| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0162/э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 154
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ын С-нд холбогдох эрүүгийн 201520000418 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Сантмаргац сумын 2-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ИК94112810, Б овгийн Э-ын С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Өвөлжингүүд” гэх газраас хохирогч Х.Д-ын 2 адуу, хохирогч Ц.Ц-ийн 11 адуу, нийт 13 тооны адууг хулгайлж, нийт 6.550.000 төгрөгийн учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Э.С-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Өвөлжингүүд” гэх газраас хохирогч Х.Д-ын 2 тооны адуу, хохирогч Ц.Ц-ийн 11 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хураан авах тогтоол, 13 тооны адууг Э.С-гээс хураан авсан болон хохирогч Ц.Ц-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Ц-ын 2016-01-06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “ 2015 оны 10 дугаар сарын 30-ны орой манай 3 азарга адуу Цагааннуур багийн нутаг Бугатайн гол дээр ус уугаад гарч байхад нь би адуун дээрээ очиж бүртгээд орхисон. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө адуугаа цуглуулах гээд очтол манай 3 азарга адуунаас 2 азарга адуу алга байсан тул тухайн өдөр тэр хавийн газруудаар хайгаад олоогүй байж байтал маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өглөө эрт манай алга болсон нэг азарга адуу Сантмаргаз сумын нутаг дэвсгэр “Маргаз” уулын чиглэлээс гүйж ирсэн. Ингээд адуугаа бүртгэхэд хээр морь, сартай хүрэн эр унага дутсан. Нөгөө азаргатай адуу нь буцаж ирээгүй. Миний өөрийн 11, дүү Д-ын 2 тооны нийт 13 тооны адуу хулгайд алдсан юм. Манай адуу Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Өвөлжингүүд” гэх газраас хулгайлагдсан. Би адуугаа хайж сурагласаар явж Завхан аймгийн Сантмаргаз сумын харъяат Э-ын С гэгч хүн хулгайлсныг олж мэдсэн. Тэгээд Завхан аймгийн цагдаагийн алба хаагч нар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сантмаргаз сумын нутаг дэвсгэр “Хунтын тойруу” гэх газарт С болон түүний аав Э нараар миний 11 адууг туулгаж ирээд надад хүлээлгэн өгсөн. Тухайн үед С нь надад “Таны оодон шар хээр байдас байхгүй, харин саарал байдас бол байгаа, гэхдээ алдчихсан байгаа, би хайж олоод зүсээр нь аваачиж өгнө” гэж хэлээд өгөлгүй өдийг хүрсэн. Миний хулгайд алдагдсан адуунд хурдан адуу байгаагүй. Харин бүгд хурдан угшилтай адуунууд байсан. Завхан аймгийн цагдаагийн алба хаагч нар надад миний алдсан 13 тооны адуунаас зүсээр нь 11 тооны адууг хүлээлгэж өгсөн. Харин миний оодон шар хээр байдас, дүү Д-ын саарал байдас нар ирээгүй. Тэгээд зүсээрээ ирээгүй хоёр байдасны оронд 2-лаа хур дэлтэй, хар саарал зүсний нэг нь ширээтэй дором, нөгөө нь бүдэг сартай хэлтэй буудай тамгатай 2 байдас /нас ижил/-ыг надад хүлээлгэж өгсөн. Би 2015 оны 11 дүгээр сарын 01-ээс хойш өөрийнхөө мотоциклоор Өндөрхангай сумын Батсайхан, Цалуу, Цагааннуур, Жаргалант багийн нутаг, Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дэвсгэрээр, Ц-ын хамт түүний “Старикс” маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ машинаар Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай сумын бүх нутаг дэвсгэрээр, багийн дарга С-ийн хамт түүний “Уаз 469” маркийн машинаар /улсын дугаарыг нь мэдэхгүй/ Завхан аймгийн Сантмаргаз, Ургамал сумын нутгаар тус тус адуугаа эрж хайсан. Би тухайн үед хулгайд алдсан адуугаа хайж 200 литр дизель түлш, 300 литер А-80 бензин зарцуулсан юм. Тухайн үед би адуугаа нийт 15 хоног хайсан ба би замд таарсан газраасаа шатахуун, бензин авч байсан. Тухайн үед надаас 980.000 төгрөгийн зардал гарсан. Тухайн үед С болон түүний эцэг Э нар нь надаас уучлалт гуйгаад “Саарал байдсыг зүсээр нь авч ирж өгнө. Мөн танд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэж хэлсэн боловч өдийг хүртэл өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг,
хохирогч Ц.Ц-ын мөрдөн байцаалтад 2017-11-21-ний өдөр дахин өгсөн “2015 оны 10 сарын 30-аас 11 дүгээр сарын 1-ний үед би өөрийн 11 тооны, дүү Д-ын 2 тооны адууг хулгайд алдаж хохирсон юм. Уг явдлаас хэд хоногийн дараа Завхан аймгийн Мандал сумын цагдаагийн тасгийн дарга Н гэх хүнээс Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт оршин суух С гэх хүн миний адууг хулгайлсан тухай сураг сонсож С-гийн аавын гэрт нь очиж С-тэй уулзахад бидний адууг хулгайлсан талаараа хэлж хэргээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүний дагуу би адуугаа Сантмаргаз сумын “Хөтгөрийн элс” гэх газраас очиж зүсэлж үзэхэд бидний 11 тооны адуу зүсээрээ байсан бөгөөд 2 тооны байдас дутсан юм. Тухайн үед С аавын хамт адууг хүлээлгэж өгсөн ба дутсан 2 байдасны оронд адил насны 2 байдас өгснийг нь би авсан. Одоо надад ямар нэгэн хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Бидний хулгайд алдсан адуунууд дотор хурдан удмын адуу байсан боловч сойж уралдуулж, уралдаан тэмцээнд айрагдаж байсан адуу байгаагүй. Гүү голдуу адуунууд байсан юм. Одоо надад С-гээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, гомдол саналгүй ” гэх мэдүүлэг,
хохирогч Х.Д-ын 2016-01-06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “ Манай өөрийн цөөн хэдэн тооны мал ах Ц-ын маллагаанд байлгадаг юм. Манай ахын 3 азарга адуу нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны орой Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг дэвсгэр “Бургатайн гол”-оос ус уугаад гарахдаа бүрэн байсан гэсэн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө адуун дээрээ очиход 2 азарга адуу нь алга болсон байсан ба нэг азарга адуу нь буцаж гүйж ирсэн байсан. Уг азарга адуунаас хээр морь, сартай хүрэн эр унага алга болсон байсан. Харин азаргаар алга болсон адуунд миний зүүн талын хаа болон гуяндаа жижиг дором тамгатай, зөв чих нь цуулбар имтэй хүрэн халзан хязаалан байдас /4 настай/, им тамга ижил саарал хязаалан байдас /4 настай/ байсан нь алга болсон байсан. Тэгээд манай ах Ц адуугаа өөрийнхөө мотоциклоор манай сумын Батсайхан, Цалуу, Цагааннуур, Жаргалант, Завхан аймгийн Сантмаргаз сумын нутгаар хайгаад олоогүй тул дахин Цэрэнбат гэх хүний “Старикс” маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй/ машинаар мөн хайсан. Тэгээд сүүлд 2015 оны 11 сарын 16-ны өдөр адуугаа Сантмаргаз сумын нутгаас олж ирсэн. Уг адуунд хамт явсан миний саарал байдас, Ц ахын оодон шар хээр байдас зүсээрээ ирээгүй. Харин түүний оронд хур дэлтэй хар саарал зүсний нэг нь ширээтэй дором нөгөө нь бүдэг сартай хэлтэй буудай тамгатай 2 байдас /нас ижил/-ыг өгсөн байсан. Тухайн үед Ц ах надад “Манай адууг Сантмаргаз сумын харъяат Э-ын С гэх хүн хулгайлсан байна. Аавынхаа хамт надтай ирж уулзлаа” гэж хэлсэн. Ц ахын өөрийнх нь 11 тооны адуу хулгайлагдсан юм. Тухайн үед манай ах Ц өөрөөсөө зардал гаргаж эрж хайсан. Хэдэн төгрөгийн хохирол учраад байгааг Ц ах хэлэх байх. С нь манай ах бид хоёрын нийлсэн 13 тооны адууг хулгайлсан. Миний хувьд манай адууг хулгайлсан С-д гомдолтой байна” гэх мэдүүлэг,
гэрч Х.Ц-ын “...2015 оны 11 дүгээр сарын эхээр байх, би яг одоо хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна, Ц над дээр ирээд “Хээр азаргатай 13 тооны адуугаа Цагааннуур багийн нутаг дэвсгэр “Өвөлжингүүд” гэх газраас хулгайд алдчихлаа. Хамт яваад хайлцаад өгөөч” гэхээр би Цын хамт өөрийнхөө машинаар Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай сумын бүх нутаг дэвсгэр, мөн Завхан аймгийн Завхан Тэс, Сонгино сумын нутгаар хайлцсан боловч олж чадаагүй. Сүүлд Ц-ын адууг Сантмаргаз сумын харъяат С гэх хүн хулгайлчихсан байгаад баригдаж буцаан өгсөн гэж сонссон. Би Ц-тай хамт нийт 4 өдөр өөрийнхөө машинаар түүний адууг хайлцаж явсан. Тухайн үед явсан газар бүртээ Ц миний машинд шатахуун хийж, хоол ундыг өөрөө авч байсан ба Ц-д хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
гэрч Б.С-ийн “Одоо санаж байгаагаар манай багийн малчин Ц нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний үед шиг санагдаж байна “Өндөрхангай сумын Цагааннуур багийн “Өвөлжингүүд” гэх газраас нийт 13 тооны адуугаа хулгайд алдлаа, хайлцаад өгөөч” гэхээр нь би Ц ахын хамт өөрийнхөө 37-73 БӨА улсын дугаартай “Уаз 469” маркийн машинаараа нийт 4 хоног хайлцаж өгсөн. Тухайн үед явсан газар бүртээ Ц машинд бензин хийж явсан бөгөөд бид нар Өндөрхангай сумын хил залгаа Завхан аймгийн Сантмаргаз, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумуудын нутгаар хайсан боловч олоогүй. Харин сүүлд Ц ах хулгайлагдсан адуугаа олсон тухай мэдсэн” гэх мэдүүлэг,
гэрч А.Б-ийн “Өндөрхангай сумын Цэцэрлэг багт оршин суух иргэн Ц, Д гэх хүмүүс нь ах дүү нар бөгөөд бид нар нэг нутгийн хүмүүс гэдгээр нэг нэгийгээ эртнээс таньж мэднэ. Ц ах 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд Цагааннуур багийн нутаг дэвсгэр “Өвөлжингүүд” гэх газраас нийт 13 тооны адуугаа хулгайд алдсан юм. Уг хулгайд алдагдсан адуунд түүний дүү Д-ын 2 тооны адуу байсан гэсэн. Тухайн үед Ц ах адуугаа хайж мотоциклоор Өндөрхангай сумын Батсайхан, Цалуу, Цагааннуур, Жаргалант багийн нутаг, Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дэвсгэрээр, иргэн Цэрэнбатын хамт түүний “Старикс” машинаар, багийн дарга С-ийн хамт түүний “Уаз 469” маркийн машинаар тус тус ойролцоо сум болох Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Завхан аймгийн Сантмаргаз, Ургамал зэрэг сумын бүх нутаг дэвсгэрээр адуугаа эрж хайсан гэж сонссон. Ц ахын адууг Завхан аймгийн Сартмаргаз сумын харъяат С гэгч хулгайлсан байсныг Завхан аймгийн цагдаагийн алба хаагч нар илрүүлж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн байсан. Харин уг адуунаас 2 хязаалан байдас гүү дутаж түүний оронд өөр 2 тооны гүү ирсэн гэж хэлж байсан. Ц нь аймгийн алдарч уяач хүн бөгөөд тэдний хулгайд алдагдсан адуунууд бүгд хурдан угшилтай адуунууд байсан” гэх мэдүүлэг,
гэрч А.Э-ын “С нь миний хүү байгаа юм. Би С-г адуу хулгайлсан талаар мэдээгүй. 2015 оны 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн Мандал сумын цагдаагийн тасгийн дарга Н гэх хүн манайд ирээд С-г 13 тооны адуу хулгайлаад тууж явахтай нь тааралдсан талаараа хэлсэн. Тэгэхэд л анх энэ хэргийн талаар мэдсэн. С хулгайлсан адуугаа гэртээ авч ирээгүй бөгөөд сүүлд асуухад адуу хулгайлаад “Хөтгөрийн элс” гэх газарт үлдээсэн талаараа хэлсэн. Тухайн үед уг 13 тооны адуунаас 11 тооны адуу нь байсан бөгөөд адууны эзэн Ц гэх хүн өөрөө ирж адуугаа тууж аваад явсан. Тухайн үед оодон шар хээр гүү, бор саарал байдсан гүү дутсан талаар Ц хэлсэн тул оронд нь 2 гүү өгч явуулсан. Оодон шар хээр гүү нь замдаа үхчихсэн байсан бөгөөд саарал гүүг нь тухайн үед хайгаад олоогүй юм. Сүүлд мөн хайсан боловч олдоогүй юм. Манай азаргатай адуунд Ц-ын зарим адуу орсон байсныг ялгаж өгсөн юм. С тухайн үед бор зүсний соёолон үрээ унадаг байсан ба цайвар өнгийн эмээл, ремен хийцтэй хазаар, ногт ашигладаг байсан. Уг үрээг би С-д зүсэлж өгсөн, түүний эзэмшлийн үрээ байгаа юм. Эмээл, хазаар, ногтыг нь ч гэсэн С-д хийж өгсөн. Уг үрээ болон эмээл, хазаар, ногт нь одоо манайд байгаа бөгөөд одоо үрээ нь нас гүйцсэн. Эмээл нь 10 жил болсон, хазаар, ногт нь 5-6 жил болсон хуучин эд зүйлс байгаа юм” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Э.С-гийн мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө адууг хайгаад явж байтал Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн “Ядмын улаан” гэх газарт 13 тооны адуу бэлчиж байсан. Тэгээд би тэдгээр адууг хулгайлаад зарж ашиг олъё гэж бодоод бүгдийг нь туугаад явж байтал нэг адуу нь /оодон шар хээр байдас/ замдаа үхчихсэн юм. Намайг уг адуунуудыг туугаад Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг “Хөтгөрийн элс” гэх газарт явж байтал миний өмнөөс машин ирж байхаар нь би адуугаа хаяад зугатаад явчихсан юм. Түүнээс хойш би тэдгээр адууг холоос дурандаж харахад тэр орчимдоо байгаад байсан юм. Би уг адуунуудыг хулгайж тууж очсоноос хойш 3 хоногийн дараа Завхан аймгийн цагдаагийн газрын сум дундын цагдаагийн тасгийн дарга Н гэх хүн манайд ирсэн юм. Тэгээд тэр хүн надаас “Чиний тууж явсан адууг Өндөрхангай сумаас хайж байна. Чи адуу хулгайлсан байна” гэж хэлсэн юм. Тэгээд би тэдгээр хүмүүсийн хамт нөгөө хулгайлсан адуун дээр очиход 11 тооны адуу байсан. Түүнээс өмнө тэр адуунуудаас бор саарал байдсыг нь манай азарга адуундаа хураачихсан / нийлүүлсэн/ байсан. Тухайн үед би тэр бор саарал байдсыг өөрийн адуунаасаа хайгаад олоогүй юм. Тэгээд би уг хүмүүст адуу хулгайлж тууж явсан талаараа хэлж, 11 тооны адууг нь буцааж өгөөд замд үхсэн оодон шар хээр байдас болон бор саарал байдасных нь оронд өөр 2 адууг өгсөн юм. Би уг адуу хулгайлахдаа бор зүсний соёолон үрээ унаж явсан бөгөөд тэр үрээ одоо манай адуунд байгаа. Мөн би тухайн үед оторт явахдаа ашигладаг байсан цагаан өнгийн эмээл, ремен хазаар, ремен ногттой явсан юм. Хэрэглээд 5-6 жил болж байгаа тул муудсан эд манайд байгаа. Эмээл нь энгийн модон хийцтэй оторт явахдаа ашигладаг, одоо 10 жил ашиглаж байгаа хуучин эмээл байгаа. Би тэдгээр адуунуудыг ганцаараа хулгайлаад тууж яваад “Хөтгөрийн элс” гэх газарт машин хүнтэй таараад тэндээ орхиод зугатаасан юм. Намайг адуу хулгайлсан талаар надаас өөр хэн ч мэдээгүй. Би тэдгээр адуунуудыг хэний эзэмшлийн адуу болохыг мэдээгүй. Дором голдуу тамгатай адуу байсан санагдаж байна. Тухайн үед миний бие өвдөөд Улаанбаатар хотод эмчилгээнд явчихсан, тэндээ ажил хийж байгаад 2017 оны 08 дугаар сард нутагтаа ирсэн юм. Тухайн үед би хохирлоо барагдуулчихсан байсан тул болсон юм байх гэж бодсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.С нь Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багт оршин суудаг байх бөгөөд тэрээр Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Өвөлжингүүд” гэх газарт ирж, бэлчээрт байсан адуунаас 13 тооны адууг тууж авч явсан нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх шууд санаа, зорилготой байсныг нотолж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Э.С нь хохирогч Ц.Ц, Х.Д нарын 13 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан тууж явсан нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.С-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх ба 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаад Увс аймгийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 тоот Прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тогтоол гаргасан байна. Улмаар сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/81 тоот Прокурорын тогтоолоор Э.С-д холбогдох 201520000418 тоот эрүүгийн хэргийг сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Э.С-г 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Э.С-гийн бусдын 13 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй боловч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн тул тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулах үндэслэл бий болсон байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон өмнө үйлчилж байсан хуулийн аль хөнгөнийг хэрэглэх ойлголт бөгөөд шүүгдэгч Э.С-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт хамаарч, оногдуулах ял нь өмнөх хуулинд зааснаас хөнгөрсөн байх тул Прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “мал хулгайлах гэмт хэрэг”-ийг хуульчилсан буюу шинээр гэмт хэрэгт тооцсон тул Э.С-гийн 13 тооны адуу хулгайлсан үйлдлийг энэ зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.С-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-д 5.750.000 төгрөгийн, хохирогч Х.Д-д 800.000 төгрөгийн, нийт 6.550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь бод малын зах зээлийн үнэлгээ тогтоосон ” Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн дүгнэлтээр, шүүгдэгч Э.С нь хохирогч Ц.Ц, Х.Д нарт хулгайлсан 13 адуунаас 11 адууг зүсээр нь буцаан өгсөн, дутсан 2 адууны оронд өөрөөсөө 2 адуу өгсөн нь хэрэгт авагдсан адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байх ба хохирогч нар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн, шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Ц, Х.Д нарт төлөх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Увс аймгийн Цагдаагийн Газрыг тогтоож, тус ЦГ-ыг төлөөлүүлж нягтлан бодогч Б.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь эрэн сурвалжлах ажиллагааны явцад Э.С-г олж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлэхэд гарсан зардалд 562.040 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргажээ.
Шүүгдэгч Э.С нь мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсхийсэн буюу оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан Увс аймгийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол, сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Прокурорын тогтоол, эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай 2016-07-01, 2016-11-18-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолууд, 2017-03-15-ны өдөр баталсан эрүүгийн 20150000418 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг шалгах төлөвлөгөө, Э.С-г Увс аймгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаалтад ирүүлэх, түүний гэр бүлийн гишүүдээс мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгүүлэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт даалгасан мөрдөн байцаагчийн даалгавар /2016-01-13/, эрэн сурвалжлах АSAP сангийн мэдээлэлд бүртгэгдсэн байдал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Увс аймгийн Цагдаагийн газар 2017 оны 10 дугаар сарын 28-ны үед Э.С-г Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтэс дээр саатуулсан тухай мэдээллийг авч, түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зорилгоор тус Цагдаагийн газрын 3 албан хаагч 2017-10-28-ны өдрөөс 2017-10-30-ны хооронд томилолтоор ажиллахдаа 1615 км зам туулж, нийт 562.040 төгрөгийн зардал гарсан нь Увс аймгийн Цагдаагийн Газрын эрүүгийн мөрдөгч ажилтай Ц.Ц-ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.-гийн мэдүүлэг, 2017-10-28-ны өдөр Увс аймгийн Цагдаагийн Газрын даргын баталсан Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-уул сумуудад ажиллах маршрут төлөвлөгөө, шатах тослох материал олгох зөвшөөрлийн хуудас, томилолтын хуудас, илтгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Э.С нь мөрдөн шалгах ажиллагаанд ирэхээс зайлсхийсэн байх тул түүнийг олж ирүүлэх ажиллагааны явцад гарсан зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон, 562.040 төгрөг гаргуулж Увс аймгийн Цагдаагийн Газарт олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.С хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.С нь Завхан аймгийн Сантмаргаз суманд аав, ээж, дүү нарын хамт мал маллаж амьдардаг болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Э.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон улсын яллагчийн ялын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан /хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан/ нас гүйцсэн морь /650.000 төгрөгийн үнэ бүхий/-ийг хурааж, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол болох 562.040 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 87.950 төгрөгийг улсын орлогод оруулах үндэслэлтэй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эмээл, хазаар, тохом нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамаарч байгаа боловч удаан хугацаанд хэрэглэгдсэн, элэгдэж хуучирсан, цаашид ашиглаж хэрэглэгдэх боломжгүй /хохирол нөхөн төлөхөд зарцуулах боломжгүй/ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.С-д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овгийн Э-ын С-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Э.С-гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нас гүйцсэн морь /650.000 төгрөгийн үнэлгээтэй /-ийг хурааж иргэний нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн Газарт 562.040 /таван зуун жаран хоёр мянга дөч/ төгрөг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 87.950 /наян долоо мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эмээл, хазаар, тохомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.С-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН