Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 425

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй, Увс

аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн

Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Х.Батсүрэн

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Г.Банзрагч,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/01, 6/02 тогтоолуудыг хүчингүй болгуулж, Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0403 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Д, Хариуцагч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Б нар.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн б-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/01, 6/02 тогтоолыг хүчингүй болгож, Наранбулаг сумын Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0403 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/01, 6/02 тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, С.Д-ийг Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

          Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчаас: Тус сумын 3 дугаар багийн иргэн Д-ийн өмгөөлөгч Д гэгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах шүүхэд гомдол гаргасныг утсаар танилцаж өөрөө оролцоогүй байтал тус шүүх манай иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 ч тогтоолыг хүчинүй болгосон тул эс зөвшөөрөн энэ гомдлыг гаргаж байна.

4. Тус байгууллагын хувьд Захиргааны хэргийн анха шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн 62.2-т заасны дагуу хуулинд өөрөөр заагаагүй бол дотоод асуудлаа нутгийн өөрөө удирдах байгууллага эрх хэмжээний дагуу шийдсэн. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д хуульч өөрөө нэхэмжлэлдээ дурьдан хүлээн зөвшөөрсөн.

5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонх болох МАН-ны бүлгээс ажил хангалтгүй хийсэн учраас С.Д-ийн нэрийг татуулж Ч.С-ыг нэр дэвшүүлсэн бүлгийн хурлын тэмдэглэл байгаа.

 6. Мөн Тэргүүлэгчдийн Хурлын тогтоол нь 17/35 биш А/35 гэсэн тогтоолуудын хэлэлцэх асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тайлан байсан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Д-ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нутгийн удирдлага, хамтын ажиллагаа, хууль эрх зүй, дотоод хяналтын хороо”, Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал, дэд бүтэц, ХХАА-н хороо”-оос тус тус оруулсан дүгнэлтээр ажлыг хангалтгүй /дүгнэлтэнд давхардсан тоогоор 24 төлөөлөгч гарын үсэг зурсан бөгөөд энд өөрөө бас гарын үсэг зурж дүгнэсэн/ гэж үнэлсэн бөгөөд хурал 3 ажлын хороотой хоёрынх нь дүгнэлт ингэж гарсан юм.

7. Хагас жилийн 4 дүгээр хуралдаанаар ажил хангалтгүй байна итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай асуудлыг оруулах тухай сануулж жилийн эцсийн тайлангийн хурал хүртэл тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөөр байтал дахиад ажил хангалтгүй байсан учраас энэ хүнийг хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олонхоороо хэлэлцэж С.Д-ийг ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнийг сонгон ажиллуулсан юм.

          8. Энэ шийдвэр иргэн Ч.С минийх биш, миний найз нөхдийнх биш, бүхэл бүтэн хууль эрх зүйн үндэстэй нутгийн өөрийн удирдах байгууллагын тогтоол гэдгийг тогтоолд өөрөө гарын үсэг зурсан С.Д, эрхэм хуульч өмгөөлөгч Д нар ойлгож байгаа байх гэж гүнээ итгэж байна.

          9. Давж заалдах шатны шүүх хуралдааныг надад тулгам хэлсэн, миний тавьсан саналыг зөвшөөрөөгүй, намайг оролцуулахгүй талууд мэдсээр байж орон нутгийн сумын наадмын үеэр, улсын баяр наадмын их амралтын маргааш өмгөөлөгч болон надад хэргийн материалтай танилцах боломж өгөөгүй энэ байдлаас үзэхэд нэг талыг харсан шийдвсэн болсон гэж үзэж байна.

          10. Мөн миний бие шүүх хурал болох тухай шийдвэрийг 24 цагийн өмнө сонссон бөгөөд өөрөө болон өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 7-14 хоног хойшлуулж өгөхийг хүссэн боловч дараагийн хурлыг хэзээ хаана яаж хийх тухай ямар ч мэдээлэл байхгүй талууд өөрснөө хуйвалдаж хийсэн байгааг уламжилж байна. Иймд давж заалдах шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

ХЯНАВАЛ:

11. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Нэхэмжлэгч С.Д нь “Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/01, 6/02 тогтоолуудыг хүчингүй болгуулж, Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/35 дугаар тогтоолоор баталсан. Тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудалд Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр тогтоогүй. Гэтэл Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаар Хурлын даргын ажлыг “хангалтгүй” гэж үнэлэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж маргажээ.

13. Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “...Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдээгүй, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авагдаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

14. Харин анхан шатны шүүх “...Хурлын дарга С.Д-ийг ажлаас нь чөлөөлсөн, Ч.С-ыг Хурлын даргаар сонгосон тогтоолуудыг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь дэмжин баталсан, тус асуудлуудыг Хурал нь хуулиар олгосон онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул ...6 дугаар хуралдааны 6/01, 6/02 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэсэн буруу дүгнэлт хийжээ.

15. Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...сум, ...-ын Хурлын Тэргүүлэгчид ...ийн бүрэн эрхэд ...Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасны гадна, 24 дүгээр зүйлд Хуралд асуудал оруулах эрхийг тусгайлан зааж хуульчилсан байх бөгөөд 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, ...-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/35 дугаар тогтоолоор ...Хурлын 6 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар, ...тус хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод асуудлын хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 онд ажилласан үндсэн чиглэл, 2018 онд хэрэгжүүлэн ажиллах үндсэн чиглэл болон сумын Засаг даргаас оруулж хэлэлцүүлэх асуудал, бусад асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон, уг тогтоолтой хэргийн оролцогчид маргаагүй байна.

17. Харин Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаар тус сумын Хурлын дарга С.Д-ийн танилцуулсан 2017 оны тайланг, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 65 хувийн саналаар “хангалтгүй” гэж үзсэн гэж дүгнэн, түүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлж 6/01 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ч.С-ыг сонгосон 6/02 дугаар тогтоол гаргасан нь хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчжээ. 

18. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч мөн хуулийн 24 дүгээр зүйлд Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн тогтоох, Хурлын хуралдааны бэлтгэл хангаж, хэлэлцүүлэх асуудлын талаарх тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг Хурлын тэргүүлэгчдэд 1 хоногийн өмнө тараах, энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байхаар хуульчилсан байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Д-ээс Хурлын 6 дугаар хуралдаанд танилцуулсан тайланг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлж, дараагийн Хурлын даргыг сонгосон нь хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

19. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0403 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                             Б.МӨНХТУЯА