Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/1150

 

Г.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2211 00576 1231 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын Б, 1999 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнерын мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... хорооллын ... тоотод оршин суух, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эдэлж дууссан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан;

Г.Б нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ... дүгээр байранд байх “Ж” ХХК-ийн ажлын байрнаас тус компанийн өмчлөлийн “Canon D80” загварын зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.132.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож 57 хоногийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 сар 27 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан 7 сар 27 хоногийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Өөрийн гэм буруу дээрээ гэмшиж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зүйн туслалцаа үзүүлж оролцсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Б-ын дараагийн үйлдэл шийдэгдэх гэж байгаа. Энэ хэргийн шүүхийн шийдвэр нь гарсан боловч өмгөөлөгчид гаргуулж өгөөгүй. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцоогүй. Гомдлын хугацаа дуусах гэж байсан учраас шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол гаргасан. Цагдан хорих 461 дүгээр ангид очиж Г.Б-оос шийтгэх тогтоолыг авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хамгийн бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчигдөөгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Энэ шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болохыг хүлээгээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дараагийн хэрэг шийдэгдэхээр хүлээж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК-д ажиллаж байгаад гарч явахдаа тус компанийн өмчлөлийн “Canon D80” загварын зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.132.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна.

Хохирогч “Ж” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.М нь: “...Манай дэлгүүрт дизайнераар ажилд орохоор Г.Б гэх залуу ирсэн. ...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажиллаж байхдаа 18 цагийн үед оффист ганцаараа ажил хийхээр сууж үлдээд гарахдаа манай компанийн өмчлөлийн “Canon 80D” загварын мэргэжлийн зургийн аппаратыг куртикнийхээ халаасанд хийгээд хулгайлаад гарсан. ...Энэ бүх үйл явдал манай байгууллагын хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа. ...” гэж болсон үйл баримт, эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийн шинж байдал, шүүгдэгч Г.Б-той ямар холбоо хамааралтай болох талаар тодорхой мэдүүлсэн /хх 12/ бөгөөд түүний мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч Ж.Б-ын: “...2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Г.Б гэх залуу ирээд бичиг баримтаа үзүүлээд зургийн аппаратыг дотор нь байх SD картын хамт 1.050.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр цагдаа ирээд Г.Б-ын барьцаанд тавьсан зургийн аппаратыг “Хулгайн эд зүйл” гэж хэлсэн. ...” /хх 20/ гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгаагаас гадна “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ЧД-1-22-502 дугаартай тайлан /хх 28-29/-аар  хохирогч “Ж” ХХК-ийн “Canon 80D” загварын зургийн аппарат, 32gb SD карт зэрэг эд зүйлсийг 2.132.800 төгрөгөөр үнэлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, шүүгдэгч Г.Б-ыг тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан нөхцөл байдалд тус тус тохирсон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/505 дугаар шийтгэх тогтоолоор Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялаас түүний тухайн хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 460 цагийн хугацаагаар тогтоосон байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4/12967 дугаар /хх 42/, 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/18528 /хх 90/ дугаар албан бичгүүдэд “Дээрх ялаас 32 цагийн ялыг эдэлж, 428 цагийн ялын үлдэгдэлтэй” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ ял эдэлсэн цагийг хасаж тооцохгүй орхигдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүхэлд нь нэмж нэгтгэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөн залруулах боломжтой гэж үзэв.

Иймд урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/505 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 428 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 54 хоногийн хорих ялын нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 7 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-ын хорих ялыг хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 540 /таван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 428 /дөрвөн зуун хорин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 54 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 /долоо/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж,

4 дэх заалтын “...7 сар 27 хоногийг...” гэснийг “...7 /долоо/ сар 24 /хорин дөрөв/...” хоногийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ