлсний алданги 4 635 242 төгрөг, нийт 13 905 728 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлсэн нь үнэн бөгөөд энэ талаар маргах зүйлгүй. Нэхэмжлэгч “АК” ХХК-ийн зээлийн хүү, хугацааг 2020 оны 01 сарын 09-ний өдрийн байдлаар тооцож, шаардлага гаргаж байгаа нь гэрээний заалт, нөхцөлтэй нийцэхгүй байна. Учир нь бид зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулаагүй ба дээрхи 2 гэрээний дагуу шаардах зээлийн хүүгийн хугацаа нийт 5 сар байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 363 хоногийн хүү тооцож, шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн үүрэгт 15 436 000 төгрөг төлсөн мэтээр тайлбар ирүүлсэн нь бодитой биш. Би Турк Улсаас оруулж ирсэн эмэгтэй хүний 2 ширхэг гоёлын шинэ пиджакаа нэхэмжлэгчийн хүсэлтээр 3 000 000 төгрөгт бодож, түүний танилд өгсөн ба нэхэмжлэгч уг мөнгийг зээлийн үүргээс хасна гэсэн атлаа хасаагүй байгаа нь миний хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх, мөн нотлох баримтад үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргахад хүрч байна. М.Г би зээлийн үүрэгт дээрхи төлбөрөөс гадна 1 500 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг нэхэмжлэгч орхигдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Г-ээс зээлийн гэрээний үүрэг 8 406 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 499 728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 149 446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулахдаа дараах нөхцөлийг нэхэмжлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр харилцан тохиролцсон. Үүнд, зээл, түүний хүүг хугацаанаас өмнө аль ч үед хэсэгчлэн төлж болно гэж тохиролцсон тийм ч учраас хариуцагч гэрээгээр тохирсон хугацааны хүүг аль болох багасгах зорилгоор авсан зээлээ хугацаанаас өмнө хүүгийн хамт төлж байсан. Нэхэмжлэгч ч мөн адил тохирсон ёсоор төлбөр авах бүртээ зээлийн үлдэгдлээс буюу гүйцэтгээгүй үүргээс хүү тооцон авч, зээлийн үлдэгдлийг тухайн бүрт нь дүгнэж, баримтжуулж байсан. Энэ нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн баримтаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргээс биш, харин төлөгдсөн зээлээс дахин хүү тооцож, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн нь гомдлыг гаргах үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “АК” ХХК нь хариуцагч М.Г-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 905 728 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан хоёр удаагийн зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 14-ний өдрийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг, 90 хоногийн хугацаатай, 30 хоногийн 8 хувийн хүүтэй, 2018 оны 12 сарын 28-ны өдрийн гэрээгээр 8 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ. /хх 7-8, 11-12/

Хариуцагч нь 2018 оны 12 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээл                  10 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөг төлөх үүргээс 9 736 000 төгрөгийг төлсөн, гүйцэтгээгүй үүрэг 2 664 000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-ны өдрийн зээл 8 000 000 төгрөг, хүү 640 000 төгрөг, нийт 8 640 000 төгрөгөөс 5 700 000 төгрөгийг төлж, гүйцэтгээгүй үүрэг 2 940 000 төгрөг, нийт 5 604 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээний алданги төлөхтэй холбоотой заалтаас үзвэл зохих ёсоор гүйцэтгээгүй буюу үүрэг 5 604 000 төгрөгийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй нөхцөлд хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх тул алданги                       2 802 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл 5 604 000 төгрөгийн хамт гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчид зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алданги төлөх мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн. Алданги нь зээлийн үндсэн үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой хариуцлагын шинжтэй зохицуулалт ба хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн тооцоолол, үүрэг гүйцэтгэх тухай зээлдүүлэгчийн шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 2,29/

Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү 5 499 728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон 8 406 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргээс биш, харин төлөгдсөн зээлээс дахин хүү тооцож, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих дүнгээс 5 604 000 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд уг дүнгийн 50 хувиар тооцож алдангид 2 802 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй       орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                                        Д.НЯМБАЗАР

                                                           А.МӨНХЗУЛ