Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мугдан овогт О Б-д холбогдох 1735000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 23-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 74 тоотод оршин суух, Мугдан овогт О Б. РД:ОЮ69032311.

                        Холбогдогсн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр 06-01 тоотод хохирогч Ц.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч О.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч О.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 06-01 тоотод хохирогч Ж.Ц.С-ыг зодсон болох нь хохирогч Ц.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой найзын хамт 1 шил 0,5 л хэмжээтэй архи уучихаад танил Ц гэх айлд мод түлээ авахаар очтод тэдний гэрт Т гэх хүн байсан бөгөөд Ц, Т нар өөр нэг хүний хамт архи уусан бололтой Ц нь орон дээрээ унтаж байсан. Т нэг хүний хамт дундаа 1 шил 0,5 л хэмжээтэй Улаабаатар нэртэй архи тавьчихсан сууж байсан юм. Би Ц руу очиж татаж сэргээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгтэл хажуугаас Т над руу “чи хэн бэ? тэтгэвэрийн мөнгө идсэн пизда” гэж хэлээд босоод ирсэн. Тэгэхээр нь би түүнд юу гэнэ гэж хлээд бид хоёр барьцалдаж нэг нэгнээ заамдаж аваад би түүний хувцасны энгэрээс барьсан чигтээ нүүр лүү нэг удаа нудраад тэр дороо би түүнд айлд зодолдох хэрэггүй болцгооё гэж хэлэхэд Т гараа тавьсан тэгэнгүүт  би том өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд ортол араас хэн нэгэн толгой руу нэг зүйлээр чанга цохих шиг болсон. Би эргээд харахад Т зогсож байсан. Тэр үед би толгойгоо гараараа тэмтэрч үзэхэд толгойны ар хэсгээс цус гарч байсан юм. Т миний толгойгоос цус гарч байгааг хараад дахин цохиогүй юм. Тухайн үед Ц-тай уулзаж мод авах зорилгоор Ц-ын гэрт орсон. Тухайн үед Ц унтаж байхаар нь би сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Тэгтэл хажуугаа Т намайг “Юу байна пизда минь, яагаач үгүй залуугаараа тэтгэвэр идсэн пизда” гэж хэлэхээр нь би уурлаад түүнийг нэг удаа зүүн хацар орчимд нь цохиод зочны өрөөнөөс гарч гал тогооны өрөөнд ортол араас Т ирээд архиын шилээр миний толгойны ар хэсэгт цохиж гэмтээсэн юм. Тухайн үед зочны өрөөнд Ц унтаж байсан. Т нэг хөдөөний бололтой хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Гал тогооны өрөөнд нэг хүүхэд тухайн үед хоол хийгээд сууж байсан ба өөр хүн байгаагүй. Намайг Т-гаар цохиулсны дараа Ц сэрээд босож ирсэн. Мөн Ц-ын эхнэр сүүлд орж ирсэн. О.Б бид хоёр зочны өрөөнд маргалдаад би түүнийг цохиод өрөөнөөс гараад гал тогооны өрөө рүү орох мөчид Б араас архины шил шидэж миний толгойг гэмтээсэн юм. Тухайн үед би зодолдох оо больсон. Айлд хэл ам хийгээд дэмий гэж бодоод гэртээ харихаар гарч байсан юм. Цын байшин гадна хаалгаас гол тогооны өрөөгөөр дамжиж зочны өрөөнд ордог зохион байгууллалтай юм. Тухайн үед Т архи ууж байсан бөгөөд согтуу байсан. Би гэртээ нэг шил архи найзынхаа хамт хувааж уугаад гэртээ байж байгаад тэднийд орсон юм. Би тухайн үед халамцуу байсан боловч болсон зүйлийг бүгдийн санаж байна. Тухайн үед Т миний толгойн ар хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон. Би эргээд харахад Т надтай тулаад ирчихсэн зогсож байсан. Миний биед урьд өмнө ямар нэг гэмтэл бэртэл байгаагүй. Баттулгыг би манай хорооны хүн тул зүс танина. Бидний хооронд өс хонзонгийн зүйл байхгүй. Бидний хооронд болсон зодоонд өөр хүн оролцоогүй. Надад толгойноос өөр гэмтэл бэртэл байхгүй. Би Баттулгыг гараараа нэг удаа зүүн хацар руу нь нэг удаа нударсан бөгөөд энэ цохилтын улмаас түүний биед ямар нэг гэмтэл бэртэл учираагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, насанд хүрээгүй гэрч Ц.Г мөрдөн байцаалтад өгсөн “Өнөөдөр намайг хичээлээс ирээд хоол хийж байтал Т гэх хүн гаднаас орж ирээд зочны өрөөнд байсан аав болон аавын найз хүний хамт юм ярьж сууж байсан. Тухайн үед аав согтуу орон дээр унтчихсан юм. Т аавын найзтай хамт зочны өрөөнд байтал манай арын хороонд байдаг Сайнаа гэх ах орж ирээд аавыг асуугаад зуны өрөөнд орсон юм. Удалгүй Т Сайнаа ах 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгтэл удахгүй зодолдож ноцолдох чимээ гарахаар нь би зочны өрөө рүү орохоор бостол зочны өрөөнөөс С гарч ирсэн. Гэтэл зочны өрөөнөөс хэн нэгэн архины шил шидсэн бөгөөд тэр нь С-гийн толгойг онож толгойноос нь цус гарсан юм. С, Т нар цагдаа дууд гээд байсан. Тухайн үед С гаднаас орж ирэхдээ согтуу байсан эсэхийг анзаараагүй. Согтуу байдал ажиглагдаагүй, биед нь ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Т архи уусан байсан боловч биеэ авч явах чадвартай байсан. Манай гэрт архи уусан байх. Би архи ууж байгааг хараагүй. Т, С нарын зодооны талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатад өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц-тай архи уугаад түүнийг согтсон тул гэрт нь хүргэж өгсөн. Тэдний гэрт ороод 0,5 л хэмжээтэй нэг шил Улаанбаатар архи задалсан авч явсан аа ууж байтал Ц их согтсон тул унтаад өгсөн. Би ч бас тэр үед нэлээн согтуу байсан. Гэтэл гаднаас хоёр залуу цуварч орж ирээд нэг нь Ц-ыг татаж босгох гээд байсан. Тэгж байгаад тэр хоёр хоорондоо зууралдаад ноцолдоод байсан бөгөөд нэг мэдэхэд нэгийхэн толгойноос цус гарч байсан. Тухайн үед согтуу байсан тул тэднийг юунаас болж зодолдсон болохыг мэдэхгүй. Тухайн үед хэрүүл маргаан зодоон болохоор гараад явсан. Тухайн үед архины шилээр нэгнээ цохисон гэж сонссон. Тухайн зодоон Ц-ын байшингийн том өрөөнд болсон. Сүүлд зодуулсан залуу жижиг өрөөнд цусаа гойжуулаад толгойгоо барьж зогсож байсан. Тухайн үед Ц унтаж байсан, тэдний хүүхэд байсан. Би Ц--тай 0,5 л хэмжээтэй 1 шил архи хуваагаад ууж байтал” гэх мэдүүлэг /хх-18-р талд, шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найзынхаа хамт 0,5 л хэмжээтэй нэг шил архи найз маань явсан тул би Ц ахын гэрт 19.00 цагийн үед орсон. Намайг тэр айлд ороход Ц орон дээрээ хэвтэж байсан ба тэдний гэрт Б гэх хүн сууж байсан бөгөөд тэр хоёр архи ууж байгаа бололтой ширээн дээр 0,5 л хэмжээтэй архи байсан бөгөөд талаасаа доошоо ортол уучихсан байсан. Би тэднийд ороод Бийг зүс таних тул уулзаад ойр зуурын зүйл ярьж байтал гаднаас С гэх манай хорооны залуу орж ирсэн бөгөөд тэрээр Цогтбааратыг татаж сэрээх гэхэд Ц сэрэхгүй хэвтэж байсан. Тэгтэл С над руу томроод “энэ айлд архи уугаад сууж байдаг чи хэн бэ? “гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тухайн үед С дээрэлхүү зан гаргаж харьцаад байсан. Би түүнд хамаатаны ахындаа сууж байна, миний хаана суух чамд хамаагүй гэж хэлсэн. Тухайн үед С бид хоёр хоёулаа барьцалдаж авах С миний зүүн хацар завьж орчимд хоёр удаа гараараа цохисон. Тэгчихээд С цаашаа эргээд явахаар нь ширээн дээр байсан архины шил аваад араас нь шидчихсэн. Тэгтэл архины шил С-ын толгойны ар хэсгийг онож хуйх нь язарч цус гарсан юм. Тэр үед С цагдаад дуудлага өгсө ба тэр цагаас хойш яман нэг зодоон болоогүй. Тухайн үед би зочны өрөөнд байсан. С намайг цохичихоод цаашаа эргээд үүдрүү явахаар нь би уурандаа түүнийг ямар дээрэлхүү хог вэ гэж бодоод цохиулсан шарандаа ширээн дээр байсан архины шилийг аваад түүний араас шидчихсэн. Тухайн үед Ц орон дээр унтаж байсан, Б зочны өрөөнд миний хажууд сууж байсан, гал тогооны өрөөнд Ц-ын хүүхэд хоол хийж байсан” гэх мэдүүлэг /хх-42-43-р талд/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч О.Б нь хохирогч Ц.С-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид толгойн дагзаны хэсгийн хуйханд язарсан шархтай гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 754а дугаартай дүгнэлт /хх-ийн 31-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Хохирогч Ц.С “О.Бас эмчилгээний зардал гаргуулсан тул ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.  

 

2. Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажлгүй болох нь Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47-р тал/-оор тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид яаралтай тусламж үзүүлж хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Мугдан овогт О-гийн Б-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 250 /хоёр зуун тавин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заансаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар 0.5 литрийн хэмжээтэй “Улаанбаатар” нэртэй архины шил 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ