Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Булгадар овогт Б-ийн Д-т холбогдох 1735001910108 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 07-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 01-20 тоотод оршин суух Булгадар овогт Б-ийн Д. РД:ОО95030719.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Ц.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Б.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Ц.О зодсон болох нь хохирогч Ц.Оын мөрдөн байцаалтад өгсөн “Шаймий, Д бид гурав автомашины хуучин мотор зараад 8000 төгрөг аваад зах уруу орж архи авч уух гээд явж байхад Б.Д намайг “Та явсан нь дээр юм биш үү. Таны хэрэг байгаа юм уу?” гээд янз бүрийн юм ярьж байснаа бид хоёр маргалдсан. Д намайг “Зодоод алаад хачихна шүү” гээд байхаар нь би түүнд “Зодвол зодооч.Чиний хүн алдаг гэж юу байдаг юм бэ? Ах нь ганц цохиход чи үхнэ шүү” гэж хэлэхэд Д уурлаж намайг заамдаж аваад түлхэж байшингийн хана мөргүүлсэн юм. Тухайн үед миний толгой маш хүчтэй өвдөж, цус гарахаар нь би доошоо суухад Д зугатаад явсан. Намайг С, Ц нар эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд би толгойндоо оёдол тавиулсан. Д надаас уучлалт гуйж өөрийнхөө бурууг хүлээсэн. Надад эмчилгээний зардалд Д 300.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо миний биед ямар нэг зовиулах өвчин байхгүй. Цаашид Д-оос нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-р тал/, гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гадуур ажилтай явж байгаад орой 19 цагийн үед гэртээ ирээд байж байтал нөхөр О ганцаараа ирсэн. Оыг харахад түүний хувцас, малгай, толгой нь цус болсон толгойдоо боолт хийлгэчихсэн орж ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад “Г гэх залуу надтай маргалдаж зодно гэж байгаад намайг заамдаж аваад толгойгоор цонхны рам мөргүүлчихээд зугатаад явчихлаа. Би эмнэлэг орж оёдол тавиулчихаад ирлээ” гэж хэлсэн. Чи хүнээр зодуулчихаад яагаад цагдаад хэлээгүй юм бэ? гэж хэлээд Оыг дагуулж цагдаагийн байгууллагад ирсэн. Би Г гэх залууг танихгүй. Тэд юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/, гэрч Т.Б мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 25-ны 15.00 цагийн үед захын гадна хаалгаар О ганцаараа гарч ирэхээр нь очиж уулзахад түүний толгойноос маш их цус гарч байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад “Г намайг зодчихлоо” гэж хэлж байсан. Түүний толгойн ар хэсгээс цус гарч байсан бөгөөд би эмнэлэг үрүү оруулж толгойд нь оёдол тавиулаад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/, гэрч Ж.Чагцалын мөрдөн байцаалтад өгсөн “ Би Д-той 2015 оны 9 дүгээр сард гэр бүл болж амьдарч байна. Бид хоёр одоо нэг хүүхэдтэй. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 16 цагийн үед гэртээ ирэхдээ халамцуу байсан. Зах дээр О намайг барьж зууралдаад байхаар нь түүнийг хойш нь түлхчихсэн чинь байшингийн хана мөргөөд толгой нь хагарч цус гарлаа. Түүний бие гайгуу байгаа гэж хэлээд гэрт орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р талд/, гэрч Ш.А мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 14-15 цагийн үед би зах дээр “Сайхан бууз” гуанз уруу орох гээд явж байтал Сайхан бууз гуанзны хажууд найз О толгойгоо малгайгаараа дарсан нүүр ам нь цус болчихсон зогсож байсан. Би О дээр очоод юу болсон талаар асуухад “Намайг Д зодчихлоо” гэж хэлэхэд нь түүний хажууд зогсон байсан өндөр залуу О уруу “Ална шүү пизда минь” гэж хэлээд зогсож байхад нь би От “Чи хүнээр зодуулж байхаар чадахгүй бол хутга аваад хутгалаад алчихгүй юу” гэж хэлэхэд тэр өндөр залуу цааш эргээд зугатаад явчихсан. Тэгээд би Оыг эмнэлэгт очиж биеэ үзүүл гээд явуулсан. Сүүлд Д гэдэг залуу надтай уулзаад би таны найз Оыг зодчихсон байна. О таны найз байсан юм байна уучилаарай гэж хэлсэн. Д Оыг яаж зодсон талаар надад үзэж харсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-11-р талд/, шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шаамий, О бид 3 захын хашаа руу ороод явж байгаад О бид хоёр бие биенээ ална, зодно гээд тоглоод явж байгаад О уурлаад намайг заамдаад авахаар нь би уурлаад хойшоо түлхэхэд толгойн ар хэсгээрээ хана мөргөөд цус гарсан. Тэгээд Анхбаатар гэх залуу ирээд намайг хутгалж ална гэхээр нь би зугатаад явчихсан. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. О учирсан хохирлыг төлж өгсөн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ц.О зодсоны улмаас хохирогчийн бие махбодид толгойн дагзны хэсгийн хуйханд язарсан гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 772 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Хохирогч Ц.О “Шүүгдэгч Б.Д-оос эмчилгээний зардал болох 300.000 төгрөг авсан тул ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

 

2. Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдоггүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т  заасан “Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзэв. 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

         

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Булгадар овогт Б-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т 300 / гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ