| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0167/э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 151
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ц-ий Б-д холбогдох эрүүгийн 1735001180097 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг Элит-45 айлын орон сууцны 405 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЭ58022879, Т овгийн Ц-ий Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Х-гийн “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би Онцгой байдлын газрын зүүн талд байрлах хүү Т-ын барилга дээр тоосго буулгахаар өөрийнхөө машинтай очоод зогсож байтал зүс таних Б гэх хүн ирээд “Хоёулаа уулзъя” гэхээр нь хамт хүү Т-ын хашааны баруун талын хашаа болох Э гэх хүний хашаан дотор орсон. Тухайн үед Э хашаан дотроо зогсож байсан бөгөөд Б намайг Э-гийн хажууд дагуулж очоод “Нэг шил архи өгчих” гэхэд Э түүнд “Чамтай архи уух зав надад алга” гэж хэлээд Б бид хоёроос холдоод явчихсан. Э явсны дараа Б надад “Чи нэг шил архи авч ирж өг” гэж хэлэхээр нь би түүнд “Чамд өгөх архи надад байхгүй. Чамтай архи уух зав алга. Би ажил ихтэй байна” гэж хэлээд Б-аас салж яваад машин дээрээ ирсэн. Тухайн үед би машинаа хашаа уруу оруулах гээд машиныхаа хажууд зогсож байтал Б миний хажууд ирээд “Чи ямар их зантай хүн бэ. Та нар манай 10-аад хүний нүд сохолж хаячихаад томроод байх шаардлагагүй” гэж хэлээд миний өмсөж явсан цамцны захаар хоолойг минь боогоод татаж, чирч байтал хажуугаар явж байсан танихгүй хоёр залуу ирж бид хоёрыг салгасан. Тэгээд Б-ыг жаахан намдах үед тэр хоёр залуу явсан бөгөөд тэр 2 залууг явсны дараа Б дахин намайг заамдаж барьж байгаад миний баруун талын чих, хацар хэсэгт гараараа нэг удаа цохиход миний толгой эргээд, маш хүчтэй өвдөлт мэдрэгдэж, манараад ухаан самуурсан. Түүний дараа Б дахин миний зүүн талын хацар луу гараараа цохисон. Тэр үед миний хүү Т хажуудаа нэг залуутай ирж салгахад Б намайг барьж байгаад хөлөөрөө миний давсаг, төмсөг рүү нэг удаа маш хүчтэй өшиглөсөн. Б-д өшиглүүлэхэд миний давсаг, төмсөг маш хүчтэй өвдсөн. Хүүхдүүд ирж салгасны дараа ч гэсэн Б над уруу дайрч давшлан, хэрүүл маргаан үүсгэж байсан. Тухайн үед манай гэрийнхэн цагдаад дуудлага өгсөн байсан. Миний толгой, төмсөг маш их өвдөж байсан тул би Б-тай хэрэлдэлгүй гудамжинд суугаад байсан юм. Удалгүй цагдаа нар ирж бид хоёрыг авч явсан. Тэгээд тэр оройгоо бие гайгүй байх гэж бодоод эмчид үзүүлэлгүй гэртээ очиж хоносон. Шөнө миний толгой, төмсөг маш их өвдсөн тул маргааш өглөө нь эмнэлэгт очиж биеэ үзүүлсэн. Б-д зодуулсны улмаас миний толгой, төмсөгөнд гэмтэл учирч, миний хиймэл шүд хугарч, доод үүдэн шүд хугарсан байсан. Миний хүү Т, Б-ын хүү хоёрын хооронд маргаан байсан байх. Тэгээд Б надад өш хонзон санаж ийм асуудал гаргасан байх гэж бодож байна. Тухайн өдөр Б архи уучихсан байсан боловч тийм ч их согтуу байгаагүй” гэх мэдүүлэг,
хохирогч Г.Х-гийн дахин өгсөн “ эмч нар намайг үзээд “Тархи доргисон, цавины баруун талд үрийн суваг, төмсөг орчим гэмтэлтэй тул яаралтай эмнэлэгт хэвт” гэж хэлсэн тул би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэс заслын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байтал гар хөлд саажилт өгч мэдээгүй болж эхэлсэн тул дахин толгойн КТГ шинжилгээ хийлгэсэн. Мөн урьдын гэмтэл хэвээр гарсан тул Улаанбаатар хотод яаралтай очиж шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмч нарын шийдвэр гарсан. Тэгээд би эмнэлгээс гарч 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот уруу явж 3 дугаар эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариуг эмчид үзүүлэхэд “Тархины цусан хангамж дутагдалтай, судас битүүрсэн, тархинд харвалт өгсөн байна. Хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Судсанд анго хийнэ” гэж хэлсэн тул би анго хийлгэж 12 хоног хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд тархины судас залгах, судсанд стенк тавих хагалгаануудыг хийхээр эмч нарын шийдвэр гарсан. Би урьд өмнө нь толгой тархиндаа гэмтэл авч байгаагүй. Би энэ гэмтлийг авснаас хойш тасралтгүй 31 хоног эм тариаг эмчийн заалтаар хийлгэж, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт 22 хоног хэвтэж эмчлүүлсний үр дүнд хөл, гарт мэдээ орж хөл дээрээ явдаг болсон. Б нь миний эмчилгээний зардлыг төлж өгсөн. Надад одоо Б-д гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
гэрч Б.Ж-гийн “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш гадуур ажилтай явж байгаад 19 цагийн үед гэртээ очиход манай аав Б-ыг Х гэх хүнтэй зодолдож цагдаа уруу явсан байна гэж миний дүү Л надад хэлсэн. Манай гэр Х-гийн хүү Т-ын хашааны хойд талд хамар хашаа юм. 2017 оны 07 сарын сүүлээр би Эрдэнэт хот уруу явчихсан байхад Т манай хашаан дотор дизель кран машин хэдэн өдөр ажиллуулсан ба машины утааны улмаас манай гэрт байсан эхнэр Г болон гурван хүүхдийн нүд нь өвдсөн юм шиг байсан. Тухайн үед би байгаагүй. Хүүхдүүд болон эхнэрийн нүд хэдэн өдөр улайж хавдсан тул эм түрхэж байгаад гайгүй болгосон байсан. Манай эхнэр, хүүхдүүд тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Энэ асуудлаар аав Б Х гэх хүнтэй уулзаж ярилцах гэж байгаад ийм асуудал гаргасан юм шиг байна. Манай эхнэр хүүхдүүдийн нүд одоогоор ямар нэг гэмтэлгүй, эрүүл саруул байгаа” гэх мэдүүлэг,
гэрч Б.Т-ын “2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Т нь Б, А нарын хамт хашаан дотроо автомашины граж барьж байсан юм. Би тухайн өдөр хашаан дотор байх автомашины сэлбэгийн дэлгүүртээ худалдаа хийж байсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед намайг дэлгүүр дотор байхад гаднаас А орж ирээд “Цагдаа дууд. Х ахыг Б гэдэг хүн зодчихоод агсам тавиад байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд дэлгүүрээс гарахад хашааны гадна Б “Хүүхдийн нүд сохлоод хаячихлаа” гэж хэлээд орилоод хадам аав Х уруу дайрч байсныг нь А, Т хоёр салгаад зогсож байсан. Тэгээд Б хадам аав уруу дайраад салах шинжгүй байхаар нь дахиад цагдаа уруу залгахад “Дуудлагаар цагдаа нар явсан. Одоо очих байх” гэж хэлсэн. Би тэнд жаахан зогсож байгаад дэлгүүр лүү хүн орохоор нь дагаж орж худалдаа хийчихээд гарахад аав хашааны гадна ёолоод сууж байхаар нь би аавын хажууд очиход аавын чихний гадна хэсэгт шалбарсан байдалтай цус гарч байсан. Удалгүй цагдаа нар ирээд Б, аав Х хоёрыг аваад явсан. Б-ын хүү Ж манай хашааны баруун талын хашаанд амьдардаг юм. Бид нар тэдний хашаанд зуурмагны машин байрлуулж ажиллууснаас болж “Ж-гийн эхнэр хүүхдүүдийн нүд өвдлөө” гэж Б уурлаж хэрүүл хийсэн байсан” гэх мэдүүлэг,
гэрч Х.Т-ын “....Тэгээд бид барилга дээрээ ажиллаж байтал надтай хамт ажиллаж байсан А надад “Танай аавыг нэг хүн барьчихсан хоолойг нь боож байна” гэж хэлэхээр нь харахад Б гэдэг хүн аавыг цамцных нь захаар хоолойг нь боочихсон зогсож байсан. Тэгээд би Ад “Чи очоод тэр хоёрыг салгачих” гэхэд А граж дээрээс үсэрч буугаад тэр хоёр дээр очоод салгах гээд салгаж чадахгүй болохоор нь би өөрөө бууж очоод салгах зуур Б гараараа хоёр удаа аавын толгой, шанаа уруу нь цохьсон. Мөн Б аавын цавь уруу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Б-ыг А бид хоёр барьж байсан бөгөөд барихгүй бол аавыг зодож, цохих гээд байсан. Б аав уруу “Чиний хүзүүг чинь хэрчиж ална” гэх мэтээр янз бүрийн үг хэлээд дайраад байсан. Тэгээд А бид хоёр Б-ыг барьж байгаад тавихад Б газраас чулуу аваад аавыг цохих гэхэд нь бид нартай хамт ажиллаж байсан Б гэх залуу Б-ын гарнаас чулууг нь авсан. Намайг харахад Б аавын толгой, шанаа уруу гараараа цохиж байсан. Мөн цавь уруу нэг удаа өшиглөсөн. Өөрөөр зодож цохьсон эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
гэрч А.Б-ын “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр танил Т-ын барилга дээр ажиллаж, би доороос нь авч өгөх зүйлийг авч өгөөд тусалж байсан. Үдээс хойш Т ахын аав Х машинтайгаа тоосго ачиж ирээд гражийн барилгын хажууд зогчихоод тэр хооронд байж байсан. Нэг харахад Б гэх хүн Т-ын хашааны баруун талын хашаанаас гарч ирээд такси барих гээд гараа өргөөд гудамжинд зогсож байсан. Тэгээд би ажлаа хийгээд байж байтал барилга дээрээс А бууж ирээд “Т-ын аавыг хүн зодож байна” гэж хэлээд хашааны хаалгаар гараад явсан. Тэр үед хашааны гадна хүмүүс маргалдаж байгаа чимээ надад сонсогдсон. Гэхдээ би ямар хүмүүс маргалдаж байгааг хараагүй. А гараад явсны дараа барилга дээрээс Т буугаад А-ын араас гараад явахаар нь би тэр хоёрын араас хашааны гадна гарахад Х гуайн хувцаснаас Б гэх хүн барьчихсан, А, Т хоёр тэр хоёрыг салгах гээд зогсож байсан. Тэгээд би тэд нарын хажууд очиход Х ахын чихнээс цус гарч байсан. Б-ын гарыг А, Т бид гурав тавиулж салгасны дараа Б дахин Х ахын хажууд очоод нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод, давсаг уруу нь нэг удаа өшиглөхөд Х ах давсгаа дараад доош суусан. Тэр үед Б-ыг А, Т хоёр цааш нь түлхэж салгахад Б газраас чулуу авахаар нь би Б-ын гараас чулууг булааж авч хаясан. Б Х ахыг “Ална” гээд дайраад байсан. Тэгтэл А надад “Чи энэ хавийн чулууг авч хая. Үгүй бол чулуу аваад цохиж магадгүй” гэхээр нь би тэр хавьд байсан чулуунуудыг авч хол хаясан. Тэгээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд Б, Х ах хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг,
гэрч О.А-ын “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Т гэдэг айлын гражийн барилга дээр ажиллаж байсан. Үдээс хойш 16 цаг өнгөрч байхад Т бид хоёр гражийн дээвэр дээр ажиллаж байтал Т ахын аав Х гуайг Б гэх хүн боогоод зогсож байхыг би харчихаад Т-т “Танай аавыг Б боочихсон зогсож байна” гэж хэлээд би дээвэр дээрээс түрүүлж буугаад тэр хоёрыг салгах гээд очиход Б, Х ахыг унагаагаад дарчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд ноцолдож байтал Т ирж бид хоёр Б, Х ах хоёрыг газраас босгож Б-ын гарыг Х ахын хувцаснаас тавиулах хооронд Б Х ахын баруун талын шанаа, чих хавьд гараараа нэг удаа цохид, давсаг уруу нь нэг удаа өшиглөсөн. Х ах өшиглүүлсөн дороо эвхрээд суучихсан. Т бид хоёр Б-ыг салгаад цааш нь дагуулж холдуулахад Б газраас чулуу авсан. Тэр үед Б бид хоёр Б-ын гараас чулууг булааж авч хаясан. Б ер нь агсам хүн байна лээ. Х ахад “Хоолойг чинь хэрчиж ална. Чамайг ална” гээд дайраад байсан. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай эхнэр О элэгний вирусын шинжилгээ өгөөд хариу нь гайгүй гарсан тул би баярлаад гэртээ 100 гр архи уусан юм. Өмнө нь элэгний шинжилгээ өгөхөд хариу нь муу гарч байсан юм. Тэгээд би 10 дугаар багт байдаг хүү Ж-гийн гэрт очихоор тэдний гэрийн хажууд очиход зүүн талын хашааны гадна Х зогсож байхаар очиж уулзсан. Би Х-тай уулзаад “Хашаан дотор дизель машин ажиллуулах хортой юм байна” гэж хэлсэн. Тэгтэл Х “Тийм зүйл байхгүй” гэж хэлэхээр нь би түүнд “Чи хийсэн алдаагаа хүлээдэггүй яасан мэдрэлгүй нөхөр вэ” гэж хэлээд заамдаад зогсож байтал хүүхдүүд нь ирж бид хоёрыг салгасан. Бид хоёрыг салгаж байхад Х миний нүүр рүү нэг удаа гараараа цохих шиг болохоор би түүнд “Чи хүн цохьдог хэн бэ” гээд хөлөөрөө түүнийг өвдөг хавьд нь хальт өшиглөсөн. Манай хүүгийн хашаанд Х-гийн залуу нь дизель машин ажиллуулснаас болж манай хүү Ж-гийн гурван хүүхдийн нүд улайж өвдсөн юм. Энэ асуудлыг би Х-д хэлсэн. Би өөрийн гэм бурууг хүлээж байна. Надад нэг удаагийн сануулга болсон асуудал боллоо. Х нь УБ хот уруу явж оношилгоо хийлгэж эмнэлэгт хэвтсэн. Миний бие Х-тай уулзаж, уучлалт гуйсан, эмчилгээний зардлыг төлж өгсөн . Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1177 дугаартай : “Шинжээч эмч О.Пунцагийн 2017.09.26-ны №581 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Г.Х-гийн биед дагз ясны цуурал, тархины доргилт, доод баруун 1, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун чихний орчмын шарх, баруун гуя, хярзан хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Х-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгох зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 581 дүгээр Шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд уг дүгнэлтээр хохирогч Х.Х-гийн биед дагз ясны заадсаар цуурсан хугарал, тархины доргилт, доод үүдэн шүд хөдөлсөн, баруун чихний орчмын зулгаралт, баруун талын төмсөг, үрийн сувгийн зөөлөн эдийн няцрал үүссэн, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт хамаарах гэмтэл гэж тогтоосон, уг дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч дахин шинжилгээ хийлгэх Прокурорын тогтоол гарсан байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1127 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 581 дүгээр дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, Х.Х-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон байна.
Хохирогч Х.Х-гийн биед тухайн үед дагз яс заадсаар цуурсан гэмтэл, тархины доргилт гэмтэл учирсан нь 2017 оны 9 дүгээр сарын 27, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд авахуулсан толгойн томографик зураг /эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан байгаа/-т 2017-10-26-ны өдөр эмчийн бичсэн онош, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Тархины MRI шинжилгээний хариу /эмчийн 2017-10-31-ний өдрийн бичвэр/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх бөгөөд уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасан “гавлын хүнхрээ буюу суурь ясны хугарал, заадсын салалт” гэх хүнд зэргийн гэмтэлд хамаарахгүй байна.
Иймд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1127 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Х-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Х-гийн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 2.389.350 төгрөг нэхэмжилсэн ба уг мөнгийг шүүгдэгч Ц.Б төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, мөн 2017.11.25-ны өдөр Ц.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэх хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь 1958 онд төрсөн, 59 настай, эхнэрийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн Засаг даргын 2017-11-30-ны өдрийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаас үүссэн хор уршигийг арилгасан буюу хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно .
Шүүгдэгч Ц.Б-д ял шийтгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овгийн Ц-ий Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН