Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1482

 

ТӨСӨЛ

2020.07.03                                           1482                                                  Улаанбаатар

 

 

 

 

 

 

“ДМНИБХХ” ТББ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Нямбазар шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01890 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ДМНИБХХ” ТББ-ийн хариуцагч “Б” ХХК, Ж.Э нарт холбогдох 120 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Д,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын дэргэдэх “ДМНИБХХ” ТББ-ын өмчлөлийн хуучин амралтын барилгуудыг худалдан авч, засаж тохижуулан ахмадын амралт сувиллын газар байгуулах төсөл хэрэгжүүлэх гэрээг, захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, ерөнхий гүйцэтгэгч ДМНИБХХ ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Д нартай байгуулж, үл хөдлөх хөрөнгийн үнэ 80 000 000 төгрөгийг оролцуулан бүгд 133 300 000 төгрөгийн хүүгүй зээл авсан. Зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу ерөнхий гүйцэтгэгч өөрийн дансанд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас шилжиж ирсэн мөнгөнөөс үл хөдлөх хөрөнгийн үнэ                    80 000 000 төгрөг суутган авч, 53 300 000 төгрөг “Б” ХХК Голомт банкин дахь 1205133380 тоот дансанд шилжүүлж өгсөн. Төсөл хэрэгжүүлэгч “Б” ХХК-ийн хүсэлтийг харгалзан төсөлд өөрийн хөрөнгө оруулалт хэлбэрээр 40 000 000 төгрөг “Б” ХХК-д нэмж олгосон. Зээлийн гэрээний 4.3-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч авсан зээл 133 300 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны дотор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төлөх ёстой. Зээлийг буцааж төлөх хугацаа 90 хоног хэтэрсэн боловч зээлдэгч Б.Ц  гүйцэтгэх захиралтай “Б” ХХК нь зээлийн нийт төлбөрөөс 83 100 000 төгрөг дутуу төлөөд байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 90 хоногийн алданги 37 400 000 төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтийн дутуу 83 100 000 төгрөгийн хамт нийт 120 500 000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК болон Ж.Э нараас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүнд тусгагдсан хариуцлагын төрлийг тохирсон тохиролцоо байх ёстой. Гэтэл “Б” ХХК нь нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй, нэхэмжлэгчид ямар нэгэн мөнгө зээлүүлсэн төлбөрийн баримт байхгүй тул өнөөдөр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх байх учиргүй юм. Харин нэхэмжлэлд дурдсанчлан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр захиалагч гэж тодорхойлогдсон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, ерөнхий гүйцэтгэгч гэж тодорхойлогдсон ДМНИБХХ ТББ, төсөл хэрэгжүүлэгч гэж тодорхойлогдсон “Б” ХХК нарын хооронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д төслийн санхүүжилтийн хэмжээ 93 300 000 төгрөг, үүнээс 40 000 000 төгрөг нь холбооны хөрөнгө оруулалт байна гэж заасан бөгөөд 4.2 дахь хэсэгт зааснаар ерөнхий гүйцэтгэгч л төслийн зээлийг авсан, зээлийн гэрээний үүрэг түүний үүрэг байгаа нь 133 300 000 төгрөгийн асуудал биш, 93 300 000 төгрөгийн асуудал байгааг, түүний дотор 40 000 000 төгрөг нь нэхэмжлэгчийн асуудал, түүний хүлээх үүрэг байгааг харуулж байна. Харин үлдсэн                 53 300 000 төгрөг нь “Б” ХХК-ийн асуудал, түүний хүлээх үүрэг байж болохоор байгаа бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлчихсэн болохоор нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

“ДМНИБХХ” ТББ нь “Б” ХХК-д өөрийн өмчлөлийн хуучин барилгуудаа худалдсан бол эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн эрх зүйн баримт бичгүүд байх учиртай. Одоогоор тийм баримт бичгүүд хариуцагчид байхгүй байгаа нь мөн л нэхэмжлэл үндэслэлгүйг харуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээний 4.3-ын Төсөл хэрэгжүүлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны дотор авсан зээл, үл хөдлөх хөрөнгийн үнийг оролцуулан 133 300 000 төгрөгийг буцааж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэсэн заалт хуучин барилгуудыг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн үнэ 80 000 000 төгрөгийг оролцуулан         133 300 000 төгрөгийн хүүгүй зээлийг авсан юм гэсэн үндэслэлээс тус тус харахад “Б” ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх гагцхүү Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт байх ёстой, харин  80 000 000 төгрөгөөр худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн эрх зүйн баримт бичгийг Улсын бүртгэлийн албанд хүргүүлэхийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргах ёстой гэдэг нь харагдаж байна. Аль зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь тодорхойгүй, шаардах эрхтэй этгээд биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК, Ж.Э нараас 4 509 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДМНИБХХ” ТББ-д олгож, нэхэмжлэлээс 115 990 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч “Б” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг “ДМНИБХХ” ТББ-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК, Ж.Э нараас нараас 87 102 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ-д олгож, сөрөг нэхэмжлэлд”Б” ХХК-ийг төлөөлж Б.Э-аас  төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан хариуцагч Б ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүүгүй зээлээр төсөл хэрэгжүүлэгч “Б” ХХК нь ямар нэг нэмэлт нөхцөл, болзолгүйгээр 2019 оны дотор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд               133 300 000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн болохоо гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан нь дараах 2 гэрээний холбогдох заалт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг гурван баримт бичгээр нотлогдож байгаа. Эдгээр гэрээнүүдэд үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг “Б” ХХК-д шилжүүлж өгсний дараа үл хөдлөх хөрөнгийн үнийг төлнө, хэрэв гэрчилгээг шилжүүлж өгөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн үнийг оролцуулсан зээлийг төлөхгүй гэсэн ямар нэг заалт тайлбар байхгүй бөгөөд заавал худалдах, худалдан авах гэрээг тусд нь байгуулахгүйгээр байгуулсан гэрээнийхээ хүрээнд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн дагуу “Эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих”-ээр анх ойлголцож үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг төсөл бүрэн хэрэгжиж, зээл бүрэн эргэн төлөгдөж дууссаны дараа шилжүүлж өгөхөөр тохирсон болно.

Үүнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр төслийн ажил гүйцэтгэх гэрээний 4.7-д “Төсөл хэрэгжиж дуусах хүртэл төслийн санхүүжилтээр худалдан авсан хөрөнгө нь зээлийн давхар барьцаа болно” гэсэн заалт гэрчилж байгаа. Зээлийн давхар барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг төслийн зээлийн тооцоо бүрэн хийгдэж дуусаагүй байхад бусдад шилжүүлэн өгөх боломжгүй гэдэг нь ойлгомжтой байна. “Б” ХХК нь гэрээ байгуулахын өмнө хүсэлт тавьж, үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах баталгаа болгож, Чухын амралтын газрын хашаа барилга байгууламж оршдог 4 га газрын эзэмших эрхийн 00298586 тоот гэрчилгээг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ газрын гэрчилгээг ТББ нь 3 600 000 төгрөгийн татвар төлж “Б” ХХК-д шилжүүлж өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төслийн үндсэн баримт бичигт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэ 80 000 000 төгрөг манай дансанд шилжиж орсны дараа гэрээ байгуулж, Чухын амралтын барилгуудын түлхүүрийг “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу амралтын газрын менежер Ц-д  хүлээлгэн өгсөн. Ингэснээр Чухын амралтын үл хөдлөх хөрөнгө “Б” ХХК-ийн эзэмшилд шилжиж засвар үйлчилгээний ажил эхэлсэн. Чухын амралтын газрын газар эзэмших гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өөрийн эзэмшилд нь шилжиж ирсний дараа “Б” ХХК нь уг материаллаг бааз дээр түшиглэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад хүсэлт тавьж “Чух жаргал” сувилал байгуулж, сувилалын тусламж үйлчилгээ эрхлэх 9011158125 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан.

Шүүх хуралд батлан даагч Ж.Э-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулахыг хүссэн манай хүсэлтийг биелүүлж чадаагүй болохыг мэдэгдэе.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлээс 115 990 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон заалтыг зөвшөөрөхгүй тул давж заалдах гомдлыг гаргаж байна, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “ДМНИБХХ” ТББ нь хариуцагч “Б” ХХК, Ж.Э нарт холбогдуулан 120 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний агуулгыг зөв тодорхойлоогүй байна. Хэрэгт маргаан бүхий асуудлаар талуудын хооронд байгуулагдсан дараах гэрээнүүд авагджээ.  

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажлын байр бий болгох зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “ДМНИБХХ” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, 200 000 000 төгрөг зээлдүүлсэн,  “ДМНИБХХ” ТББ нь  2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “Б” ХХК-тай дээрх зээлийн мөнгөн хөрөнгийн үндсэн дээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газрыг тохижуулж ажиллуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “ДМНИБХХ” ТББ,  “Б” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх  гэрээ авагдсан байна. /хх5-7, 49-53/

 

           Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдэд үндэслэн амралт сувилалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80 000 000 төгрөгөөр худалдах, 53 300 000 төгрөг зээлдүүлэхээр харилцан тохиролцож нийт 133 300 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т заасны дагуу 80 000 000 төгрөгийг суутган авч, 53 300 000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байхад анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, амралт сувилалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдаж, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, энэ талаар маргаангүй гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Гэрээний талуудын харилцан эзэмшил, ашиглалтдаа шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, амралт сувиллын газар нь амралт сувиллын газрыг хамтран ажиллуулж ашиг орлого олох тэдний тохиролцоотой холбоотой байх бөгөөд уг тохиролцоо нь зээлийн, худалдах, худалдаж авах, хамтран ажиллах зэрэг холимог гэрээний шинжтэй байж болохоор байна. Гэтэл шүүх худалдах, худалдаж авах, хамтран ажиллах гэрээний эрх зүйн үндэслэл, талууд гэрээнээс татгалзсан, гэрээ цуцлагдсан эсэхийг тодруулаагүй зөвхөн зээлийн үүргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Түүнчлэн дээр дурьдсан гэрээний талуудын эрх ашиг хөндөгдөх эсэхийг анхаарч үзээгүй байхын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг талуудад сануулах зэрэг ажиллагааг хийгээгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01890 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 737 902,50 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                                             Д.НЯМБАЗАР

                                                                А.МӨНХЗУЛ