| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2017/0177/э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Г.О,
Өвсөр насны шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шандивууд овогт О-ын Б-т холбогдох 1735001580104 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын цогцолбор нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, ам бүл-5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 07-13 тоотод оршин суудаг, Шандивууд овогт О-ын Б. РД:ОЮ01300539.
Холбогдогсн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч О.Б нь 2017 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б, хохирогч З.Э нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Өвсөр насны шүүгдэгч О.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаангом политехник” коллежийн хашаанд хохирогч Б.Б-ний зүүн гуя хэсэгт, хохирогч З.Эын зүүн гуя хэсэгт тустус хутгалсан болох нь хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 10 дугаар сарын 28-ны 19.00 цагийн үед би өөрийн найз Э, А, А нартай Улаангом политехник коллеж дээр уулзсан юм. Тэгээд бид нар дэлгүүрээс 2,5 л хэмжээтэй Нийслэл гэх нэртэй 2 сав пиво аваад Улаангом коллежийн хашаанд уг пиво хувааж уугаад бид дөрөв коллежийн доор байрлалтай Эын гэрт очиж хоол хийж идээд 22 цаг 30 минутын би өөрийнхөө танил Б үрүү залгаад урьд маргалдсан байсан тул уулзаж ярилцана гэж бодоод “коллеж дээр хүрээд ир” гэж хэлсэн юм. Э, А, А нар нь коллеж дээр очтол Б, Д У, Б нар коллежийн урьд хаалгаар орж ирж байсан юм. Би тэдэн дээр очоод мэнд мэдээд Бтэй уулзсан бөгөөд бид хоёр хоорондоо дахин хэрэлдэж нэгнийгээ заамдаж авсан байтал Э, Б бид хоёрыг салгах гэж байтал Б гэнэт халааснаасаа хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд миний зүүн талын гуя руу нэг удаа хутгалсан юм. Тэгээд Б, Д, Б нар коллежийн хашааны хаалгаар гараад зугатаахад араас нь Э Б үрүү гүйгээд очтол Б эргэж хараад намайг хутгалсан хар өнгийн хутгаараа Эын зүүн талын гуя руу нэг удаа хутгалчихаад зугатаахад А, Э хоёр нь Б, Д, Б гуравын араас хөөгөөд явсан юм. А, У бид гурав коллежийн хашаанаас гараад такси бариад эмнэлэг орж зүүн гуяндаа 3 оёдол тавиулсан. Би болон А, А, Э нар Б болон түүний найз нарыг зодож цохисон зүйл байхгүй. Б-тэй өмнө нь зааланд тоглож байгаад маргалдсан байсан юм. Би Бээр хутгалуулж биедээ гэмтэл авсан явдалд гомдолгүй байна. О.Б нь надаас уучлалт гуйж надад учирсан хохиролд 750.000 төгрөг өгсөн бөгөөд одоо О.Бт ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/, хохирогч З.Эын мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны 19.00 цагийн үед би өөрийн найз Б, А, А нартай Улаангом политехник коллеж дээр уулзсан юм. Тэгээд бид нар дэлгүүрээс 2.5 л нийслэл гэх нэртэй 2 сав пиво авч Улаангом коллежийн хашаан дотор хувааж уусан юм. Тэгчихээд бид дөрөв Улаангом коллежийн доод талд байх манай гэрт 22 цаг 30 минут очиж хоол хийж идсэн юм Манай найз Б нь Б үрүү залгаад “коллеж дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Б, А, А бид нар коллежийн хашааны ар талаар коллеж уруу очиход Б бид нарын урд талд явж байсан бөгөөд бид гурав араас нь явж байсан юм. Харин Б 3 найзынхаа хамтаар коллежийн урд талын төмөр хаалгаар орж ир байсан юм. Б, Б нар урьд өмнө нь Гэрэл зааланд сагсан бөмбөг тоглож байгаад маргалдсан байсан бөгөөд тэр өдөр Б Б нар нь заамдалцаад авахад би тэр хоёрыг салгах гэж байтал Б Б нь хар өнгийн бариултай хутгаар зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би “Хөөё та нар яаж байгаа юм” гэж хэлтэл Б найзуудынхаа хамтаар коллежийн хаалгаар гараад зугатаахаар нь би Б үрүү гүйгээд хашааны хаалганы хэсэгт очтол Б эргэж хараад Б хутгалсан хар өнгийн иштэй хутгаараа миний зүүн талын гуя руу нэг удаа хутгалаад зугатахад А бид хоёр Б болон Д, Б гуравын араас хөөсөн. Тэгтэл тэд нар коллежийн хашаан хаалгаар гараад хойшоо хар зам дагаад гүйхээр нь А бид хоёр хөөлгүй такси барьж эмнэлэг дээр очсон. Тэгтэл эмнэлэгийн үүдэнд Б А, Г нар ирчихсэн байсан ба Б зүүн хөлийн гуяндаа оёдол тавиулчихсан байсан ба удалгүй цагдаа нар ирсэн. Миний зүүн талын гуя хутганд зүсэгдсэн тул 3 оёдол тавьсан. О.Б нь надаас уучлалт гуйсан бөгөөд надад учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлсөн тул надад одоо О.Б-ээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р тал/, насанд хүрээгүй гэрч Ц.Г “2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай сургуулийн 11, 12-р ангийн сурагчдын урлагийн үзлэг болж дуусаад 21 цагийн үед би өөрийн найз Б, Б, Д нартай Дий гэрт очиж хоол хийж идэхээр явсан юм. Д-ий гэр цогболбор нэгдүгээр сургуулийн ар талд ойрхон байсан учраас бид Дий гэрт очсон юм. Тэдний гэр эзгүй байсан тул хоол хийж идэхээр би мах хэрчиж, ногоо арилгаад байж байтал Бийн гар утас уруу Б гэгч гар залгаад “коллеж дээр хүрээд ирээч” гэж дуудсан юм. Тэгэхээр нь бид өлсөөд байсан учраас коллеж явах замдаа талх, хиам авч идэцгээе гэж бодоод би мах хэрчиж байсан төмөр иштэй хутгаа авч халаасандаа хийсэн. Харин Б ногоо арилгаж байсан хар иштэй хутгаа авсан юм. Явж байх замдаа хурдхан Бтэй уулзаад дэлгүүр орохоор ярилцаад коллеж дээр очоод урьд талын төмөр хаалгаар орсон юм. Тэгтэл Б сургуулийн ар талаас ганцаараа гарч ирээд Б, Б, Д бид дөрөвтэй мэнд асууж гар барилцаад байж байтал удалгүй Э, А, А нар гарч ирсэн юм. Тэгээд Б Э хоёр Бийг заамдаад хоорондоо маргалдаад эхэлсэн ба гэнэт Б халааснаасаа ногоо арилгаж байсан хар өнгийн иштэй хутгаа гаргаж ирээд Б зүүн гуя руу нэг удаа хутгалсан юм. Тэгчихээд Б хутгаа гартаа барьсан хэвээрээ коллежийн хашааны хаалга чиглээд зугатаатал Э араас нь хөөгөөд гүйцэхэд Б эргэж хараад Э-ын зүүн хөлөнд гартаа барьсан хутгаараа мөн адил нэг удаа хутгалчихаад зугатаасан юм. Тэгэхээр нь Д Б хоёр Б-ийн араас гүйхэд би АмрАн хамтаар Б эмнэлэгт хүргэж өгөхөөр түшээд коллежийн урд талын хар замаас такси зогсоож Б суулгаад эмнэлэг үрүү явах гээд таксинд сууж байтал Б миний халаасанд байсан хутагыг хараад “Чи хутагаар яах гэж байгаа юм вэ? Энэ хутгаа хаял даа” гэж хэлээд миний халаасанд байсан хутгыг аваад хар зам уруу шидчихсэн юм. Б би Б эмнэлэгт хүргэж өгчихөөд Дий гэр үрүү явсан. Д, Б, Б бид дөрөв Д-ий гэрт байж байтал цагдаа нар ирсэн. Б, Э нар бид нартай Гэрэлт зааланд сагсан бөмбөг толголцгоодог бөгөөд нэг удаа бид нар хоорондоо тоглож байгаад маргалдчихсан юм. Тэрнээс хойш Б, Э нар Бтэй муудалцаад байдаг байсан. Тухайн өдөр бид хоорондоо зодолдоогүй бөгөөд Э, Б нар Бийг зодож цохигүй зүгээр л заамдсан юм. Тэгээд хэрэлдэж эхэлтэл Б нь Б хутгалчихсан юм. Намайг болон манай найзуудыг Б, Э, А, А нар нь зодож цохисон зүйл байхгүй. Зодоон болж байхад би өөртөө байсан хутгаа гаргаж ирээгүй бөгөөд бид нар Б, Э нартай хамт явсан хүмүүстэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-27-28-р талд/, насанд хүрээгүй гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “Б сургуулийн ар талаас ганцаараа хүрч ирээд Г, Б, Д бид дөрөвтэй гар бариад мэнд асуугаад байж байтал удалгүй цаанаас нь Э, А, Аг нар нь гарч ирсэн юм. Б, Э хоёр Бийг заадаад хоорондоо маргалдаж, эхэлдээд эхэлсэн. Тэгтэл гэнэт Б халааснаасаа байсан ногоо арилгаж байсан хар өнгийн иштэй хутгаа гаргаж ирээд Б зүүн гуя руу нэг удаа хутгалчихаад хутгаа гартаа барьсан хэвээрээ коллежийн хашааны хаалга чиглээд зугатаахад Э араас нь хөөгөөд гүйцэтэл Б эргэж хараад Э-ын зүүн хөлөнд гартаа барьсан хутгаараа нэг удаа хутгалчихаад зугатаасан юм. Тэгэхээр нь Д бид хоёр Б-ийн араас гүйсэн юм. Бид гурав зугатаад Дий гэрт очсон бөгөөд Б Д-ий гэрт очоод гартаа барьсан хутгаа хоолны шүүгээ рүү хийчихсэн юм. Харин Г удалгүй Дий гэрт орж ирээд бидэнд Б А-тай хамт нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчихөөд ирлээ гэж гэж хэлсэн. Удалгүй Дий гэрт цагдаа нар ирсэн. Б, Э нар бидэнтэй хамт Гэрэлт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад нэг удаа Б-тэй маргалдсанаас хойш Б-тэй Б, Э нар муудалцаад байдаг болсон. Тухайн үед зодоон болоогүй. Б, Э нар Бтэй заамдалцаж хэрэлдэж эхэлтэл Б Б хутгалчихсан. Намайг болон манай найзуудыг Б, Э, А, А нар зодож цохигүй юм” гэх мэдүүлэг /хх-29-30-р талд/, насанд хүрээгүй гэрч Э.Дий мөрдөн байцаалтанд өгсөн “Б, Э нар Бийг заамдаад хоорондоо маргалдаад эхэлтэл Б халааснаасаа ногоо арилгаж байсан хар өнгийн иштэй хутгаа гаргаж ирээд Б зүүн гуя руу нэг удаа хутгалчихаад зугтаасан ба Б бид хоёр Бийн араас нь гүйсэн юм. Тэгээд бид нарын араас Э хөөгөөд гүйцэхэд Б эргэж хараад Эын зүүн гуянд хутгалчихаад зугатаасан. Э, А нар бид гурвыг хөөгөөд гүйцээгүй юм. Бид гурав зугтаад манай гэрт очсон бөгөөд Б гартаа барьсан хар иштэй хутгаа хоолны шүүгээ рүү хийчихсэн. Харин Г удалгүй манай гэрт орж ирээд бид нарт Б Амраатай хамт нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчихөөд ирлээ гэж хэлсэн. Удалгүй манай гэрт цагдаа нар ирсэн. Б, Э бид нартай хамт Гэрэлт зааланд сагсан бөмбөг тоголцгоодог бөгөөд нэг удаа бид хоорондоо тоглож байгаад маргалдчихсан юм. Тэрнээс хойш Б, Э нар нь Б-тэй муудалцаад байдаг болсон. Тухайн өдөр хоорондоо зодолдоогүй бөгөөд Э, Б нар нь Б-ийг зодож цохиогүй зүгээр л заамдаж аваад хэрэлдэж эхэлтэл Б нь Б хутгалчихсан юм. Намайг болон манай найз нарыг Б, Э, А, А нар зодож цохиогүй. Тухайн үед Г өөрт байсан хутгаа гаргаж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-31-32-р талд/, гэрч Э.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн “Б Б нар нь урьд өмнө Гэрэлт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад маргалдсан бөгөөд тэрнээс болоод тухайн өдөр бид уулзсан юм. Тэгтэл Б, Б нар заамдалцаад аваад удалгүй Б нь Б хар өнгийн бариултай хутгаар зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа хутгалаад Б коллежийн хаалгаар гараад зугатаахад нь Э Бийн ардаас гүйгээд хашааны хаалганы хэсэгт очтол Б эргэж хараад Б хутгалсан хар өнгийн хутгаар Эын зүүн талын гуя руу нэг удаа хутгалсан юм. А, Г нар нь Б хараад үлдсэн. Харин Э бид хоёр Б болон Д Б гуравын араас хөөгөөд гүйцээгүй бөгөөд бид хоёр такси барьж эмнэлэг дээр ирсэн юм. Тэгтэл эмнэлэгийн үүдэнд Б, А, Г нар ирсэн байсан. Б зүүн талын гуяндаа оёдол тавиулчихсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би болон манай найзууд тэд нарыг зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-33-р тал/, гэрч Б.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Б Б нар нь урьд өмнө Гэрэл зааланд сагсан бөмбөг тоглож байгаад маргалдсан бөгөөд тэрнээс болоод тухайн өдөр бид уулзсан юм. Тэгтэл Б, Б нар заамдалцаж аваад удалгүй Б нь Б хар өнгийн бариултай хутгаар зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа хутгалаад зугатаахад Э араас нь гүйгээд хашааны хаалганы хэсэгт очтол Б эргэж хараад Б хутгалсан хар өнгийн хутгаар Эын зүүн талын гуя руу нэг удаа хутгалаад зугатаахад Э, А нар Б болон Д, Б нарын араас хөөгөөд явсан. Г бид хоёр Б хараад үлдсэн бөгөөд би Гын хамтаар Б эмнэлэгт хүргэж өгөхөөр түшиж коллежийн урьд талын замаас такси бариад Б суулгаж эмнэлэг үрүү явж байхад Гын халаасанд хутга байсан. Тэгтэл уг хутгыг Б харчихаад Год “Чи хутгаар яах гэж байгаа юм вэ? Энэ хутгаа хаял даа” гэж хэлээд Г-ын халаасанд байсан хутгыг аваад хар зам уруу шидчихсэн. Тэгээд бид гурав нэгдсэн эмнэлэг орж Б хөлөнд оёдол тувиулсан ба Г эмнэлэг дээр ирчихээд буцаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-34-р талд/, шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 10 дугаар сарын 28-нд манай сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд урлагийн үзлэг болоод дуусаад 21.00 цагийн үед би өөрийнхөө найз Г, Д, Б нартай уулзацгааж өлсөөд байсан учир нэгдүгээр сургуулийн ар талд байдаг Дий гэрт очиж хоол хийж идэхээр явсан. Бид Дий гэрт очиход гэр нь эзгүй байсан учраас бид дөрөв хоол хийж идэхээр болсон юм. Тэгээд Г мах хэрчсэн, би ногоо арилгаж байтал Б гэх танидаг залуу гар утсаар залгаад “коллеж дээр хүрээд ирээч” гэж дуудсан юм. Тэгэхээр нь бид нар коллеж үрүү явах замдаа дэлгүүр орж талх, хиам авч идэцгээе гээд Г мах хэрчиж байсан төмөр иштэй хутгаа авсан. Харин би ногоо арилгаж байсан хар иштэй хутагаа авцгаасан. Бид дөрөв коллеж үрүү явах замдаа хурдхан Бтэй уулзаад дараа нь дэлгүүр орьё гэж ярилцаад коллежийн хашаа руу урд талын төмөр хаалгаар ороход Б сургуулийн ар талаас ганцаараа эхлээд хүрч ирээд Г, Д, Б бид дөрөвтэй гар бариад мэнд асуугаад байж байтал удалгүй цаанаас Э, А, А нар гарч ирсэн юм. Б бид хоёр урьд өмнө гэрэл зааланд сагс тоглож байгаад хоорондоо муудалцсан юм. Тэгээд Б тэр өдөр намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд Б заамдсан юм. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлтэл хажуу талаас Э нь орж ирээд намайг мөн адил заамдаад авсан. Тэгэхээр нь би халааснаасаа Дий гэрт ногоо арилгаж байсан хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд Б зүүн гуя руу нэг удаа хутгалсан юм. Би Э, А, А нараас айгаад зугатсан бөгөөд тэд нар миний араас хөөсөн юм. Би коллежийн урд талын хашааны хаалгаар гүйж гарахдаа эргэж хараад гартаа барьсан хутгаараа тэд нарыг айлгах гээд Э уруу чичихэд Эын мөн зүүн талын гуя руу нь санамсаргүй хутаглагдсан байсан юм. Тэгээд Д, Б бид гурав хойшоо гүйсэн бөгөөд бид нарын араас Э, А нар хөөгөөд гүйцээгүй юм. Бид гурав зугатаад Д-ий гэрт очсон бөгөөд би гартаа барьсан хар иштэй хутагаа хоолны шүүгээ рүү хийчихсэн юм. Харин Г удалгүй Д-ий гэрт ирээд бид нарт Б А-тай хамт нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчихөөд ирлээ гэж хэлсэн юм. Б, Э нар нь бид нартай хамт Гэрэлт зааланд сагсан бөмбөг тоглоцгоодог бөгөөд 2017 оны 10-р сарын эхээр/өдрийг нь сайн санахгүй байна/ бид нар хоорондоо тоглож байгаад маргалдчихсан юм. Тухайн өдөр бид нар хоорондоо зодолдоогүй бөгөөд Э, Б нар нь намайг зодож цохиогүй зүгээр л заамдаж авсан. Намайг болон манай найзуудыг Б, Э, А, А нар нь зодож цохиогүй юм. Би Б, Э нараас уучлалт гуйсан бөгөөд манай гэрийнхэн учирсан хохиролд Бд 750.000 төгрөг, Эод 1.000.000 төгрөг өгсөн. Би Б, Э нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж байсан” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26-р тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Б-г хутгалсаны улмаас бие махбодид нь зүүн гуяны ар дунд хэсэгт 3 см хэмжээтэй зүсэгдсэн гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 703/а дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р тал/-ээр, хохирогч З.Э-ыг хутгалсаны улмаас хохирогчийн бие махбодид зүүн гуяны гадна дунд хэсэгт 3 см хэмжээтэй зүсэгдсэн шарх гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 703/а дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р тал/-ээр тус тус тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч О.Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б “О.Б надаас уучлалт гуйж, хохиролд 750.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 17-18-р тал/, хохирогч З.Э “О.Б надаас уучлалт гуйж, хохиролд 1.000.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 20-21-р тал/, энэ талаар тодорхой тодорхойлолт гаргаж өгсөн хавтаст хэргийн 85, 86-р талуудад авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
2. Өсвөр насны шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 23 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 67-р тал/, О.Бийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68-р тал/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасан ялаас сонгож оногдуулах үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг болох нь тус сургуулийн захирлын тодорхойлолт /хх-ийн 72-р тал/-оор ноглогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шандивууд овогт Одонгаравын Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150 /нэг зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Өсвөр насны шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хар өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ