Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 152

 

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

    Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор: Б.Баярмагнай,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.О,

    Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Х-ын Б-д холбогдох эрүүгийн 1735001250074 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 10-16 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЗ71042711, Х овгийн Х-ын Б.

    Холбогдсон хэргийн талаар:

                Шүүгдэгч Х.Б нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Увс аймгийн Хяргас сумын 2-р багийн нутаг “Хөх дэрсэн” гэх газарт 58-55 УВХ улсын дугаартай “Аксент” маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 9.2-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.О-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Х.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  

                 Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Увс аймгийн Хяргас сумын 2-р багийн нутаг “Хөх дэрсэн” гэх газарт 58-55 УВХ улсын дугаартай “Аксент” маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  2.7а, 9.2-д тус тус заасныг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.О-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, автомашинд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

               хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн “ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагийн орчим хадам эгч Б хүн над руу утасдаад “Үзүүрийн булаг”-ийн наад талд осол гарсан гэнэ. О-ын сууж явсан машин юм байна. Амьд байгаа эсэхийг мэдэхгүй байна, эмнэлэг, цагдаагийн машин явчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсныг мэдээгүй тул айж сандраад Б-гийн эхнэр, хүүхдийг аваад Наранбулаг сум руу явсан боловч цагдаагийн машинтай зөрсөн тул уулзаж чадалгүй буцаж Улаангомд орж ирээд цогцос хадгалах газрын үүдэн дээр ирээд цагдаа нартай уулзаж, О-ыг нас барсан талаар мэдсэн юм. 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой 18:00 цагт Б машинтайгаа ирээд О-ыг аваад гар аргаар алт олборлохоор явсан юм. Тэр хоёр алт олборлох талаар сүүлийн хэд хоног ярьж байгаад явахаар болж ойр зуурын зүйлсээ бэлтгээд явахдаа “ замдаа Наранбулаг сум орж хоноод цаашаа явна” гэж ярьж байсан юм. Талийгаач гэрээсээ явахдаа биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан. Талийгаач болон Б нар манайхаас хөдлөх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Талийгаач О надаас бензиний мөнгө гэж 100.000 төгрөг аваад явсан юм. Тэд найз нөхдүүд тул хэрэлдэж маргалдаж байгаагүй, дотно найзууд байгаа юм. Талийгаач гэрээсээ гарч явснаас хойш надтай холбоо бариагүй. Тухайн үед Б нь жолооны эрхээ хасуулчихсан байсан тул миний нөхөр О Б-гийн автомашиныг байнга жолоодож явдаг байсан. Тэр хоёр ер нь салдаггүй найзууд бөгөөд нэг нэгнийхээ гэр орноор байнга орж гарч байдаг, хаа нэг газар луу явсан ч хамт явдаг байсан юм. Тэр өдөр ч О Б-гийн саарал өнгийн “Хьюндай аксент” маркийн машиныг жолоодоод явсан. Сүүлд сонсоход Наранбулагийн бензин колонкоос цааш Б жолоодож явсан байсан. Б манайд ирж надтай уулзахдаа “Би машин жолоодож явтал руль  жолоодлогогүй болсноос осол болсон. Тухайн үед замдаа 1 шил болон тал шил архи хувааж уусан” гэж ярьж байсан. Миний хувьд нөхрийгөө ослын улмаас алдаж 8 наснаас 17 насны 4 хүүхдийн хамт хоцорсон. Би өөрөө хувиараа дээл оёж зах дээр зарж мөнгө олж амьдардаг. Нөхөр маань хувиараа гар аргаар алт олборлож амьдралд дэм болдог байсан юм. Б нь миний нөхрийн дотны найз бөгөөд ар гэрийн амьдрал нь биднээс дээр гараад байх зүйлгүй, хүнд амьдралтай хүн байдаг юм. Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

     хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “: Б нь манай талийгаачтай олон жил нөхөрлөж байгаа, бидэнтэй ах дүү шиг дотно харилцаатай байсан. Энэ хэрэг гарснаас хойш өмнөх шигээ байгаагүй гэж бодож байна.  Би эхэндээ магадгүй энэ хүн айж, эмээж, зовж байгаа гэж боддог байсан. Гэтэл Б надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Намайг өвчтэй байгааг энэ хүн мэдэж байгаа, бид ямар нэг байдлаар энэ хүнд дарамт учруулаагүй. Анх манайд ирэхэд нь би  “Та миний нүдэнд битгий үзэгдээч, өөр би таниас юу ч хүсэхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед миний сэтгэл санаа маш хүнд байсан учир энэ хүнийг харахаар бүр хүнд хэцүү байсан тул би тэгж хэлсэн. Тэгтэл энэ хүн миний хэлсэн үгээр далимдуулсан уу  яасан уу,  дахиж ирээгүй. Анх эхнэр нь манайд ирэхдээ  300.000 төгрөг үлдээгээд явсан. Дараа нь миний дансаар 5 сая төгрөг шилжүүлсэн. 18 жил хамт амьдарсан ханиа алдсан надад ямар байгааг та нар ойлгож байгаа шинж алга гэж бодож байна. Анх манайд мөнгө өгөхөөр ирэхэд  миний хүү “Бидний зүгээс танд гомдол тэмцэл байхгүй ээ. Харин миний аав нас барах үедээ юу гэж хэлсэн бэ” гэж хэлээд үнэнийг сонсохыг хүссэн. Гэтэл одоо хүртэл үнэнийг хэлж өгөөгүй тул би Б-д гомдолтой байна. Баалайхүүд ах дүү, хань нөхөд байна. Би 2 сар юу ч хэлэхгүй тэвчсэн. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө энэ хүнд би гомдолгүй гэж хэлсэн. Энэ хүн надаас ялгарах юмгүй тул гомдол тэмцэлгүй гэж боддог байсан. Гэтэл өчигдөр өмгөөлөгч нь над уруу залгаад “Мөнгө авсан гэж бичиг хийж өгөөч” гэхэд би их гайхсан. Мөнгөөр хүний амийг үнэлэхгүй байх, би мөнгө нэхэмжлээгүй. Өөрсдөө миний данс руу мөнгө хийсэн байсан. Би хань нөхрөө алдсан, миний дөрвөн хүүхэд өнчирсөн, бага хүүхэд маань өглөө босоод ааваа нэхэж байна. Би анхандаа энэ хэргээс болж 4 хүүхэд маань Б ахыг буруугаар ойлгож, өш хонзон санах вий, зодоон цохион болчих вий гэж айж эмээсэндээ хэл үг гаргаагүй, гомдолгүй гэж хэлж байсан боловч Б нь хийсэн үйлдэлдээ харамсах сэтгэл огт гаргахгүй байгаа тул гомдолтой байна. Би Б-г биднээс сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүссэн. Харин мөнгө нэхэмжлээгүй. Би ходоодны шархлаа өвчтэй хүн, энэ их зовлонг дааж цаашид амьд явах эсэхээ мэдэхгүй байна. Энэ хүн намайг байхад уучлалт гуйгаагүй юм чинь миний хүүхдүүдийг харж хандаж явах эсэх талаар мэдэхгүй байна. Нэхэмжлэл гаргаж чадахгүй, харин хоёр талын ах дүү нараасаа тусламж дэмжлэг аваад амьдарсан нь дээр байх  гэж бодож байна” гэх мэдүүлэг,

               гэрч Н.Б-ийн “...Бид Улаангомоос Б-гийн эзэмшлийн 58-55 УВХ улсын дугаартай саарал өнгийн аксент маркийн машинаар 18.00-19.00 цаг орчимд “Морьтын гуанз” орохоор хөдөлсөн юм. Би нутгаар дайрч өнгөрөх тул нутаг усандаа дээж өргөх зорилгоор 1 шил 0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи авч явсан. Бид замдаа “Сүүж” гэх газар орчимд харанхуй болсон байхад очоод замын хажууд зогсож байгаад би авч гарсан архиа задалж 3-лаа хувааж уусан. Түүний дараа О бас нэг шил 0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи гаргаж ирж задалж хувааж уусан юм. Бид Улаангомоос гарч явахад О машин жолоодож явсан бөгөөд замд Наранбулагаас цаагщш гарахдаа жолоогоо Б-д шилжүүлсэн. Түүнээс цааш Б машин жолоодож явсан юм. Бид харанхуй шөнө болсон байхад “Хар тэрмэс” амралтын газрын орчимд явж байх үед би арын суудалд ганцаараа сууж яваад унтчихсан. Нэг сэрэхэд машин донслоод хазайчихсан явсан бөгөөд өндийх хооронд машин өнхрөөд явчихсан. Тэгээд нэг сэргээд харахад би машин дотор сууж байсан. Б түрүүлээд буусан, би араас нь буугаад харахад талийгаач машины баруун талд машин зам хоёрын дунд замын далангийн налуу хэсэг дээр хэвтэж байсан. Б талийгаачийг өргөж зам дээр гаргаж замын шороон хэсэг дээр тэгш газарт хэвтүүлсэн юм. Би талийгаач дээр очиход ухаангүй хөдлөхгүй байсан. Тэгээд замын машиныг Б зогсоож уулзаад цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөч гэж хэлсэн. Осол гарах үед Б машиныг жолоодож явсан. Автомашин юунаас болж онхолдсоныг би мэдэхгүй, тухайн үед унтаж байсан юм. Сүүлд Б надад “ машины түлхүүр сугарч унаад тоормоз дарах гээд андуурч хаазаа дараад уначихлаа” гэж хэлж байсан. Бид гурав замдаа 2 шил 0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи хувааж уусан юм. Бидний сууж явсан машин зөв талдаа рультэй бөгөөд зүүн урд суудалд Б сууж машин жолоодож явсан. Баруун урд суудалд О сууж, би арын суудалд сууж байсан. Өөр хүн байгаагүй. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Б мөн гэмтээгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

               гэрч Ц.О-гийн “2017 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө “Үзүүрийн булаг” чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Зам тээврийн осол гарсан. Хүний бие муу байна” гэх дуудлагын дагуу Наранбулаг сумаас хэсгийн цагдаа Б болон жолооч нарын хамт  03:00 цагт осол болсон гэх газарт очиход замын хажуу талын шороон зурвас дээр нэг хүн хэвтэж байсан ба хажууд нь 2 хүн байсан. Мөн замын дэргэд шороон хөрсөн дээр саарал өнгийн суудлын автомашин ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү харсан байдалтай зогсож байсан. Замын хатуу хучилттай хэсэг дээр машины эд анги тарж бутарч цацагдсан байсан. Тэгээд би газарт хэвтэж буй хүнд үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд болох пульс буюу судасны цохилт байхгүй, хүүхэн хараа өргөссөн, зүрх зогссон, амьсгалахгүй, бүх бие нь хөрч хөхөрсөн, үе мөч нь хөшсөн байсан. Намайг очиход уг хүн нас барсан байсан бөгөөд хажууд байсан 2 хүний биед нь үзлэг хийхэд ил харагдах бэртэл гэмтэлгүй, “Өвдөж зовиурласан зүйл байхгүй” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

               гэрч Р.Ө-ын “2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01.26 цагийн үед “Үзүүрийн булаг” чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлагын дагуу би эмнэлгийн пургон машинтай эмч О, цагдаа Б нарын хамт Наранбулаг сумаас гарч осол болсон газарт очиход замын шороон зурвас дээр нэг хүн хэвтэж байсан. Замын хажууд цогцосноос холгүй саарал өнгийн 58-55 УВХ улсын дугаартай “Аксент” маркийн автомашин баруун хойд зүг рүү харсан байдалтай зогсож байсан. Газарт хэвтэж байсан хүнд эмч О үзлэг хийхэд уг хүн нас барчихсан байсан бөгөөд осол болсон газарт байсан 2 хүний биед нь ил харагдах гэмтэлгүй, зүгээр байсан. Зам дээр автомашин өнхөрсөн байдалтай шилний болон хуванцар эд ангийн хэлтэрхий хагарч, бутарч тарсан, автомашин нэлэнхүйдээ хонхойж гэмтсэн байсан” гэх мэдүүлэг,

               гэрч П.Ч-ийн “Би 2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өндөрхангай сумын Б багийн төвд өвс буулгаад өөрийнхөө эзэмшлийн “Исузу” маркийн 18-25 УВХ улсын дугаартай ачааны автомашинтай Улаангом сумруу буцаад ирж явтал шөнийн 00:50 цаг орчимд “Үзүүрийн булаг”, “Хар тэрмэс” хоёрын дунд орчимд замын ертөнцийн зүгээр урд талд нэг машин онхолдсон бололтой замын хажууд зогсож байсан. Зам дээр 3 хүн байсан бөгөөд 1 хүн нь хэвтээ байдалтай байсан. Хажууд нь нэг хүн сууж байсан. Бас нэг залуу нь намайг очиж зогсоход гүйж ирж уулзсан юм. Тухайн үед би тэр хүнээс “Тусламж хэрэгтэй юу” гэж асуухад “Цагдаад дуудлага өгмөөр байна. Хүн нас барчихлаа” гэж хэлсэн юм. Би тухайн үед машинаасаа буугаад ерөнхий байдлыг нь хараад хэвтэж байсан хүн дээр ойртож очилгүй шууд явсан юм. Тэр хүмүүс ч бас “Та хурдан явж дуудлага дуудаач” гэж хэлээд хоцорсон юм. Би тэндээсээ хар замаар явж “Хар тэрмэс” амралтын газарт ирж сүлжээтэй газраас эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм. “Хьюндай аксент” маркийн 58-55 УВХ улсын дугаартай суудлын автомашин байсан юм. Зам дээр машины шил, эд анги тарж асгарсан байдалтай байсан. Машин өнхөрсөн бололтой хонхойж, шилнүүд нь хагарч, машины их бие хэлбэрээ алдсан байсан” гэх мэдүүлэг,

               гэрч Х.Б-ийн “Би 2017 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 01:40 цагт Наранбулаг суманд хэсгийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байтал цагдаагийн газрын жижүүрээс над руу утасдаж “Хяргас нуурын хөвөөнд зам тээврийн осол гарсан байна” гэж мэдэгдсэн тул энэ талаар сумын эмнэлгийн эмчид мэдэгдэж эмнэлгийн пургон машинтай осол болсон газар луу явсан. Биднийг осол болсон газарт 02:50 цагийн орчимд очиход замын хажууд машин зогссон байдалтай, замын захын шороон зурвас дээр нэг хүн хэвтэж байсан. Машины хажууд хоёр хүн сууж байсан. Эмч тэдгээр хүмүүст үзлэг хийхэд газарт хэвтэж байсан хүн нас барчихсан, нөгөө хоёрт нь гэмтэл учраагүй байсан. Бид уг газарт шөнө харанхуйд очсон бөгөөд зам дээр машины эд анги тарж хагарч бутарсан, цацарсан байдалтай замын хажууд байгаа машин өнхөрсөн бололтой үрчийж гэмтсэн байсан. Би хүн нас барсныг мэдээд жижүүр лүү мэдэгдэх гэсэн боловч сүлжээгүй газар байсан тул замын унаанд хэлж сүлжээтэй газраас дуудлага өг гэж хэлсэн юм. Түүний дагуу аймгийн төвөөс бүрэлдэхүүн ирэх хүртэл осол болсон газрыг хамгаалалтанд авсан юм. Тухайн үед талийгаач бор өнгийн дээлтэй байсан бөгөөд дух, баруун шанаа, зүүн хацар орчимд зулгаралт үүссэн байсан. Би цогцост гар хүрээгүй, хөдөлгөөгүй юм. Автомашин ертөнцийн зүгээр баруун зүг рүү чиглэж замын хажуу талд зогссон байсан. Салхины шилнүүд хагарч хаалга тааз зэрэг нь гажсан байсан. Б гэх хүн Наранбулаг сумаас уг автомашиныг жолоодож “Морьтын гуанз” орохоор явж байх замдаа осолдсон гэж хэлж байсан. Б надад хэлэхдээ “Үүрэглэж яваад нэг мэдэхэд замын хажуу талд гарчихсан байсан. Энэ хүнийг эмч иртэл тэсэх боловуу гэтэл нас барсан байна” гэж хэлж байсан. Машинд явсан гэх хоёр хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг,

               гэрч М.А-гийн “...Өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Наранбулаг суманд концерт үзэж байтал 22:00-23:00 цагийн орчимд О ах над руу утсаар залгаад “Би танайхаас аяга авмаар байна” гэж хэлэхээр нь би гарч уулзахад О ах халамцуу байсан бөгөөд түүнтэй хамт Б болон нэг зүс таних хүн хамт байсан. Тэд бүгдээрээ архи уучихсан бололтой, халамцуу байсан ба “Архи авна, дэлгүүр онгорхой байгаа юу” гэж надаас асуугаад манайхаас нэг шаазан аяга аваад явсан юм. Би тэднээс салж яваад буцаж очоод концертоо үргэлжлүүлэн үзэж байтал О ах над руу дахин утасдаад “МФ хөгжмөө аваад ир, “Ундрах” ШТС дээр байна” гэж хэлсэн тул би МФ хөгжим тоглуулагчийг түүнд аваачиж өгсөн юм. Тухайн үед тэд саарал өнгийн “Хьюндай аксент” маркийн 58-55 УВХ услын дугаартай автомашинтай явсан юм. Эхлээд надаас аяга авах үед О ах автомашиныг жолоодож явсан. Түүний дараа МФ хөгжим аваачиж өгөх үед “Ундрах” ШТС дээр уг автомашиныг Б жолоодож явсан юм” гэх мэдүүлэг,

                  Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн №42 дугаартай Задлан шинжилгээ хийсэн актад: “Талийгаач Б.О-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Талийгаач Б.О-ын биед тухайн үед дараахь гэмтлүүд үүссэн. Үүнд: Гавал ясны /зулай, чамархай, дагзны/ хугарал, цээжний зүүн талын 2, 3, 4, 5, 6, цээжний баруун талын 3, 4, 5-р хавирга далны шугамаар хугарсан. Зүүн хөлний өвдөгний үений дээд хэсгээр битүү хугарсан. Дотор эрхтэн, сэмж, чацархайн хэсэгт цус харвалт үүссэн. Хацар, нүүр, 2 гарын сарвуу, шуу, нуруу, гуя, шилбэний хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн цус харвалт. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болох үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач Б.О-ын биед үүссэн дээрх гэмтлүүд амьд үед нь үүссэн ба шууд үхэлд хүргэсэн. Талийгаач Б.От үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач Б.О-ын цус болон ходоодны шингэнд этилийн спирт агуулагдаж байгаа нь Шүүх, химийн шинжилгээгээр батлагдсан, Талийгаач Б.О нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан ба энэ нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлөхгүй. Талийгаач Б.О-ын үхлийн шалтгаан нь гавал тархины хүнд гэмтэл болон дээрх хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутлаар нас барсан байна. Талийгаач Б.О нь осол болсон тухайн цаг хугацаанд шууд нас барсан байна” гэх дүгнэлт,                 

                Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Б-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 25 тоот шинжээчийн: “Жолооч Хожгор овогтой Б нь 2011.04.18-ны өдөр Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг “БМ” авто сургуулийг “В” ангиллын жолоодох эрхтэй төгссөн. 2015.12.31-ний өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1-д заасан үндэслэлээр жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар Хуулсан. Жолооч Х.Б нь замын хөдөлгөөнд оролцсон. Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дүгээр заалт: “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.7 дугаар заалт: “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн дүрмийн 9.2 дугаар заалт: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг Хаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг жолооч Х.Б тус тус зөрчсөн. 58-55 УВХ улсын дугаартай “Хьюндай Аксент” маркийн автомашинд учирсан гэмтлийг Увс аймгийн Авто тээврийн төвийн “Гэмтлийн акт”-аар тогтоогдсон байна. Жолооч Х.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а, 9.2-д заасныг зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөл болсон. Техникийн эвдрэл гэмтэл осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зогсоох арга хэмжээ аваагүй үйлдэл нь осол гарах шууд шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт,

           Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Уг осол Хяргас нуурын хөвөөнд “Хар тэрмэс” өнгөрөөд цаашаа “Үзүүрийн булаг” орох хооронд хатуу хучилттай зам дээр болсон юм. Осол болоход шөнийн 00:00 цаг өнгөрч  байсан байх гэж бодож байна. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй шөнө болсон байсан. Тухайн үед буюу Наранбулаг сумаас гараад осол болох хүртэл би машиныг өөрөө жолоодож явсан. Бид гурав замдаа 0,5 литрийн 2 шил архи хувааж уусан. 3 дахь шилийг задлаад О, Б нар нэг нэг хундага уусан байсан. Б сүүлийн архины үлдэгдлийг осол болсны дараа “Энэ архинаас боллоо” гэж хэлээд хол шидчихсэн юм. Уг автомашин миний өөрийн эзэмшлийн “Хьюндай аксент” маркийн 58-55 УВХ улсын дугаартай саарал өнгийн суудлын автомашин байсан юм. Би Улаангомоос хөдлөхдөө машинаа засуулаад явсан. Бүх зүйл зүгээр ажиллагаатай байсан. Кондукторын түлхүүр сул ордог тул холхиотой байсан. Осол болох үед түлхүүр сугарч унаад машин унтарсан бөгөөд араа салгаагүй байсан тул дахин хааз өгөхөд асчихсан юм. Миний машин механик хроптой зөв буюу зүүн талдаа рультэй машин байгаа юм. Осол болсны дараа талийгаач ухаангүй байсан. Талийгаачийн баруун шанаа, дух орчимд язарч цус бага зэрэг гарсан байсан. Тухайн үед автомашин 40-50 км/ц хурдтай явсан. Осол болсны дараа машины арааг үзэхэд 3-р араанд байсан. Би осол болох үед жолооны ард сууж байсан. Баруун талд урд суудалд О, арын суудалд Б сууж явсан юм. Би одоогоор талийгаачийн ар гэрийнхэнд учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байгаа. Цаашид нөхөн төлж барагдуулах болно. Эхнэр нь “Таныг харахаар сэтгэл эмтрээд байна. Та манайхаар нэг хэсгтээ битгий үзэгдээрэй” гэж хэлсэн тул очихгүй байгаа. Цаашид учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулах болно. Би уг осол гарч хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Талийгаач миний дотно, хүүхэд байхын найз маань байсан юм. Амьдрахын төлөө бие биедээ тус дэм болоод явдаг байсан юм. Миний хувьд сэтгэл санаа маань хямралтай байна. Миний ар гэрийн байдал гэвэл эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг, би өөрөө ажилгүй, эхнэр маань мөн ажилгүй, 9-23 насны 6 хүүхэдтэй, өрхийн тогтсон орлого байхгүй, би гар аргаар алт олборлох, энэ унаагаараа таксинд явж амьдралаа залгуулдаг байсан. Миний буруугаас болж өөрийнхөө амьдрал, найзынхаа аминд хүрсэндээ маш харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахаас айгаад эмээгээд  байнга очиж чадахгүй байгаа. Гэрт нь очоод уулзая, орж гарч байна гэж бодоод  очдог ч гэрийнх нь гадна очоод орж чадалгүй буцдаг. Түлээ нүүрс, өвлийн идэш хүнсэнд нь нэмэр болно гэж бодоод 5 сая төгрөг данс руу нь шилжүүлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж  байна ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.    

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 10 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө архи ууж согтуурсан үедээ “Хьюндай аксент” маркийн 58-55 УВХ улсын дугаартай саарал өнгийн суудлын автомашин жолоодсоноос зам тээврийн осол гарч хүний амь хохирсон нь гэрч Н.Б, гэрч Х.Б, М.А нарын мэдүүлэг, жолооч Х.Б-гийн согтуурал шалгасан магадлагаа /1.03 хувийн согтолттой/, шинжээчийн “ жолооч Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар заалтад: “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдаж, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.  

    Иймд шүүгдэгч Х.Б-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

    Шүүгдэгч Х.Б нь “B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх /жолоодох эрхийн  үнэмлэхний дугаар 11050128/-ээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар хасуулсан байсан нь хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газраас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 88-р тал/ гэх баримтаар нотлогдож байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад дээрх гэмт хэргийг үйлдсэнийг дурдах нь зүйтэй.                                                                               

    Х.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ын амь нас хохирсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохиролд 5.300.000 төгрөг өгсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О болон  шүүгдэгчийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Х.Б-гээс нэхэмжлэх зүйл байхгүй ” гэж мэдүүлсэн, түүнчлэн учирсан хохирлын талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид  байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж тус тус заасны дагуу гэм хор учруулсны төлбөрийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй  гэж үзэв.  

                2. Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:  

                Шүүгдэгч Х.Б нь согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч Х.Б-гийн хувийн байдал, амьдралын талаар гэрч М.Д-ын “Б нь миний нөхөр байгаа юм. Бид 2 гэр бүл болоод 25 жил болж байна. Бид 8-24 насны 6 хүүхэдтэй бөгөөд 2 дахь охин тусдаа гарч өрх тусгаарласан. Нөхөр бид хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлого байхгүй тул би улирлын чанартай хүнс ногоо тарих ажилд туслахаар ажиллаж хэдэн төгрөг олдог. Нөхөр маань ойр зуурын хар бор ажил хийдэг. Заримдаа гар аргаар алт олборлохооор хөдөө явдаг байсан юм. Ар гэрийн амьдарлын хувьд бид Улиасны хэвд байрлалтай хашаатай бөгөөд монгол гэрт амьдардаг юм. Нөхөр маань хувьдаа “Хьюндай аксент” маркийн 58-55 УВХ улсын дугаартай автомашинтай байсан боловч ослын улмаас эвдэрсэн тул зарим сэлбэгийг нь аваад үлдэгдлийг нь хог дээр хаячихсан юм. Нэг тугалтай үхэр, 30 орчим ямаа, 10 хонь, нийт 40 гаруй малтай. Өөр ямар нэгэн хөрөнгө, эд хогшил гэх зүйл байхгүй. Сургуулийн насны 3 хүүхэдтэй, 1 хүүхэд маань  хөдөө хэдэн малаа маллаж байгаа. Б нь хааяа найз нөхдийн хүрээнд архи уучихдаг, гэхдээ архи эрж хайж дурлаж уудаг хүн биш. Архи уусан үедээ агсам согтуу тавиад, уурлаж уцаарлаад байдаггүй, дуу цөөтэй, ар гэртээ халамжтай, амьдарлын төлөө, хэдэн хүүхдүүдээ хоосон хонуулахгүй гэж зүтгэж яваа хүн юм. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй” гэх мэдүүлэг,

                гэрч Х.Д-ын “Б нь миний төрсөн дүү байгаа юм. Б нь даруу төлөв зантай, архи тамхи, хэрэглээд байдаггүй, элдэв муу зуршилгүй, хүнтэй харьцах харьцаа сайтай, үг дуу цөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай хүн. Хувьд ноогдох хөрөнгө гэхээр зүйл багатай. Улиасны хэвд хашаа, гэртэй. Хувьдаа нэг машинай байсан бөгөөд түүгээрээ таксинд явж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан боловч эрхээ Хуулаад түүнээс хойш төв дотор машин барихаа больсон. Сая уг машинаа жолоодож яваад осолд ороод машин нь эвдэрчихсэн тул хог дээр аваачиж хаясан байсан. Хувьдаа 40 орчим бог мал,  ганц тугалтай үнээтэй бөгөөд өөр хөрөнгө хогшил гэхээр зүйл байхгүй. 6 хүүхэдтэй бөгөөд том нь 24 настай, бага нь 8 настай. Нэг охин нь тусдаа гарсан. Урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй хүн юм” гэх мэдүүлгүүд болон Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн Засаг даргын 2017-11-07-ны өдрийн 1316 тоот тодорхойлолт зэрэг авагдсан байх ба шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.

                Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохиролд 5.300.000  төгрөг төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж дүгнэв.  

                Шүүгдэгч Х.Б-д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.             

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

           1. Шүүгдэгч Х овгийн Х-ын Б-г согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар Хч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

       4. Шүүгдэгч Х.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.300.000 төгрөг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

                6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ,

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН