| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0149/э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 136
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,
Хохирогч. Д.О,
Шүүгдэгч: Н.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Н-ийн У-т холбогдох эрүүгийн 1735001470078 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 03-р баг 9а байрны 11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОР83091034, Х овгийн Н-ийн У.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.У нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байх гэртээ эхнэр Д.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07-р тал/,
2. Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө гэртээ охин С / 13 настай /, хүү М / 6 настай /, хүү А /4 настай / нарын хамт унтаж байтал 01 цаг 10 минутын үед манай нөхөр У согтуу орж ирсэн. Тэгээд У “Чи банзал” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж агсам согтуу тавьж эхэлсэн юм. У “Би энэ гэрийг чинь бүгдийг нь сүйтгэнэ” гэж хэлээд модон сандлуудаас нэгийг аваад хана руу шидэж хагалсан юм. Тэгээд дахиад хоёр дахь сандлаа аваад хана руу шидэхэд уг сандал хагарч сандлын хагарсан хэсгийн мод нь хананд цохигдож ойхдоо миний зүүн талын нүдний дээд тал дээр цохигдчихсон юм. Тэгээд У өмднийхөө тэлээг сугалж аваад “Чамайг цохиод алаад өгөх үү” гэж хэлээд өмднийхөө тэлээгээр цохих гээд далайсан боловч цохилгүй намайг заамдаад түлхсэн. Тэр үед би өрөөний ханыг толгойгоороо мөргөчихсөн юм. У агсам тавиад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Манай нөхөр У намайг яг зодож, цохисон зүйл байхгүй бөгөөд агсам тавиад гэрийнхээ сандлыг авч шидээд байсан юм. Харин хана уруу шидсэн сандал хугараад, хугарсан хэсэг нь ойгоод миний нүдэнд цохисон . Мөн өөр ямар нэгэн байдлаар миний биед гэмтэл учруулаагүй. У урьд өмнө нь намайг зодож, цохиж ямар нэгэн байдлаар дарамталж байсан зүйл байхгүй. У бид хоёр гэр бүл болоод 13 жил болж байгаа бөгөөд бид одоо 3 хүүхэдтэй. У надаас уучлал гуйж бид хоёр эвлэрсэн бөгөөд миний зүгээс нөхөр Ут холбогдуулж нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг / хх-ийн 09-10, 11-р тал/,
3. Эд мөрийн баримт /сандлын эвдэрхий хэсгүүд/ хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14, 15, 16-р тал/,
4. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “У нь 1983 оны 09-р сарын 10-ны өдөр төрсөн, одоо 37 настай юм. Миний хүү У нь зан аашийн хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаагүй, аав, ээж, үр хүүхддээ халамжтай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, аливаа ажил хөдөлмөрт хичээнгүй юм хүн юм. У одоогоор Улаангом сумын 09-р багт хувиараа гутлын цех ажиллуулдаг бөгөөд одоо Улаангом сумын 03-р багт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. У хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй, эрүүл хүн юм. У өөрийн эхнэр Оийг зодож цохиж, дарамталж байгаагүй. У, О нар гэр бүл болоод 13 жил амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд У, О нар нь хоорондоо маргалдаж, зодолдож байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
5. Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “У нь манай дүү О-ийн нөхөр бөгөөд миний хүргэн дүү юм. У зан аашийн хувьд төлөв даруу, ажилсаг хөдөлмөрч, хүнийг хүндэлдэг ёс зүйтэй, зөв боловсон үг хэллэг, яриатай хүн юм. О, У нар гэрлээд 13 жил болж байгаа бөгөөд одоогоор Улаангом сумын 03-р багийн нутагт 3 хүүхдийн хамт амьдарч байгаа юм. У хүнд тусархуу, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаагүй, аав, ээж, үр хүүхэддээ халамжтай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн юм. У Улаангом сумын 09-р багт хувиараа гутлын цех ажилуулдаг юм. Би Уыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсныг урьд өмнө нь хараагүй бөгөөд У ямар нэгэн хорт муу зуршилгүй, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй эрүүл хүн юм. У, О нар нь гэр бүл болоод 13 жил амьдарч байгаа хэдий ч тэр хоёр хоорондоо маргалдаж, зодолдож байгаагүй юм. У урьд өмнө нь эхнэр Оийг зодож, цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
6. Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “У нь миний хүү юм. У 1983 оны 09-р сарын 10-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, одоо 37 настай. Манай хүү У зан аашийн хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, ажилч хөдөлмөрч, бусдын төлөө санаа тавьдаг, энэрэнгүй сэтгэлтэй хүн юм. У нь өнөөг хүртэл ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй бөгөөд аав, ээж, хань, үр хүүхэддээ халамжтай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн юм. У аливаа ажил хөдөлмөрт сайн, хичээнгүй зантай бөгөөд одоогоор Улаангом сумын 09-р багт хувиараа гутлын цех ажилуулдаг юм. У одоо Улаангом сумын 03-р багийн нутагт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. У хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй эрүүл хүн юм. У эхнэртэйгээ гэр бүл болоод 13 жил болж байгаа боловч энэ хугацаанд эхнэр Оээ зодож цохиж, дарамталж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
7. Насанд хүрээгүй гэрч У.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны шөнө гэртээ ээж О, дүү М, А нарын хамт унтаж байсан юм. Тэгтэл шөнө гэнэт нэг мэдэхэд аав У согтуу ирчихсэн гэрт агсам тавиад байх шиг байхаар нь би унтлагын өрөөнөөс гараад зочны өрөө рүү ороход манай ээж О-ийн зүүн талын нүдний орчим хавдаж, хөхөрсөн байсан юм. Тэгэхээр нь би ээжээсээ юу болсон талаар асуухад ээж надад “Аав чинь агсам тавиад хана уруу сандал шидтэл сандлын хагарсан хэсэг нь ойгоод миний нүдийг цохичихлоо” гэж хэлсэн юм. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн юм. Манай аав У урьд өмнө нь ээж О-ийг зодож цохиж, дарамталж байсан удаа байхгүй. Мөн манай аав урьд өмнө нь гэртээ агсам согтуу тавьж байгаагүй. Аавыг агсам тавьж байхад манай хоёр дүү унтаж байсан бөгөөд тэр үед сэрээгүй юм. Тухайн өдөр аав У намайг болон манай дүү нарыг зодож, цохисон зүйл байхгүй. Урьд өмнө нь ч гэсэн зодож цохиж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
8. Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай амьдарч байгаа байр ашиглалтанд ороод нэг жил гаруй болж байгаа бөгөөд манай байрны 11 тоотод ямар айл байдгийг мэдэхгүй байна. 11 тоотод ямар нэгэн байдлаар зодоон цохион, хэрүүл маргаан болон агсам согтуу тавих дуу чимээ гарч байгаагүй, миний хувьд тийм зүйл сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
9. Гэрч Х.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хажуу талын 11 тоотод У гэх айл амьдардаг юм. Манай хөрш болох У-ын гэрт урьд өмнө нь зодоон, цохион болсон дуу чимээ согсогдож байгаагүй. У нь агсам, согтуу тавьж мэдэгддэггүй юм. Хэрэв дуу чимээ гарсан тохиолдолд манай гэрт сонсогддог юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
10. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №646 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Д.О-ийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, дух, зүүн нүдний гадна буланд зулгаралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/,
11. Шүүгдэгч Н.У-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р тал/,
12. Шүүгдэгч Н.У, хохирогч Д.О нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн охин Ц.С, хүү У.А, У.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41, 42-43-р тал/,
13. Шүүгдэгч Н.У-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2017 оны 10-р сарын 16-ны өдөр өөрийн танил Ц гэх айлын найранд очсон юм. Найран дээр байхдаа би архи ууж нилээд согтсон бөгөөд найрнаас гараад өөрийн найз Н, Т нартай уулзаж 0,75 граммын 2 шил “Соёрхол” нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд би нэлээд согтсон бөгөөд шөнө 01:00 цагийн үед гэртээ ортол манай эхнэр, хүүхдүүд унтаж байсан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглсэн байсан тул эхнэр О-ийг арван жилд нэг ангид сурч байсан гэх залуутай хардаж агсам согтуу тавьсан. Тэгээд би О-т “Би энэ гэрийг чинь сүйтгэнэ” гэж хэлээд гал тогооны өрөөнд байсан модон сандлыг авч хана руу шидэж хагалчихаад дахиад модон сандал аваад хана руу шидтэл уг сандал хагарсан. Сандлын хагарсан хэсгийн мод нь манай эхнэр О-ийн толгойг цохичихсон юм. Тэгээд би үргэлжлүүлэн агсам согтуу тавьсан, тэр үед эхнэр О цагдаад дуудлага өгсөн юм. Би тухайн үед согтсон байсан учраас гэрийнхээ гал тогооны сандлыг авч хана уруу шидэж хагалсан бөгөөд би уг сандлыг энхэр О рүү шидээгүй юм. Тухайн үед О хананы хажууд зогсож байтал сандлын хагарсан хэсэг нь ойгоод О-ийн толгойн хэсэгт цохичихсон юм. Мөн би О-ийг хана уруу түлхэхэд О толгойн ар хэсгээрээ хана мөргөчихсөн юм. О бид хоёр урьд өмнө нь хэрэлдэж, зодолдож байгаагүй. Эхнэр О бид хоёр 13 жил хамт амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд бид 3 хүүхэдтэй болсон. Манай эхнэр О энэ зунаас хойш арван жилд нэг ангид байсан гэх нэг залуутай мессенжерээр харьцаад байсан бөгөөд энэ тухай би санамсаргүй мэдчихсэн юм. Тэгээд би тухайн хүнтэй эхнэр О-ийг хардаад агсам тавьсан бөгөөд би урьд өмнө нь эхнэр О-ийг зодож цохиж байгаагүй. Би эхнэр О-ийг хана мөргүүлж биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй гэдгээ амалж байна. Эхнэр хүүхдээ айлгаж ийм муухай зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан, бидний гэр бүлийн харилцаа хэвийн байгаа ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Н.У нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байх гэртээ согтуугаар эхнэр Д.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар сандлын хагарсан хэсгүүдийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.О, насанд хүрээгүй гэрч У.С нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.У-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №646 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О-ийн биед тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, дух, зүүн нүдний гадна буланд зулгаралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Н.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Д.О-ийг бусадтай хардсаны улмаас маргаан үүсгэж зодсон нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, түүний энэ үйлдэл нь байнгын давтагдсан шинжгүй, өмнө нь гэр бүлийн гишүүнээ зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.О нь шүүгдэгч Н.У-аас нэхэмжлэх хохирол, төлбөргүй талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.У-т ял шийтгэхэд хуулинд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал болон нь улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь зохистой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Н.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандлын эвдэрхий хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Н-ийн У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.У нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандлын эвдэрхий хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН