Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0464

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“*******” ХХК /РД:*******/      

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хооронд үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. “*******” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 37974 м.кв талбай бүхий газрыг ашиглах тухай хүсэлт гаргажээ.[1]

2.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1400 дугаар албан бичгээр ******* ХХК-ийн ашиглахаар хүсэлт гаргасан байршил нь газар ашиглах эрх нь цуцлагдсан хуулийн этгээдийн газартай давхцалтай талаар дурдаад тухайн байршилд газар ашиглах эрх олгоход талаар татгалзах зүйлгүй гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна.[2]

2.3. Улмаар хамгаалалтын захиргааны дээрх саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар 08-ний өдрийн А/259 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 37974 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхийг “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.[3]

2.4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0222118 дугаар Газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор гаргасан[4] хэдий ч эрх олгосон байршил нь шүүхийн маргаантай гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрчилгээг гардан аваагүй байдаг.

2.5. “*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 393 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.[5]

2.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 465 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болон байна.[6]

2.7. “*******” ХХК нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар мэдсэнээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “...шүүхийн маргааны улмаас нэхэмжлэх үүсгүүлж газрын төлбөрөө төлж гэрчилгээгээ аваагүй байсан, шүүхийн маргаан дууссан тул төлбөрийн нэхэмжлэхээ үүсгүүлэх хүсэлтэй...” гэх агуулга бүхий хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.

2.8. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаалаар мөн сайдын 2022 оны А/259 дүгээр тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж[7], тус яамны 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 08/985 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.[8]

2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “...2022 оны 07 сарын 08-ны өдөр газар ашиглах эрх олгох шийдвэр гарсан боловч тухайн 37974.4 м.кв газар нь шүүхийн маргаантай байсан газар. Манай ******* ХХК-ийн зүгээс  газрын төлбөрөө төлж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авъя гэсэн хүсэлт удаа дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж байсан боловч тухайн газар нь маргаантай байгаа учраас танайх гуравдагч этгээд болохоор одоохондоо төлбөр мөнгө төлсний хэрэггүй гэж урдаас тайлбар өгч байсан. Тухайн маргаан нь 2023 оны 09 дүгээр сард эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Манайхаас 2024 оны 02 дугаар сард мэдээд, 02 дугаар сарын 29-ний өдөр газрын төлбөрөө төлж, газрын гэрчилгээгээ авъя гэсэн хүсэлт гаргасан боловч 2024 оны 03 сарын 01-ний өдөр  2024 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/82 дугаар шийдвэрийг манайд гардуулсан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг тухайн захиргааны акт гаргахад хэрэглэх боломжгүй зохицуулалт байсан гэж үзэж байна. Жишээ нь 2 этгээд хоорондоо газраа шилжүүлээд, газар ашиглах эрхээ шилжүүлж авсан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлж шинээр гэрчилгээ авах тухай хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасныг үндэслэж газар ашиглах эрхийг нь хүчингүй болгочихсон байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37.1-д Энэ хуулийн З6.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан буюу бүртгүүлэх биш бүртгэх тухай асуудал яригдаж байна. Энэ процесс ажиллагаа өмнө нь явагдчихсан байх ёстой байтал огт явагдаагүй буюу гэрчилгээ олгогдоогүй. Энэ дээр үндэслэж газрын төлбөр төлөх, тэмдэгтийн хураамж төлөх гэх мэт гэрээ байгуулагдаагүй учраас ямар нэгэн харилцаа үргэлжлэн явагдах боломжгүй нөхцөл байдалтай байхад бүртгүүлээгүй, шинээр гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасан ажиллагааг  хэрэгжүүлэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй зөрчсөн байна...” гэх агуулгаар маргаж байна.  

2.10. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...газар ашиглах эрх олгосноос хойш гэрчилгээг гардан аваагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, яаманд хандаж гаргасан хүсэлтийнх нь хариуд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн ...” гэж тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар шийдвэрээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/59 дугаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. 2022 оны 07 сарын 08-ны өдөр газар ашиглах эрх олгох шийдвэр гарсан боловч тухайн 37974.4 м.кв газар нь шүүхийн маргаантай байсан газар. Манай ******* ХХК-ийн зүгээс  газрын төлбөрөө төлж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авъя гэсэн хүсэлт удаа дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж байсан боловч тухайн газар нь маргаантай байгаа учраас танайх гуравдагч этгээд болохоор одоохондоо төлбөр мөнгө төлсний хэрэггүй гэж урдаас тайлбар өгч байсан. Тухайн маргаан нь 2023 оны 09 дүгээр сард эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Манайхаас 2024 оны 02 дугаар мэдээд, 02 дугаар сарын 29-ний өдөр газрын төлбөрөө төлж, газрын гэрчилгээгээ авъя гэсэн хүсэлт гаргасан боловч 2024 оны 03 сарын 01-ний өдөр  2024 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/82 дугаар шийдвэрийг манайд гардуулсан байдаг. Шүүхийн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдэхээр ерөнхийдөө төлбөрөө төлж, гэрчилгээний төлбөр төлөхөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д гэрчилгээг шинээр олгохдоо нийслэлд болохоор 70,000 төгрөг төлж авдаг. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д дархан цаазат газрын байгалийн цогцолбор газарт нийслэлд 1 м.кв тутамд нь 500 төгрөг төлдөг. Энэ газрын төлбөрийг төлье гэхээр тус байгууллагаас төлбөр төлсний хэрэггүй. Яагаад гэвэл хэрэг маргаан нь эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.  07 дугаар сарын 18-нд давж заалдах шүүхийн магадлал гарсан ч гэсэн дахиад хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэх учраас одоогоор шийдвэр нь гараагүй учраас түр зуур хүлээж бай, шийдвэр гарсны дараа төлбөрөө төлж, гэрчилгээгээ ав гэсэн хариу өгч байсан” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Тухайн захиргааны акт гаргахдаа хариуцагч тал буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам захиргааны шийдвэр гаргах процесс журмыг зөрчсөн байна. Сонсох ажиллагаа хийгдээгүй. Тухайн хуулийн этгээдийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр шийдвэр гаргаж байгаа тохиолдолд урьдчилан эрх, ашиг нь хөндөгдөж буй этгээдийг тодорхойлох ёстой байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Тухайн шийдвэрийн талаар бид өөрсдөө 2024 оны 02 дугаар сард газар ашиглах эрхийн гэрчилгээг авъя гэдэг байдлаар хүсэлт гаргахад, хүсэлтийн хариу болгож үндсэндээ шийдвэр гаргасныхаа дараа бидэнд газар ашиглах эрхийг цуцалсан гэдгийг мэдэгдсэн. Шийдвэр гаргахаас өмнө процесс ажиллагаа хийх ёстой байсан боловч процесс ажиллагааг зөрчиж шийдвэр гаргасан байна. Хуулийн сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуульд сонгох боломжийг тайлбарласан. Өөрөөр хэлбэл сонгох боломжийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл хуулиудын аль нэгийг хэрэглэх ёстой, эсвэл хэрэглэхгүй байх тухай ойлголт байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг тухайн захиргааны акт гаргахад хэрэглэх боломжгүй зохицуулалт байсан гэж үзэж байна. Жишээ нь 2 этгээд хоорондоо газраа шилжүүлээд, газар ашиглах эрхээ шилжүүлж авсан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлж шинээр гэрчилгээ авах тухай хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасныг үндэслэж газар ашиглах эрхийг нь хүчингүй болгочихсон байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37.1-д Энэ хуулийн З6.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан буюу бүртгүүлэх биш бүртгэх тухай асуудал яригдаж байна. Энэ процесс ажиллагаа өмнө нь явагдчихсан байх ёстой байтал огт явагдаагүй буюу гэрчилгээ олгогдоогүй. Энэ дээр үндэслэж газрын төлбөр төлөх, тэмдэгтийн хураамж төлөх гэх мэт гэрээ байгуулагдаагүй учраас ямар нэгэн харилцаа үргэлжлэн явагдах боломжгүй нөхцөл байдалтай байхад бүртгүүлээгүй, шинээр гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Өмнө хэлсэн сонсох ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасан ажиллагааг  хэрэгжүүлэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй зөрчсөн байна. Дээрх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Энэ маргааны хувьд газар нь маргаантай хэвээр байсан. Маргаантай газраас манай компанид газар олгосон. Тэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдэж байсан учраас дахиж маргаан үүсэх вий гэдгээс урьдчилан сэргийлж тэмдэгтийн хураамж төлөхгүй, түр байж бай, гэрчилгээг түр байлгаж бай гэдэг тайлбар хэлээд байсан юм болов уу гэдэг зүйлийг энэ шүүхийн шийдвэрийн агуулгаас хараад байна.  Шүүхийн маргаантай хэрэг дээр ашиг сонирхол нь хөндөгдөж магадгүй гээд ******* болон Чилл хаус компанийг гуравдагч этгээдээр татсан байдаг. Маргаан бүхий 8 га газрыг энэ 2 компанид хуваагаад өгчихсөн. Тийм учраас энэ асуудал нь шийдэгдэх хүртэл хугацаанд шийдвэрээ баталгаажуулахгүй байх зорилгоор гэрчилгээ болон тэмдэгтийн хураамж төлөхгүй байх ийм чиглэлийг өгөөд байсан. Тэгэхгүй бол ахиад маргаан гарч магадгүй гэдгээс урьдчилан сэргийлсэн ухаантай юм болов уу гэж хараад байна. Хариуцагч тал үндсэндээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэдэг үндэслэлээр ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэдэг нөхцөл байдал нь тус компаниас огт шалтгаалаагүй. Улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй түр байж бай, гэрчилгээгээ авахгүй байж бай, яагаад гэвэл маргаан бүхий газар байсан, энэ асуудал нь шийдэгдсэний дараа улсын тэмдэгтийн хураамжийг төлөх нь цаашид үүсэх маргаанаас урьдчилан сэргийлэх, дахиж маргаан үүсгэхгүй байх нөхцөл байдлаас улбаалах ёстой гэдэг агуулгаар тийм чиглэл өгсөн байх гэж үзэж байна. Тийм учраас компаниас шалтгаалахгүй зүйлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох захиргааны акт буюу шийдвэр гаргахдаа газар ашиглах эрх эзэмшиж байгаа этгээдэд албан ёсоор мэдэгдээгүй, шийдвэр гаргах үйл ажиллагааны процесс зөрчсөн байна. Дээрээс нь хуулийн сонгох боломжийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Ийм учраас газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар 08-ний өдрийн А/259 дүгээр тушаалаар олгосон 37974 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар 08-ний өдрийн А/259 дүгээр тушаалаар газар ашиглах эрхтэй болсон боловч түүнээс хойш гэрчилгээг гардан аваагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байдаг. Нэхэмжлэгч компани тогтоосон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээ хэрэгжүүлэлгүй 1 жилийн хугацааг өнгөрөөсөн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2024 оны 02 дугаар сарын 08 болон 29-ний өдрүүдэд тус тус хандсан ба тус албан бичгүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр А/82 дугаар тушаал гарсан талаар мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дараах үндэслэлээр хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаалыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Тодруулахад:

2. Маргаж буй А/82 дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдээс үзвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11 дэх заалт байна.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд, мөн хэсгийн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэж тус тус заажээ.

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаалд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо 1 дэх заалтад “...улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй...” гэх үндэслэл дурдсан атлаа нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж буруутган, газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийг “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” үндэслэлээр буруутгаж байгаа тохиолдолд хэм хэмжээний болон зөрчлийн урьдчилсан нөхцөлийг хангасан эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй.

6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг зохицуулж, 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан бөгөөд энэ зохицуулалт нь эрх шилжүүлэн авч буй этгээдэд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохтой холбоотой харилцаанд хамааралгүй.

7. Учир нь “*******” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 37974 м.кв талбай бүхий газрыг ашиглах тухай хүсэлт гаргаж[9], хамгаалалтын захиргааны дээрх саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар 08-ний өдрийн А/259 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 37974 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхийг “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн[10] бөгөөд нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрхийг бусдаас шилжүүлэн авсан тохиолдол үүсээгүй байна.

         8.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн “...газар ашиглах эрхийн гэрчилгээг улсын тэмдэгтийн хураамж төлж аваагүй...” гэж буруутгаж түүнд газар ашиглах эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

         9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд, мөн хэсгийн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэх зохицуулалтын бүрэлдэхүүн хангагдсан тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрхтэй боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь бодит байдал дээр ямар учир шалтгаантай байсан, тухайн зөрчил нь газар ашиглагчийн үйлдэл, эс үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байсан эсэх зэрэг объектив нөхцөл байдлуудыг харгалзан үзэх зарчимтай.

10. Тодруулбал, дээрх үндэслэлээр буруутгаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь тухайн зөрчлүүдийг нотлон тогтоох ажиллагааг өөрөө хариуцаж, холбогдох баримтуудаар хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй юм.

11. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1400 дугаар албан бичгээр “*******” ХХК-ийн ашиглахаар хүсэлт гаргасан байршил нь газар ашиглах эрх нь цуцлагдсан хуулийн этгээдийн газартай давхцалтай талаар дурдаад тухайн байршилд газар ашиглах эрх олгоход татгалзах зүйлгүй гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсний дагуу[11] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар 08-ний өдрийн А/259 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 37974 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхийг “*******” ХХК-д олгосон байна.[12]

12. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0222118 дугаар Газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор гаргасан[13] хэдий ч эрх олгосон байршилд “*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 393 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.[14]

13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 465 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.[15]

14. Улмаар “*******” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “...шүүхийн маргааны улмаас нэхэмжлэх үүсгүүлж газрын төлбөрөө төлж гэрчилгээгээ аваагүй байсан, шүүхийн маргаан дууссан тул төлбөрийн нэхэмжлэхээ үүсгүүлэх хүсэлтэй...” гэх агуулга бүхий хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгджээ.

15. Дээрх үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгчид олгосон газар нь өөр этгээдийн ашиглах эрхийг хүчингүй болгосон байршилд байсныг захиргааны байгууллага анхлан мэдэж байсан, мөн тухайн байршилд холбоотой газрын маргаанд хариуцагчаар оролцсон бөгөөд үүнтэй холбогдуулан “...улсын тэмдэгтийн хураамжийг төлөх шаардлагагүй талаар чиглэл өгч байсан ...” гэх тайлбарыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/2085 тоот албан бичгээр шүүхэд гаргасан байна.[16]

16. “*******” ХХК газар ашиглах эрх олж авснаас хойш тухайн байршилд газрын маргаантай асуудал үүссэн болох нь тогтоогдсон, мөн маргаан дууссанаас хойш улсын тэмдэгтийн хураамж төлж, газар ашиглах эрхийн гэрчилгээ авах хүсэл зоригоо захиргааны байгууллагад илэрхийлсэн байхад энэ талаарх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгохын өмнө улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхээр нэхэмжлэх үүсгэж, мэдэгдэл хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бодит нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт цуглуулж, оролцогчийн тайлбар саналыг авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийг “улсын тэмдэгтийн хураамж төлж гэрчилгээ аваагүй” гэх зөрчил гаргасан гэж шууд дүгнэх боломжгүй.

17. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг хийгээгүй” гэх агуулгаар маргасан боловч энэ талаарх татгалзлыг хариу тайлбартаа гаргаагүй, сонсох ажиллагаа явуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчид энэ талаарх мэдэгдлийг хэзээ, хэрхэн явуулсан, эсхүл гардуулсан талаарх баримт байхгүй байх тул сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээргүй байна.

18. Иймд хариуцагчаас дээр дурдсан эрх зүйн асуудлууд болон бодит нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй бөгөөд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад хийгдээгүй ажиллагаа, цуглуулаагүй баримт сэлтийг шүүх нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

19. Шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлуудыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдах нь зүйтэй.

20. Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч “тус шүүхэд өөр шүүх хуралдаантай давхацсан” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсний дагуу шүүхээс хойшлуулах үндэслэлийг нягтлан үзэхэд тухайн үндэслэл тогтоогдоогүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн  1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй А/82 дугаартай тушаал хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 39 дахь тал

[2] Хх 40 дэх тал

[3] Хх 12, 34 дэх тал

[4] Хх 35 дахь тал

[5] Хх 17-22 дахь тал

[6] Хх 23-26 дахь тал

[7] Хх 33 дахь тал

[8] Хх 11 дэх тал

[9] Хх 39 дахь тал

[10] Хх 12, 34 дэх тал

[11] Хх 40 дэх тал

[12] Хх 12, 34 дэх тал

[13] Хх 35 дахь тал

[14] Хх 17-22 дахь тал

[15] Хх 23-26 дахь тал

[16] Хх 48-49 дэх тал