Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1575

 

ТӨСӨЛ

2020.07.17                                           1575                                       Улаанбаатар

 

 

 

 

 

 

“БУ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “БУ” ОНӨААТҮГ-ын хариуцагч “БЗӨБЦТС ” ТӨХК-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 18 111 404 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 13 цаг 55 минутад манай техникч Б.Б “БЗӨБЦТС” ТӨХК Багануур салбарын диспечер Д.Т-тай холбогдож манай Наран станц хүчдэлгүй болсон шалтгааныг лавлахад төвийн станцын Яч-№38 тал дээр гэмтэл гарсан, хайж байна гэж хариу мэдэгдсэн. Энэ үед манай байгууллагын 2-р өргөлтийн Хэрлэн станц Яч-№19 тал дээр хүчдэл хэвийн ажиллаж байсан. 15 цаг 10 минутанд “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур салбарын диспечер Д.Т Яч-№38-д үзлэг хийлээ гэмтэл олсонгүй, хүчдэл залгалаа хэмээн мэдэгдсэн. 15 цаг 17 минутанд 2-р өргөлтийн Хэрлэн станц хүчдэлгүй болж зогссон тул шуурхай ажиллагааны техникч Б.Б цахилгааны инженер М.Э-д мэдэгдсэн. Уг дуудлагаар цахилгааны инженер М.Э , цахилгаанчин С.У нар Хэрлэн станц дээр очиж шалгахад “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур салбарын эзэмшлийн Яч-№38-ын 6 кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж Хэрлэн станцын дотор хэрэглээний 0,4 кв-ын агаарын шугаман дээр тохогдсон байсныг олж илрүүлсэн. Энэ гэмтлийг шугамын үзлэгт явсан “БЗӨБЦТС” ТӨХК Багануур салбарын ээлжийн техникч н.Г  илрүүлэн устгаагүй үедээ төвийн станц Яч-№38-д хүчдэл залгах зөвшөөрөл өгч 6 кв-ын агаарын шугаманд хүчдэл өгснөөр 2-р өргөлтийн станцын МИКРОМАСТЕР-430 хийцийн давтамж хувиргагч, гадна талбайн гэрэлтүүлгийн 5 ширхэг 100 вт лед гэрэлтүүлэг хэт хүчдлийн нөлөөлөлд автан шатсан болохыг 2019 оны 08 сарын 13-ны өдөр Техникийн комисс гарч газар дээр нь үзлэг хийж шуурхай үйлчилгээний техникч, цахилгааны инженер нарын тэмдэглэл баримтуудыг үндэслэн тогтоосон. Манай байгууллагын техникийн комиссын актыг үндэслэн, байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах мэдэгдпийг 2019 оны 08 сарын 15-ны өдөр “БЗӨБЦТС” ТӨХК-д хүргүүлсэн. Тухайн гэмтэлтэй холбогдуулан ажилласан техникийн комиссын холбогдох хүмүүстэй уулзаж манай байгууллагад учруулсан хохирлыг барагдуулахаар тохиролцсон боловч, өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байна. Дээрх           18 111 404 төгрөгийн хохирол нь Цахилгааны Siemens Micromaster-430-ийн удирдлагын Word cолих, гадна талбайн гэрэлтүүлгийн 100 вт лед гэрлийн толгой солих, цахилгаан эрчим хүчний зардал, ажиллах хүчний зардал багтсан болно. Иймд “БЗӨБЦТС” ТӨХК-иас манай байгууллагад учруулсан 18 111 404 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Талууд эвлэрэх талаар ярилцсан боловч хариуцагч хүлээн авсангүй. Нэхэмжлэлийн шаардлагаас цахилгаан эрчим хүчний зардал 6 358897 төгрөг, ажиллах хүчний зардал          2 792 507 төгрөг нийт 9 151 404 төгрөгийн шаардлага нь нотлох баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа 9 151 404 төгрөгөөр багасгаж 8 960000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тухайн үед гэмтлийн улмаас БУ ААТҮГ-ын худгийн давтамж баригчтай хөдөлгүүр гэмтсэн тухай мэдээллийг цахилгааны инженер М.Э  манайд мэдэгдсэн. 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 16:50 минутанд БУ ААТҮГ-ын дэд захирал н.М , инженер М.Э болон Багануур ЦТСС-ын ашиглалт засварын инженер Э.Т, ээлжийн ахлах инженер Ц.Ш нарын бүрэлдэхүүн Хэрлэн станц дээр очиж газар дээр нь үзэхэд гэмтсэн гэх төхөөрөмж нь давтамж баригчтай хөдөлгүүр биш давтамж хувиргагч /MICROMASTER 430INVERTER/ гэдэг төхөөрөмж болохыг мэдсэн. Үүнээс гадна төхөөрөмжид үзлэг хийхээс өмнө бүрэн задалчихсан байдалтай байсан. Өөрөөр хэлбэл, “БУ” ААТҮГ-аас гэмтсэн гэх давтамж хувиргагч гарсан гэмтлээс шалтгаалан эвдэрсэн эсэх нь тодорхойгүй, /өмнө нь эвдэрсэн байж болзошгүй байдалтай/ төхөөрөмжид техникийн үзлэг хийж, гэмтлийг тодорхойлох, дүгнэлт гаргах боломжгүй болгосон байсан. Энэхүү асуудлыг тухайн үед компанийн зүгээс “БУ” ААТҮГ-ын холбогдох хүмүүст мэдэгдэж байсан. Улмаар “БУ” ААТҮГ-аас 2019 оны 08 сарын 15-ны өдөр ирүүлсэн 344 дугаартай албан бичигт 2019 оны 08 сарын 12-ны өдөр 110/6 кв төв дэд станцын ячейк №38, 6 кв-ын /Хэрлэн-1/ гаргалгаа, “БУ” ААТҮГ-ын цэвэр усны худгуудын цахилгаан хангамжийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гаргасан гэмтлээс шалтгаалан тус байгууллагад 2018 оны 03 сарын 14-ний өдөр ашиглалтад орсон анхны өртөг нь 31 130 300 төгрөгийн үнэ бүхий 1 ш мекромастер-430 загварын хүчдэлийн давтамж хувиргагч, тус бүр нь 175 000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг лед гэрэл шатсан хохирлыг барагдуулж дүүргийн усан хангамжийн хэвийн ажиллагааг хангуулах талаар мэдэгдсэн байсан.

Дээрх тасралттай холбоотой тасралт, гэмтлийг болон “БУ” ААТҮГ-т учирсан хохирлыг судлах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар батлагдсан Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэм-ийн 13.5.1, Гарсан аваари, I зэргийн саатал бүрийг зөрчлийн шинж чанараас хамааруулан ТЗЭ тусгай комисс томилон судлана. Шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас комисс томилж мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулан судлана" гэж заасныг үндэслэн “БЗӨБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 сарын 14-ний өдрийн А/265 дугаар тушаалаар комисс томилсон. “БЗӨБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгээс БУ ААТҮГ-аас ирүүлсэн 344 дугаартай албан бичгийн хүрээнд тодруулга авч, шаардлагатай материалуудыг ирүүлж, гэмтлийг шуурхай засварлан ажиллах хүсэлтийг БУ ААТҮГ-т 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 02/970 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Манай компаниас томилогдсон ажлын хэсэг Багануур ЦТСС-ын тухайн өдөр ээлжинд гарч байсан ажилтнуудын мэдүүлэг, шуурхай ажиллагааны журнал хуулгыг авсан. 2019 оны 08 сарын 21-ний өдөр “БЗӨБЦТС” ТӨХК-иас томилогдсон ажлын хэсгийн дарга Д.М-ын ажлын өрөөнд ажлын хэсэг, БУ ААТҮГ-ын цахилгааны инжөнөр М.Э  нар байлцан хуралдсан. Тус хурлаас давтамж хувиргагчийг БУ ААТҮГ-ын цахилгааны инженер М.Э , Багануур ЦТСС-ын Ашиглалт, засварын инженер Э.Т  нар хамт Улаанбаатар хотод мэргэжлийн засварын газарт үзүүлж, гэмтэл, гэмтлийн шалтгааныг тодорхойлуулах, засварлуулах, гарсан зардлыг хоёр байгууллага хувааж төлөхөөр шийдвэр гарсан. М.Э  нь 2019 оны 8 сарын 22-ны өдөр утсаар маргааш өглөө буюу 8 сарын 23-ны өглөө хамт явж, давтамж хувиргагч төхөөрөмжөө засварлуулъя гэж Э.Т  инженерт хэлсэн байсан. Маргааш 8 сарын 23-ны өглөө Э.Т  нь М.Э ийн араас нь Улаанбаатар хотод очсон боловч М.Э  нь байгаа газраа тодорхой хэлж өгөхгүй зугтаад уулзаагүй. 2019 оны 08 сарын 26-ны өдөр БУ ААТҮГ-ын захирлын өрөөнд манай компаниас томилогдсон ажлын хэсгийн гишүүд дээрх тасралтыг, тасралтаас гарсан хохирлыг болон буруутанг тогтоох, хохирлыг хэрхэн барагдуулах талаар 2 байгууллагын хамтарсан комисс гарган судлах талаар хэлэлцэж “БЗӨБЦТС” ТӨХК-иас байгуулсан ажлын хэсэг томилогдсон тушаалыг өгсөн. Мөн хурал дээр БУ ААТҮГ-ын зүгээс давтамж хувиргагчийн юу, ямар деталь хийц нь шатсан, гэмтсэн, юунд нь ямар засварыг хэдий хэр өртгөөр хийлгэсэн, хаана ямар засварын газарт засварлуулсан зэргийг тодорхойлж хэлж өгөөгүй. Мөн дахин 2019 оны 08 сарын 29-ний өдөр БУ ААТҮГ-ын дэд захирлын өрөөнд ажлын хэсэг уулзаж хуралдсан. Хуралд БУ ААТҮГ-ын дэд захирал Б.М , ерөнхий инженер Ж.М , цахилгааны инженер М.Э , “БЗӨБЦТС” ТӨХК-ийн тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд байлцаж, гэмтлийн шалтгаан, буруутай этгээд, хохирлын хэмжээг тогтоох, хохирлыг хэрхэн барагдуулах талаар хуралдсан боловч хохирлын төлбөрийн хэмжээ тодорхойгүй байсан тул тодорхой шийдвэр гаргаж чадаагүй. Нөхцөл байдал ийм тодорхойгүй байдалд байсаар 2019 оны 10 сарын 04-ний өдөр БУ ААТҮГ-аас манай компаниас 18 111 404 төгрөгийн хохирлыг барагдуулах тухай албан бичгийг ирүүлсэн. Тус компанийн зүгээс 2019 оны 08 сарын 12-ны өдрийн гэмтэл, тасралт, учирсан хохирлыг тус компани БУ ААТҮГ-ын хооронд 2019 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 4.2.2-т хэрэглэгч нь эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх үүрэгтэй, 8.7-д Энэхүү гэрээний 4.2, 8.9-т зааснаас бусад тохиолдолд талуудын шугам тоноглолд гарсан аваар саатлын улмаас цахилгаан эрчим хүч тасалсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлэлээс талуудын аль нэгэнд учирсан шууд хохирлыг талууд 5 хоногийн дотор хамтран актаар тогтооно. Дамжуулах сүлжээнд шууд холбогдсон хэрэглэгчийн хувьд 3 талын хамтарсан акт үйлдэнэ. Актад ЦЭХ-ээр тасалсан, хэлбэлзсэн огноо, хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл үйлчилгээнд учруулсан шууд хохирлын хэмжээг тодорхой бичиж удирдлагуудаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Хохирлыг 1 сарын дотор буруутай тал хариуцан барагдуулна.", 8.8-д талуудын аль нэг нь гарын үсэг зураагүй акт нь хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй. Актыг талууд 5 хоногийн дотор хамтран тогтоож, хохирлыг 1 сарын дотор буруутай тал хариуцан төлнө. Аль нэг тапын гарын үсэг зураагүй акт нь хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй." гэж заасан тул БУ ААТҮГ нь хамтарсан акт үйлдэж, хохирлын хэмжээг баталгаажуулалгүй, гэмтсэн гэх тоног төхөөрөмжийг дур мэдэн засварлуулж, үндэслэлгүй хэт өндөр үнээр хохирлын хэмжээг тогтоон нэхэмжилсэн. Мөн түүнчлэн БУ ААТҮГ нь давтамж хувиргах зориулалт бүхий өндөр мэдрэмжтэй, нарийн бүтэц, схем зохион байгуулалт, онцгой тоног төхөөрөмжийг цахилгаан хангамжийн болон бусад эрсдэлээс хамгаалах реле хамгаалалтын болон, хэт хүчдэл, богино залгааны гүйдлээс хамгаалах хамгаалалтгүй хэлхээнд холбосон байсан, техникийн арга хэмжээ, шийдлийг дутуу авсан буруутай үйл ажиллагаа нь тоног төхөөрөмж гэмтэхэд хүргэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь холбогдох гэрээ, дүрэм, журамд зааснаар хохирлын актыг баталгаажуулаагүй, хохирлын хэмжээг хэт өндрөөр үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул “Б3ӨБЦТС” ТӨХК-нд холбогдуулан БУ ААТҮГ-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК иас 4 455 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БУ ААТҮГ-т олгон, үлдэх 4 505 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн      7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 4 455 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж     86 230 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 04 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур салбарын эзэмшлийн Яч-№38-ын 6 кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж “БУ ” ААТҮГ хэрлэн станц дотор хэрэглээний 0.4 кв-ын агаарын шугаман дээр тохогдон цахилгаан гэмтэл гарсан, үүнээс улбаалж төхөөрөмж шатсан үйл баримтууд тухайн өдрийн хэрэгт авагдсан хоёр байгууллагын инженерүүдийн мэдээлэл, фото зургаар баталгаажуулсан үйл баримтууд, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хөрөнгийг гэм хорд хариуцагч буруутай гэдэг нь тогтоогдсон байхад шүүх хоёр байгууллага хувааж төлөх ёстой гэж шийдвэр гаргаж буй нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардсанаар 8 960 000 төгрөгийн хохирлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “БУ” ОНӨААТҮГ нь хариуцагч “БЗӨБЦТС ” ТӨХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол        18 111 404 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа 9 151 404 төгрөгөөр багасгаж 8 960 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

2019 оны 08 сарын 12-ны өдөр “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур салбарын эзэмшлийн Яч-№38-ын 6 кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж, “БУ ” ААТҮГ Хэрлэн станцын дотор хэрэглээний 0,4 кв-ын агаарын шугаман дээр тохогдон цахилгааны гэмтэл гарснаар “Микромастер-430” хийцийн давтамж хувиргагчийн төхөөрөмж шатсан нь тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага 2018 оны 08 сарын 13-ны өдөр “Техникийн комиссын акт” үйлдэн, хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж шатсан үйл баримтыг баримтжуулсан байна. /хх 5, 6/

Хэрэгт авагдсан “Э ” ХХК-ийн нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, ажилчдын илүү цагийн болон ажлын цагийн тооцоо, БУ ААТҮГ-ын бүх обьектуудын аянга хамгаалагч, газардуулга, хэмжилтийн ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэрэг баримтуудаас үзэхэд гэмтлийг сэргээн засварлахад 8 910 000 төгрөг зарцуулагдсан нь тогтоогдож байна. /хх 7-14/

Дээрх давтамж хувиргагч төхөөрөмжид гарсан гэмтэлтэй холбоотойгоор зохигч талуудын төлөөлөл 2019 оны 08 сарын 21-ний өдөр хуралдсан, “БЗӨБЦТС” ТӨХК-д хийсэн хурлын тэмдэглэлд дээрх нөхцөл байдлыг хэрхэн засварлах болон төлбөрийг хувааж төлөхөөр зөвшилцсөн байх ба Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар гэмтэл гарсан нөхцөлд хохирлыг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогджээ. Уг баримтад эрх бүхий ажилтнууд нь гарын үсэг зурсан байна.

/хх 31-33, 42-45/

Хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Төхөөрөмжийг засварласан хөлс 7 700 000 төгрөг, төхөөрөмжийг суурилуулахад гарсан зардал 550 000, гэрэлтүүлгийн үнэ 660 000, нийт 8 910 000 төгрөгийн 50 хувь болох 4 455 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 4 505 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, талуудын ирүүлсэн баримтад үнэлэлт, дүгнэлт өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт тодорхой тусгагджээ. /хх 157-171/

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй       орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           А.МӨНХЗУЛ