Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1578

 

 

 

 

 

 

 

ТӨСӨЛ

2020.07.17                                           1578                                                 Улаанбаатар

А.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын       19-ний өдрийн 181/ШШ2020/01347 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.А-ын хариуцагч Г.Ө-д холбогдох 19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгосүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 10 сарын 16-ны өдөр А.А-ыг Капитал банкны төв байранд ажлынхаа өрөөнд сууж байхад Г.Ө ирж уулзан, ангийн 10 жилийн төгсөлтийн уулзалт болох гэж байна, хүнтэй уулзахад хөөргийг чинь хэрэглээд буцаагаад өгье гэж гуйсан байдаг. Г.Ө А.А-тай олон жил хамт ажиллаж, нөхөрлөж ирсэн тул хэдэн хөөрөг байдаг талаар мэддэг. 19 дүгээр зууны үеийн 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой ногоон өнгийн пийсүү чулуун хөөргийг онцолж гуйгаад зүү ороож урласан даалингийн хамт авч явсан байдаг. А.А хөөрөг өгөхдөө “Хөрөнгө буцаан өгөх тухай” баталгаа бичиг үйлдэж Г.Өлзийдүүрэнгээр өөрөөр нь гарын үсэг зуруулан авч үлдсэн. Гэвч Г.Ө нь хөөргийг авч явснаас хойш буцааж өгөхөөс янз бүрийн байдлаар зайлсхийж явсаар, 2017 оны 03 сарыг хүргэсэн бөгөөд энэ үед Г.Ө нь итгэл эвдэн, иргэний гэрээ хэлцлийн нөхцлийг зөрчин түр хугацаагаар шилжүүлэн авсан “Э” ХХК-ийн өмчлөх эрхийг буцаан өгөхгүй гэж мэдэгдсэнээр А.А-ыг залилан мэхлэж хөөрөг, улмаар “Э” ХХК-ийг хууль бусаар авах төлөвлөгөөтэй хийсэн үйлдэл байсан нь ил болсон. Иймд А.А нь үнэт эдлэл болох Хөөргийг Г.Ө-ээс буцаан авах талаар олон удаа шаардсан боловч өгөхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Прокурорын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 1385 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 4-т Хохирогч өөрт нь учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай гэсний дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Г.Ө А.А-ын өмчлөлийн 19 дүгээр зууны үеийн 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой ногоон өнгийн пийсүү чулуун хөөргийг өмчлөх, эзэмших эрхгүй бөгөөд хууль бусаар эзэмшиж байгаа. Уг хөөргийг зарсан гэж тайлбарлаж байгаа боловч бусдад худалдсан болохоо баримтаар нотлоогүй болно. Иймд Г.Ө-ээс 19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Ө 2015 онд хуучны эд зүйл худалдаалдаг О.О гэх хүнээс 8-9 см өндөртэй алтан шармал Дарь эх бурханыг 50 000 000 төгрөгөөр худалдан авч түүнтэй анх танилцсан. Улмаар нэхэмжлэгч А.А-тай найз нөхдийн харилцаатай байх хугацаандаа О.О-ыг А.А-тай танилцуулж 120 000 000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг худалдан авахад нь зуучилж өгсөн. 2016 онд А.А-ын хамт О.О-ын зарж байсан суврагыг үзэхээр очсон бөгөөд тухайн үед би авахаар шийдсэн ч санхүүгийн боломжгүй байсан тул өөрийн дотны найз Ч.А-оос 60 000 ам.долларыг 2016 оны 08 сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ийн нэр дээр зээлэн авч уг суваргыг худалдан авсан бөгөөд зээлсэн мөнгийг буцаан төлсөн. “Э” ХХК-ийн санхүүгийн баримтад тусгасан ба одоо “Э” ХХК болон бидний хооронд санхүүгийн тооцоогүй болно.

О.О-аас  алтан шармал Дарь эх бурхан, суварга худалдан авсаны дараа А.А бид хоёр тохиролцож Дарь эх бурхан, суврагыг А.А-д өгч, хариуд нь түүнээс хөөргийг нь авсан ба хэн аль нь хэдэн төгрөгөөр тухайн үнэт эд зүйлүүдийг О.О-аас  худалдан авч байсан тул эд зүйлсийн зөрүү үнийн асуудлыг дараа нь харилцан шийдвэрлэхээр болж эд зүйлсээ солилцсон. Г.Ө миний хувьд нэхэмжлэгч хөөргөө буцаан шаардаж байгаа бол өөрийн Дарь эх бурхан, суврагыг буцаан А.А-оос аваад А.А-д хөөргийг нь өгөхөд татгалзах зүйлгүй болохоо хууль хяналтын байгууллагад гаргасан тайлбар мэдүүлэгтээ өмнө нь тодорхой дурдаж байсан. А.А-ын зүгээс дарь эх бурхан суваргыг бусдад 15 000 000 төгрөгөөр бусдад худалдсан гэж сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргаж байсан учир миний зүгээс эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар тухайн хөөргийг 15 000 000 төгрөгөөр үнэлж бусдад өрөндөө 2020 оны 02 дугаар сард шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ө-ээс 19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөргийг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн       7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ө-ээс 757 950 төгрөгийг гаргуулж А.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан боловч нотлогддоггүй 19 дүгээр зууны үеийн 9 арслангийн сийлбэртэй хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг нь байхгүй байгаа талаарх хариу тайлбараа гаргасан, хариуцагчид байхгүй эд зүйлийг гаргуулахаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба маргаан бүхий хөөрөг нь бодит байдлаараа нэгэнт байхгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Г.Ө нь 2015 онд хуучны эд зүйл худалдаалдаг О.О гэх хүнээс 8-9 см өндөртэй алтан шармал “Дарь эх” бурханыг 50 000 000 төгрөгөөр худалдан авч анх танилцсан. Улмаар нэхэмжлэгч А.А-тай найз нөхдийн харилцаатай байх хугацаандаа О.О-ыг А.А-тай танилцуулж 120 000 000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг худалдан авахад нь зуучилж өгсөн. 2016 онд А.А-ын хамт О.О-ын зарж байсан суврагыг үзэхээр очсон, тухайн үед би авахаар шийдсэн ч санхүүгийн боломжгүй байсан тул өөрийн дотны найз Ч.А-оос 60 000 ам.долларыг 2016 оны 08 сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ийн нэр дээр зээлэн авч уг суваргыг худалдан авсан. О.О-аас  алтан шармал “Дарь эх” бурхан, суварга худалдан авсаны дараа А.А бид хоёр тохиролцож би “Дарь эх” бурхан, суврагыг А.А-д өгч хариуд нь түүнээс хөөргийг нь авсан ба хэн аль нь төгрөгийн тухайн үнэт эд зүйлүүдийг О.О-аас  худалдан авч байсан тул эд зүйлсийн зөрүү үнийн асуудлыг дараа нь харилцан шийдвэрлэхээр болж эд зүйлсээ солилцсон. Алтан шармал “Дарь эх” бурхан, суварга худалдан авсанаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч мөнгөө төлсөн гэдэг боловч өөрийн мөнгөөр авснаа нотолдоггүй. А.А нь өнөөдрийг хүртэл хөөргийг эргүүлэн авах, хөөрөгний үнэ нэхэх, надаас авсан бурхан, суваргыг буцаан өгөх талаар ярьсан зүйл огт байхгүй бөгөөд миний хувьд маргаан бүхий хөөрөгний үнийг өөрийн бурхан, суваргаа өгч эд зүйлсээр солилцох хэлбэрээр төлсөн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, биелэгдэх боломжгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Г.Ө-д холбогдуулан 19 дүгээр зууны 9 арслангийн сийлбэр хээтэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодруулбал “Хөрөнгө буцаан өгөх тухай баталгаа” бичгийн баримттай холбоотой хэлцлийн агуулгыг зөв тодорхойлоогүй байна. Маргаан бүхий асуудлаар талуудын хооронд ямар харилцаа үүссэн талаар тодруулах шаардлагатай.

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах тухай гэрээг цуцлаад гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг буцаан өгөхийг даалгах эсхүл эд хөрөнгийг нь хууль бус эзэмшлээс шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Дээрх үндэслэлүүд нь 2 өөр эрх зүйн харилцаа тул өмчлөгчийн шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хувиарлалт буюу нотолгооны зүйл нь өөр болно.

Хэрэв өмчлөгчийн шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд өөрийнхөө өмчлөлийн зүйл болох хөөргийн нөгөө талын эзэмшилд бодитой байгаа гэх нөхцөл байдал, мөн уг этгээдийн эзэмшил хууль бус гэх байдлыг нотлох үүрэг өмчлөгч талд хамаарна.

Харин эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах шаардлага нь үүргийн эрх зүйн харилцаа учраас ямар нэгэн үүргийг гүйцэтгүүлэхээр даалгуулах тухай шаардлага гаргах боломжтой.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөөрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхийн хүрээнд гаргасан эсэхийг тодруулалгүйгээр, мөн хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээний харилцаа үүссэн гэх агуулгаар шийдвэрлэж эрх зүйн харилцааг зөв тодруулаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           А.МӨНХЗУЛ