| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0152/э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 138
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгч: Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Я-ийн О-т холбогдох эрүүгийн 1735000650065 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 07-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОО80122216, Б овгийн Я-ийн О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.О нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 07 дугаар баг 25 дугаар гудамж 21 тоот хашаанд байх хохирогч Г.Д-ын гэрт нэвтэрч халтар манан хөөрөг хулгайлж, 2100000 / хоёр сая нэг зуун мянга / төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Я.О-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.О нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 07 дугаар баг 25 дугаар гудамж 21 тоот хашаанд байрлах хохирогч Г.Д-ын гэрт нэвтэрч 2100000 төгрөгийн үнэ бүхий халтар манан хөөрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цаг 15 минутын орчим хүргэн П-ийн гэрт бурхны маань хөгжөөхөөр орохдоо гэрийнхээ хоймрын ширээн дээр шар ширээр хийсэн, товгор хээтэй даалинтай дунд гарын халтар манан хөөргөө тавиад гарсан юм. Тэгээд хүргэн П-ийн гэрт ороод 30-40 минут орчим болоод буцаад гэртээ орж ирэхэд ширээн дээр байсан миний хөөрөг алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Я.О гэгч нь манай гэрээс миний халтар манан хөөргийг хулгайлсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Хөөргөө бүрэн бүтэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
гэрч Б.Ц-ийн “2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчим манай хүргэний охин Номинзул орж ирээд “Өвөө, эмээ майнаа уншъя гэж байна” гэж хэлсэн, тэгээд нөхөр Д бид хоёр хүргэн П-ийн гэр лүү орсон бөгөөд бид хоёр гэрээс гарахдаа гэрийн хаалгаа цоожлоогүй юм. Тэгээд манай охин О, зээ охин Н-, нөхөр Д бид 4 майнаа уншиж 30 орчим минут болсон. Бид нар майнаа уншиж байхад манай охин О “Хойд хаалга дуугарах шиг боллоо, хаалгаа түгжсэн үү” гэж асуухад би “Хойд хаалгаа түгжсэн байгаа” гэж хэлээд майнаа уншиж дуусгасан. Тэгээд нөхөр Д бид хоёр гэртээ ороод хэсэг байж байтал нөхөр маань “Миний хөөрөг яасан юм бол, ширээн дээр тавьсан байсан” гэж хэлээд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Нөхөр Д-ын хөөрөг нь хуучны, дунд гарын, халтар манан, хиймэл шүр толгойтой, гуулин нуух, зэс халбагатай хөөрөг байсан юм” гэх мэдүүлэг,
гэрч Д.О-ийн “2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим манай гэрт аав Д, ээж Ц нар, охин Н- бид 4 маань уншиж 30 орчим минут болсон. Биднийг маань уншиж байхад манай хашааны хойд талын хаалга дуугарах шиг болсон. Би ээжээс хойд талын хаалгаа түгжсэн эсэхийг асуухад “Түгжсэн” гэж хариулсан. Тэгээд бид нар мааниа уншиж дуусаад аав, ээж хоёр гэр лүүгээ орсон. Удалгүй аав Д-ын хөөрөг алга болсныг мэдсэн. Манай аав Д-т дунд гарын, халтар манан хөөрөг байсан ба толгой нь сүүлийн үеийн муу толгой байсан, 1 талын хажуу ээмний сийлбэрийн доод хэсэгт бага зэргийн эмтэрхийтэй, хажуу бөөрөндөө шүд шиг цагаан өнгийн чулуутай хөөрөг байсан” гэх мэдүүлэг,
гэрч Ц.Д-ийн “2017 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн үед Я О гэх манай нутгийн нэг бригадын залуу манайд ганцаараа ирээд хоноод явсан. Тэр надад “Би хот явмаар байна. Энэ хөөргийг зарж , зардал хийх гэсэн юм” гэж хэлээд орчин үеийн улаан өнгийн чулуун толгойтой, зэс халбага, зэс нуухтай хавчиг манан хөөрөг гаргаж ирж үзүүлсэн. Тэгэхээр нь би 100.000 төгрөг өгч уг хөөргийг худалдаж аваад гэртээ хадгалж байсан. Тухайн үед би О-аас ямар учиртай хөөрөг болохыг нь асуухад “Миний хөөрөг” гэж хэлж байсан. О-ын надад зарсан хөөрөг нь хулгайн хөөрөг байсныг цагдаа нар хурааж авсан бөгөөд О надад уг хөөргийг худалдаж авсан 100.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буцаан өгч, намайг хохиролгүй болгосон. Одоо миний зүгээс О-аас нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг,
шүүгдэгчийн “Би тухайн өдөр архи уусан согтуу байсан. Д ахын гэрлүү орж ус уух зорилгоор тэдний хашаа уруу нь орсон юм. Тэднийх хашаандаа хоёр Монгол гэртэй бөгөөд би хашааны баруун талд байх Д ахын гэр лүү ороход тэдний гэрт хүн байхгүй, эзэнгүй, гэрэл нь асаалттай байсан юм. Тухайн үед Д ахын гэрийн гол хэсэгт байх модон ширээн дээр дунд гарын, халтар манан хөөрөг байхаар нь би уг хөөргийг хулгайлж аваад халаасандаа хийгээд Д ахын гэрээс гарсан юм. ...Тухайн үед нэлээн харанхуй болсон байсан бөгөөд ойролцоогоор шөнийн 02:00 цаг болж байсан байх, би “Гашууны гол”-д байх өөрийн танил Д-ийн гэрт очиход Д-, эхнэр болон бага насны хоёр хүүхдийн хамт байсан юм. Би Д-нд “Би Улаанбаатар хот явмаар байна. Энэ хөөргөөр замын зардлаа хийх гэсэн юм. Миний өөрийн хөөрөг байгаа юм” гэж хэлээд хулгайлсан хөөргөө гаргаж Д-д үзүүлсэн. Тэгтэл Д уг хөөргийг үзэж байгаад 100.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд би тэр шөнөө Д-ийн гэрт хоноод маргааш өглөө нь явсан юм. Би Д ахын гэрээс хулгайлсан хөөргийг худалдаж олсон 100.000 төгрөгөөр архи авч уугаад дуусгачихсан юм. Би хөөрөг хулгайлсан талаараа хэн нэгэнд хэлээгүй. Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д-ын гэрээс хөөрөг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд би Д ахаас уучлалт гуйсан. Миний хулгайлсан хөөрөг дунд гарын, улаан чулуун толгойтой, гуулин нуухтай, зэс халбагатай, хуучны халтар манан хөөрөг байсан бөгөөд уг хөөрөгний нэг талын мөрөн дээр бага зэрэг сэтэрсэн байсан. Би Ц.Д-д хөөрөг зарж авсан 100000 төгрөгөө буцаан өгсөн.Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Эд зүйл/ хөөрөг/-д үзлэг хийж хохирогч Г.Д-т хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч /-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Я.О нь хохирогч Г.Д-ын гэрт хүнгүй байх үед нь орж хоймрын ширээн дээр байсан дунд гарын халтар манан хөөргийг авч яваад бусдад зарж борлуулсан нь нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Я.О хохирогч Г.Д-ын гэрт хүнгүй байх үед нэвтрэн орж хөөргийг хулгайлсан нь нотлогдсон, монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарах тул шүүгдэгч Я.О-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Я.О-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Д-ын хулгайд алдсан дунд гарын, халтар манан хөөрөг 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт авагдсан 2017-08-25-ны өдрийн 305 дугаартай, хөөрөгний үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 031-р хуудас/-ээр нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийн улмаас 2.100.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв. Түүнчлэн шүүгдэгч Я.О нь уг хөөргийг Ц.Д гэгчид худалдан борлуулсан байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоон хураан авч хохирогч Г.Д-т хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч нь учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн, шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх хохиролгүй гэж үзлээ .
Шүүгдэгч Я.О нь хохирогч Г.Д-ын гэрээс хулгайлсан дунд гарын халтар манан хөөргийг Улаангом сумын 1-р багийн иргэн Ц.Д-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан борлуулсан нь нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх ба энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан 100.000 төгрөгийн хохирлыг Я.О төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо арилгасан гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Я.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.О нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.О нь өндөр настай ээжийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн Засаг даргын 2017-11-01-ний өдрийн тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.
Шүүгдэгч Я.О хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хянан үзээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 1 сар хорих ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх боловч шүүгдэгч Я.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай ээжийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал, улсын яллагчийн гаргасан ялын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоног хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Я.О-ын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон халтар манан хөөргөө Ц.Д гэгчид худалдан борлуулж 100.000 төгрөгийн орлого олсныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон албадан гаргуулж, хохирол нөхөн төлөх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, илүү гарсныг улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нь уг мөнгийг энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ц.Д-д учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсан нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ц.Д-ийн “О хөөрөг худалдаж авсан 100.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр надад буцаан өгч, намайг хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө, орлого байхгүй гэж дүгнэв
Шүүгдэгч Я.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овгийн Я О-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О-т 1 жил 1 хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Я.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН