| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0500/З |
| Дугаар | 128/ШШ2024/0368 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2024/0368
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ё.О*********** /РД:**************/
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, иргэдийн төлөөлөгч Т.М************ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ё.О**********гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*************гаас ************ дүүргийн Засаг даргад холбогдуулан “********** дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаас Ё.О**********т холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. ********** дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 410 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн.[2]
2.2. Мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээ олгожээ.[3]
2.3. Улмаар ********** дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар /хавсралтын 28-д/ нэхэмжлэгч Ё.О**********ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.[4]
2.4. Маргаж буй А/1009 дүгээр захирамжийн эрх зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байдаг боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтад дурдахдаа “... газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэжээ.[5]
2.5. Нэхэмжлэгчийн зүгээс “... би************* дүүргийн ** дугаар хороо төмөр замын ** дугаар гудамжинд газар эзэмших болсон бөгөөд тухайн газар эзэмших захирамж гарсан даруйд өөрийн газар дээрээ хашаагаа барьж амьдрах гэсэн боловч тухайн жилдээ миний эзэмшиж байгаа газар нь нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөд орж миний эзэмшиж байгаа газар дээр ************* ХХК орон сууцны хотхон барихаар болсон гэж надад хотхоны зураг үзүүлж энэ газар дээр хотхон баригдана тийм учраас хашаа барьж илүү зардал гаргах хэрэггүй харин өөрийн эзэмшлийн газраа байраар сольж орон сууц захиалгын гэрээ байгуулчих гэсэн тул газраа ашиглаж чадаагүй ... Ингээд байр ашиглалтад орохыг хүлээж олон жил болсон гэхдээ энэ хугацаанд өөрөөс хамаарах зүйл болох газрын төлбөрөө төлсөөр байсан юм. Тухайн барилгын бүтээн байгуулалтын ажил захиалагч нараас шалтгаалахгүйгээр удаашралтай байсаар байсан. Гэхдээ нэгэнт хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан тул хуулийн дагуу бүтнэ гэсэн хүлээлттэй байсан билээ. Энэ хугацаанд байр хэзээ ашиглалтад орох талаар байнга сураглаж байсан юм. Гэтэл төр засаг солигдож улмаар *********** дүүргийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захирамж гаргаж миний эзэмшиж байсан газар болон бусад айлуудын эзэмшиж байсан газруудын эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгосон захирамж гаргасан байсанд миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн газар дээр би гэр бүлийн хамт хашаагаа барьж амьдрах гэхээр газарт орсон тул илүү зардал гаргах хэрэггүй гэсэн атлаа надаас шалтгаалахгүй байдлаар газар эзэмших эрхийг маань хүчингүй болгож байна ... " гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.6. Хариуцагчаас “... Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Улаанбаатар төмөр замын ХНН-с Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газарт олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу манай албанаас судлан үзэхэд Газрын тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болох үндэслэл бүрдсэн байсан тул ************ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаар хүчингүй болсон ... “ гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х**********гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “************* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/1009 дугаар захирамж нь Ё.О**********, Т.С************ нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тэр захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хүү болох Т.Сэргэлэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Одоо энэ маргаан дээр хүү Т.С***********гийн маргаан яригдахгүй, зөвхөн ээж нь буюу Ё.О************гийн асуудал яригдана. Нэхэмжлэлийн үндэслэлдээ Ё************гийн О******** миний бие *********** дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 546 тоот шийдвэрийг үндэслэн ********** дүүргийн **-р хороо, Төмөр зам **** тоот хаягт байрлах 409 м2 талбайтай ****************** нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан юм. Миний хүү Т. С********** нь мөн адил ********** дүүргийн Засаг даргын 2014 оны 10 сарын 22-ны өдрийн 546 тоот шийдвэрээр ********* дүүрэг **-р хороо, Төмөр зам ***** тоот хаягт байрлах 407м2 талбайтай ********************* нэгж талбарын дугаартай хашааг эзэмшиж байсан бөгөөд 2020 оны 09 сарын 21-ны өдөр хүү минь нас барсан тул Ё.О********* миний бие хүүгээ төлөөлөн шүүхэд хандаж байна. Тухайн газрыг эзэмшсэн цагаасаа хашаа барьж амьдрах гэж байтал манай газар дээр ************* ХХК орон сууцны зориулалтай барилга барих гэж байгаа тул хашаа барих шаардлагагүй гэхээр нь хашаагаа бариагүй юм. Ингээд би тухайн газар дээр байр баригдах юм байна гэсэн ойлголттой хүлээж байсан. Гэтэл ************* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 сарын 09-ны өдрийн А/1009 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг сүүлд мэдсэн. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан ёсоор мэдэгдээгүй юм. Энэ тухай мэдсэн даруйдаа тухайн захирамжаар хүчингүй болгуулсан хэсэг иргэд нийлж *********** дүүргийн Засаг даргад өргөдөл өгсөн боловч өргөдлийг хүлээн аваагүй юм. Ингээд бид өмгөөлөгч М.Х**********гаар дамжуулан өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн хариуг нэгдсэн байдлаар өмгөөлөгч М.Х**************д хаяглан хүргүүлсэн байсан. Тухайн захиргааны акт нь иргэн миний газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул тухайн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48. 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “иргэн Ё.О************* /*****************/ тус дүүргийн ** дугаар хороо, Төмөр замын *** тоот 409 мк.в газар, Т.С************ /************/ ** дугаар хороо, Төмөр замын ***** тоот 407 мк.в газрыг ********* дүүргийн Засаг даргын 2014 оны 546 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшсэн. Ё.О************* нь /************/ тус дүүргийн Засаг даргын 2020 оны А/325 дугаар захирамжаар ** дугаар хороо Төмөр замын ****** тоот хаяг бүхий 409 мк.в газрын хугацааг сунгуулах хүсэлт өгч сунгуулсан байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Улаанбаатар төмөр замын ХНН-ээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газар олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг манайд ирүүлсний дагуу манай албанаас судлан үзэхэд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болох үндэслэл бүрдсэн байсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаар Ё.О********ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Тухайн нэгж талбаруудыг хүчингүй болгохтой холбогдуулан ************** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны олон нийтийн фэйсбүүк фэйж хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болгох нэгж талбарын жагсаалтыг оруулан хүчингүй болгох тухай мэдэгдсэн байдаг. Хавсралтаар захирамжийн хуулбар хувийн хэргийн материалыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлэв” гэжээ.
3.3. Иргэдийн төлөөлөгч Т.М*********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн иргэний газар дахин төлөвлөлтөд орсон ч гэсэн өөр газар ч юм уу шийдэж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэрнээс шууд зөвшөөрөлгүй газрыг цуцалж байгааг буруу гэж бодож байна. Дүгнэлтээ бичээд өгье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, ************ дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 410 мкв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлж,[6] мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээ олгожээ.[7]
2. Улмаар ************ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар /хавсралтын 28-д/ нэхэмжлэгч Ё.О**********ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.[8]
3. Маргаж буй А/1009 дүгээр захирамжийн эрх зүйн голлох үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байдаг боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтад дурдахдаа “... газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэжээ.[9]
4. Иймд шүүх тус маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгнө.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.
6. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим байхаар заажээ.
7. Энэхүү зөрчлийг тогтоохдоо газар эзэмшүүлэх гэрээг хэзээ байгуулж, баталгаажуулсан талаар болон гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарахгүй шалтгаан байсан эсэх хууль зүйн факт голлох ач холбогдолтой.[10]
8. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмших эрхтэй газраа ашиглаагүй гэдэг үйл баримттай маргадаггүй боловч яагаад эзэмшиж, ашиглаж чадаагүй, тодруулбал, ямар нөхцөл шалтгааны улмаас ашиглаж чадаагүй гэдэг үндэслэлээ “... өөрийн газар дээрээ хашаагаа барьж амьдрах гэсэн боловч тухайн жилдээ миний эзэмшиж байгаа газар нь нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөд орж миний эзэмшиж байгаа газар дээр ****************** ХХК орон сууцны хотхон барихаар болсон гэж надад хотхоны зураг үзүүлж энэ газар дээр хотхон баригдана тийм учраас хашаа барьж илүү зардал гаргах хэрэггүй харин өөрийн эзэмшлийн газраа байраар сольж орон сууц захиалгын гэрээ байгуулчих гэсэн тул газраа ашиглаж чадаагүй ... Ингээд байр ашиглалтад орохыг хүлээж олон жил болсон гэхдээ энэ хугацаанд өөрөөс хамаарах зүйл болох газрын төлбөрөө төлсөөр байсан юм. Тухайн барилгын бүтээн байгуулалтын ажил захиалагч нараас шалтгаалахгүйгээр удаашралтай байсаар байсан. Гэхдээ нэгэнт хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан тул хуулийн дагуу бүтнэ гэсэн хүлээлттэй байсан ...” гэж тайлбарласан.
9. Үүнтэй холбоотойгоор, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/0145 дугаартай магадлалын[11] хүрээнд шүүхээс нэмэлт нотлох баримт цуглуулахад дараах үйл баримтууд тогтоогдсон. Тодруулахад:
10. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/602 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “***********” ХХК-ийг батламжилж, улмаар тус компани нь дахин төлөвлөлтийн “Шинэ амьдрал” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.[12]
11. Нэхэмжлэгч Ё.О*********** нь төсөл хэрэгжүүлэгч “*****************” ХХК-тай байгуулсан гэх хоёр талт гэрээ байхгүй байгаа талаар тус компанийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/09 тоот албан бичгээр[13] хариу ирсэн боловч шүүхээс нотлох баримт шаардсаны дагуу Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/302 тоот албан бичгээс[14] үзвэл тус төслийн талбай нь 379 нэгж талбартай, 146 нэгж талбарт нь гурван талт гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Ё.О*************ийн эзэмшиж байсан ********************* нэгж талбарын дугаартай газар нь уг дахин төлөвлөлтийн барилгажуулах төслийн байршилд хамаарч байгаа болох нь тогтоогдов.
12. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01-10/2080 тоот албан бичгээс[15] судлахад, “... иргэн Ё.О*************т Нийслэлийн Засаг даргын захирамжаар нөхөх олговор олгож газар чөлөөлөөгүй болно.” гэжээ.
13. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч Ё.О*********ийн эзэмшиж байсан газар нь дахин төлөвлөлтийн барилгажуулах төслийн байршилд хамаарч байгаа, мөн түүний газрыг чөлөөлж нөхөх олговор олгоогүй болох нь тогтоогдож байх тул энэ агуулгаараа нэхэмжлэгч нь дахин төлөвлөлтийн ажиллагаанд хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрхтэй этгээд байна.
14. Тиймээс нэхэмжлэгч нь өөрийн эзэмших эрхтэй газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нь өөрөөс нь хамаарахгүй шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа нь дээрх баримтуудаар үндэслэлтэй байх тул хариуцагчаас гаргасан маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ё.О***********ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
15. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс маргаан бүхий захирамжийн үндэслэлийг тайлбарлахдаа, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг дурдах боловч маргаж буй захиргааны актын 1 дэх заалтад энэ үндэслэлийг дурдаагүй тул энэ асуудалд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
16. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Улаанбаатар төмөр замын ХНН-ээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газар олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг манайд ирүүлсний дагуу хүчингүй болгосон ...” гэх тайлбарыг өгч байх боловч энэхүү үндэслэл нь маргаж буй захиргааны актын үндэслэл болоогүй байх тул шүүх мөн энэ асуудалд дүгнэлт өгөхгүй.
17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
18. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.М**************ын гаргасан “Тухайн иргэний газар дахин төлөвлөлтөд орсон ч гэсэн өөр газар ч юм уу шийдэж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэрнээс шууд зөвшөөрөлгүй газрыг цуцалж байгааг буруу гэж бодож байна” гэх дүгнэлт нь энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээр дэмжигдэж байгаа болохыг тэмдэглэж байна.
19. Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд “байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***********д мэдэгдэхэд “би энэ хэрэг дээр явдаггүй”, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х************д мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.О************ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ************ дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн Ё.О*************т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 1-2 дахь тал
[2] Хх 77-78 дахь тал
[3] Хх 79-81 дэх тал
[4] Хх 82-85 дахь тал
[5] Хх 82 дахь тал
[6] Хх 77-78 дахь тал
[7] Хх 79-81 дэх тал
[8] Хх 82-85 дахь тал
[9] Хх 82 дахь тал
[10] Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-ыг үз.
[11] Хх 232-235 дахь тал
[12] Хх 124, 126 дахь тал
[13] Хх 141 дэх тал
[14] Хх 244-246 дахь тал
[15] Хх 248 дахь тал