| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00678/И |
| Дугаар | 130/ШШ2024/00807 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2024/00807
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М . Хаяг:Б аймаг, У сум, 4 дүгээр багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Хаяг:Б аймаг, У сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З ,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ,
Орчуулагч Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М нь хариуцагч Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ө д холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч М нь 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн У сумын Ерөнхий боловсролын 2-р сургуульд манаачид томилогдон ажиллаж байсан. Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаан буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хувийн чөлөө хүсэж, хүсэлтээ ажил олгогчид гаргасан. Ажил олгогчийн зүгээс уг хүсэлтийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б/22 тоот тушаалаар 3 сарын хугацаа зааж чөлөө олгосон байдаг. Харин нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаан нь уг 3 сарын хугацаанд дуусаагүй тул хувийн чөлөөг сунгах тухай хүсэлтээ ажил олгогчид тавьсан гэдгээ нэхэмжлэгчийн зүгээс илэрхийлж байна. Гэтэл ажлаас чөлөөлсөн, чөлөөлөөгүй эсвэл чөлөөг сунгасан, сунгаагүй талаар ямар нэгэн хариу мэдэгдээгүй байдаг.
1.2 Улмаар нэхэмжлэгч 2024 оны 6 дугаар сард ирээд ажилд орох гэхэд ажлаас халсан тухай тушаалыг нэхэмжлэгчийн эхнэрийн цахим хуудсанд илгээсэн байдаг. Тийм учраас уг тушаалыг эс зөвшөөрөөд гурван талд хороонд гомдол гаргаад дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дарах үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжтой. Үүнд: Ажил олгогчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 тоот дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тушаал байгаа. Тэр нь хууль бус шийдвэр гэдэг байр сууринаас хандаж байна. Учир нь уг тушаалд Боловсролын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж заасан байдаг. Тэгэхээр уг хуулийн заалтад санаачилга гаргадаг гэж тусгаж өгсөн болохоос ажлаас чөлөөлж байгаа үндэслэл биш гэж үзэж байна. Хэрвээ Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас чөлөөлөх бол чөлөөлсөн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг дурдах ёстой байсан. Нэхэмжлэгч ажилдаа ирээгүй гэх бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг 80.1.4 дэх хэсэгт зааснаар тушаал гарах ёстой байлаа. Эсвэл хөдөлмөрийн дотоод журмын 4 дэх хэсгийг зөрчсөн гэх бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ноогдуулж дараа нь ажлаас чөлөөлөх ёстой байсан. Тийм учраас ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө дээр дурдсан зүйл заалтуудын аль нэгийг баримталж шийдвэрлээгүй байна.
1.3 Иймд нэхэмжлэгчийг ажилдаа эгүүлэн тогтоох үндэслэл болж байгаа. Нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байна. Тэгвэл нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх бол 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр чөлөө авсан өдөр нь дуусаж байгаа тул сахилгын шийтгэл оногдуулж, тухайн сарын дотор л ажлаас нь чөлөөлөх ёстой байсан. Хэрвээ сунгаж чөлөө авснаа мэдэгдээгүй гэх бол 6 сарын дотор буюу 2023 оны 06 дугаар сард нэхэмжлэгчийг ажлаас нь халах ёстой байсан. Гэхдээ нэхэмжлэгчийг 2023 оны 9 дүгээр сард ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг хувийн чөлөөг тодорхой бус хугацаагаар сунгасан болохыг харуулж байна. Нэгэнт ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн хэрэглэх ёстой заалтыг баримтлаагүй шийдвэр нь өөрөө хууль ёсны биш юм. Тийм учраас нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
2.Хариуцагч Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ө , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С нарын хариу тайлбар, татгалзал:
2.1 М нь манай сургуульд олон жилийн турш манаачаар ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр К улсад бүрмөсөн оршин суурьшиж явах болсон гэж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгож өгөх тухай байгууллагын захиргаанд хүсэлт гаргасны дагуу түүнд ажил олгогчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар 3 сарын цалингүй чөлөө олгосон.
2.2 Гэтэл М 2023 оны 01 дүгээр сард ажилдаа ирээгүй ба тэр үед К улсад амьдарч байсан учраас түүнтэй хувийн чатаар хэд хэдэн удаа холбогдон Монгол улсад ирж ажилдаа хэзээ эргэн орох тухай ярьсан боловч эргэн холбоо бариагүй юм.
2.3 Нөгөө талаас М нь цалингүй чөлөөг сунгаж өгөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд М нь манаачийн ажилд үргэлжлүүлэн ажиллахаар К улсаас Монголд эргэн ирээгүй тул байгууллагын албан ажлын шаардлагаар түүнийг манаачийн үүрэгт ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлж, түүний оронд Б гэдэг хүнийг манаачийн ажилд томилсон. Одоо М ын ажиллаж байсан манаачийн албан тушаалд Б тай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байна.
2.4 Гэтэл 2024 оны 6 дугаар сарын үед М нь өөрийн биеэр Монгол улсад ирж, тус сургуулийн захирал Ө надтай уулзахдаа Би тэтгэмж авах хүсэлтэй байна. Намайг ямар нэгэн аргаар өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжид хамруулж өгөхийг хүсье. Миний тушаалыг зөвтгөж гаргаж өгөөрэй. Өөрөөр хэлбэл надад тэтгэмж олгох захиалгыг дээд байгууллагад явуулж өгөөрэй гэсэн утгатай хүсэлт гаргасан. Тэгээд би түүний саналыг сонсоод Танд өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг олгох хууль зүйн боломжгүй, би худлаа тушаал гаргавал өөрөө хариуцлага хүлээнэ. Та ажлаас чөлөөлөгдөөд бараг нэг жил болсон. Таны оронд өөр хүн манаачаар ажиллаж байгаа гэж амаар хариу өгсөн.
2.5 Сургуулийн захиргаанд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэлэн 3 сарын хугацаагаар цалингүй чөлөө олгох тухай хүсэлт гаргасан байна. Түүний дагуу ажил олгогчийн зүгээс 3 сарын хугацаагаар чөлөө олгосон байдаг. Харин нэхэмжлэгчийн оронд өнөөдрийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг түр томилсон байна. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувийн чөлөө хүсээд явсан боловч уг хугацаандаа ирээгүй байдаг. Нэхэмжлэгчид ажил олгогчийн зүгээс Ф чатаар зурвас илгээж, дуу хоолой бичилтээр харьцаж байсан. Ажил олгогч нэхэмжлэгчээс та ирэх үү, цаашид чөлөөгөө сунгаж авах уу гэдгийг лавлаж асуусан. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй байдаг. Тэгээд нэхэмжлэгч ямар нэгэн хариу хэлэх болов уу гэж хүлээж байгаад 2023 оны 09 дүгээр сар хүртэл Б ыг түр тухайн орон тоонд ажиллуулж байсан. Нэхэмжлэгч Монгол Улсад байгаа гэр орноо худалдаж борлуулж, К Улсад нүүгээд явсан тул нэхэмжлэгч ямар нэгэн хариу өгөөгүй байна. Чөлөө авснаас хойш 9 сар хүлээгээд, чөлөө авсан хугацаа дууссаны дараа ямар нэгэн хариу хэлэхгүйгээр ажилд ирээгүй тул Б ыг түүний оронд бүр томилоод, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг.
2.6 Нэхэмжлэгчийг зүгээс чөлөөг сунгах тухай ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Тэр талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Тэгээд 2024 оны 06 дугаар сард нэхэмжлэгч эх орондоо буцаж ирээд, ажил олгогчтой уулзсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч ажил олгогчид би насны тэтгэвэрт гарахад, төрөөс олгох нэг удаагийн тэтгэмж авахыг хүсэж байна. Намайг ямар нэгэн байдлаар өндөр насны тэтгэвэрт гаргаж, тэтгэмж авах тухай захиалгыг явуулж өгөөрэй. Мөн миний тушаалыг зөвтгөж гаргаж өгөөрэй гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгчид ажил олгогч танд нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй, худлаа тушаал гаргах бол өөрөө хариуцлага хүлээнэ, таны оронд өөр хүн ажиллуулж байгаа, таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг хэлсэн байдаг. Нэхэмжлэгч К улсад бүр нүүгээд явсан хүн байна.
2.7 Иймд 2022 оны 10 дугаар сард К улсад бүрмөсөн оршин суухаар гэр орноо худалдаад нүүгээд явсан, чөлөөний хугацаа дууссан, чөлөөний хугацаа дуусмагц цаашид цалингүй чөлөө авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй нэхэмжлэгч М ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б хариу тайлбар татгалзал:
3.1 Миний хувьд урьд өмнө сургуулийн захиргаанд ажилд оруулах тухай хүсэлтийг өгч байсан. Нэхэмжлэгчийн эхнэр болон миний эхнэрийн аавууд нь нэг айлын хүүхэд байгаа. Нэг ёсондоо нэхэмжлэгч М нь миний баз гэж ойлгож болно. Нэхэмжлэгчийн хувьд урьд нь К улсад нүүх гэж байгаа талаар бид нарт хэлдэг байсан. Нэг өдөр сургуулийн захирал М нь 3 сарын хугацаагаар цалингүй чөлөө авсан. Түүний оронд та ажиллах уу гэж асуусан. Тэгэхээр би ажиллана гэж түүний оронд түр ажиллаж эхэлсэн.
3.2 Харин нэхэмжлэгч М нь гэр орон худалдан борлуулж, К улсад нүүгээд явсан. Гэхдээ тэнд очсон ч гэсэн надтай Ф чатаар холбоотой байсан. Надад бол чи миний Монгол улсад байгаа зээлийг хийж байгаарай. Надад одоо зээл төлөх боломжгүй байна. Би дахин Монголд очиж чадахгүй. К улсаас квотоо авчих бол чиний зээлд хийсэн мөнгийг чинь буцаагаад өгөх болно гэж хэлсэн. Тийм учраас түүний дагуу би түүний зээлийг төлж байсан. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 6 дугаар сард Монгол улсад ирээд, манай гэрт зочлоод явсан. Өнөөдөр шүүхэд ийм нэхэмжлэл гаргаж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Монгол улсад байгаа бүх эд хөрөнгө малаа худалдан борлуулаад явсан. Одоо Монгол улсад тэр дахин ирэхгүй гэдгийг ч хэлсэн. Би ажлаа хариуцлагатай хийж байсан тул одоо ажилгүй болохыг хүсэхгүй байна.
3.3 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч З т олгосон итгэмжлэл, Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №23 дугаар хуралдааны тэмдэглэл, тус хооронд нэхэмжлэгч М аас гаргасан өргөдөл, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, уг хүсэлтийг гаргаагүйд тооцох тухай хүсэлт зэрэг
5.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбар, У сумын 2-р сургуулийн захиралд 2022.09.12-ны өдөр нэхэмжлэгч М аас гаргасан цалингүй чөлөө олгож өгөх тухай хүсэлт, Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугар сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн М т цалингүй чөлөө олгох тухай Б/22 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн М ыг ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б ыг сургуулийн манаачаар томилон ажиллуулах тухай Б/17 дугаар тушаалууд, ажил олгогчийн Б тай байгуулсан 2023.09.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2024.09.06-ны өдрийн 28 дугаар албан бичгээр өмгөөлөгч С олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчтэй цахим орчинд харилцаж байсан гэх казахаар бичсэнийг монгол хэл дээр хөрвүүлж орчуулсан орчуулгын хамт, Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/10 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, уг тушаалын хавсралтаар баталсан тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн нэхэмжлэгчтэй цахимаар харьцаж байсан дуут бойс яриагаар хөрвүүлсэн СД зэргийг хариуцагч талаас,
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хүсэлт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М нь ар гэрийн байдалд гачигдалтай нөхцөл байдал тохиолдож 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр сургуулийн захирлаас хувийн чөлөө авч сургуулийн манаачийн ажлаас түр чөлөөлөгдсөн. Хувийн чөлөөний хугацаанд эмчлүүлж, сувилуулах шаардлагын үүднээс К улсад амьдарч байсан тул хувийн чөлөөний хугацааг сунгуулах хүсэлтийг цахимаар илгээж, тус сургуулийн захирал Ө д утсаар ярьж, мэдэгдсэн ба захирлаас татгалзсан хариу өгөөгүй учир хувийн чөлөөний хугацааг сунгасан гэж ойлгосон. Гэтэл 2024 оны 6 дугаар сарын 20-нд К улсаас ирж, ажилд эгүүлэн томилохыг хүссэн боловч түүний гэр бүлийн хүний утасны цахим хуудсанд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар М ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг илгээсэн байна. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
9.Хариуцагч Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ө , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгчид хүсэлтийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгосон. Гэтэл М нь 2023 оны 01 дүгээр сард ажилдаа ирээгүй ба тэр үед К улсад амьдарч байсан учраас хувийн чатаар хэд хэдэн удаа холбогдон ажилдаа хэзээ эргэн орох тухай ярьсан боловч эргэн холбоо бариагүй. Цалингүй чөлөөг сунгаж өгөх тухай хүсэлт гаргаж байгаагүй тул түүнийг ажлаас нь чөлөөлж, албан ажлын шаардлагаар түүний оронд Б ыг томилсон тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэж маргажээ.
10.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
10.1 Нэхэмжлэгч М нь Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд манаачийн байнгын ажилтан байгаад 2022.09.12-ны өдөр тус сургуулийн захиралд хүүхдүүд маань К улсад суралцаж төгссөн тэндээ ажил амьдралаа зохицуулж суурьшихаар шийдсэн билээ. Тийм учраас хүүхдүүдийн ажил төрлийг зохицуулж ирэх, байр олж өгөх шаардлагатай байгаа тул 2022 оны 10 дугаар сарын 01-ээс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл цалингүй чөлөө олгох-ыг хүссэн тухай бичгээр гаргасан хүсэлтийг хариуцагч буюу ажил олгогч Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар түүний Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4 дэх заалтад заасан эрхийг эдлүүлж 2022 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 3 сарын цалингүй чөлөө олгосон болох нь тогтоогдсон.
10.2 Харин ажил олгогчоос ажилтан М т хувийн чөлөө олгохоор шийдвэрлэсэн эрхийн актадаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хувийн чөлөө олгох заалтыг баримтлаагүй байгаа боловч тэрхүү хувийн чөлөөний хугацаанд тухайн ажлын байрыг нь хэвээр хадгалахаар заасан мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12 дахь заалтыг баримталж хувийн чөлөө олгосон байх тул уг үндэслэлээр ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болно.
10.3 Улмаар ажил олгогч Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Монгол улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтыг баримтлан тус сургуульд манаачаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 3 /гурван/ сарын цалингүй чөлөө авсан М чөлөөний хугацаа дууссан ч ажилд эргэж ирээгүй гэсэн үндэслэлээр 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна.
11.Уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ... тухайн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсгийг баримталж намайг ажлаас чөлөөлж байгаа нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ажил олгогчоос хувийн чөлөөний хугацаа дууссан өдөр чөлөөлөх тухай эрхийн акт гаргахгүйгээр бүхэл бүтэн 9 сарын дараа чөлөөлж байгаа байдлаас үзэхэд хувийн чөлөөний хугацаа тодорхой бус хугацаагаар сунгасан байхыг ойлгоно. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг баримталж, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтан хувийн чөлөөний хугацааг шалтгаангүйгээр хэтрүүлсэн, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэвэл хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг давхар баримтлах ёстой гэж маргажээ.
12.Гэтэл ажилтан М тай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл:
12.1 Нэхэмжлэгч М нь хувийн чөлөөний дуусах хугацаа болох 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирээгүй ба хариуцагч буюу ажил олгогчоос түүний М гэх цахим хаяг руу 2023.01.14-ний өдөр Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Танд сонин сайхан юу байна. К улсад очоод орос эмэгтэйчүүдээс салж чадахгүй үлдчихсэн үү. Хэзээ буцах вэ. Таны чөлөөний хугацаа дууссан шүү. Та хэдийн 3 сарын нийгмийн даатгалын мөнгийг дансанд тушаагаар төлөхөөр авч очиход цалингүй чөлөө авсан хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн хуультай гэж буцаасан. Таны нийгмийн даатгалын шимтгэл олон сараар тасарчихлаа шүү гэж мэдэгдэхэд М гэх цахим хаягаар 2023.01.31-ний өдөр Сайн байна уу, эх орон хүүхэд шуухад сайн уу ... Хүүхдүүд ажил төрөлдөө явсан зээтэйгээ хамт гэртээ байна гэж хариу илгээсэн ба нэхэмжлэгчээс хувийн чөлөөний хугацаа сунгах талаар хүсэлт илгээсэн гэж тайлбарладаг боловч түүнийгээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
12.2 Мөн нэхэмжлэгчээс өөрийнхөө М гэх цахим хаягаар 2023.08.23-ны өдөр Сайн байна уу. Сайхан амарч ирсэн үү. Би 10 сарын 01-нд очих юм уу гэхэд
-Хариуцагч буюу ажил олгогчоос 2023.08.28-ны өдөр дуут мессежээр Сайн байна уу. Сайхан амарч байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Танд сонин сайхан юу байна.
Дахиж ирээд ажиллах боломжгүй. Та 3 сарын чөлөө авсан. 3 сар байтугай 10 сар боллоо. Та хугацаандаа ажилдаа ирээгүй учраас таныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Та 3 сарын хугацаатай чөлөө авсан Таны чөлөөний хугацаа аль хэдийнээ дууссан. Таны оронд томилогдсон хүнийг бүр тушаалаар томилсон. 3 сар хүлээсэн. Танд 2 дугаар сард ирээрэй гэсэн ирээгүй, 3 сард ирээрэй гэсэн та ирээгүй. Таны хүсэлт ч байгаа. Хөдөлмөрийн гэрээнд ч гэсэн заасан байгаа 6-7 сар ажил тасалж явчихсан хүн дахиж ирж ажиллах билээ гэхэд
-М гэх цахим хаягаар 2023.08.28-ний өдөр Сайн уу. Бекаг бүр болгож авбал боллоо баярлалаа гэж зурваас илгээсэн ба үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч М нь хувийн чөлөөний хугацаа дууссан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа ирээгүй ажил тасалсан болох нь нотлогдож байна.
12.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан ба ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, заасан зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон байх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлд хамаарах бөгөөд ажил олгогчоос ажилтан М тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлаагүй байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч М нь хувийн чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ирээгүй, хувийн чөлөөний хугацаа дуусахад сунгах тухай хүсэлт гаргаагүй, ажил олгогч буюу хариуцагчаас түүнд хувийн чөлөөний хугацаа дууссаныг мэдэгдэж, түүнд ирж ажиллах хангалттай хугацаа олгосон байхад тухайн хугацаандаа ажилдаа ирээгүй ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил болох хувийн чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ирээгүй ажил тасалсан болох нь тогтоогдсон.
12.4 Энэ нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, мөн тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын ажлаас чөлөөлөх, халах асуудалд онцлон үзэхээр заасны 1-д чөлөөний хугацаа дууссанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 5 хоногийн дотор ажилд ирээгүй, в-д ажлаас шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр тасалсан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон байна.
12.5 Ажилтан М нь ажил тасалсан шалтгаанаа ар гэрийн байдалд гачигдалтай нөхцөл байдал тохиолдож сургуулийн захирлаас хувийн чөлөө авч сургуулийн манаачийн ажлаас түр чөлөөлөгдсөн ба хувийн чөлөөний хугацаанд эмчлүүлж, сувилуулах шаардлагын үүднээс К улсад амьдарч байсан тул хувийн чөлөөний хугацааг сунгуулах хүсэлтийг цахимаар илгээж, тус сургуулийн захирал Ө д утсаар ярьж, мэдэгдсэн ба захирлаас татгалзсан хариу өгөөгүй учир хувийн чөлөөний хугацааг сунгасан гэж ойлгосон гэж тайлбарладаг боловч хувийн чөлөөний хугацаа сунгах талаар цахимаар хүсэлт гаргасан эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
12.6 Иймд ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын тушаал нь үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
13.Нөгөөтээгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө... гэж заажээ.
14.Ажил олгогчоос ажилтан М тай 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөр гэрээгээ ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тухай 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаар тушаалын нэг хувийг хүлээлгэн өгөх гэхэд нэхэмжлэгч М нь Бүгд Найрам дахь К улсад амьдарч байсан тул хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлын улмаас тухайн эрхийн актыг мессенжер чатаар ажилтанд танилцуулж, мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн М гэх цахим хаягаар 2023.09.13 /11:08/-ний өдөр Сайхан намаржиж байна уу дарга аа миний тушаалыг өндөр насны тэтгэвэрт гарах боломжтой болгож гаргаж өг. Өндөр настны тэтгэвэрт гарсны дараа нүүнэ гэсэн бодол мөрөөдөл байгаа. Энэ улсын иргэний харьяаллыг одоо хүртэл аваагүй байгаа. Эгч бид хоёрт чинь нийгмийн даатгал төлөх боломж байгаа бол өөрөө төлж байя гэх зурвасаар тогтоогдож байна.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсний 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана гэж заасныг нэхэмжлэгч М нь зөрчиж Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.
15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М ын хариуцагч Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ