Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2024/00446

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Сайншанд сум, * дугаар баг, Залуучууд гудамж, орон нутгийн өмчийн *-р байранд байрлах, * хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагч Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д газраас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хар овоо гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээтэй Д нь нөхөн сэргээлт хийгээгүй гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг тус аймгийн Цагдаагийн газар хүлээн авч шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гарган прокурорын хяналтад ирүүлсэн байна.

Тус аймгийн прокурорын газраас хэргийг хянаад Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хар овоо гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээтэй Д нь нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд 13,407,889 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн их хэмжээ буюу /50,000,000/ төгрөгийн хохиролд хүрээгүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5/85 дугаартай прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэжээ.

Д нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлож нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд 13,407,889 төгрөгийн хохирол учруулсан болох нь Нуман Алтай ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/11 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдож байнгаа боловч одоог хүртэл байгаль орчинд учруулсан хохирлоо төлөөгүй байна.

Иймд Д үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягийг тогтоож, нийтийн ашиг сонирхол, байгаль орчинд учруулсан хохирол болох 13,407,889 төгрөгийг гаргуулах шаардлагатай байх тул Д эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2024/15678 дугаартай шүүгчийн захирамж /хх-3-4/, Дорноговь аймгийн прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/652 дугаартай итгэмжлэлийн хуулбар, Дорноговь аймаг Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 115 дугаартай тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлож нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд 13,407,889 төгрөгийн хохирол учруулсан байгаа ба энэхүү хохирлыг төлүүлэх зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Д нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *-р хороо, **-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө к**, * тоотод оршин суух хаягтай уг хаягтаа оршин суудаггүй. Түүний хаяг тогтоогдохгүй нөхцөл байдал бий болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн

дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Д газар нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д эрэн сурвалжилж, Д оршин байгаа газрын хаягийг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Д нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Д.НАРАНЦЭЦЭГ