Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/39

 

Н.*******т холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.*******
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/420 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч Н.*******т холбогдох 2122002110035 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Яллагдагч: ******* овогт *******ын *******, ******* өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* гэх газарт оршин суух, /РД: *******/.
Н.******* нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн нутаг Буянт гэх газар иргэн *******ын өмчлөлийн цоохор гүүнээс гарсан төл мал болох 1 тооны хүрэн цоохор унагыг машин механизм ашиглан /мотоцикл/ хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар яллагдагч Н.*******т холбогдох эрүүгийн 2122002110035 дугаартай хэргийг прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг хүчин төгөлдөр болмогц яллагдагч Н.*******т холбогдох эрүүгийн 2122002110035 дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шийдвэрлэсэн байна. 
           Прокурор Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд: Мөрдөгч 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг Шороот гэх газарт хонлой цоохор, хүрэн зүсмийн зүүн хонлой орчимд монгол В тамгатай унагатай гүүнд үзлэг хийж, 4 кадр зураг авч бэхжүүлсэн. Үзлэгийг хийхэд гүүний эзэн Н.*******, хохирогч ******* нар хамт байлцсан талаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд мэдүүлсэн хохирогч, яллагдагч нар энэ талаар маргадаггүй, шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/289 дугаартай захирамжийн заалт биелэгдсэн. 
Шүүгчийн захирамжид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан үзлэг хийх журмыг ноцтой зөрчсөн гэх боловч тухайн 23.1 дүгээр зүйл нь 1-10 хүртэлх заалттай байгаа ба чухам аль заалтыг ноцтой зөрчсөн болох нь тодорхойгүй байна.
Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/420 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
    Н.*******т холбогдох 2122002110035 тоот хэргийг хянаад мөрдөх ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/420 дугаар шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 
    Яллагдагч Н.*******ыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн *******ын цоохор гүүнээс гарсан хүрэн цоохор унагыг машин механизм ашиглан хулгайлсан гэх хэрэгт холбогдуулсан байх бөгөөд прокурорын байгууллагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17:12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлагад татан шүүхэд шилжүүлжээ. 
    Шүүх хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шаардлага бүрэн хангагдаагүй, урьд нь шүүхээс буцаасан шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан заалтыг биелүүлээгүй гэж үзэн дахин мөрдөх ажиллагаа хийлгэхээр буцаажээ. 
    Шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт үйлдэл хэзээ хэрхэн үйлдэгдсэн, гэм буруутай этгээд хэн болох, гэмт үйлдлийн обьект, хулгайлагдсан гэж үзэж байгаа зүйлийг хэрхэн яаж хулгайлж үйлдсэн талаар бүхий л нөхцөл байдлыг бүрэн тодруулах ёстой. 
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сайтар баримтлах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч хэн аль нь баримтлах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой нэг үйл ажиллагаа явуулах тохиолдолд хуулийн заалт шаардлагыг сайтар баримтлах ёстой. Энэ талаарх шүүгчийн захирамжийн заалт үндэслэл бүхий байна. 
    Иймд сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/420 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР 

                                                                             Г.ТЭГШСУУРЬ