Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0825/З |
Дугаар | 128/ШШ2024/0415 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0415
2024 05 15 128/ШШ2024/0415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* НҮТББ /РД:*******/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Маргааны төрөл: Ойн сан бүхий газартай давхцалтай гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан шийдвэртэй маргасан,
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын М******* НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухай:
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар дээрх газруудын газар ашиглах эрхийг цуцалсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 434 дүгээр шийдвэрээр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн.
2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А/299 дүгээр тушаалаар ойн сан бүхий газартай давхацсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: М******* нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд газар ашиглах эрхтэй бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0434 дугаартай шийдвэрээр газар ашиглах эрхээ сэргээлгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Улмаар тус яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр газар ашиглах гэрчилгээг олгосон.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/299 дүгээр тушаал гаргаж манай газар ашиглах эрхийг Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн 1 дүгээр талбайн 21140 м.кв газраас 1058 м.кв, 2 дугаар талбайн 136820 м.кв газраас 23643 м.кв газрыг ойн санд давхацсан гэж үзэн хэсэгчлэн цуцалсан байна.
Энэхүү тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн. Бидэнд огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй. Тушаал гарсны дараа ч мэдэгдээгүй, бид https://zuv.mn/ сайтаас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олж мэдэж, тус сайтаас тушаалыг татаж авсан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны байгууллага үйл ажиллагаандаа "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг баримтална гэж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална" гэж тус тус заасан.
Манай сургууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, төрөөс баримталж буй хувийн хэвшлийг дэмжих, бизнесийг дэмжих, хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлалыг бүх түвшинд дэмжин хөгжүүлэх бодлого, шийдвэрт итгэж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэтэл энэхүү хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, хууль ёсны эрхийг хамгаалах асуудлыг сайд зөрчиж байна.
Дээрх актыг гаргахаасаа өмнө сайд Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг огт хийгээгүй.
Тухайлбал: Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно." гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ." гэж, 25 дугаар зүйлийн 25.1-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:" гэж "25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;", "25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;", "25.1.3. шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах;", "25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах; "25.1.5.баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;", "25.1.6.шаардлагатай бол туршилт хийх;", "25.1.7.оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах.", "25.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно." гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно."гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т "Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална." гэж, 29.2.-т "Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна.
Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна." гэж тус тус заасныг сайд болон яамны аппарат огт хэрэгжүүлээгүй хууль зөрчиж шууд тушаал гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагыг заасан ба 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна" гэж, "40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл", "40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", "40.2.4. захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах", "40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах", "40.3. Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" "40.4.Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана" гэж тус тус заасныг сайдын тушаал огт хангаагүй
Тушаалын хууль тогтоомжийн үндэслэх хэсэгт Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т "...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана"... гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн "Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэсний 1/-т "...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..." гэж, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-т "...ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах"-ыг хориглоно...гэж заасныг тус тус үндэслэсэн ба өөр хууль тогтоомж үндэслээгүй байна. Гэтэл эдгээр үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт нь газар ашиглах эрх цуцлахтай холбоотой заалт огт биш хамааралгүй заалтууд байна. Манай сургууль нь олон жил шүүхийн маргаантай явж ирсэн, газар ашиглах эрхээ сэргээлгээд удаагүй байгаа учраас газар дээрээ ямар нэг барилга байгуулж бариагүй юм.
Газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн цуцалдаг боловч сайдын тушаалд эдгээр заалтыг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хуульд ойн санд газар ашиглуулахыг хориглоогүй бөгөөд Ойн тухай хуулиар ойд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг л хориглосон байдаг. Иймд хууль тогтоомжийг илтэд зөрчиж манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" А/299 дүгээр тушаалын манай сургуульд холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дугаартай тушаалын Монголын Үндэсний их сургууль НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дугаар "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" тушаал нь Тустай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан. Монголын Үндэсний их сургуулийн газар ашиглах эрхтэй газрыг Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай гэсэн үндэслэлээр хэсэгчлэн цуцалсан ба Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар саналыг үндэслэсэн. Уг саналд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.", мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д "ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах;" гэсэн заалтуудыг зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон тул ойн сан бүхий хамгаалалтын бүсэд байрших иргэн, хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулсан байдаг.
Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг огт явуулаагүй гэж маргах боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт зааснаар 21 ба түүнээс дээш тооны этгээдүүдэд сонсгохоор бол тэдгээрт хүргэх боломжтой хэвлэл мэдээлэл болон бусад арга хэрэгслийг ашиглаж хүргүүлнэ гэж заасан байдаг. Уг сонгох боломжийг захиргааны байгууллага өөрсдөө эдэлж, өөрсдийн албан ёсны цахим хуудас болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас албан ёсны хуудсаар сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан. Гэтэл Монголын Үндэсний их сургууль НҮТББ-иас хариу ирүүлээгүй. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын О8-ны өдөр 622 дугаар "Сонсох ажиллагааны хариу хүргүүлэх тухай" албан бичгийг ирүүлсэн. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ тушаал гарсны дараа ч мэдэгдээгүй, бид https://zuv.mn/ сайтаас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олж мэдэж, тус сайтаас тушаалыг татаж авсан гэснээс үзвэл хариуцагч байгууллага нь мэдэгдэх ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан явуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч "М*******"-тай 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай N2016/149 дугаартай гэрээнээс үзвэл маргаан бүхий газрыг "Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд ******* сургууль"-ийн үйл ажиллагаа эрхлэх зорилготой байх ба энэ нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь хэсэгт заасан хориглосон зохицуулалттай нийцэхгүй. Нэхэмжлэгчээс үүнтэй холбоотой хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг тайлбарладаг боловч холбогдох зохицуулалт нь үүнд үйлчлэхгүй. Яагаад гэхээр Захиргааны ерөнхий хуулийг тайлбарласан тайлбарт хангалттай тусгаж өгсөн.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн A/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Монголын Үндэсний их сургууль"-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ойн сангийн зургийг Ойн газар болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хамтран тогтоосон. Үүнийг дундын мэдээллийн сангаас төрийн захиргааны төв байгууллага болон харьяа газруудад нэгдсэн журмаар харагддаг. Ногооноор тэмдэглэсэн байгаа нь ойн сангийн хил зааг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны кадастрын хэлтэс эргэлтийн цэг бүрээр нь ялгаж тогтоож гаргахгүй гэсэн. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргуулах гэхээр гаргаж өгдөггүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ байдлаар тогтоож, анх олгосон м.кв хэд байсан, хасагдсан байгаа нь хэд, нийт хэд байгаа талаар шүүхэд агаарын зургаар ирүүлсэн. Ашиглах эрх олгосон энэ зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргадаг. Ойн сангийн зургийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргадаг. Нэхэмжлэгчийн А талбайгаас 1058 м.кв, Б талбайгаас 23,643 м.кв хасагдаж байгаа. 133,259 м.кв үлдсэн. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын М******* НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч М******* НҮТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/189 дүгээр тушаалаар 2016/375 дугаартай газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 10 га, 2016 оны А/116 дугаар тушаалаар 2016/0109 дугаартай газар ашиглах гэрчилгээгээр 15.5 га газрыг ашиглах эрхийг эко сургуулийн зориулалтаар авсан бөгөөд газар ашиглах эрхийг 2019 оны А/355 дугаар тушаалаар цуцалсныг шүүхийн шийдвэрээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар өмнөх хэмжээ, зориулалт, байршлаар нь сэргээж, гэрчилгээнд энэ талаар тэмдэглэсэн[1] байдаг.
2. Уг 2016/375 дугаартай ашиглах эрхийн гэрчилгээтэй 10 га газар нь 80059.69 м.кв А талбай, 21149.72 м.кв Б талбайгаас, 2016/0109 дугаартай ашиглах эрхийн гэрчилгээтэй 15.5 га газар нь 36830 м.кв, 17140 м.кв талбайгаас бүрдэх ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/299 дүгээр тушаалаар Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт зөрчигдсөн гэж үзээд 2016/375 дугаар гэрчилгээтэй газрын Б талбайн 21149.72 м.кв газраас 1058 м.кв талбайг, 2016/0109 дугаар гэрчилгээтэй 136830 м.кв газраас 23643 м.кв талбайг ойн сангаас ашиглах эрх олгосон нь буруу үндэслэлээр хэсэгчлэн цуцлах замаар өөрийн өмнөх шийдвэрээ зөвтгөсөн байна.
3. М******* НҮТББ-ын ашиглах эрхтэй байсан 21140 м.кв талбайн 1058 м.кв, 136820 м.кв талбайн 23643 м.кв нь ойн сангийн газартай давхцалтай байгаа нь ойн сангийн агаарын зургаар[2] тогтоогдож байна.
4. Давхцалтай хэмээн хэсэгчлэн цуцалсан ойн сангийн талбай нь ой тэлэн ургах зориулалттай хамгаалалтын бүс ч биш, торлог бүхий хэсэг ч биш, шигүү шинэсэн ой болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаас тодорхой харагдана[3].
5. Маргаан бүхий тушаалд баримталсан Ойн тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хоригложээ.
6. М******* НҮТББ-д аялал жуулчлал эко сургуулийн зориулалтаар ашиглах эрх олгосон газарт эко сургууль, аялал жуулчлалын цогцолбор барилгад Хот байгуулалт хөгжлийн газраас олгосон 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2022/22-008 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт төлөвлөлтийн хязгаарын схем зургаарх[4] барилгажих талбайд шүүхийн үзлэгээр тогтоогдсон ойн сан дахь шинэсэн ой модтой талбай багтсан байгаа нь дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтаар газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах үндэслэл болж байна.
7. Ийнхүү ашиглах эрхтэй газраас хэсэгчлэн цуцалснаар 2016/375 дугаартай, 2016/0109 дугаартай гэрчилгээг шинэчилж олгоогүй, уг гэрчилгээний хавсралтад талбайн хэмжээ, байршлыг заасан солбицлийн өөрчлөлтийг тусгаагүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох, гэрчилгээнд олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлын өөрчлөлтийг тэмдэглэх нь хариуцагчийн үүрэг, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь зохион байгуулалтын бүтцийн хувьд кадастрын сан эрхлэх нэгжтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн ойн сангийн агаарын зургаас[5] маргаанд хамаарах байршлын ойн сангийн хил заагийг тогтоосныг хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
8. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хяналт шалгалтаар Ойн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж газар олгосон болохыг тогтоож[6], хамгаалалтын захиргаанаас яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 568 тоотоор ойн санд олгосон газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлуулах санал хүргүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 9, 30 дугаар зүйлийн 1, 10-т заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зөвшөөрөгдсөн бүсэд ашиглаж болох газрын хэмжээг тогтоох, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, ашиглуулах газрыг тогтоох эрх хэмжээний хүрээнд байна.
9. Түүнчлэн хариуцагч уг саналыг үндэслэсэн нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзнэ.
10. Хариуцагч шийдвэр гаргахдаа ашиглах эрхтэй газраас хэсэгчлэн цуцлах үндэслэл, газар ашиглагчийн мэдээлэл бүхий сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу Өдрийн сонины 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 094 дугаарт[7] болон байгууллагын цахим хуудаст нийтэлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасанд нийцсэн, өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа хийх журмыг зөрчөөгүй гэж үзлээ.
11. Захиргааны актыг гарсан даруйд хүргүүлээгүй байх хэдий ч цахим сайтад тухайн мэдээллийг, маргаан бүхий акт, хавсралтын хамтаар 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нийтэлснээр нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж, тушаалыг 8 дугаар сарын 31-ний өдөр 961 тоот албан бичгээр хүргүүлсэн, улмаар гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь зөрчигдөөгүй байх тул энэ үндэслэл нь тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд хариуцагчийн маргаан бүхий шийдвэр түүнд баримталсан Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дугаар зүйлийн 29.1.10 дахь хэсэгт нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 9-д заасан эрх хэмжээний хүрээнд, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах субьектив эрхэд хууль бусаар халдаагүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 9, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын М******* НҮТББ-д холбогдох хэсэг буюу хавсралтын 22, 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай М******* НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА