Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1478

 

    Төсөл

2020.07.03                                             1478                                          Улаанбаатар

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Нямбазар шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01599 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ийн хариуцагч БДЗД  холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 03 сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын олонхийн саналыг авч хорооны засаг даргаар ажиллаж байсан. Хорооны засаг даргын бүрэн эрхийн хугацаа Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар 4 жил байдаг. Ингээд ажлаа хийгээд явж байтал 2016 оны 03 сарын 26-ны өдөр хууль бусаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0461 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 523 дугаар тогтоолоор хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдож хорооны засаг даргын ажил албанд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Гэтэл БДЗД-ын тамгын газрынхан хуулийг зохих ёсоор биелүүлэхгүй, нэг жилийн дараа гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний үндсэн дээр ажилдаа томилогдсон. 2018 оны 04 сарын 13-ны өдөр БДЗД-ын Б/11 тоот захирамжаар 4 дүгээр хорооны Засаг даргаар томилогдон ажилдаа орсон боловч үндэслэл шалтгаангүйгээр ажлын 1 хоногт буюу 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Б/14 тоот захирамжаар дахин ажлаас халагдсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь заалтыг илт зөрчсөн. Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага шалгуур үзүүлэлтийг өөрчилж нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэж маш тодорхой заасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг баримтлан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д гомдол гаргахад хууль тогтоомж мөрдөж ажилла, Д.О гэдэг хүнийг ажилд нь ав гэдэг албан бичгийг 2018 оны 05 сарын 03-ны өдөр хүргүүлсэн байдаг. Гэтэл БДЗД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б уг албан бичгийг биелүүлээгүй. Бид тодорхой хугацаанд хүлээлттэй байсан, уг үүргийг биелүүлэхгүй байсан учир бид гурав Нийслэлийн Засаг даргад дахиад гомдол гаргаж, 2018 оны 06 сарын 08-ны өдрийн А/526 тоот захирамжаар БДЗД-ын үүрэг гүйцэтгэгч Т.Б 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, холбогдох хууль тогтоомжийг биелүүлж ажиллахгүй иргэн миний эрхийг зөрчсөөр байгаа бөгөөд 2018 оны 04 сарын 13-ны өдрийн Б/11 тоот 4 дүгээр хорооны Засаг даргын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон захирамж нь хүчин төгөлдөр өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Иймд 2018 оны 04 сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл нийт 23 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 20 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: дээрх шүүхийн шийдвэрүүдийг тус тус үндэслэж БДЗД-ын 2018 оны 04 сарын            13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.О-г тус дүүргийн 04 дүгээр хорооны Засаг даргаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 000 224 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 1/389 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02093 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.О-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10 560 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ны өдөр 1745 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Засаг даргаас 7 939 385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх 2 620 615 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 01 сарын 10-ны өдрийн 001/ХТ2019/00050 дугаартай тогтоолоор 2018 оны 07 сарын 25-ны өдөр 1745 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Д.О-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 939 385 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 12/1689 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус хорооны Засаг дарга Д.О-г огцруулах саналыг гаргаж, дүүргийн Засаг даргад уламжилсан. Дүүргийн Засаг даргын зүгээс 4 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын тогтоолд үндэслэж 4 дүгээр хорооны Засаг дарга Д.О-г 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар чөлөөлсөн. Мөн 4 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 04 сарын 15-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг үндэслэж дүүргийн Засаг даргын 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар П.М-ыг 4 дүгээр хорооны Засаг даргаар томилсон.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар 2013 оны 01 сарын 17-ны өдөр томилогдсон байх ба түүний бүрэн эрхийн хугацаа 2017 оны 01 сарын 17-ны өдөр дууссан тул тэрээр тус өдрөөс хойш уг албан тушаалд ажиллах эрхгүй болсон. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасны дагуу нэхэмжлэгч улс төрийн албан хаагч. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зуйлийн 17.1.2-д баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах бүрэн эрхийг хорооны Иргэдийн нийтийн хурал хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд дүүргийн Засаг дарга нь хорооны засаг даргыг томилох эрх хэмжээтэй гэж харагдаж байгаа боловч тухайн хорооны Иргэдийн нийтийн хурлын саналыг заавал үндэслэдэг. Тиймээс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БДЗД  холбогдох 2018 оны 04 сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл 23 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20 240 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ажлаас чөлөөлсөн 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Засаг даргын захирамжыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон бөгөөд энэ захирамжид Т.Б нь гомдол гаргаагүй билээ. Дээд шатны төрийн байгууллага удаа дараа хууль тогтоомжийг мөрдөж ажиллах тухай анхааруулж, сануулсаар байтал өнөөдрийг хүртэл намайг ажилд авахгүй хохироосоор байна. Захиргааны Ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д зааснаар захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага захиргааны шийдвэрийг гүйцэтгэх ба захиргааны шийдвэр гүйцэтгэлийг явуулах бөгөөд энэ хуулийн 8 дугаар бүлэгт тодорхой зохицуулалтын дагуу шийдвэрлэх ёстой гэдэг үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А даргад хүсэлт өгсөн бөгөөд хариу ирээгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд “...дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Гэтэл аль аль талын тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх явцад Д.О намайг 2018 оны 04 сарын 17-ны өдөр ажлаас халснаас бус ажилд эгүүлэн авсан ямар нэгэн тушаал шийдвэр байдаггүй. Гэтэл Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Д.О хариуцагч БДЗД  холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байгаад БДЗД-ын Б/11 дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 000 224 төгрөгийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

/хх 5-7, 73-83/

Түүнчлэн, БДЗД-ын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн Б/11 тоот захирамжаар Д.О-г 4 дүгээр хорооны Засаг даргаар томилж, 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Б/14 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 сарын 08-ны өдрийн А/526 тоот захирамжаар хүчингүй болгосон байна. /хх 15/

Хариуцагч БДЗД-ын 2018 оны 04 сарын 13-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажил, хөдөлмөр эрхлүүлэхгүй байгаа эс үйлдэл нь захиргааны шүүхийн харъяаллын маргаан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлоор иргэний хэрэг үүснэ.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагатай холбоотой шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно.” гэж заасан ба нэхэмжлэгч нь БДЗД-ын захирамжаар томилогдож, чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагч байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлгүй байхад иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэж мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан харъяалал зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Д.О-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01599 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, БДЗД  холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                                           А.МӨНХЗУЛ