Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 145

 

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

    Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор: Б.Баярмагнай,

    Хохирогчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа, Д.Дамдинсүрэн,

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.А,

    Шүүгдэгч: Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын П-т холбогдох эрүүгийн 1735000000016 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт Завхан аймгийн Ургамал сумын 03-р багт оршин суух, ял шийтгэлгүй, РД:ИП91050215, Б овгийн Б-ын П.

    Холбогдсон хэргийн талаар:

                Шүүгдэгч Б.П нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг “Зүүн дэнж” гэх газарт санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдасны улмаас иргэн Д.М-ын толгой тус газар нь модоор цохиж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Б.П-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  

  Шүүгдэгч Б.П нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг “Зүүн дэнж” гэх газарт  хохирогч Д.М-ын толгой тус газар нь модоор цохисны улмаас нас барсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манайх “Хар ус” гэх газар луу нүүхээр болсон. Тэр өдөр нөхөр М гэрээ машинд ачиж явуулаад өөрөө сумын төвд хоцорсон юм. Учир нь өөрийнхөө хэдэн адуугаа тууж ирэхээр болсон юм. Би хүргэн ах болон эгчтэйгээ хамт “Хар ус” гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 16-ны шөнө очоод 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээ барьж дуусчихаад байж байтал оройхон М над уруу залгаад “Адуугаа олчихлоо” гэж хэлсэн, би М-д “Чи сумын төвөөр дайраад нэг ширхэг шүдний оо, унаганд тарих цагаан тариа 4-5 ширхэгийг аваад ирээрэй” гэж хэлээд яриагаа тасалсан. Түүнээс хойш холбогдолгүй байж байтал 08 дугаар сарын 19-ний орой Б гэдэг хүн залгаад “М хүнд зодуулаад бие нь муу байна. Хурдан орж ирэх шаардлагатай байна” гэхээр нь хажуу айлын Б- гэх хүнтэй хамт сумын төв орж ээж Борын гэрт ирэхэд М-ыг “Хүнд зодуулаад нас барчихсан байна” гэж хэлсэн. Би хэнд зодуулсан, яасан, юу болсон талаар огт мэдээгүй. Талийгаач урьд өмнө нь эмнэлэгт хэвтэж байгаагүй бөгөөд өвчин тусаад байдаггүй байсан. Хааяа нэг “Шүд өвдөж байна” гэдэг байсан, талийгаач хааяа хааяа архи хэрэглэдэг байсан. Гэхдээ байнга хэрэглээд байдаггүй. Нас барахынхаа өмнө архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Талийгаач нөхөр маань 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой ээжийнхээ гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 08 дугаар сарын 17-ны өдөр адуундаа яваад орой нь ирээд ээжийн гэрийн гадна мотоциклоо үлдээгээд гараад явсан байсан. Хэнтэй, хаана, хэнийд хоносон болохыг мэдэхгүй байна. Урьд өмнө ингэж олон хоногоор гэрээсээ гарч явж байгаагүй. Хааяа гарч явсан ч гэр лүүгээ хүрээд ирчихдэг байсан. Талийгаач маань П-тай багийн найзууд, Б-тай ч гэсэн их сайн найз нөхдийн холбоотой байдаг байсан. Тэдний дунд ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Энэ хоёр хүн талийгаачид ямар нэгэн байдлаар хар буруу санаж, муу зүйл хийчихээр хүмүүс биш гэж үзэж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Миний нөхөр зүгээр байж байгаад бусдад хорлогдож нас барсан. Иймд миний нөхрийн аминд хүрсэн хүнд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “ Гэмт хэргийн улмаас бидэнд нийт 15 сая төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирлын баримтуудаа сая гаргаж өгсөн байгаа. Энэ хэрэг болсноос хойш Б.П-ын аав ээж нь манайд 7-8 удаа ирж уулзсан, уучлалт гуйж, учир байдлаа ярьсан. Хохиролд нийтдээ 15 сая төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулна гэдгээ  хүлээн зөвшөөрсөн, мөн учир байдлаа ярьж ялыг хөнгөрүүлж өгөөч гэж гуйсан учраас талийгаачийн маань ээж, ах, эгч нартай ярилцаж байгаад бид нар 15 сая төгрөг хохиролд бэлнээр авсан гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидэнд бэлэн 11 сая төгрөг өгсөн байгаа. Энэ мөнгөөр талийгаач нөхрийнхөө амийг үнэлж байгаа юм биш шүү, энэ нь зөвхөн оршуулгын зардалд орсон мөнгө. Үлдсэн 4 сая төгрөгийг удахгүй төлж өгнө гэж тохирсон тул 4 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би энэ хэрэгт гомдолтой байна. Манай нөхөр 2 гэрийн 4 ам бүлийг тэжээж авч явдаг хүн байсан. Иймд би ганц тэжээгчээ алдсан учраас гомдолтой байна. Манай нөхрийн ах дүү 8-лаа, 6 эмэгтэй, 2 эрэгтэй. Энэ хэрэг шүүхэд шилжсэний дараа  шүүгдэгч Б.П болон аав, ээж, эгч нь ирээд гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч, тэгвэл ганц, хоёр жилийн ял хасагддаг гэхээр нь бид нар хоорондоо ярьж байгаад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тэр бичгийг би ганцаараа хийж өгөөгүй, хадам ээж, ах, эгч нартайгаа ярьж байгаад гомдолгүй гэсэн гарын үсэг зурж өгсөн. Гэхдээ би зүйл анги өөрчилснийг мэдээгүй. Өөрчлөгдсөн талаар өчигдөр Д.Д өмгөөлөгчөөс манай өмгөөлөгч сонсоод надад хэлсэн. Миний бие өчигдөр л энэ хэргийн зүйл хэсэг өөрчлөгдсөн талаар мэдсэн. Энэ зүйл, хэсгийг би хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг,  

                 гэрч Г.М-ын “ 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг 30 минутын үед Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвд П гэдэг залуу ирээд “Зүүн дэнж дээр хүн нас барсан байна” гэх дуудлага өгсний дагуу уг газарт очиход 30 орчим настай эрэгтэй хүн нас барсан байдалтай, хажууд нь ар гэрийнх нь хүмүүс оччихсон байсан. Талийгаач нь дээшээ харсан байдалтай, хамар, амнаас нь хөөсөрсөн бага зэрэг цустай зүйл гарсан байсан. Талийгаач аль хэдийн амьсгаа хураасан байсан тул ямар нэгэн тусламж үзүүлэх боломжгүй байсан. Талийгаачид ил харагдах бэртэл, гэмтэл байгаагүй. Дуудлага өгсөн П гэх залуу “Зүүн дэнж дээр хүн модоор цохисон” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

                гэрч Ж.П-гийн “Намайг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын ЭМТөвд ажил дээрээ байж байтал П гэдэг залуу ирээд “Зүүн дэнж гэх газарт хүн нас барсан байна” гэх дуудлага өгөхөөр нь тус дуудлагын дагуу уг газарт очиход 30 орчим насны эрэгтэй хүн нас барсан байдалтай, дэргэд нь гэр бүлийн хүмүүс нь ирчихсэн байсан. Тэгээд уг хүнийг очиж үзэхэд дээш харсан байдалтай, хамар, амнаас нь хөөсөрхөг бага зэрэг цустай зүйл гарсан байсан. Биед нь ил харагдах гэмтэлгүй, амьсгал нь зогссон байсан тул ямар нэгэн тусламж үзүүлэх боломжгүй байсан. Тухайн үед дуудлага өгсөн П-гаас юу болсон талаар асуухад “Зүүн дэнж гэх газарт байх Завхан аймгийн айлын хүн модоор цохисон” гэж хэлж байсан. Дуудлагаар очиход уг газарт очсон байсан талийгаачийн ээж Бор гэх хүний бие муудсан тул тэр хүнийг эмнэлэгт хүргэж ирсэн. Талийгаач М нь урьд өмнө нь манай эмнэлэгт үзүүлж байгаагүй” гэх мэдүүлэг,

                гэрч Д.С-н “Миний дүү талийгаач М Увс аймгийн Өндөрхангай сумын 2-р багт эхнэр, хүүгийн хамт мал маллан амьдардаг байсан. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М-ын гэр нүүсэн. М гэрээ ачиж явуулчхаад адуугаа хайж олоод араас нь явахаар үлдсэн байсан. Тэгээд 08 дугаар сарын 16-ны өдөр ээжийн гэрт хоноод 08 дугаар сарын 17-ны өдөр адуундаа яваад орой нь ирээд “Найзтайгаа уулзана” гээд гарсан бөгөөд 08 дугаар сарын 18-ны орой хаана хоносныг нь мэдэхгүй. 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой гэртээ байж байтал Б гэдэг эмэгтэй манай гадна ирээд надтай уулзаад “Таны дүү М “Зүүн дэнжийн зам” дээр ухаангүй хэвтэж байна” гэхээр нь би ээж Б, эгч И, хүү Ө нарын хамт М-ын байгаа гэх газарт очиход М нас барчихсан  байсан. Тэр үед ээж маань талийгаачийн цогцсыг үзээд ухаан алдаад уначихаар нь тэнд очсон эмнэлгийн машин ээжийг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед талийгаач дүү маань найз П, Б нарын хамт явж байсан гэж П, Б нар хэлсэн. Тухайн үед П сумын төв орж эмч дагуулж ирсэн бөгөөд Б байхгүй байсан. Би П-гаас “Хамт явсан юм бол юу болсныг хэлэлдээ” гэхэд “Хоёр айлын гадна очоод зодуулчихсан” гэж хэлж байсан. Чухам юу болсныг бид нар хараагүй болохоор мэдэхгүй байна. Бид нарыг очиход талийгаачийн хамраас нь цус гарсан байсан ба өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. П, Б, талийгаач нарын хооронд өр авлага, өш хонзон байхгүй. Тэд нар байнга л гэр орноороо орж гарч байдаг, сайн найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг,

                гэрч Ш.Б-ын “Миний хүү талийгаач М-ынх 2017 оны зун сумын төвийн урд зуссан бөгөөд 08 дугаар сарын 16-ны өдөр гэр нь нүүж, М өөрөө ар давж адуугаа олж аваад гэрлүүгээ явахаар үлдсэн. Тэр шөнөө манайд хоноод 08 дугаар сарын 17-ны өдөр адуундаа яваад  “Адуугаа олчихлоо” гээд ирсэн. Ирэхдээ найз нь болох С-тай хамт жаахан архи үнэртүүлчихсэн орж ирсэн ба “Бид 2 ганц, хоёр айлаар орчихоод С-ынд очиж хононо” гэж хэлээд гарч явсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 08 дугаар сарын 18-ны өдөр би гэрээсээ гараад эмнэлэг орчихоод ирэхэд манай гэрийн гадна байсан талийгаач хүүгийн маань мотоцикль алга болчихсон байсан тул би хүүгээ мотоциклоо аваад гэрлүүгээ явсан байна гэж бодсон. Гэтэл 08 дугаар сарын 19-ний орой Б гэдэг эмэгтэй манай гадна ирээд “Таны хүү М “Зүүн дэнжийн зам” дээр ухаангүй хэвтэж байна” гэхээр нь би И, болон охин С, зээ Ө нарын хамт уг газарт нь очиход миний хүү ганцаараа хэвтэж байсан. Би очингуутаа хүүгээ тэврээд нүүрэн дээр нь нүүрээ наахад нүүр нь цэв хүйтэн болчихсон байхаар нь би ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Чухам юу болсныг мэдэхгүй. Юу болсон талаар нь хүүтэй минь хамт явсан хүмүүс одоог болтол хэлээгүй байна. П, Б, талийгаач нарын хооронд өр авлага, өс хонзон байхгүй. Тэд хар багын найзууд бөгөөд үй зайгүй найз нөхдийн холбоотой хүмүүс байсан юм. Б мөрөөрөө, ямар нэгэн гэм хоргүй хүн байдаг юм. Миний хүү М нь 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. Эхээс 8-уулаа бөгөөд 6 эгч, 1 ахтай айлын бага хүү юм. Ах, эгч нар нь бүгд тусдаа гарчихсан. Хүү маань 2011 онд гэр бүл болсон бөгөөд эхнэр, хүүгийн хамт Өндөрхангай сумын 2-р багт мал маллан амьдарч байсан юм. Зан байдлын хувьд их тайван тогтуун, бусадтай зөв боловсон харьцаатай, бусдад тусархуу, олон эгч нартай болохоор их дөлгөөн зантай хүү байсан юм. Хааяа нэг найз нөхөдтэйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.П, Н.Б нарын мэдүүлэг,

                - амь хохирогчийн цогцосд задлан шинжилгээ хийсэн “Б.М-ын биед гэмтэл учирсан байна. Дагз хэсгийн хуйханд цус хуралт, дагз, суурь ясны хугарал, дагзны хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа /100мл/, их тархи дагз хэсгээр шахагдалт, баруун, зүүн тал бөмблөгийн дагзны хэсэгт бага тархины доод хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун бугалга, шуу, баруун ташаа, зүүн бугалга, баруун, зүүн гуя, зүүн өвдөгний үений дотно хэсэгт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Д.М нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас гавлын дотоод даралт ихэсч тархи шахагдан амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан байна. Д.М нь O /I/ бүлгийн цустай байна. Шүүх биологийн №31 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач Д.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Шүүх химийн №46 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. Талийгаач Д.М-ын биед үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь шинжилгээ хийлгэж эхлэхээс 20-24 цагийн өмнө нас барсан байх боломжтой. Талийгаач нь гэмтэл авсан даруйдаа нас бараагүй байх боломжтой. Гэмтсэнээсээ хойш хэдий хугацаанд амьд байсныг тогтоох боломжгүй” гэх Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №35 дугаартай шинжээчийн дүгнэлт,

          Шинжээч эмч Н.О-ын “Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтийг гаргасан. Талийгаач М-ын биед учирсан дагз хэсгийн хуйханд цус хуралт, дагз , суурь ясны хугарал, дагзны хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа,  /100 мл/, их тархи дагз хэсгээр шахагдалт, баруун, зүүн тал бөмблөгийн дагзны хэсэгт, бага тархины доод хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун бугалга, шуу, баруун ташаа, зүүн бугалга, баруун, зүүн гуя, зүүн өвдөгний үений дотно хэсэг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан байсан. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийг М-ын биед учирсан дагз хэсгийн хуйханд цус хуралт, дагз, суурь ясны хугарал, дагзны хэсгийн хатуу хальсны дээрх цусан хурраа /100 мл/, их тархины дагз хэсгээр шахагдалт, баруун, зүүн тал бөмблөгийн дагзны хэсэг, бага тархины доод хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүд нь талийгч М-ыг үхэлд хүргэсэн байсан. Талийгаачийн биед учирсан бугалга, шуу, баруун ташаа, зүүн бугалга, баруун, зүүн гуя, зүүн өвдөгний үений дотно хэсэгт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэлүүд нь гэмтлийн зэрэгг хамаарахгүй гэмтэл болно. Тархинд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач М-ын биед учирсан дагз хэсгийн хуйханд цус хуралт, дагз, суурь ясны хугарал, дагзны хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, /100 мл/, их тархи дагз хэсгээр шахагдалт, баруун, зүүн тал бөмблөгийн хэсэгт, бага тархины доод хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжгой гэмтэл юм” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

                Прокуророос шүүгдэгч Б.П-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг  алсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

                Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.П нь Завхан аймгийн Ургамал сумын 3-р багт аав С.Б, ээж Ш.Б нарын хамт оршин суудаг ба тэднийх малын бэлчээр, өвс ногоо  муу байснаас болж нутаг бэлчээр сэлгэн нүүж 2017 оны 6 дугаар 24-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг “Гурван гол” гэх газарт зусаж байсан байна.

                Хэрэг учрал болсон өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б.П-ын гэрт түүний эцэг С.Б, эх Ш.Б, төрсөн дүү эмэгтэй Б.Б, 3-5 насны 2 хүүхдийн хамт байтал амь хохирогч Д.М болон Б.П, Н.Б нар согтуу ирж, тэднийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн үйлдэл хийснээс шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн  цочролд орсон үедээ хохирогч Б.М-ын ар дагзны хэсэгт модоор нэг удаа цохисноос хохирогч нас барсан болох нь гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтад 2017-08-24-ний өдөр өгсөн “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө би гэрээсээ гараад 08 цагийн үед гудамжны доод өнцөгт явж байтал талийгаач М ганцаараа мотоцикльтойгоо явж байгаад надтай тааралдсан. Би “Хаанаас хаа хүрч явна” гэхэд “Найз нь айлд хоночихоод ирлээ. Замаараа унаганд тарих цагаан эм авлаа” гээд дээлнийхээ өврөөс 4-5 ширхэг улаан тагтай цагаан эм гаргаж үзүүлсэн. Тэгээд надаас “Чи хаашаа явж байгаа юм бэ” гэхэд нь би “Б буюу Б-ын гэр лүү идэшний мал авахаар явах гэж байна” гэж хэлэхэд “Тэгвэл хоёулаа хамт яваад ирье, суучих” гээд мотоциклийнхоо ард намайг суулгаад сумын төвөөс зүүн 4-5 орчим км-т байх Б-гийн гэр лүү явсан. Тэгээд Б-гийн гэрт очиход Б гэртээ ирээгүй байсан. Тэгэхээр нь сумын төвд хоносон юм байх гэж бодоод М бид хоёр сумын төв рүү орж ирээд П гэдэг найзынхаа гадна очиход П гэртээ байсан бөгөөд Б тэднийд хоносон байсан. П-гийнх хөдөөнөөс нүүж ирээд гэрээ шинэхэн барьсан байсан. Тэгээд би П-гийн мотоциклийг гуйгаад хагарсан дугуйг нь нөхөж аваад П-гийн мотоциклийг унаад ардаа талийгаач М-ыг суулгаад Бтай хамт Бгийн гэрлүү явсан. Бид нар  П-гийн гэрээс гарахдаа нэг шил 0,5 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж ууцгаасан. Би тэр архийг Б-гаас мал авахдаа Б-д өгье гэж бодоод авсан байсан юм. Бид нарыг явж байтал миний унаж явсан мотоциклийн гинж нь мултарсан тул  хамгийн ойрхон байх 2 айл уруу очиж гэрт нь ороод “ мотоциклийн багаж байвал өгөөч, гинж мултраад байна” гэхэд тэр айлын эмэгтэй “Багаж байхгүй байна, хүүхдүүд малд явахдаа аваад явсан” гэж хэлсэн. Тэр үед миний араас М орж ирээд “Та нар хэний газар шороон дээр яваагаа мэдэж байна уу” гэж хэлээд газраас шороо аваад самардсан. Тэгтэл тэр айлын эмэгтэй “Та нар мэддэггүй юм уу. Бид нар сумын дарга нараас нь зөвшөөрөл аваад энэ газарт буусан” гэж хэлсэн. Тэгээд тэнд хэрүүл маргаан болж гэрээс гараад явах гэтэл гэрийн гадна хэрүүл үргэлжилсэн. Тэгж байтал нэг мотоцикль ирж зогсоод нэг залуу /П/ их ууртай  бууж ирээд түлшэн дээр байсан мод аваад намайг цохиход нь би зүүн гарынхаа шуугаар хаасан. Тэгтэл дахиад цохих гээд над уруу дайрахад нь би гүйгээд гэрийн араар ороод эргээд гараад ирэхэд тэр залуу Б ахыг нуруу руу цохичихоод буцаж эргэж хараад талийгаач М-ын араас нь модоор цохиход М газарт унасан. Тэр үед би “Чи хүн аллаа ш дээ” гэж хэлээд П-ыг бариад авахад П модоо буцаагаад түлшин дээрээ хаясан. Тэр үед талийгаач өвдгөөрөө сөхөрч хоёр гараа урагш тулахад нь би “Хүн аллаа ш дээ” гэхэд П айж сандраад М-ын хажууд очоод сэгсэрхэд М босоод ирсэн. Тэгээд П талийгаачийг хажуунаас нь тулаад миний барьж явсан мотоциклийн ард суулгасан. Тэр үед Б түрүүлээд яваад өгсөн. Араас нь би хөдлөөд зодоон болсон айлын гаднаас зүүн тийш 500-600 метр орчим явж байтал талийгаач “Зогсоорой, шээмээр байна” гэхэд нь би зогссон. Тэгтэл талийгаач буугаад бие засчихаад “Би энд жаахан амаръя. Чи Б-гийнд очоод малаа аваад ир. Хоёулаа эндээс буцъя. Би энд байж байя” гэхээр нь би талийгаачийг орхичихоод цааш нь яваад Б-гийн гэрт очсон. ...Тэгээд Б-г ирэхгүй болохоор нь ямар хонь авахаа мэдэхгүй зогсож байхад бороо орсон. Тэгээд би М дээр очихгүй бол болохгүй байх гэж бодоод М-ын үлдсэн газарт очиход М ухаан алдчихсан байсан. Тэгээд би сэрээх гээд сэгсрээд хиймэл амьсгал хийх гэсэн боловч амьгүй болчихсон байхаар нь шууд сумын төв рүү орж их эмч М болон сувилагч нарыг дагуулаад очиход талийгаачийн ар гэрийн хүмүүс болох ээж, эгч нар нь ирчихсэн байсан. Тэгээд М-ыг эмч үзээд “Амьсгал хураасан байна, найдваргүй” гэж хэлсэн. ...Талийгаач яагаад бие зассан газраа үлдэе гэснийг мэдэхгүй байна. “Би энд үлдэе, чи хонио аваад ир” гэхээр нь би гайгүй юм байх гэж бодоод яваад өгсөн. П-ын гэрийн гаднаас хөдлөх үед ямар нэгэн зүйл ярихгүй болохоор нь бие нь гайгүй юм байх гэж бодоод сумын төв рүү эмнэлэг рүү хүргээгүй юм. Анх мотоциклийнхоо гинжийг засаж аваад явах санаатай очиж гадна нь зогсоод би гэрт нь орж багаж асуухад “багаж байхгүй, хүүхдүүд аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд би тэр айлын баруун талаар хэвтэж байсан хүнийг ямар хүн байгааг харах гээд хөл рүү нь өшиглөхөд сахалтай хөгшин ах босоод ирсэн. Тэгж байтал гаднаас талийгаач М орж ирээд “Та нар хэний газар шороон дээр байгаагаа мэдэж байна уу” гээд газар самардаад шороо атгаад цацсан. Тэгтэл гэрт байсан настай эмэгтэй “Дарга нараас чинь зөвшөөрөл аваад буусан. Та нар мэддэг юм уу, дарга нар чинь мэддэг юм уу” гэж хэрэлдсэн. Би тэр үед Б гэдэг охиныг чангаасан зүйл огт байхгүй. Би юу гэж өдрийн цагаар олон хүний хажууд эмэгтэй хүнийг чангаах билээ. Тэнд байсан Б, Б нар бид нар луу дайраад давшлаад байхаар нь би Б гэдэг охины гарных нь бугалганаас атгаад цааш нь түлхэхэд гэр лүүгээ уйлаад орчихсон. Тэгээд удалгүй байж байтал П мотоцикльтой ирсэн” гэх мэдүүлэг /1 –р хх-ийн 44-46х / ,

                гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтад 2017-10-15-ны өдөр өгсөн “ Б-ын гэрт зодоон болоогүй, Б-ыг хэвтэж байхад нь би өшиглөж босгосон, тэгээд гэрээс гарцгаасан. Талийгаач Б.М, Б нар барьцалдаад авчихсан байсан, бие биенийхээ хувцаснаас бариад авсан зууралдаж байсан, тэр үед П мотоцикльтой сумын төвөөс маш хурдтай ирээд мотоциклиосоо бууж гүйгээд мод авч М уруу дайрахад би урдуур нь ортол миний нуруун дээр цохиод, Б ахыг холд гээд нуруу руу нь цохиод  дахин над уруу дайрахад би гэр тойроод зугатааасан. Тэгээд гэр тойроод гүйгээд ирэхэд М Б-ын дээрээс дарчихсан, арай газар унагаагүй, Б тонгойсон, М араас нь дарсан , хоорондоо зууралдаж байх тэр үед П нь М-ын араас нь цохисон Б доошоо бөхийгөөд арай л газар унаагүй , М ард нь буюу дээрээс нь дарчихсан унагаах гэж байсан, яг тэр үед П нь М-ыг  цохисон. Модоор 1 л удаа талийгаачийн шилэн хүзүү орчимд цохисон. ... Би Б-г унтаж хэвтэе гэж татаж чангаагаагүй, гараас нь бариад түлхсэн, тэр үед уйлаад гэр лүүгээ орсон, дахин гарч ирээгүй, гэртээ уйлаад байсан” гэх мэдүүлэг,                     

                гэрч Н.Б-гийн 2017-08-24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн“... өглөө нь буюу 08 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг өнгөрч байхад М, П нар П-гийн гэрт ирээд надад “Танай хөдөө байх гэрт тань очоод ирлээ. Хүн байхгүй болохоор буцаад ороод ирлээ. Тантай хамт гарч хонь авах гэсэн юм” гэхэд нь би “За тэгвэл хамт явъя. Би хөдөө гэртээ очоод үлдэнэ” гэж хэлээд явахаар болоход П П-гийн мотоциклийг авч явахаар болсон. Тухайн үед П-гийн мотоциклийн хойд дугуй хагарсан байсан тул нөхөж аваад М-ыг сундлаад бид нар хөдөлсөн. Бид нар манай хөдөө байх гэрлүү хөдлөхийн өмнө мотоциклийн дугуй нөхөх зуур 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи уугаад  11 цагийн үед хөдөлсөн юм. Тэгээд бид нар зүүн гол гараад явж байтал мотоциклийн гинж мултарсан. Тэгэхээр нь гинжээ хийж аваад “Хамгийн ойрхон байх 2 айл уруу очоод гинжээ засъя” гэж ярилцаад Завхан аймгийн Ургамал сумаас манай суманд ирж зусаж байгаа 2 гэр дээр очоод П эхлээд орсон. Тэгж байтал араас нь М орсон бөгөөд тухайн үед би бие засчихаад араас нь гүйгээд ороход настай эмэгтэй мод барьчихсан “Та хоёр гарцгаа, явцгаа. Түлхүүр байхгүй гэхэд л болдог юм байгаа биздээ” гээд орилоод зогсож байсан. Тэгж байтал талийгаач “Энэ хэний газар шороо юм бэ” гээд газраас шороо самардаж аваад газар хаясан. Тэгтэл тэр эмэгтэй “Та нар мэддэг юмуу. Дарга нар чинь шийдчихсэн юм” гээд зандраад байсан. Тэр үед гэрийн баруун талд нэг хүн хэвтэж байсныг П очоод “Улаанаа бос” гээд хөлөөрөө түлхэхэд нэг настай хүн босож ирсэн бөгөөд бид нар тэгээд гэрээс гарцгаасан. Гэрийн гадна гараад “Явъя” гээд зогсож байтал сумын төв талаас өндөр хаазтай мотоцикльтой хүн ирээд ямар нэгэн үг дуугүй түлшин дээрээс урт мод аваад П уруу далайж цохиход П гараараа хаасан. Тэгтэл уг мод нь хугарсан бөгөөд дахин цохих гэтэл П зугатаасан. Тэгээд тэр залуу над уруу далайхад нь би зугатаах гээд эргээд харахад миний нуруу руу нэг удаа цохисон. Би цохиулаад эргээд харахад талийгаач М-ын араас нь дагз, шилэн хүзүү хэсэг рүү нь цохисон. Тэр үед Б гуай миний цээж рүү хүрзээр цохиод хөөсөн. Би хөөгдөөд эргээд ирэхэд М хоёр өвдөг, хоёр гараараа газар тулчихсан, толгойгоо гар дээрээ тавьчихсан доош тонгойгоод хэвтэж байхаар нь би очоод “Хүн алаад хаячихсан байна ш дээ” гэхэд П талийгаач М-ыг сэгсэрхэд босоод ирсэн. Тэгээд би  мотоцикль дээрээ суугаад хөдлөх гэтэл П М-ыг түшээд П-гийн араар суулгаад бид нар явсан. Би чигээрээ гэрлүүгээ чиглээд явсан ба би П-д хонь барьж өгөх гээд гэрийн хажуугийн толгой дээр байж байтал миний араас П ганцаараа ирсэн. Тэгэхээр нь би П-гаас “М яасан бэ” гэхэд “Тэнд бие засна гээд буусан. Тэгээд буцаад суусангүй. “Энд байж байя, чи хонио аваад ир” гээд үлдсэн” гэж хэлсэн гэсэн.  

                 ... Гэрийн гадна байхад Б П-г цохих гэхээр нь “Гарыг нь атгаад түлхсэн” гэж хэлж байсан. Талийгаач М-ыг зогсож байхад нь П араас нь толгойн ар дагз хэсэг рүү нь цохисон. Тэр үед М газарт дөрвөн хөллөөд унасан бөгөөд тэр үед зодоон намжсан. Тэгтэл П талийгаачийг очиж татаад, сэгсрээд босгосон. Босож ирээд талийгаач М “Явъя” гэж ганц л үг хэлсэн. Бид нар хамт явж байхдаа онхолдсон болон талийгаач газар унасан зүйл огт байхгүй. Зодоон болж байхад П-ын аав Б намайг хэд хэдэн удаа цохисон. П ирээд модоор бид нарыг цохиж байхад Б хүрз бариад миний цээжний хэсэг рүү нэг удаа цохиод намайг хөөгөөд яваад байсан. Би талийгаач М-ыг П-т зодуулснаас болж нас барсан гэж үзэж байна. Бид нар Б-ын гэрээс хэдэн цагт явсныг мэдэхгүй, үд өнгөрсөн байсан. Би толгод дээр гараад буцаад Н-ын гэрт очоод буцаж эргэхдээ Б-ыг аваад явж байгаад талийгаачийн цогцостой тааралдсан. Тэр газрууд хоорондоо 1-2 км зайтай газар байгаа юм” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 47-49х/,

                гэрч Н.Б-гийн 2017-10-19-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “ би хамгийн сүүлд Б-ын гэрт орсон, тэгэхд П газраар хэвтэж байсан Б-ыг хөл рүү нь өшиглөөд бос гэж хэлсэн, тэр үед Б гуай “ та нарт багаж байхгүй гэж хэлэхэд болох юм биш үү, хүн дээрэлхээд та нар” гэж хэлээд уурлаад зогсож байсан. Гэрт зодоон болоогүй, гадна гараад байж байтал сумын төвөөс мотоцикльтой  П гарч ирсэн. Яг тэр үед Б, талийгаач М нар бие бие барьцалдаад заамдалцсан зогсож байсан, П мотоциклиосоо буугаад тэр 2-ыг салгах гэж очоод газраас мод аваад цохих гэтэл дэргэд нь байсан П урдуур нь ороход модоороо цохиод эргээд намайг цохих гэж хөөгөөд дахин П уруу дайрахад тэр гэр тойроод гүйсэн. Тэгтэл П талийгаач М-ыг модоороо цохисон, талийгаач 4 хөллөөд суусан.  Тэр үед талийгаач М нь Б-ын ард нь гараад түүнийг дарчихсан байсан,  гэхдээ Б нь газар унаагүй, доош нь тонгойсон, 4 хөллөсөн байдалтай, талийгаач Б-ыг доош нь дарсан байдалтай байх яг тэр үед П талийгаачийн ар дагз уруу модоор цохисныг би харсан. Намайг байх хугацаанд П нь Б-ын охин Б өдөж хоргоосон зүйл гараагүй, надаас түрүүлж очоод ямар үйлдэл гаргасныг би мэдэхгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 231-232 х/ ,

                гэрч С.Б-ын 2017-08-20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би одоогоор Завхан аймгийн Ургамал сумын 3-р багт эхнэр Б болон хүү П-ын хамт мал маллан амьдардаг. Манайх 5 хүүхэдтэйгээс 4 охин, 1 залуутай. 4 охин гэр бүл болоод тусдаа гарчихсан ба ганц залуу П маань одоо бид хоёрын дэргэд байгаа. Манайх Завхан аймгийн Ургамал суманд амьдарч байгаад мал идэх өвс муутай тул Увс аймгийн Өндөрхангай суманд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нүүж ирээд “Наран” гэх газарт байж байгаад 06 дугаар сарын 26-ны өдөр “Хан хөхий” уулын ар давж зусаад, 07 дугаар сарын 07-ны өдөр Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг “Гурван гол” гэх газарт нүүж ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 18-ны шөнө би хонины отор хийж хоноод 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирээд хоол, цай идэж уугаад амарсан бөгөөд тухайн үед эхнэр Б болон охин Б,  Б-гийн 3-5 насны хоёр хүүхдийн хамт байж байтал үдээс хойш 15 цагийн үед байх,  Өндөрхангай сумын 3 залуу мотоцикльтой ирээд гэрт орж ирээд “Түлхүүр байна уу, мотоцикль засах гэсэн юм” гэхэд нь эхнэр “Манайд түлхүүр багаж байдаггүй, хүүхдүүд малд явахдаа авч явсан байна” гэхэд нэг залуу нь /миний хүү П-т зодуулсан залуу/ босож ирээд “Түлхүүрээ гаргаад ир, муу гуйлгачин. Ургамал сумын муу гуйлгачин, түлхүүрээ харамлаад байна уу. Маргаашийн дотор миний нутгаас нүүж зайлаарай” гээд над уруу дайрч давшлаад гэрт хэрүүл маргаан болж гэрээс гарцгаасан. Тэгээд гэрийн гадна хэрүүл маргаан болж байтал манай гэрийн зүүн талд миний охин Б-гийн гараас нэг залуу нь бариад авчихсан “Ярилцъя” гээд өдөж хоргоогоод байхаар нь би тэр залуу руу гүйж очиход нэг нь миний дээлний энгэрээс заамдаж барьж аваад намайг цохих гээд гараа далайхад нь би гараараа хамгаалсан. Тэр үед оторт явж байсан миний хүү П манайд хүмүүс ирсэн байсныг харсан бололтой мотоцикльтойгоо хүрч ирээд “Та нар яагаад хөгшин настай хүмүүсийг дээрэлхээд байна” гэхэд “Чи битгий донгосоод бай. Маргаашийн дотор нүүж зайл” гээд П-ыг зодох гээд 3-уулаа дайрсан. Тэгтэл П түлшэн дээр байсан 30 см орчим урт мод аваад нэг залуугийнх нь дал, мөр хэсэг рүү нь цохисон. Тэгээд  нөгөө залуучууд манай гаднаас мотоциклоо асаагаад П-оор цохиулсан залуу нь мотоциклийн араар суугаад манайхаас хөдлөөд зүүн зүг үрүү явцгаасан. Тэд нар явсны дараа П хэдэн бог мал руугаа буцаад явсан. Тэдгээр залуучууд анх намайг хэвтэж байтал манай гэрт орж ирээд “Босооч чи, тэр түлхүүр чинь хаана байна. Олоод ир” гээд дээрэлхүү хандаж, айлгаж сүрдүүлсэн. П-ын цохисон залуу манай гэрийн гадна байхад зүгээр байсан ба манай гаднаас мотоциклийн араар суугаад яваад өгсөн. Тухайн үед тэр залуучууд архи уучихсан согтуу явж байсан. Тэднийг бид огт танихгүй, өмнө нь манайхаар ирж байгаагүй юм” гэх мэдүүлэг,

                гэрч С.Б-ын 2017-08-20-ны өдөр дахин өгсөн “.... талийгаачтай цуг явсан П /өнөөдөр би харж нэрийг нь мэдэх болсон/ гэрт орж ирээд “Босооч” гээд миний нуруу хэсэг рүү өшиглөхөд нь би боссон. Гэрийн гадна талийгаач М намайг дарж газар унасан. Тэр үед миний хүү П П-тай барьцалдаж байснаа  Мыг араас нь далны дээгүүр цохих шиг болсон. Тухайн үед би газраас босоод ирэхийн хооронд талийгаач М-ыг П модоор цохичихсон. Анх тэдгээр залуучууд бид нарыг айлгаж сүрдүүлж байхад П ирж “Та нар яагаад настай хүн, хүүхдүүд айлгаад байгаа юм бэ” гэж хэлээд гүйгээд ирэхэд П П-ыг бариад энгэрээс нь заамдаад авсан. М цохиулчихаад босоод мотоциклийн ард суугаад явчихсан. П-ын талийгаач М-ыг цохисон мод нь 30-40 см урттай, холтосгүй, 2-3 хуруу орчим өргөн, 1 хуруу орчим зузаан мод байсан. Тухайн үед П хүн цохисон модоо буцаагаад түлшний мод уруу шидчихсэн байсныг нь миний эхнэр Б аваад сүхээр хагалаад гал уруу хийж шатаасан. Яагаад шатаасныг нь мэдэхгүй байна. Бодвол айж сандарсандаа шатаасан байх. Тэдгээр залуучуудын нэг нь болох П миний охин Б-гийн гарыг нь мушгисан бөгөөд өөр хэн нэгнийг зодоогүй. Тухайн өдөр хүйтэн сэрүүн байсан учраас би зузаан дээлтэй байсан тул миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Манай эхнэр Б тэдгээр залуучуудын өмнөөс “Манайд түлхүүр байхгүй, одоо явцгаа” гэж хэлж байсан. Тэдгээр залуучууд Б-ыг элдвээр хэлээд байхаар нь Б өмнөөс нь үг хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53х /,  

                гэрч Ш.Б-ын 2017-08-20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Б, охин Б, зээ С, Б бид нар гэртээ байсан ба хүү П, хүргэн А нар оторт явчихсан байсан. Гэтэл үдээс хойш  15 цагийн үед танихгүй 3 залуу  мотоцикльтой ирээд “Танайд мотоциклийн багаж байна уу” гэхэд “Мотоциклийн багаж байхгүй, хүүхдүүд оторт явахдаа аваад явчихсан байна” гэхэд “Та нар Ургамал сумын муу пизда нар. Өнөөдөр энэ газраас нүүж зайл” гэж хэлэхэд нь би  “Маргааш нүүе” гэж хэлсэн. Тэгтэл “Та нар муу пизда нар С даргад мөнгө өгөө юу” гэхэд нь би “Бид нар танай даргад ганц ч төгрөг өгөөгүй. Хоёр дарга хоорондоо тохиролцож 12 айлыг нүүж болно гэсэн юм байна лээ” гэж хэлсэн. Тэгтэл “Өнөө маргаашгүй нүүж зайл пизда нар” гэхээр нь би урдаас нь “Энэ газар шороонд чинь ирэх жил өвс ногоо ургаад хэвийн болчихно шүү дээ” гэхэд “Та хүний өмнөөс ямар их чальчдаг юм бэ” гээд гэрт хэвтэж байсан миний нөхөр Б-ыг өшиглөөд босгосон. Тэгээд тэр залуучууд гэрээс гарцгаасан. Гэрийн гадаа миний охин Б жаахан хүүгээ тэврээд зогсож байтал нэг бүдүүн залуу нь миний охины гарыг татаад Б-гаар оролдохоор нь би Бадмааг өмөөрч салгахад Б гэрлүү гүйж ороод ах П-луугаа утсаар залгаж дуудсан байсан. Түүнийг би сүүлд Б-гаас сонсож мэдсэн. Тэгтэл П ирээд нөгөө залуучууд уруу дайрахад нь би “Миний хүү хэрэггүй шүү” гэхэд П барьцалдаад түлшэн дээр байсан мод аваад нэг залууг цохисон. Тэгтэл тэр залуу цохиулчихаад газарт унаад газар суусан. Тэр үед зодоон зогсож тарган шар залуу нь цохиулсан залууг мотоциклийн ард суулгаж аваад зүүн тийш яваад өгсөн. Тэгтэл оройхон байж байтал нөгөө тарган шар залуу ирээд “Танай хүүгээр цохиулсан хүн үхчихсэн байна. Цагдаад мэдэгдэнэ” гэж хэлээд явсан. Тэдгээр залуучууд архи уучихсан согтуу байсан бөгөөд талийгаач М нь илүү согтолттой байсан. Талийгаач залуу П-оор цохиулаад газар унасан. Тэгэхэд нь П болон тэнд байсан хоёр залуу “Бос” гэж босгоод тарган шар залуугийн ард суулгаад явуулсан. Тэд нар манайхаас гараад зүүн тийш явж байгаад замдаа ороод яваад өгсөн. Тэдгээр залуучууд замдаа буусан эсэх талаар би огт анзаарч хараагүй. Манайхаас гараад зүүн тийш замд орж байхыг нь харчихаад би гэрлүүгээ ороод даралтын эм уугаад хэвтчихсэн юм. Би тэр 3 залууг танихгүй бөгөөд манайхаар урьд өмнө нь ирж байгаагүй залуучууд байсан. ...Манайх банз хагалаад түлш болгосон байсан бөгөөд талийгаачийг цохисон мод нь 30-40 см урттай, холтосгүй, 2 хуруу орчим зузаантай мод байсан. Тухайн үед П хүн цохисон модоо буцаагаад түлшний мод уруу шидчихсэн байсныг нь би аваад сүхээр хугалаад гал уруу хийж шатаасан. Би тухайн үед хүн цохичихсон мод байсан болохоор сэжиглээд шатаачихсан юм. Тэр 3 залуугийн бор дээлтэй, жижиг залуу нь их даруухан залуу байсан бөгөөд тэр залуу бид нарыг огт эсэргүүцээгүй, ямар нэгэн зүйл хэлээгүй. Харин нас барсан гэх залуу болон тарган шар залуу л олон зүйл яриад дайрч давшлаад байсан. Тухайн үед талийгаач гэх залуу хар хөх өнгийн дээлтэй, тарган шар залуу нь ногоон дээлтэй, нэг нь бор өнгийн дээлтэй байсан”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56х/,

                гэрч Б.Б-гийн 2017-08-20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би Завхан аймгийн Ургамал сумын 1-р багт нөхөр А болон 3 настай Б, 4 настай С нарын хамт амьдардаг бөгөөд Ургамал суманд амьдарч байгаад энэ зун өвс ногоо муу байсан тул манай аав Б-ынх Увс аймгийн Өндөрхангай сум уруу өвс ногоо бэлчээр сайтайн газар бараадаж зусна гэхээр нь аавынхаа гэрийг дагаж 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өндөрхангай суманд нүүж ирээд “Наран” гэх газарт 2 хоноод 06 дугаар сарын 26-ны өдөр “Хан хөхий” уулын ар давж зусаад, 07 дугаар сарын 07-ны өдөр Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг “Гурван голын Зүүн дэнж” гэх газарт нүүж ирсэн юм. 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр миний ах П, нөхөр А нар оторт явчихсан, манай аавын гэрт аав Б, ээж Б болон би хоёр хүүхдийн хамт байж байтал үдээс хойш 14 цаг өнгөрч байсан байх, Өндөрхангай сумын гэх танихгүй 3 залуу 2 мотоцикльтой ирсэн. Тэд гэр лүү орж ирээд “Танайд мотоциклийн багаж байна уу, мотоцикль засах гэсэн юм” гэхэд ээж “Мотоциклийн багаж байхгүй, хүүхдүүд оторт явахдаа аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгтэл ээжийн маань өмнөөс “Та нар Ургамал сумын муу пизда нар. Өнөөдөр энэ газраас нүүж зайл. Та нар С даргад мөнгө өгөө юу” гэхэд ээж тэр залуучуудын өмнөөс “Бид нар танай даргад ганц ч төгрөг өгөөгүй. Хоёр дарга хоорондоо тохиролцож манайх нүүж ирсэн” гэхэд “Өнөө маргаашгүй нүүж зайл пизда нар” гэсэн. Тэгтэл ээж тэр залуучуудын өмнөөс ганц хоёр үг сөрж хэлэхэд тэр залуучууд гэрээс гараад бид нар луу дайрч давшлаад, нэг бүдүүн залуу нь намайг татаж чангааж, миний гар, хөхнөөс бариад “Унтаж хэвтэе” гэж хэлсэн. Тэгтэл ээж ирж намайг салгахад нь би аавын гэр лүү орж айж сандарсандаа ах П луу өөрийнхөө 86447887 дугаараас ахын 89870223 дугаар луу залгаж “Манайд хүмүүс ирээд бид нарыг айлгаж сүрдүүлээд байна. Хурдан хүрээд ирээч” гээд уйлаад ярихад ах “Өндөрхангай сумын төвд явж байна, одоо очлоо” гэж хэлээд удалгүй  ирсэн. Ахыг ирэхэд нөгөө 3 залуу ах уруу дайрч нэг бүдүүн залуу нь ахыг “Хоёулаа эр хүн шиг зодолдъё” гэхэд ах “Зодолдохгүй. Та нар хөгшин хүмүүс, нялх нойтон хүүхдүүд үрүү дайрч айлгадаг юу юм” гэхэд нь би хоёр хүүхдээ аваад гэр лүүгээ орчихсон. Тэгээд тэр 3 хүн манайхаас мотоциклоо асаагаад яваад өгсөн. Нэг мэдэхэд оройхон манай гэрт цагдаа нар ирсэн. Тэдгээр залуучууд архи уучихсан согтуу байсан бөгөөд манайхаас зүүн тийш явчихсан. Би харахдаа зүгээр хэвийн байна л гэж харсан. Тэр 3 залууг би танихгүй, манайхаар урьд өмнө нь ирж байгаагүй” гэх мэдүүлэг / 1хх-ийн 57-58 х/ ,

          гэрч Б.Б-гийн 2017-10-15-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд би гэрээс гарахад дахин миний гараас татаж, намайг дарж авах гэхэд би уйлаад гэр  лүүгээ орж ах П луу залгаад “ манайд мотоцикльтой 3 залуу ирээд бид нарыг айлгаж дарамтлаад зодож цохиод байна” гэж яриад утсаа тасалсан. Тэгээд гэртээ уйлаад 2 хүүхэдтэйгээ байж байтал удалгүй гадна мотоцикль ирсэн. Тэр үед би айгаад гэрээсээ гараагүй. Тэд эхлээд гэрт  орж ирээд аавыг хэвтэж байхад нь өшиглөж босгоод чирээд аваад гарсан. Гадаа гараад маргалдаж зодолдоод байсан. Хэрэв тэр хүмүүс ирж бид нарыг айлгаж дарамталж зодож цохиогүй бол би ахыгаа дуудаж ийм байдалд хүрэхгүй байх байсан, би гомдолтой байна” гэх мэдүүлэг / 1- хх-ийн 233-234 х/,   

          гэрч Л.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн “Би Увс аймгийн Өндөрхангай сумын төвд ганцаараа амьдардаг юм. Би П гэх залууг 2016 оны хавраас хойш танина. Миний хүүгийн найз Н гэх залуутай хамт манайхаар орж, гарч танилцсан юм. Сумын төвөөр орж ирэхдээ таньж мэдэх айл цөөхөн тул манайхаар ирдэг юм. 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр П манай гэрт “Оторт яваад ирлээ” гэж хэлээд ирсэн. Тэгээд манайд утсаа цэнэглээд хэвтэж байтал үдээс хойш байх П-ын утас нь дуугарч П утсаа авч яриад  утсаа таслаад “Ааваа” гэж хэлээд  орилоод гэрээс гүйж гараад мотоциклоо унаад давхиад яваад өгсөн. П-ын гэр нь Зүүн дэнжид байдаг гэж хэлж байсан бөгөөд чухам хаана байдгийг мэдэхгүй байна. П луу хэн залгасныг мэдээгүй . Сүүлд сонсоход охин дүү нь залгасан байсан. Би тухайн үед хоол хийгээд гаргах гэж байсан бөгөөд П-ыг гүйгээд гарахаар нь “Хүүе хүү минь юу болов, хоол гарч байхад” гэж хэлэхэд П “Аав” гэсэн ганц үг хэлээд гүйгээд гарсан” гэх мэдүүлэг ,

          шүүгдэгч Б.П-ын “Би Завхан аймгийн Ургамал сумын 3-р багт аав Б, ээж Б нарын хамт мал маллан амьдардаг бөгөөд 2017 оны зун Завхан аймгийн Ургамал сум өвс ногоо муу гарсан тул 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өндөрхангай суманд отроор буугаад 2 хоноод 06 дугаар сарын 26-ны өдөр Өндөрхангай сумын нутаг “Хан хөхий” уулын ар давж зуссан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг “Зүүн дэнж” гэх газарт буугаад 08 дугаар сарын 16-ны өдөр аав Б-ын хамт Өндөрхангай сумын нутаг “Хосын бригад” гэх газарлуу оторт яваад 08 дугаар сарын 19-ний өдөр ирсэн. Манай одоогийн зусаж байгаа газар нь Өндөрхангай сумын төвөөс зүүн зүгт 2 км гаруй зайнд байдаг бөгөөд би 08 дугаар сарын 19-ний өдөр отроос ирээд шууд сумын төв орсон. Учир нь сумын төвд миний найз бүсгүй болох О-ын гэр байдаг тул би найз бүсгүйтэйгээ уулзахаар очиход О айлд байна гэхээр нь би тэднийд 11 цаг өнгөрч байхад очоод утсаа цэнэглээд байж байгаад хүргэн А-ыг “Чи аавтай цуг хонь туугаад ир” гэж хэлээд сумын төв рүү дуудсан. Тэгээд А-ыг аав дээр хүргээд буцаад аавыг мотоцикль дээрээ сундалж гэрт авч ирчихээд буцаад сумын төв рүү ороод байж байтал үдээс хойш цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна, миний утас уруу миний охин дүү Б уйлчихсан залгаад “Ахаа манайд 3 согтуу залуу ирээд бид нарт агсам тавиад, айлгаж сүрдүүлээд байна” гэхээр нь би Өндөрхангай сумын төвөөс мотоциклоо унаж “Зүүн дэнж” гэх газарт байх гэртээ очиход манай гэрийн гадна талийгаач М аавын дээлний энгэр хэсгээс заамдаад бариад авчихсан байхаар нь би мотоциклоосоо буугаад гүйгээд очих гэтэл П надад саад болох гээд намайг барьж авах гэхээр нь би П-д баригдалгүй хажуугаар нь зөрж өнгөрөхөд миний аавыг заамдаад бариад авчихсан байсан М аавыг газарт унагаагаад дээр нь гарчихсан байсан. Тэгэхээр нь би М-ыг очоод татахад М хажуудаа байсан мод аваад намайг цохисон. Тэгээд эргээд аавтай зууралдаад цааш нь харахад би түлшин дээрээс нэг мод аваад М-ын араас М-ын дал мөр хавьд цохисон, нэг цохиод аавыгаа салгасан. Тэгтэл тэд нар аавыг орхичихоод нар уруу дайраад цохих гэтэл аав, ээж хоёр хажуугаас орж ирээд салгасан. Тэр үед би маш их уурласан байсан тул тухайн үеийн асуудлыг тодорхой сайн санахгүй байгаа. Тэгтэл П “Чи надтай эр хүн шиг сайхан зодолдох уу. Май намайг цохичих” гээд гараа алдлаад зүтгээд байсан бөгөөд тэр үед аав, ээж хоёр “Одоо зодолдож болохгүй. Боль, боль” гээд байсан. Би ер нь огцом уурлаад хурдан гарчихдаг болохоор тэр үед М-ыг нэг удаа цохиод уур маань гарчихсан байсан. Тэгээд бид нар салахад П намайг заналхийлээд “Чи муу сумын төв орно шүү. Та нар зайлцгаа, өнөөдөр нүүж зайл” гээд хэрэлдэж байх хооронд Б мотоциклоо унаад түрүүлээд явчихсан. Тэгтэл араас нь П ч гэсэн мотоциклоо унаад явах гэхэд талийгаач М-ыг өргөж мотоциклийн ард суулгаад тэд нар явцгаасан. Тэд нар манайхаас зүүн зүг үрүү хөдлөөд явсан байх. Би яг сайн харж амжаагүй. Тэд нарыг явсны дараа би гэрт ороод нэг аяга цай уучихаад мотоциклоо унаад сумын төв рүү явсан. Гэрээс гарч явахдаа би тэд нарыг яасныг анзаарч хараагүй. Сумын төвд байж байтал аав маань залгаж “Нөгөө 3 залуугийн нэг нь хэвтээд үлдчихсэн байна” гэж хэлэхээр нь би “Аан тэгвэл наад хүн чинь тасраад уначихсан байна” гэж хэлсэн. Тэгээд сумын төвд байж байтал орой цагдаа нар ирэхээр нь би өдөр М-ыг цохисон асуудлын талаар асуух гэж байгаа юм байна гэж бодсон. Би талийгаач М-ыг модоор цохисны дараа П над уруу “Чи намайг цохичих. Хоёулаа зодолъё” гэж хэлж байхад талийгаач М хоёр хөлөө жийгээд газарт суучихсан байсан. Тэгж байтал П надаас салж мотоцикль дээрээ очиход нь би талийгаач М-ыг мотоцикль дээр нь хүргэж суулгасан. Талийгаач газарт сууж байсан.  Талийгаач М-ыг цохисон гэх модыг сүүлд ээж маань шатаачихсан гэсэн. Би тухайн үед түлшнээс аваад буцаагаад түлшин дээр шидчихсэн. Тэр мод 20-30 см урт, 2 хуруу өргөн, 1-2 хуруу зузаантай хуурай банзны тайрдас байсан. Хэр жинтэй байсныг мэдэхгүй 700-800 грамм байсан байх. Талийгаачийг цохиж байх үед манай гэрийнхэн бүгд гэрийн гадна байсан. Харин Б хаана байсныг анзаарч хараагүй. Намайг сумын төвөөс ирэхэд талийгаач М аавыг газарт дараад авчихсан байхаар нь би түүн рүү дайрахад миний хацар луу модоор цохисон. Тэгэхээр нь би буцаагаад түлшин дээр байсан модыг аваад талийгаачийг нэг удаа цохисон. Би тэр 3 залууг танихгүй бөгөөд сүүлд л нэрийг нь мэдэх болсон. Урьд нь манайд ирж байгаагүй. Би талийгаач М-ыг аавтай зууралдаад доош нь харчихсан байхад араас нь модоор нэг удаа дал, мөр хавьд нь цохисон. Тухайн үед манайд ирсэн 3 залуу нилээн согтсон байсан. Тэр 3 ижилхэн хэмжээний согтолттой байсан бөгөөд би тухайн үед эрүүл байсан. Намайг сумын төвөөс ирэхэд л аавыг талийгаач дараад авчихсан байсан. Тэр үед яагаад зодоон болсныг мэдэхгүй. Зодоон салаад би гэрлүү ороход ээж маань “Энэ залуучууд манайхаас мотоциклийн багаж асууж орж ирээд “Багажаа өгөөч” гэхэд нь “Байхгүй, хүүхдүүд аваад явсан” гэхэд гэрт хэвтэж байсан аав Б-ыг П өшиглөж босгоод “Хаанаас ирсэн сартуулууд вэ” гэж айлгаж дарамталсан гэсэн. Мөн миний эмэгтэй дүүг татаж чангааж “Яриа байна уу” гэж өдөж хоргоосноос болж хэрүүл маргаан болсон гэж хэлж байсан.  Завхан аймгийн Ургамал сумын 3-р баг, Өндөрхангай сумын манай зусаж байсан нутаг 2  хоорондоо 100 орчим км зайтай юм. Уг нь бид нар засаг дарга нарын зөвшөөрлөөр нүүж ирсэн. Бид нарыг сүрдүүлж хөөж туугаагүй бол тухайн үед ийм асуудал гарахгүй, би М-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдохгүй байх байсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг”-т тооцохоор хуульчилсан бөгөөд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хийсэн хариу үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгоно.

          Гэмт этгээдийн сэтгэл санааны гэнэтийн цочрол болон гэмт хэрэг үйлдэх санаа  нь хохирогчийн хууль бус үйлдлээс үүдэн гэнэт үүссэн байхыг шаардана.

                 Хохирогч Б.М болон түүнтэй хамт явсан Б.П, Н.Б нар 2017-08-19-ний өдрийн үдээс хойш С.Б-ын гэрт  согтуу ирцгээсэн байх ба гэрт орж ирэнгүүтээ Б.М нь “Та нар Ургамал сумын муу пизда нар. Өнөөдөр энэ газраас нүүж зайл. Та нар С даргад мөнгө өгөө юу, энэ хэний газар шороо гэдгийг мэдэж байна уу” гэх зэргээр гэрийн эзэгтэй Ш.Б уруу зохисгүй үг хэлээр дайрч доромжлон газраас шороо авч цацсан, түүнчлэн Б.П нь гэрийн баруун талд хэвтэж байсан С.Б-ын хөл рүү нь өшиглөж босгон гэрээс авч гарсан,  гэрийн гадна Б.П-ын дүү Б.Б-гийн гараас П барьж авсан, татаж түлхсэн, М нь Б.Б-той барьцалдаж ноцолдох зэргээр Б.П-ын гэр бүлийн гишүүд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхитэй үйлдлүүд хийгдсэн болох нь гэрч С.Б-ын “Тэгээд гэрийн гадна хэрүүл маргаан болж байтал манай гэрийн зүүн талд миний охин Б-гийн гараас нэг залуу нь бариад авчихсан “Ярилцъя” гээд өдөж хоргоогоод байхаар нь би тэр залуу руу гүйж очиход нэг нь миний дээлний энгэрээс заамдаж барьж аваад намайг цохих гээд гараа далайхад нь би гараараа хамгаалсан” гэх мэдүүлэг,

                гэрч Ш.Б-ын “...Гэрт хэвтэж байсан миний нөхөр Быг өшиглөөд босгосон. Тэгээд тэр залуучууд гэрээс гарцгаасан. Гэрийн гадаа миний охин Б жаахан хүүгээ тэврээд зогсож байтал нэг бүдүүн залуу нь миний охины гарыг татаад Б-гаар оролдохоор нь би Б-г өмөөрч салгахад Б гэрлүү гүйж ороод ах П луугаа утсаар залгаж дуудсан байсан” гэх мэдүүлэг,

                гэрч Б.П-гийн “Тэр үед миний араас М орж ирээд “Та нар хэний газар шороон дээр яваагаа мэдэж байна уу” гэж хэлээд газраас шороо самардаж цацсан.  Тэгтэл тэр айлын эмэгтэй “Та нар мэддэггүй юм уу. Бид нар сумын дарга нараас нь зөвшөөрөл аваад энэ газарт буусан” гэж хэлсэн. Тэгээд тэнд хэрүүл маргаан болж гэрээс гараад явах гэтэл гэрийн гадна хэрүүл үргэлжилсэн.  ... Би Бадмааг унтаж хэвтэе гэж татаж чангаагаагүй, гараас нь бариад түлхсэн, тэр үед уйлаад гэр лүүгээ орсон, дахин гарч ирээгүй, гэртээ уйлаад байсан” гэх мэдүүлэг,

         гэрч Н.Б-гийн “...2 гэр дээр очоод П эхлээд орсон. Тэгж байтал араас нь М орсон бөгөөд тухайн үед би бие засчихаад араас нь гүйгээд ороход настай эмэгтэй мод барьчихсан “Та хоёр гарцгаа, явцгаа. Түлхүүр байхгүй гэхэд л болдог юм байгаа биздээ” гээд орилоод зогсож байсан. Тэгж байтал талийгаач “Энэ хэний газар шороо юм бэ” гээд газраас шороо самардаж аваад газар хаясан. Тэгтэл тэр эмэгтэй “Та нар мэддэг юмуу. Дарга нар чинь шийдчихсэн юм” гээд зандраад байсан. Тэр үед гэрийн баруун талд нэг хүн хэвтэж байсныг П очоод бос гээд хөлөөрөө түлхэхэд нэг настай хүн босож ирсэн бөгөөд бид нар тэгээд гэрээс гарцгаасан.....Гэрийн гадна байхад Б П-г цохих гэхээр нь “Гарыг нь атгаад түлхсэн” гэж хэлж байсан. Талийгаач М-ыг зогсож байхад нь П араас нь толгойн ар дагз хэсэг рүү нь цохисон. Тэр үед М газарт дөрвөн хөллөөд унасан бөгөөд тэр үед зодоон намжсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

               

                Шүүгдэгч Б.П-ын дүү эмэгтэй Б.Б нь дээрхи байдлын талаар ах П-тоо утсаар хэлж, хурдан ирэхийг хүссэн, утсаар ярихдаа уйлж байсан нь шүүгдэгчийн сэтгэхүйн байдалд хүчтэй нөлөө үзүүлж, сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон гэж үзэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч дүүтэйгээ утсаар яриад ямар байдалтай гарч явсан талаар гэрч Л.Х  мөрдөн байцаалтад өгсөн “...П-ын утас нь дуугарч П утсаа авч яриад  утсаа таслаад “Ааваа” гэж хэлээд  орилоод гэрээс гүйж гараад мотоциклоо унаад давхиад яваад өгсөн. Сүүлд сонсоход охин дүү нь залгасан байсан. Би тухайн үед хоол хийгээд гаргах гэж байсан бөгөөд П-ыг гүйгээд гарахаар нь “Хүүе хүү минь юу болов, хоол гарч байхад” гэж хэлэхэд П “Аав” гэсэн ганц үг хэлээд гүйгээд гарсан” гэж мэдүүлсэн нь дээрхи байдлыг нотолж байна.  

                Өндөрхангай сумын төвөөс С.Б-ын гэр хүртэл 2 км орчим зайтай, Б.П нь сумын төвөөс гараад 3-4 минутын хугацаанд гэртээ ирсэн, түүнчлэн мотоциклиор маш хурдтай ирсэн талаар шүүгдэгч болон гэрчүүд  мэдүүлсэн ба П-ыг гэрийнхээ гадна ирэхэд хүмүүс барьцалдсан, ноцолдсон, хохирогч Б.М аав Б-ыг нь доошоо дарж тонгойлгосон, 4 хөллөсөн байдалтай ноцолдож байхыг хараад мотоциклиосоо буунгуут гүйж очиход Б.П, Б нар урдаас нь дайрсан ба тэднийг эсэргүүцэн газраас мод авч аавтай нь ноцолдож байсан Б.М-ын толгойны ар хэсэгт 1 удаа цохисон нь нотлогдож байна.  

                Шүүгдэгчийн хувьд ойр дотны хүмүүст буюу аав, ээж, дүү нарт нь аюул заналхийлэл учирч байгаа талаар дүүгээсээ утсаар сонсоод гэрийнхээ гадна ирэхэд тэр  нөхцөл байдал нь үргэлжилж байсан, өөрөөр хэлбэл аав Бынх нь эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл бодитой хийгдэж байсан нь түүнийг сэтгэл санааны гэнэтийн цочролд оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

                 Тодруулбал шүүгдэгч нь амь хохирогч Б.М болон Б.П, Н.Б нарыг урьд өмнө нь харж байгаагүй, таньж мэдэхгүй, ямар зорилгоор гэрт нь ирсэн талаар  мэдэх боломж байгаагүйгээс гадна гэрт нь өндөр настай аав ээж / С.Б 58 настай, Ш.Б 59 настай/, охин дүү, бага насны хүүхдүүд  үлдсэн байсан, тэднийх нь эсрэг хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл бодитой хийгдэж байгаа талаар утсаар сонсоод ирэхэд хүч хэрэглэсэн үйлдэл хийгдэж байсан нь түүний сэтгэцийн хэвийн байдлыг алдагдуулахад хүргэсэн гэж үзлээ .

                Шүүгдэгч Б.П-ын 1 удаагийн цохилтын улмаас хохирогч Б.М-ын биед  амь насанд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан болох нь Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №35 дугаартай шинжээч дүгнэлтээр тогтоогдсон.                 

                Иймд шүүгдэгч Б.П-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 14.874.700 төгрөгийн нэхэмжилж, холбогдох баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргасан байсан ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “ нийт 15 сая төгрөг нэхэмжилснээс 11 сая төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс бэлнээр өгсөн, үлдсэн 4 сая төгрөгийг дараа өгөхөөр ярьж тохиролцсон” талаар мэдүүлсэн болон  шүүгдэгч 11 сая төгрөг төлсөн, үлдсэн 4 сая төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч, энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан мэдүүлгээр нотлогдсон тул шүүгдэгч Б.П-оос 4.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.А-т олгохоор шийдвэрлэв.          

                2. Шүүгдэгч Б.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:  

                Шүүгдэгч Б.П нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Б.П нь Завхан аймгийн Ургамал сумын 3-р багт аав, ээжийн хамт мал маллан амьдардаг болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Ургамал сумын 3-р багийн Засаг даргын 2017-08-22-ны өдрийн 29 тоот тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.         

         Б.П нь сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай буюу хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоныг дурдах нь зүйтэй гэж үзэв.  

         Шүүгдэгч Б.П нь Монгол үндэсний бөх болон самбо, жүдо бөхөөр барилддаг, үндэсний бөхийн барилдаанаар сумын начин цолтой, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа сурлага, хүмүүжил, сахилга бат сайн, урлаг, спортын арга хэмжээнд идэвхитэй, амжилттай оролцож байсныг тодорхойлсон, нотолсон баримтууд болох суурь боловсролын гэрчилгээ, өргөмжлөлүүд, талархал, дурсамж, малчны мэргэжлийн үнэмлэх, залуу малчдын чуулга уулзалтанд оролцож байсан талаархи урилга, гэрэл зураг, сумын начин цолны үнэмлэх, Завхан аймгийн Ургамал сумын дунд сургуулийн сургалтын менежер, анги удирдсан багшийн тодорхойлолт,  залуу малчны хувьд хичээл зүтгэлтэй, сум, багийн олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, нэр хүнд сайнтай талаар тодорхойлсон Завхан аймгийн Ургамал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй байна.     

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж дүгнэв.

                Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

                Шүүгдэгч Б.П-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.П-оос гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шидвэрлэв.                                       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                1. Шүүгдэгч Б овгийн Б-ын П-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.П-оос 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж Увс аймгийн Өндөрхангай сумын 2-р багт оршин суугч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-т олгосугай.

           6. Шүүгдэгч Б.П-оос гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

                7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.П-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                             ДАРГАЛАГЧ,

                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН