| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00557/и |
| Дугаар | 152/ШШ2024/00463 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2024/00463
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, ... дүгээр барилга, .... тоотод байрлах, .... регистрийн дугаартай, Бэрс финанс ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Тээвэр гудамжийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Л ургийн овогт С-ын З-гийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Л ургийн овогт Б-гийн А нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,862,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.З, Б.А нар нь тус компанитай 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №2101130102006658 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9,500,000 (есөн сая таван зуу мянга) төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн С.З өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Тээвэр гудамж 411 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Г-1520004479 дугаартай, №000514390 гэрчилгээтэй, 722 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-1520003312 дугаартай, №000149202 гэрчилгээтэй, 42 м.кв хувийн орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, барьцааны гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажуулсан. Уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр С.З, хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.А нар оролцож барьцаат зээлийн гэрээгээр зээл төлөх үүргийг тус тус хүлээсэн. Зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарь гаргаж сар бүр тогтмол дүнгээр буюу 417,009.75 төгрөгийн хийхээр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж зээлдүүлэгч талын төлөөлөгч болон зээлдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч зээлдэгч нар нь 56 дахь хоног дээр төлөлтийг хийж түүнээс хойш дахин 153 дахь хоногт төлөлт хийж нийт 2 удаа төлөлт хийсэн түүнээс хойш дахин төлөлт хийхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна. Зээлдэгч нарын зээл төлсөн тухай эксель хүснэгтийг гаргаж салбарын захирал гарын үсгээ зурж баталгаажуулан энэхүү нэхэмжлэлд хавсаргав. Зээлдэгч С.Зтай холбогдоход би энэ зээлийг төлөх боломжгүй, Б.А хүүдээ дамжуулаад хэлье гээд утсаа салгадаг. Харин хамтран зээлдэгч Б.А руу холбогдоход удахгүй төлнө, одоо мөнгөгүй байна гэх тайлбар өгдөг ба салбарын утасны дуудлагыг огт авдагтүй болно. Энэхүү зээлийн гэрээ нь 48 сарын хугацаатай буюу 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дуусахаар байгаа ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 5.1-д зээлийн гэрээг зээлдэгч зээл төлөх үүргээ хугацаанд нь төлөөгүй бол зээлдүүлэгч талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлах заалттай тул дээрх заалтын дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдэх хуудсыг үндсэн зээлдэгч хаяг дээрээ байхгүй байсан учраас хамтран зээлдэгч Б.Ад өгсөн болно. (хавсаргав) Зээлдүүлэгч байгууллагаас дээрх зээлдэгч нарт зээлээ төлөхийг удаа дараалан шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээл төлөх оролдлого хийхгүй байсаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа 476 хоног хэтэрсэн байна. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 8,904,222 төгрөг үндсэн хүү 4,965,575 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 993,115 төгрөг, нийт 14,862,912 (арван дөрвөн сая найман зуун жаран хоёр мянга есөн зуун арван хоёр) төгрөгийг зээлдэгч С.З, Б.А нар төлөхөөр байна. Үндсэн зээлийн үлдэгдэл болох 8,904,222 төгрөгий 3.5 хувь буюу 311,647 төгрөг /энэ нь 1 сарын хүү/. Нэг сарын хүү буюу 311,647 /30 хоног*478 хоног = 4,965,575 төгрөг болно. Монгол Улсын Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т ззасны дагуу үндсэн зээлийн хүүний өрийн 20% буюу 993,115 төгрөг байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн бүгд дүн 14,862,912 төгрөг (арван дөрвөн сая найман зуун жаран хоёр мянга есөн зуун арван хоёр) төгрөгийг зээлдэгч С.З, Б.А нараас гаргуулж "Бэрс финанс ББСБ" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,264.56 төгрөгийн хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нармандах, хариуцагч С.З, Б.А нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бэрс финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.З, Б.А нарт холбогдох иргэний хэргийн зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,862,912 төгрөгийг хариуцагч С.З, Б.А нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлөхөө илэрхийлсэн ба дээрх төлбөрийг доорх байдлаар хэсэгчлэн төлж барагдуулахаар хариуцагч нарын гаргасан саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд хүргүүлж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,862,912 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 4,862,912 төгрөг тус тус төлж дуусгахаар тохиролцсон болно. Хариуцагч нар нь дээрх хуваарийн дагуу төлбөрөө хийгээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлэхийг ойлгосон болно. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,264 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хийсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК нь хариуцагч С.З, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,862,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.З, Б.А нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, талууд зээлийн төлбөрийг төлөх хугацааны хувьд харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 14,862,912 төгрөгийг 3 хувааж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 4,862,912 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрлэсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,264.56 төгрөгөөс 116,132.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 116,132.28 төгрөг, хариуцагч С.З, Б.А нараас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 14,862,912 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232,264.56 төгрөгийн тал хувь 116,132.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч С.З, Б.А нар зээлийн төлбөрийг төлөх хугацааны хувьд харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 14,862,912 төгрөгийг 3 хувааж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 4,862,912 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 14,862,912 төгрөгийг хариуцагч С.З, Б.А нар нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,264.56 төгрөгөөс 116,132.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 116,132.28 төгрөг, хариуцагч С.З, Б.А нараас 116,132.28 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ