| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0158/э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 144
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ,
Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор: П.Удвал,
Шүүгдэгч: Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Ж-ийн Н-д холбогдох эрүүгийн 1735000000088 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7-р баг 13-20 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЗ95021017, Ш- овгийн Ж-ийн Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ш-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ш-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ш-гийн “Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед ажлаа тараад ажлынхаа О, Г, М, М гэх 4 залуугийн хамт “Андууд” бааранд орсон юм. Бид нэг, нэг пиво захиалж уусан. Тэгээд юм яриад сууж байгаад би баарнаас гараад үүдэнд хүнтэй уулзчихаад эргээд ширээн дээрээ ирэхэд үл таних Ц гэх залуу манай ширээн дээр ирээд О гэх залууд хандан “Чи хэд хоногийн өмнө яагаад байсан билээ” гээд үг өдөөд маргалдаад байхаар нь би Ц-т “Чи одоо цаашаа яв, зодоон цохион хийгээд хэрэггүй” гэж хэлээд явуулчихаад пиво ууж байгаад О, Г, М, М бид нар тамхилахаар гараад зогсож байтал Ц хажууд ирээд надад “Чи намайг ширээн дээрээс хөөдөг хэн бэ. Чи юу гээд байлаа” гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас нь Н гэх залуу намайг “Чи одоо хэн бэ” гээд миний хөл рүү өшиглөөд миний хувцасны энгэрээс барьж аваад миний баруун талын нүд рүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед нь би урагшаа тонгойход урдаас нүүр рүү нэг удаа өвдөглөж өшиглөсөн. Тэр үед манай найз нар дундуур орж Н-г салгасан. Тэгээд би цагдаагийн газарт очиж дуудлага өгсөн. Миний хувьд Н, Ц хоёртой маргалдсан зүйл байхгүй. Намайг Н ганцаараа зодсон бөгөөд Ц намайг зодож цохиогүй. Харин Н намайг зодож байхад Ц салгаж байсан. Н-д зодуулсны улмаас миний баруун талын нүд хавдаж хөхөрсөн, мөн хамар гэмтсэн байсан. Н-г би урьд өмнө харж байгаагүй, танихгүй залуу байна лээ. Тухайн үед Ц, Н нар согтуу байсан. Н намайг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч надаас уучлал гуйсан, одоо миний зүгээс санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед ажил тарж хамт ажилладаг Ш, О, М нарын хамт ганц нэг пиво уухаар “Андууд” бааранд орсон юм. Тэгээд бид нар пиво уугаад ширээндээ сууж байтал Ц гэх танихгүй залуу бид нарын хажууд ирээд О-тай юм ярьж байснаа үг өдөөд томроод маргалдах янзтай байхаар нь Ш ах Ц-т “За ахын дүү чи цаашаа яваад өг. Бид нар тайван суумаар байна. Янз бүрийн хэл ам хэрүүл маргаан хэрэггүй” гэж хэлэхэд Ц үг дуугүй цаашаа эргээд явсан. Тэгээд бид нар жаахан сууж байгаад “Гарч тамхилцгаая” гээд Ш, О, М бид дөрөв баарнаас гарч үүдэнд тамхилаад зогсож байтал Ц баарнаас ганцаараа гарч ирсэн. Гэтэл Н гэх залуу ирээд Ш-гийн хөл рүү өшиглөсэн. Тэгэхээр нь Ш түүнд “Чи яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэж хэлэхэд Н “Хоёулаа ийшээ гараад үзчихье” гээд Ш-г хувцаснаас нь барьж аваад нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд Ш-г тонгойход нь нүүр рүү нэг удаа өвдөглөж цохисон. Тэр үед бид нар Н-г салгаж цааш явуулсан. Тухайн үед Ш-гийн хамраас цус гарсан байсан, тэгээд Ш цагдаад дуудлага өгсөн. Ш-гийн баруун нүд хавдчихсан байсан” гэх мэдүүлэг,
гэрч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Ц-ын найз болох Н нь Ш ахыг өшиглөсөн. Тэр Ш ахыг хувцаснаас нь бариад нүүр рүү нь гараараа хоёр удаа цохиод, өшиглөж байхад нь бид нар дундуур нь орж арай гэж салгасан. Тэр үед Ш ахын хамраас нь цус гарч байсан. Ц нь Ш-тэй маргалдаад зогсож байхад хажуунаас нь Н орж ирээд зодсон. Тухайн үед Ц, Н нар согтуу байсан” гэх мэдүүлэг,
гэрч О.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгээд би бааран дотор байж байгаад гарахад үүдэнд Ш найзуудтайгаа тамхилаад зогсож байхаар нь очоод Ш-д “Та яагаад хүнийг эвгүй байдалд оруулаад байгаа юм” гээд маргалдаад зогсож байтал цаанаас Н ирээд “Юу болсон бэ” гэж надаас асуухаар нь би “Энэ хүнтэй жаахан юмнаас болоод маргалдаад зогсож байна” гэхэд Н “Чи яагаад байгаа юм бэ” гэж Ш-д хэлсэн. Тэгтэл Ш “Чи хэн юм бэ” гээд тэр хоёр маргалдаад Н Ш-г зодохоор нь бид нар очиж салгасан. Тухайн үед Н Ш-гийн нүд рүү нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд удалгүй бид нар тэндээс явцгаасан юм” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ж.Н-гийн “... Бид нар Андууд бааранд орж жаахан сууж пиво уухаар очиход баарны гадна манай найз Ц дөрвөн залуутай уулзаад зогсож байсан. Тэгээд би тэд нарын хажууд очиход Ц нь Ш гэх залуутай маргалдаж байхаар нь би Ш-д “Чи цаашаа яв” гэж хэлэхэд Ш “Чи хэн бэ” гэхээр нь би түүнд “Найз нь байна” гээд Ш-гийн цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Ш “Яаж байгаа пизда вэ” гээд бид хоёр барьцалдаад би Ш-гийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход Ш миний шанаа уруу гараараа цохисон. Тэгэхээр нь би дахиад гараараа Ш-гийн нүд рүү нэг удаа цохиод толгойг нь доошоо дараад нэг удаа өвдөгдөж цохиход Ш цаашаа эргээд газарт суусан юм. Энэ үед Ш-гийн найз нар ирж бид хоёрыг салгасан. Тухайн үед миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Би найз Ц-ыг өмөөрч Ш-г зодсондоо харамсаж байна. Би Ш-гээс уучлалт гуйж, түүнд учирсан хохирлыг барагдуулж өгсөн. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, надад торгох ялыг биелүүлэх боломж байхгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №740 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Ш-гийн биед гэмтэл учирсан байна. Хамрын хянга яс цуурсан хугаралттай, баруун нүдний эргэн тойрон хар хөхөрсөн хаван хавдар ихтэй, зөөлөн эдийн няцрал үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Б.Ш-гийн биед урьд гэмтэл байхгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ш-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ш нь шүүгдэгч Ж.Н-гээс хохиролд 350000 төгрөг авсан , одоо нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, түүнчлэн хохиролд 350.000 төгрөг төлсөн нь хавтаст хэргийн 35-р талд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Н нь эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн Засаг даргын 2017-11-21-ний өдрийн тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ж.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл хамаарч байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно .
Шүүгдэгч Я.Н-д ял шийтгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 250 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах тухай улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овгийн Ж-ийн Н-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Н оногдуулсан ялыг биелүүлэхгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Н-гээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН