| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2209 00000 1042 |
| Дугаар | 2022/ДШМ/1106 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/1106
Н.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баярмаа,
хохирогч Ц.Г,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Халзан, Д.Чинзориг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч А.Мөнхсайхан, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2209 00000 1042 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Н-ийн Б, 1976 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгт тогооч ажилтай , ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Н.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, ... тоотод иргэн Ц.Г-тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуур хатгагдсан шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, 19 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Хохирогч, миний нөхөр Ц.Г нь надтай амьдарч байхдаа намайг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан учраас би биеэ хамгаалсан. Ц.Г нь надад гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд одоо биеийн байдал нь хэвийн сайн байгаа. Амьдралаа эрсдэлд оруулах ийм гэм буруутай үйлдлийг дахин давтахгүйг хичээнгүйлэн амьдрах болно. Би нөхөр болон 15-25 насны гурван хүүхэд тэжээдэг тул хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцохдоо хохирогч Ц.Г-ын мэдүүлгийг үндэслэсэн. Хохирогчоос хоёр удаа мэдүүлэг авсан байдаг. 2022 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө 01 цаг 46 минутад хохирогчоос мэдүүлэг авсан. Яагаад шөнийн цагаар мэдүүлэг авсан болон хойшлуулшгүй ажиллагаа явуулсан талаарх мөрдөгчийн дүгнэлт байдаггүй. Дараа нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 34 минутад мэдүүлэг авсан. Уг хоёр мэдүүлгийг авахдаа хохирогчид хууль сануулаагүй. Гэр бүл, төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар сануулаагүй. Хамгийн эхний мэдүүлэг хавтас хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан. Уг мэдүүлэгтэй холбоотой хууль сануулсан баримтын огноог харахад 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэсэн байдаг. Мэдүүлгийг 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр авчихаад яагаад 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хууль сануулсан юм бэ. Сүүлд нь мөрдөгчөөс нөхөж гарын үсэг зуруулсан гэж харагдаж байна. 2 дахь мэдүүлгийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн байтал 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэсэн огноотой эрх, үүрэг танилцуулсан баримт байдаг. Хохирогчид хууль сануулаагүй мэдүүлэг авсан байдал харагддаг. Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хохирогчийн мэдүүлэг нотлох чадвараа алдаж байна. Шүүгдэгч Н.Б нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэм буруугаа нотлох үүрэггүй. Мөн өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь нотлох чадваргүй баримтууд байдаг. Шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “тухайн үед юу болсон болохыг санахгүй байна. Ц.Г над руу орилоод дайрсан. Би тэгээд юу болсныг санахгүй байна” гэсэн байдаг. Хэргийн нөхцөл байдлыг харахад аргагүй хамгаалалт гэж үзэх нөхцөл байдал харагддаг. Хууль бус довтолгоон буюу Н.Б-ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн бөгөөд Н.Б хутгалсан үйлдлээ санадаггүй. Мөн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх магадлалтай нөхцөл байдал харагддаг. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөр дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд “хэрэг хариуцах чадвартай” гэсэн. Шийтгэх тогтоолд аргагүй хамгаалалт байсан уу, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан уу гэдэг талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-д 3 жил 4 сарын хорих ялыг оногдуулсан. Би зүйл, анги дээр маргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Иймд зүйл, ангийг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэр үед би архи уусан согтуу байсан. Манай хүүхэд эхнэрийн эгчийнх рүү нь явсан байсан. Эхнэртэйгээ “Танайхан хүүхэд зарлаа” гэх шалтгаанаар маргалдсан. Би гаднаас орж ирэхдээ архи авч орж ирсэн. Тэр архиа уусан. Тухайн үед юу болсон болохыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цээжнээс цус гарсан байсан. Маргалдаад босож очсоноо санаж байна. ...” гэв.
Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол 5-аас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хамгийн бага хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч Ц.Г-т хуульд заасан эрх, үүргийг сануулж, гарын үсгийг нь зуруулсан баримт хэрэгт авагдсан. Цаг хугацааны асуудлыг ярьж байна. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа огноог андуурч тавьсан байх. Хохирогчид эрх, үүргийг танилцуулсан нь харагддаг. Хохирогч Ц.Г-аас нөхөж гарын үсэг зуруулсан гэх асуудлыг ярьдаггүй. Нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн. Өмгөөлөгч нараас аргагүй хамгаалалт, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6623 дугаартай дүгнэлтэд Ц.Г-ын цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үхэлд хүргэж болохуйц гэмтэл болохыг дүгнэсэн. Шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлээс харахад уг нөхцөл байдлыг үгүйсгэж болохуйц хүнд хор уршиг учруулсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс болж уг гэмт хэрэг гарах болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн баримт байдаггүй. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Н.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Ц.Г-ын: “...Би эхнэр рүүгээ “Танайхан дандаа хүүхэд зарж байдаг” гээд уурлаад агсарч байснаа муухан санаж байна. Мөн нэг мэдэхэд эхнэр хутга барьчихсан байхаар нь “Чаддаг юм бол дүрчихгүй юу, эргүүтээд байгаарай чи муу” гээд хутгыг нь булаах гэж байснаа санаж байна. ...Би тасарсан байсан. Нэг ухаан ороод сэргэхэд миний зүүн хөхний доод хэсэгт хөндүүрлээд байхаар нь баруун гараараа дараад үзсэн чинь цус гарчихсан байсан. ...” /хх 24/,
гэрч Н.Ц-ийн: “...Н.Б эгч миний дугаар руу залгаад “Ц.Г ах чинь ухаан алдчихсан, эгч нь цагдаа, эмнэлэг дуудчихсан. Маш хурдан ир” гэсэн. ...Ороод хартал Ц.Г ах зуухныхаа хажууд хэвтэж байсан. 103-ын эмч дусал залгаж байсан. ...” /хх 70-71/,
шүүгдэгч Н.Б-ийн: “...Гэртээ ороход манай нөхөр Ц.Г тасарчихсан, зурагтынхаа өмнө газар унтаж байсан. Би хоолоо хийчихээд зурагт үзээд сууж байсан чинь нөхөр Ц.Г босож ирээд “Чи хэзээ ирж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь “Юу яриад байгаа юм, аль түрүүн ирчихээд хоолоо хийчихээд сууж байна” гэж хэлсэн. Тэгээд бие засчихаад гэртээ ирэх үед манай 14 настай хүү А-тэй утсаар ярьсан байсан. “Би сая хүүтэйгээ яриад “Ир” гээд хэлчихлээ” гэсэн. Тэгээд намайг гараа угааж байх хооронд хүүтэйгээ дахиж утсаар ярьж “Чи тэнд очиж зарагдахын оронд надад ирж зарагд, ирж ус авч өг” гээд орилоод байсан чинь хүү утсаа тасалчих шиг болсон. ...1 шил архи авахаар нь би уурлаад “Чи одоо ганцаараа ийм том архи авлаа” гэсэн. ...“Би энийг задалж чадахгүй байна шүү дээ” гээд өөрөөр нь задлуулсан чинь “Надад хийж өг” гэсэн. ...Архи ууж байхдаа агсарсан маягтай уурлаад байсан. Сүүлдээ над руу чичлээд “Чи тэр муу эгч рүүгээ залгаач, манай хүүхдийг явуул” гэж хэлсэн. Тэгээд хүүхдэдээ авсан өндгөө бүгдийг нь газар авч шидээд, орилж хашхираад байсан. Мөн намайг манай ажлын “Б гэх хүнтэй явалддаг болоод шөнө ч тайван унтаж чадахгүй зүүдлээд байгаа юм биш үү” гээд агсраад байсан. Тэгэхээр нь “Чи одоо юу яриад байгаа юм, уухаараа дандаа ингэж байх юм” гээд хэрэлдсэн чинь урдаас хуруугаараа чичлээд байхаар нь би айлгах санаатай гал тогооны шүүгээнээс 20 см орчим урттай, хар өнгийн бариултай хутга аваад зүүн гартаа барьчихсан. Эргээд нөхөр рүүгээ харсан чинь өөдөөс сандал дээр суучихсан, бас л хэл амаар доромжлохоор нь “Зүгээр байгаарай, хатгачихна шүү” гээд айлгах санаатай хэлчихээд айлгах гээд бие рүү нь хальт хүргэх шиг болсон. Тэгээд би “Зүгээр үү, хүрээгүй биз дээ” гэж асуугаад “Муу ёртой юм” гээд хутгаа газар шидчихээд гал тогоондоо сандал дээр суугаад “Чи одоо дандаа ингэж байх юм” гээд нөхөртөө хэлсэн чинь нөхрийн футболк нэвтрээд цус гарсан. тэгэхээр нь “Яана аа, би чамайг хатгачихсан байна шүү дээ” гэсэн чинь нөхөр цуснаас айдаг болохоор өөрийнхөө цусыг хараад шууд хойшоо унаад өгсөн. Унахаар нь би айсандаа архинаас нь нэг хундага дүүргэж байгаад уучихаад цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 10/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Ц.Г-ын эрүүл мэндэд хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуур хатгагдсан шарх, үнхэлцгийн хөндийд 200мл цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6623 дугаар дүгнэлт /хх 38-39/,
дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Долгормаагийн: “...Ц.Г-ын биед учирсан гэмтлийг бусдын гараар болон өөрөө өөртөө аль ч тохиолдолд учрах боломжтой. Учир нь, хүний гар хүрч болох хэсгүүдэд хүн өөрөө өөрийгөө бүрэн гэмтээх боломжтой. Цус их хэмжээгээр алдаж, ухаан алдана. ...” гэсэн мэдүүлэг /хх 77/,
хохирогч Ц.Г-ын өвчний түүх /хх 105-109/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-15, 19-20/ зэрэг нотлох баримтуудаар:
2022 оны 4 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө хохирогч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хүүхэд зарлаа” гэх шалтгаанаар өөрийн эхнэр, шүүгдэгч Н.Б-тай маргалдаж, улмаар Н.Б нь гэрийнхээ шүүгээнээс хутга авч, Ц.Г өөрийг нь доромжилсон гэж цээжин хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуур хатгагдсан шарх, үнхэлцгийн хөндийд 200мл цус хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан, Д.Чинзориг нараас “...Н.Б аргагүй хамгаалалт хийсэн, ...санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэж, прокурор “...аргагүй хамгаалалт хийгээгүй, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэж тус тус мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг хохирогч гэмтсэн учраас гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг бөгөөд хууль тогтоогч үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд хуульчилсан.
Аргагүй хамгаалалт нь гагцхүү үндсэн эрхийг хамгаалах зарчим дээр суурилдаг ба түүний объектив тал нь Эрүүгийн хуульд заасан ёсоор довтолгоон байх ёстой бөгөөд довтолгоон нь хууль бус, бодитой байх шинжийг агуулсан байх шаардлагатай.
“Довтолгоон” гэдэгт хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэндийг аюулд оруулах эсвэл бодитоор гэмтээж байгаа бие хүний зан үйлийг ойлгох бөгөөд “довтолгоон бодитой байх” гэдэг нь шууд өөрт нь хандан эхлэх гэж байгаа нь тодорхой болсон, эхэлсэн, эсхүл эхлээд үргэлжилж байгааг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Б нь нөхөр Ц.Г-тай маргалдаж, улмаар гэрийнхээ шүүгээнээсээ хутга авах үед Ц.Г-ыг сандал дээр сууж байхад нь өөрийг нь доромжилсонд айлгах зорилгоор хутгаараа хатгасан буюу хутгалсан үйл баримт тогтоогдож байх ба Ц.Г нь Н.Б-ийн амь нас, эрүүл мэндийн эсрэг бодитойгоор халдан довтолсон буюу түүний халдашгүй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад нь Н.Б нь хутгалснаараа аргагүй хамгаалалтын шинж үгүйсгэгдэж байна.
Энэ талаар шүүгдэгч Н.Б “...Тухайн өдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой, 30-ны шөнө миний биед халдаж, цохиж зодсон зүйл болоогүй. ...айлгах гэж байсан юм. ...” гэж мэдүүлсэн /хх 11/ байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэх тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудаас харахад бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан энэхүү хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой байх бөгөөд урьд өмнө нь Ц.Г нь Н.Б-ийн биед нь халдаж, зодож байсан талаар Н.Б нь мэдүүлж байжээ /хх 11/.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинж бол анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хийгдэх үнэлэмжээр тодорхойлогддог ойлголт байдаг бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, орон зай, ахуй орчин, гэм буруутай хүн болон хохирогч нарын хоорондын биеийн хүчний харьцаа, хүйсийн байдал, хохирогчийн өдөөн турхиралтын шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсарт хүний сэтгэхүйн байдлын боломжит түвшинг харгалзан хэрэг тус бүрт тухайлан хийгдэх эрх зүйн үнэлэмжээр илэрхийлэгдэх ухагдахуун юм.
Хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл нь эрх зүйн үр дагаврыг үүсгэх анхдагч нөхцөлийг бүрдүүлж байгааг зөв тодорхойлж, эрх зүйн суурь зориулалт нь иймэрхүү зүй бус зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй болохыг анхааран үзэж дүгнэлт хийх нь эрх зүйн алдаатай дүгнэлт хийхээс зайлсхийх, хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг болно.
Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.
Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй. Харин ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюул ямагт бага байдаг тул хууль тогтоогч энэхүү үндэслэлийг харгалзан эрүүгийн эрх зүйн бодлогоор хамгаалагдах харилцааны хэм хэмжээ, түүнд хамаарах гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан, болж өнгөрсөн зарим зүйлсийг санахгүй байгаа талаараа мэдүүлсэн, энэ талаар мөн адил давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хэргийн үйл баримт, болсон үйл явдлыг шууд мэдүүлэх боломжтой цорын ганц эх сурвалж болох шүүгдэгчийн мэдүүлэг, түүнд дурдагдсан зүйлс, мэдээллийг зайлшгүй харгалзан үзсэний эцэст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжилж, үнэлж дүгнэх учиртай.
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 655 дугаартай дүгнэлтээр Н.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь болсон үйл явдлын талаар дэс дарааллаар, нарийн дүрслэн мэдүүлснээс гадна “...хэрэлдсэн чинь урдаас хуруугаараа чичлээд байхаар нь би айлгах санаатай гал тогооны шүүгээнээс 20 см орчим урттай, хар өнгийн бариултай хутга аваад зүүн гартаа барьчихсан. Эргээд нөхөр рүүгээ харсан чинь өөдөөс сандал дээр суучихсан, бас л хэл амаар доромжлохоор нь “Зүгээр байгаарай, хатгачихна шүү” гээд айлгах санаатай хэлчихээд айлгах гээд бие рүү нь хальт хүргэх шиг болсон. Тэгээд би “Зүгээр үү, хүрээгүй биз дээ” гэж асуугаад “Муу ёртой юм” гээд хутгаа газар шидчихээд гал тогоондоо сандал дээр суугаад “Чи одоо дандаа ингэж байх юм” гээд нөхөртөө хэлсэн чинь нөхрийн футболк нэвтрээд цус гарсан. ...” /хх 10/ гэж түүний эрүүл мэндэд халдах болсон шалтгаанаа тодорхой тайлбарлан мэдүүлсэн байх тул Н.Б-ийн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэхүү мэдүүлгийг өгөхдөө шүүгдэгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байх бөгөөд мэдүүлэг эхлэхэд өмгөөлөгч авах эрхтэй, одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйл байгаа эсэхийг асуухад шүүгдэгч нь “Би өмгөөлөгч байлцуулахгүй, өмгөөлөгч авахгүй” гэж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаас татгалзаж, мэдүүлгээ ганцаар өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр, урьд өмнө нь халдаж зоддог байсан талаар шүүгдэгч мэдүүлсэн байх боловч хэрэг болох тухайн цаг үед түүний эсрэг халдан довтлоогүй, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтдаа оруулсан гэх нөхцөл байдал үүсээгүй байхад хохирогчийг хутгалж гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу хуульд заасан хорих ялын боломжит хамгийн бага хэмжээ болох 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдалд тус тус тохирсон, хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд, “...хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ