Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/1137

 

 

 

 

 

   2022            12            01                                       2022/ДШМ/1137                                 

 

Т.Д-, О.Н-э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/741 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Д-, О.Н-э нарт холбогдох 2105000600020 дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д-,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 27 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 2 сар 40 хоногийн хорих ялаар шийтгүүлж, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн магадлалаар хорих ялын хэмжээг 1 жил 3 сар 10 хоног болгон өөрчилж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 456 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож ял эдэлсэнд тооцсон;

 

2. Н-э,

 

Шүүгдэгч Т.Д-, О.Н-э нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-” зочид буудлын 308 тоот өрөөнд Б.Ч-ын 990.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, гинж, кулон, “Samsung note 3” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдсэн,

Т.Д- нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 03 цагийн үед Энхтайваны гүүр орчмоос “Ахынх нь машин асдаггүй, гадуур такси олддоггүй ээ, ах нь хөлдөж үхлээ, ахыгаа Модны-2 луу хүргээд өгөөч, мөнгийг нь өгье” гэж хэлээд Э.Э-гийн эзэмшлийн “Toyota prius 30” загварын ****УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн зүүн талд хүргүүлж, тээврийн хэрэгслээс буулгүй Э.Э-гийн толгойн тус газар нэг удаа цохиж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэн авч 10.421.365 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко стар” зочид буудалд М.Т-ийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа М.Т-ийн гарыг мушгих, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

О.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н-ийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д-г Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч О.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 11 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Д-гийн цагдан хоригдсон 378 /гурван зуун далан найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хохирогч М.Т- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч О.Н-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн хэлэлцүүлэгт миний хэлсэн зүйлс шийтгэх тогтоолд бичигдээгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Д- миний бие “ үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээж, гэмт үйлдэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогч нарт учруулсан гэм хорын хохирол төлбөрөө барагдуулж биечлэн уулзаж уучлал гуйсан. Настай эцэг, эхийн хамт амьдардаг. Монголын шүүхийн байгууллага надад сүүлийн удаа боломж олгож хуулийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн ашиглаж өгнө үү” гэж хэлсэн. Мөн шүүхийн бүрэлдэхүүн дараах зүйлсийг мухарлалгүй, анзааралгүй орхигдуулсан байна.

2018 онд О.Н-этэй хэрэгт холбогдсон байж байгаад 2019 онд Чингэлтэй дүүргийн шүүхээс 1 жил 3 сар хорих ял авахад /1хх-230/ ахмад Ц.Цагаанбаяр ирж уулзан “2018 оны хэрэг чинь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар хаагдаж байгаа, нэгтгэж шийдвэрлэх шаардлагагүй, дараа шийдүүл” гээд явсан. 2020 онд “Эрдэнэ силвэр ресурс” ХХК-д Дундговь аймгийн Гурван сайхан сум “Салхитын мөнгөний уурхай” дээр ажиллаж байхад Баянгол дүүргийн цагдаагаас ирж баривчлан, М.Мөнх-Од гээд найз чинь ломбард дээрэмдсэн байна гээд надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.15 дугаар зүйлийг сануулж, прокурор шүүхтэй гэрээ байгуулж байгаа 2018 оны хэрэг чинь хаагдана гээд таньж олуулах, гэрчлүүлэх ажиллагаа явуулж 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс “Эрдэнэ силвэр ресурс” ХХК-д “Д- ямар нэгэн гэмт хэрэгт хамааралгүй нь тогтоогдсон” гэж тодорхойлолт хийж өгч байсныг шалгалгүй орхигдуулсан. Надад оногдуулсан 11 жил 1 сарын хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэх болсон нь маш их хүнд туссан, 461 дугаар ангид 10-аас дээш жилтэй онц хүнд гэмт хэрэгтнүүд дунд хоригдож байгаа. Миний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.7, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг дээр чин сэтгэлээсээ гэмшин ухаарч, хохирол төлбөрөө төлснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөрүүлэн өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг дээр хамгийн өндөр 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шууд хорих ял болгосныг хөнгөрүүлж, хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргүүдийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.  Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж, хохирогч нараас уучлалт гуйн хохирол төлбөрөө барагдуулсан, өндөр настай эцэг, эхтэйгээ амьдардаг, суллагдаж гараад өөртөө дүгнэлт хийн, мөрөөдлөө биелүүлэн, засарч хүмүүжин сайхан амьдрах сүүлийн боломж олгож хуулийн хариуцлагыг минь хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Д-гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Т.Д-гийн хувьд дээрмийн хоёр үйлдэлтэй, дээрх дээрмийн үйлдлүүд цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байгаа. Эхний дээрмийн үйлдэл 2018 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, сүүлийн дээрмийн үйлдэл 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө болсон. Т.Д-гийн хувьд, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж /3хх 156-161/ 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн ял хасуулж, үлдэх ялыг биеэр эдэлж хугацаа дуусаж суллагдсан. Энэ нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2-т заасан “...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэх заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь манай үйлчлүүлэгчийн хувьд хорих ялаас чөлөөлөгдөөгүй, зөвхөн хорих ялаас 2 жилийг хасуулсан, үлдэх ялаа биеэр эдэлж дууссан /1хх 109/. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар зохих өршөөлийг үзүүлж өгнө үү.

Мөн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр сарын 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ял болгон сольсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Т.Д-г анхан шатны шүүх урьд олон удаагийн ял шийтгэлтэй зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдлын асуудал яригдахгүй, тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4/ тул хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Хүчингийн гэмт хэргийн хохирогч болох М.Т-т учруулсан хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд хангалттай мэтгэлцсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбараа дэмжиж байна. Хорих ял эдлүүлэх дэглэмийн хувьд шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Т.Д-, О.Н-э нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Т.Д-, О.Н-э нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-” зочид буудлын 308 тоот өрөөнд Б.Ч-ын эд хөрөнгийг дээрэмдэн авахын тулд хоолойг нь боох, дэлүү рүү нь өшиглөх, элэг рүү нь өвдөглөх, нүүр, нүд рүү нь цохих зэргээр зодож 990.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, гинж, кулон, “Samsung note 3” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Ч-ын “...“Х-” зочид буудалд ороод архи аваад хамт уусан. ...Гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн, би хамт байсан залуугаас юун хүмүүс вэ гэж асуухад эмэгтэйг нь буудлын ресепшн, эрэгтэйг нь буудлын хамгаалагч гэж хэлсэн. ...Анх танилцсан залуу гарч ирээд учиргүй намайг зодоод унасан. Орж ирсэн хүүхнээс намайг авраач ээ гэж гуйхад тэр шууд ирээд миний чихэнд байсан монетон ээмэг, хүзүүнд байсан монетон гинжийг кулонтой нь бүгдийг нь тасдаж аваад анх танилцсан залуу хоолой боогоод “би чамайг ална, дуугүй байгаарай, цонхоор шиднэ шүү” гээд орон дээр боож унагаагаад миний гар утсыг аваад зугтсан. ...Д- намайг цохиж зодоод, Н-э ээмэг, гинж, кулон, гар утсыг авсан. /1хх 193, 2хх 231-231/,

гэрч О.Я-ын “...1 давхарт манай буудлын 206 тоот өрөөнд үйлчлүүлж байсан Н- гэдэг охинтой таараад хоорондоо юм ярьж байгаад Н- тухайн залуугаас “танай өрөөнд архи байна уу” гээд дагаад 308 тоот өрөө рүү орсон. 30 гаруй минутын дараа эмэгтэй хүний орилох дуу сонсогдсон. ...Тэгж байтал Ч- бууж ирээд “хүүхэнтэй хамт нийлж байгаад намайг боогоод, эд зүйлсийг маань аваад явчихлаа” гэж хэлсэн. Араас нь Н- өрөөндөө байсан 3 эрэгтэй, 1 эмэгтэйтэй бууж ирээд Ч- бид хоёрын хажуугаар зөрөөд гараад явсан. ...Ч- “энэ эмэгтэй байна, бариач ээ” гээд орилоод зогсож байсан бөгөөд би Н-г барьсан чинь намайг нудраад цаашаа гүйсэн. Камерын бичлэгт Н-г тэр өрөөнд орж байгаа бичлэг байсан...” /1хх 203, 3хх 13-15/,

Т.Д-гийн яллагдагчаар өгсөн “...танилцсан эмэгтэйтэй бид хоёр анх буудалд орж ирэхэд зүс таних Н-э зогсож байсан. ...бид хоёр шилтэй архиа задлаад би гар утсаа цэнэглээд сууж байхад Н-э үл таних залуугийн хамт орж ирсэн. Н-э намайг дуудаж 00-н өрөөнд ороод хоёулаа нийлээд дээрэмдчихье гэсэн санал тавьсан. ...Н-э уурлан хохирогчийг зодож гар утас болон бөгжийг нь аваад гараад явсан. Би тэр үед гарах гэтэл намайг гаргахгүй байсан. Тэгэхээр нь тайвшруулж, өөрийгөө тавиулаад зүүсэн байсан гинжийг нь булаан авч доошоо буусан. ...Би 00 ороодохъё гээд 00-н цонхоор гарч зугтсан. ...” /2хх 141-147/ гэсэн мэдүүлгүүд,

дээрэмдсэн эд зүйлийн үнэлгээ /1хх 227-228/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 87-99/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Т.Д- нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 03 цагийн үед Энхтайваны гүүр орчмоос “Ахынх нь машин асдаггүй, гадуур такси олддоггүй ээ, ах нь хөлдөж үхлээ, ахыгаа Модны-2 руу хүргээд өгөөч, мөнгийг нь өгье” гэж хэлээд Э.Э-гийн эзэмшлийн “Toyota prius 30” загварын ****УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн зүүн талд хүргүүлж, тээврийн хэрэгслээс буулгүй Э.Э-гийн толгойн тус газар нэг удаа цохиж, 10.421.365 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Э-гийн “...2021 оны 1 дүгээр сарын 02-ны шөнийн 03 цагийн үед Энхтайваны гүүр лүү урдаас хойш чиглэлтэй “Toyota prius 20 загварын ****УБК улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариад явж байхад үл таних эрэгтэй хүн машины урд гарч ирээд хоёр гараа алдлаад зогсчихсон. Би тухайн хүнийг яасан юм бол гээд цонхоо буулгаад “юу болсон бэ” гэхэд “ахынх нь машин асдаггүй, гадуур такси олддоггүй, ах нь яг хөлдөж үхлээ, ахыгаа модны 2 луу хүргээд өгөөч, ах нь мөнгийг нь өгье” гэсэн. Би хүн хөлдөөд үхчихвэл яана гэж бодоод тэр ахыг суулгасан. ...Гэтэл тэр залуу шууд миний дагз руу нэг удаа маш хүчтэй цохиод араас хоолой, ам боогоод байхаар нь би хаалгаа хэд хэдэн удаа өшиглөөд байсан. ...Араас хүчтэй боож байснаа үхмээргүй байвал зүгээр машины хаалгаа хаагаад суу гээд байсан. ...Би айсандаа зугтаж буугаад өөдөөс ирж байсан машинд суугаад явсан. ...Миний машиныг ухаж миний цүнхэн дотроос Онцгой байдлын албанд ажилладаг үнэмлэх, хаан банкны виза карт, бэлэн 10,000 төгрөг, харшлын эм зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би тээврийн хэрэгслээ хүлээн авсан. ...” /1хх 29-31, 33-35/,

Т.Д-гийн яллагдагчаар өгсөн “...таксинд суухад эмэгтэй жолооч байсан, Баянгол дүүргийн 17 дугаар хороо 41 дүгээр байрны гадаа зогсоосон. Үл ялих зүйлээс болж маргалдан тэр эмэгтэй машинаасаа буугаад явчихсан. Машин нь асаалттай, араас машин сигналдаад байсан учраас зогсоолд тавьчихаад найзынх руугаа орсон. ...Би тухайн машиныг Эрдэнэбаярын найз охины машин гэж андуураад өөрийн зүйлсийг хайж байгаад халаасандаа хийсэн байх. ...Тэр хохирогчийн бичиг баримт, машины түлхүүр нь надад байна. ...” /1хх 80-86/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-7/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 127-129/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 13/, Э.Э-гийн хохиролд 23.000 төгрөг төлсөн баримт /2хх 214/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко стар” зочид буудалд М.Т-ийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа М.Т-ийн гарыг мушгих, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод 1/3-н богтос яс, доод булууны сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Т-ийн “...би тэр 3 залуутай болон найзуудтай нь хамт 10 дугаар хороололд байрлах “Эко Стар” зочид буудал руу орсон. ...Б- бид хоёр чимээ багатай өрөөнд оръё гээд тус зочид буудлын 404 тоот өрөөнд орж бэлгийн харьцаанд орчихоод унтсан. 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед хаалга хүчтэй нүдээд, Б- хаалгаа тайл гээд 20-30 минут болсон. Бид хоёр хаалга тайлж өгөөгүй байтал буудлын ресепшн хаалга түлхүүрээр онгойлгоод Д- гэх залуу ороод ирэхээр нь би гадуур хувцсаа аваад гарах гэхэд намайг үсдээд, элэгдсэн, газар уначихсан байхад зүүн гарыг маань мушгиад, баруун гараараа шанаа руу цохиод ор луу түлхээд хувцсаа тайл гээд байсан. ...Д- намайг хувцсаа тайл гээд нүүр лүү цохиод байсан учир би айсандаа хүчээр бэлгийн харьцаанд орсон. ... /3хх 48-49/,

гэрч Ш.Б-ы “...2021 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн үед  3 залуу 1 эмэгтэйтэй орж ирсэн. Нэг залуу нь ресепшн дээр ирээд 1 өрөө авъя гээд 401 тоот өрөөнд хамт ирсэн эмэгтэйтэй орсон. 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед 401 тоот өрөөний хаалгыг нэг залуу нүдээд тайлахгүй байсан учир ресепшн онгойлгосон. ...401 тоот өрөөнд орсон эмэгтэй ресепшн дээр ирээд “би цагдаа дуудчихлаа, миний гарыг хугалчихлаа, яах гэж хаалга онгойлгож байгаа юм бэ” гээд байсан. ...Хаалга эвдэх гээд өшиглөөд, найз руугаа орох гэсэн юм гээд байхаар нь хаалга эвдүүлэхгүйн тулд онгойлгосон...” /3хх 55-56/,

гэрч Б.Б-н “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 10 дугаар хороололд явж байгаад Д-тэй таарсан. Д- нэг найзынхаа хамт явж байсан. Ойролцоо байх пабад суугаад ууж байхад Д- өөр ширээний хоёр эмэгтэйтэй хамт нэг ширээнд сууя гэхээр нь хамт сууцгаасан ба нэг нь өөрийгөө Т- гэж танилцуулсан. ... Т- бид хоёр дээд давхарт нэг ортой өрөө авч ороод бэлгийн харьцаанд орчихоод унтсан. Өглөө унтаж байхад хаалга онгойх чимээ гарахаар нь сэрээд харахад Д- буудлын ресепшнээр өрөөний хаалга онгойлгуулж орж ирээд “хаалгаа яагаад онгойлгохгүй байгаа юм” гэхээр нь би гадуур хувцсаа өмсөөд Т- тэр хоёрыг үлдээгээд гараад явсан. ...” /4хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

“...М.Т-ийн биед зүүн шуу ясны доод 1/3-н богтос яс, доод булууны сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8494 дүгээр дүгнэлт /3хх 79-80/,

“...М.Т-ийн шинжилгээгээр үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8551 дүгээр дүгнэлт /3хх 82-83/,

“...Ү хромосомын шинжилгээний үр дүнгээр М.Т-ийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн гаплотип нь Т.Д-гийн гэх цусны гаплотиптой тохирсон болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 548 дугаар дүгнэлт /3хх 194-198/, гарын мөр болон хээнд үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар дүгнэлт /3хх 194-198/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 34-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.Д-, О.Н-э нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Т.Д-, О.Н-э нарын бүлэглэн хохирогч Б.Ч-ын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болон Т.Д-гийн хохирогч Э.Э-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.Д-гийн хохирогч М.Т-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар, мөн түүний хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Н-э, Т.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, Т.Д-гийн хувьд өмнө нь тухайн төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Н-эд 2 жилийн хорих ял оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтуудад зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул ял хөнгөрүүлэх болон хаалттай дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай шүүгдэгч Т.Д- болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсугай гэж хуульд байхгүй нэр томъёо хэрэглэснээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Д-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 11 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна. ...” гэж заасантай нийцэхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Үүнээс гадна зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл анхан шатны шүүх Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай (хэргийн 2 дахь хавтас, 2 дахь тал) шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотоор тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул О.Н-ийн зорчих эрхийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын “...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй, ...хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлын тухайд,

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэх судлахад, Т.Д- нь 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 27 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагджээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан тул шүүгдэгч Т.Д-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна.

 

Хорих ял болон зорчих эрхийг хязгаарлахыг тус тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн гомдлын тухайд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдох учиртай.

 

Шүүгдэгч Т.Д-гийн тухайд 10 жил 1 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараагаар дахин 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлснээс дээрх нэг төрлийн ялд нь нэгтгэн эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Т.Д- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 2 сар 40 хоногийн хорих ялаар шийтгүүлж /1хх 111-119/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн магадлалаар хорих ялын хэмжээг 1 жил 3 сар 10 хоног болгон өөрчилж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /1хх 109/ хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хохирогч Э.Э-гийн тээврийн хэрэгслийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.Д-гийн дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хуулийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. 

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй мөн давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлэх эрх байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.Д-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/741 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольсугай. ...” гэж,

5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Д-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял,  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг 11 /арван нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

8 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-гийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН