| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2206 01521 1876 |
| Дугаар | 2022/ДШМ/1105 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/1105
Ц.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Эрдэнэбаяр,
хохирогч Р.Г-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг,
шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Ц.Т-д холбогдох 2206 01521 1876 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ц-ийн Т, 1998 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг, ... дүгээр хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Ц.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогтой Ц-ийн Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Т-д мэдэгдэж, шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар "гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах" үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан "согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох" хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т-аас 541.650 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Г-д олгохоор, хохирогч Р.Г нь цаашид гарах гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Ц.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Р.Г давж заалдах гомдолдоо: “...2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2206015211876 дугаар тогтоолоор Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан. Өөрөөр хэлбэл миний машиныг зөвшөөрөлгүй авч зугтаасан үйлдэлд нь "Авто тээврийн хэрэгслийг авч зөвшөөрөлгүйгээр авч явах", зугтаах явцдаа миний биед гэмтэл учруулсан үйлдэлд нь "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэсэн зүйл ангиар зүйлчилж яллагдагчаар татсан байсан /хх 65-66 /.
Надад хэргийг прокурорт шилжүүлэх гэж байгаа тул хэргийн материал танилцаарай гэж цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу би 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэргийн материалтай очиж танилцахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэвээрээ байсан. Ингээд би хэргийн материалтай танилцаад дахин ямар нэгэн гомдол санал гаргаагүй.
Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаяр 200 дугаартай тогтоолоороо Ц.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан тогтоолдоо өөрчлөлт оруулж, мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэж зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна. /хх 82-88 / Үүнийгээ хохирогч надад болон миний өмгөөлөгчид огт мэдэгдээгүй, танилцуулаагүй. Уг тогтоолдоо гомдол гаргах эрхээр хангаагүй.
Хохирогч Р.Г надад хяналтын прокурор болон шүүх дээрх материалыг танилцуулаагүй, хэрэг шүүхэд шилжиж ирснийг мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “маргааш шүүх хуралтай шүү” гэж шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн. Би шүүх хуралдаан дээр л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан тогтоолоо хүчингүй болгосныг мэдсэн. Ингээд миний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хүндрүүлэх шаардлагатай байгаа тул 60 хоног хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Ц.Т нь 2022 оны 3 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө хохирогч Р.Г миний эзэмшлийн 00-00УБЕ улсын дугаартай “Toyota Prius” загварын автомашиныг миний зөвшөөрөлгүйгээр согтуугаар жолоодон авч явах явцдаа намайг төмөр хийцлэлд хавчуулж, миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байтал үндсэн үйлдсэн гэмт хэрэг болох авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Энэ гэмт хэрэг нь зөвшөөрөлгүйгээр авто тээврийн хэрэгслийг хөдөлгөн хөдөлгөөнд оролцож эхэлснээр гэмт хэрэг төгссөн гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч миний мэдүүлэг, шүүгдэгч Ц.Т-ийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгээр тодорхой нотлогддог.
Ийм тодорхой нотлох баримт байсаар байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-г яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, энэ хэсгийг хүчингүй болгосноо үүнийгээ хохирогч Р.Г надаас зориуд нууж, танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангалгүй тэр өдрөө яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурорын үйлдэлд болон уг хэргийг шүүхэд шилжиж ирснийг хохирогч надад мэдэгдээгүй. Мэдээгүй учраас урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт гаргах ямар ч боломж олдоогүй. Шүүх хуралдааныг хурлын өмнөх өдрийн үдээс хойш утсаар мэдэгдэж намайг хэргийн материалтай танилцах нөхцөл бололцоогоор хангаагүй шүүхийн ажиллагаанд маш их гомдолтой байна.
Үүнээс гадна зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа оршин суугаа сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байтал аймгийн хэмжээнд хязгаарласанд гомдолтой байна.
Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар арын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1196 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эргийг прокурорт буцааж өгнө үү...” гэжээ.
Хохирогч Р.Г-ын өмгөөлөгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2206015211876 дугаар тогтоолоор Ц.Т-г 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх 65-66/.
Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаяр 200 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолоороо Ц.Т-д холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байснаа хэрэгсэхгүй болгож тогтоолдоо өөрчлөлт оруулж, мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэж зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн байна /хх 82-88/.
Хяналтын прокурор 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 200 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолоо хэргийн оролцогч болох хохирогчид танилцуулаагүй, түүнийг гомдол гаргах эрхээр хангалгүй тухайн өдрөө яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Ц.Т нь 2022 оны 3 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө хохирогч Р.Г-ын эзэмшлийн 00-00УБЕ улсын дугаартай “Toyota Prius” загварын автомашиныг түүний зөвшөөрөлгүйгээр согтуугаар жолоодон авч явах явцдаа түүнийг машинаар нь чирч, төмөр хийцлэлд хавчуулж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байтал үндсэн үйлдсэн гэмт хэрэг болох авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын авто тээврийн хэрэгслийг хөдөлгөн хөдөлгөөнд оролцож эхэлснээр гэмт хэрэг төгссөнд тооцно гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ц.Т нь бусдын авто тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Т-ийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгээр тодорхой нотлогддог.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хүндрүүлэх шаардлагатай байгаа тул 60 хоног хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингэснээр шүүгдэгч Ц.Т нь ял завших нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/1196 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчилгүй, хуулийн хүрээнд үндэслэл бүхий шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгч Ц.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлууд бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэж байна. Давж заалдах гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасны дагуу хохирогчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй гэх асуудлыг тавьдаг. Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогчийн эрх, үүргийг танилцуулсан. Хохирогч эрх, үүргээ ойлгож оролцсон. Хохирогч ямар нэгэн идэвхтэй үйлдэл гаргаагүй байдаг. Улмаар хэрэг шүүх дээр шилжиж ирснээр урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргах эрх нь нээлттэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Т-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан. Хэргийн материалыг танилцуулаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг шилжүүлсний дараагаар яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна” гэх хүсэлтийг гаргасан. Прокуророос хянаж үзээд зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл авч явсан үйлдэл байгаа боловч тээврийн хэрэгслийг шууд буцааж авчирч өгсөн буюу гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоод зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Т-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Тухайн гэм буруутай үйлдэлд шүүхээс тохирсон ял шийтгэл оногдуулсан. ...Тухайн үед Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авхуулахаар тоот явуулах гэж байсан боловч ажил явдал гараад амжаагүй. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 3 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 05 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П" баарны гадна зогсоолд байсан хохирогч Р.Г-ын эзэмшлийн 00-00УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг харилцан маргааны явцад авч явахдаа хохирогч Р.Г-ыг автомашинаар чирч зогсоолын төмөр тусгаарлагчтай хавчуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Р.Г-ын: “...2022 оны 3 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 05 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баарны үүдэнд таксинд явж байхад үл таних хоёр залуу гараа өргөсөн. ...Хоёр үл таних залуутай маргалдаж, хар өнгийн пальтотой хүүхэн нь миний 00-00УБЕ улсын дугаартай автомашины хаалга, цонх, крыло зэрэг рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би машинаасаа буутал нөгөө гурван хүүхэн нь миний нүүрний хамар хэсэгт маажиж, толгой руу гараараа олон удаа цохиод байсан. Мөн миний зүүн гарын эрхий хурууг маажиж, шалбалсан. Тэгтэл нөгөө гурван охины жижиг нь миний авто машиныг унаад хөдөлсөн. Тэр хооронд би машинаа унтраах гэтэл намайг 10 метр орчим газар чирээд явж байх үед замын хашлаганд намайг машинтай хавсарч, би бөөрөөрөө машин, хашлага хоёрт хавчигдаж газар унасан. ...” /хх 9-10/,
гэрч Э.Х-ы: “...Бааранд байсан хоёр залуу такси бариад Төгсөөгийн машины хажууд ирээд “Хамт явахгүй юм уу” гэхээр нь би “Та нар цаашаа яв” гэтэл “Я.... чинь хамт явна гэчихээд” гэхээр нь миний дургүй хүрээд нөгөө залууг машинаас буулгаж ирэх гээд машиныг нь би болон манай хоёр найз өшиглөж, гараараа цохисон. Тэгтэл жолооч ах машинаасаа гарч ирээд бид нартай маргалдаад, машиныг цохиж өшиглөсөн. Тэгтэл манай найз Ц.Т нь нөгөө таксины ахын машиныг жолоодоод цааш 5 минут яваад буцаад ирсэн. Буцаж ирэхдээ ганцаараа ирсэн. ...” /хх 12/,
гэрч Б.М-ийн: “...Нэг мэдэхэд бид гурав машинаас буучихсан, жолоочтой маргалдаж байсан бөгөөд жолооч ах машинаас бууж ирэхэд Ц.Т тэр ахын машиныг унаад явчихсан. Унаад явахад жолооч ах машиндаа чирэгдэж байсан. ...” /хх 61/,
хохирогч Р.Г-ын эрүүл мэндэд хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн хацар, хамрын угалзанд цус хуралт, зүүн сарвууны эрхий хуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл, хэвлийн баруун хажуу хэсгийн арьсан доорх цус хуралтыг гадагшлуулан авах мэс ажилбарын дараах гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 339 дугаартай дүгнэлт /хх 21-25/,
дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40-41/, “Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 28-36/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Ц.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар хохирогч Р.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Ц.Т-ийн хохирогчийн машиныг авч явахдаа түүнийг зогсоолын тусгаарлагчтай хавчуулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ түүний оршин суух бүртгэлтэй Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож хэт өргөн хүрээгээр зорчих эрхийг хязгаарлах ялын дэглэмийг тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгчийг Дархан-Уул аймгийн Дархан сумд оршин суух бүртгэлтэйг харгалзан Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.
Анхан шатны шүүхээс Ц.Т-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй тул ийнхүү өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Р.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нар давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа гомдол гаргах эрхээр хангаагүй, ...шүүгдэгч ял завших нөхцөл байдал үүссэн...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд эрүүгийн шүүн таслах ажиллагаан дахь хэмжээ хязгаарыг тогтоосон бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй, ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Харин хохирогч нь шүүгдэгч Ц.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар прокурор, дээд шатны прокурорт хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрх нээлттэй болно.
Түүнчлэн, гэрч Б.М-ийн “...Х, Ц.Т ...бид гурав “Парис” бааранд 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи уусан. ...Ц.Т-г тэр ахын машиныг унаад явсны дараа би өөрийнхөө машиныг унаад явсан. ...” гэж мэдүүлсэн /хх 61/-ээс гадна шүүгдэгч Ц.Т болон тухайн үед хамт байсан бусад этгээдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд холбогдох хууль тогтоомжид заасан захиргааны арга хэмжээ авахуулах нь мөн нээлттэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад оролцогчдоос гаргасан хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсэн тохиолдол бүрт шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар байна.
Гэтэл, анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл өөрчилсөн прокурорын шийдвэрт гомдол гаргах, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны тэмдэглэл /хх 136/-д “...шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүхээс гаргасан шүүгчийн захирамжийг уншиж сонсгож, шүүхийн хэлэлцүүлгийг улсын яллагчаас яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор эхэлье гэв...” гэж хүсэлтийг шийдвэрлэсэн мэтээр тэмдэглэлд тусгасан атлаа хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт хавсаргагдаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө сэргээлгэх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол гаргах эрхтэй, харин гомдол, хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн албан тушаалтан үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй бөгөөд энэ талаар цаашид анхаарахыг магадлалд анхааруулан тэмдэглэж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хохирогч Р.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоос “...зорчих эрхийг хязгаарлах ялын дэглэмийг өөрчлүүлэх...” хэсгийг хүлээн авч, “...анхан шатны шүүх шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзсан, ...зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлүүлэх, ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах...” хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1196 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3 дахь заалтын “...Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох...” гэснийг “...Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Р.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д. МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ