Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1164

 

 

 

 

       2022           12           08                                             2022/ДШМ/1164

 

М.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Хулан,     

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2211000001422 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.А нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоот дахь зуслангийн байшиндаа өөрийн эхнэр Ч.Нтэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, гуя руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, баруун нүдний зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэст зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Буудай овогт Мижиддоржийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие М.А нь прокурор Ц.Хуланг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хохирогч Ч.Нийн өгсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх өргөдөл, саналыг хэрэгт хавсаргаж өгөөгүй, шүүгчид танилцуулаагүй, мөн тэрээр надад өөрийн хэлж байсан төлөвлөсөн ял шийтгэлийг 500 нэгж байсанг тухайн шүүх хуралд 1.000 нэгж болгож шүүгчид яллах дүгнэлтээ танилцуулсан гэх мэт албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, ёс зүйн алдаа дутагдал гаргаж хууль зөрчсөн гэж үзэж байна. ...” гэжээ.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.А нь хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Мөн М.А нь утсаар холбогдоод “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж болох уу” гэж асуухад нь прокуророос “хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх юм бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Прокуророос 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргана. Та ял шийтгэлтэй гэж санд бүртгэгдэнэ” гэж тайлбарлахад хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй буюу “ял шийтгэлтэй гэж санд бүртгэгдэх байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авна” гээд гараад явсан. Ингээд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Хохирогч Нээс “гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээ гаргаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн. Энэ нь хууль зөрчөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалгаан нөхцөлд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

М.А нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоот дахь зуслангийн байшиндаа өөрийн эхнэр Ч.Нтэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, гуя руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, баруун нүдний зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

“...Ч.Нийн биед хамрын нуруу, баруун нүдний зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10164 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-22/,

хохирогч Ч.Нийн “...гэр бүлийн маргаанаас болж хэрэлдэх явцдаа би Аын футболкыг татаад урчихсан юм. Тэгтэл А уурлаад миний хамар, нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, зүүн гуя, бугалга хэсэг рүү бас нэг удаа цохьсон. ...Миний зүүн бугалга, зүүн гуя, нүд, хамар хэсэгт хөхөрсөн. Эдгээр гэмтлийг нөхөр А гараараа цохиж учруулсан. Намайг цохиж байхыг харсан хүн байхгүй, манай бага насны 2 хүүхэд байшингийн 2 дугаар давхарт унтаж байсан. ...” /хх 11-13/,

яллагдагч М.Аын “...эхнэр Ч.Нтэй гэр бүлийн шалтгаанаас болж хоорондоо маргалдсан. Гэтэл манай эхнэр уурлаад над руу нулимж, миний футболкийг урчихсан. Тэр нь манай аавын футболк байсан ба би уурандаа эхнэр Нийн нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгээд футболкийг ураад байхаар нь хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Манай бага насны 2 хүүхэд байшингийн дээд давхарт унтаж байсан ба би эхнэртэйгээ 1 дүгээр давхарт маргалдсан. Болсон асуудлыг харсан, сонссон хүн байхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. ...” /хх 28-29/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн М.Аыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч  М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

М.А нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх 29/ гэсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана: 6.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт. ...”, 7 дахь хэсэг “...Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана. ...” гэж заасны дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ааас “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно. ...” гэж, 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана. ...” гэж, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна. ...” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч М.А нь хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаагүй байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ