| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2024/0027/З |
| Дугаар | 118/ШШ2024/0030 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 118/ШШ2024/0030
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0250168 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.******* нь "... Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК нь Гал түймрийн улсын хяналтын улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагын хариу ирүүлээгүй зөрчил үйлдсэн..." гэх зөрчлийн ОБГ-02 дугаартай гомдол, мэдээллийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шалгаад, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зөрчилд холбогдогч "*******" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар №0250168 дугаартай шийтгэлийн хуудсаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч Н.*******, "*******" ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/20 дугаартай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27/03/36 дугаартай Гал түймрийн улсын байцаагчийн хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага зэрэг нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч "*******" ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан" бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрх бүхий албан тушаалтан Т.******* нь "*******” ХХК-нд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж буруу шийтгэл оногдуулсан байна. Зүй нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан..." гэсэн заалтаар шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Т.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №0250168 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...2024 оны 05-р сарын 24-ны өдөр “*******” ХХК-д холбогдох 27/03/02 дугаартай зөрчлийг шалгаж шийдвэрлэж шийтгэлийн хуудсыг бичихдээ Зөрчлийн тухай хуулийг буруу бичиж, техникийн алдаа зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Т.*******оос "*******" ХХК нь Гал түймрийн улсын хяналтын улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагын хариу ирүүлээгүй зөрчил үйлдсэн..." гэх хэмээн үзэж 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0250168 дугаар шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-д 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих ахлах прокурор Б................... нь тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Т.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 00250168 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргасан. Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж буруу шийтгэл оногдуулсан ” гэж тодорхойлсон байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд мөн зүйлийн 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн эсэхийг тогтоох“ гэж тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг бичих дээ Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж эрх бүхий албан тушаалтын шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах үндэстэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Т.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Иймд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0250168 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б......................ийн дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР