Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/1107

 

 

 

 

 

 

        2022             11              17                                     2022/ДШМ/1107                             

 

      Д.Зод холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Б.Баттулга,  

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/393 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Зод холбогдох эрүүгийн 2010 01978 1123 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Д.З нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ тосгон 5 дугаар гудамжны 93 тоотод бага насны буюу 8 настай Б.Мийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж, хүсэл зоригийнх нь эсрэг амыг нь гараараа дарж хүч хэрэглэн, бэлэг эрхтэнийг нь гараараа оролдох, хүзүү хэсгийг нь үнсэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Зын эдлэх 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ...” шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/393 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Зыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон гол үндэслэл нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь харьцангуй далд байдлаар үйлдэгддэг бөгөөд хохирогчийн мэдүүлэг анхдагч эх сурвалж болдог онцлогтой ба насанд хүрээгүй хохирогч болон гэрч М.С нарын мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үнэлсэн болно хэмээн дүгнэсэн. Гэтэл насанд хүрээгүй хохирогч Б.Мийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “... Миний ам цангаад Хараа эгчийн гэрт ороод ус уутал Ганзориг ах намайг саарал өнгөтэй хөргөгч рүү түлхээд миний боожгойг барьсан. Бариад байхаар нь би орилох гэтэл миний амыг гараараа дарчихсан, аав ээждээ битгий хэлээрэй гээд миний хүзүүг үнэрлэсэн. Миний боожгой жаахан өвдсөн чинь нөгөө ах намайг явуулчихсан.” гэх /хх 21-22/, насанд хүрээгүй хохирогчийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Би үүднээс ус аваад уусны дараа тэр ах намайг хөргөгч рүү шахаад миний цамцыг дээш нь сөхөөд гэдэс илсэн. Хүзүүн дээр үнсээд байсан” гэх /хх 24/, хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт “...Би ороод хоолны шүүгээний хажуу талын савнаас ус аваад уух гэж байсан. Энэ үед нөгөө эрэгтэй хүн гаднаас орж ирээд намайг шууд хөргөгч рүү түлхээд миний хүзүүнээс үнсээд байсан. Тэгээд намайг түлхээд миний амыг нэг гараараа дараад миний өмд рүү гараа хийж миний бэлэг эрхтэнээс барьсан. Надад юу ч хэлээгүй. Ярихгүйгээр шууд миний бие, эрхтэнд хүрсэн. Би айгаад юм дугараагүй. Би энэ тухай хэнд ч хэлээгүй байсан ба хориод хоногийн дараа эмчид үзүүлсний дараа эмээ, ээждээ хэлсэн.”гэх /хх 26-27/, насанд хүрээгүй хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Би ус уух гээд усны савны хажууд ус шанагадаад зогсож байхад нөгөө ах гаднаас орж ирсэн. Орж ирээд миний нуруугаар илээд байсан. Тэгээд миний хүзүүг маань илсэн. Тэгэнгүүт би гарыг нь чимхээд зугтсан. Тэгээд маргааш орой нь Хараа аниа ирсэн. Миний боожгойг өмдний гадна талаас нь бариад илсэн. Өөр юм болоогүй, амыг маань хааж бариагүй.” гэх /хх 134-135/ гэх зэргээр хэргийн үйл баримтыг хоорондоо харилцан зөрүүтэй байдлаар, шүүгдэгчийн хийсэн гэх үйлдлүүдийг өөр өөрөөр мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх аль мэдүүлгийг нь үнэн зөв гэж үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтийн Болсон хэргийн талаар : “... Бас дээр үед хэзээ гэдгийг нь мэдэхгүй, Хараа эгчийн ах Ёндон намайг оролдсон гээд өөрийн бэлэг эрхтэн хавийг заана. Энэ тухай аав ээжид хэлээд аав Ёндон ахыг зодож байсан. Ёндон ах эрүүл байсан гэнэ. Харин Зоригоо ах согтуу, нүд нь сонин болчихсон байсан гэнэ. Зоригоо ах намайг сүрдүүлээгүй, битгий хэлээрэй гээгүй. Харин Ёндон ах битгий хэлээрэй гээд байсан гэх. Болсон хэргийн талаар дэлгэрэнгүй өөрөө санаачлан хариулна. Өвчний түүх: Одоогоор нойронд гайгүй эрт унтаж байгаа. Би аавыг согтуу ирээд орилоод ээжийг алгадахаар нь зүгээр байгаач гэж орилоод гар татчихдаг, гар татаад 2-3 минут болдог, ээж аав муудахаар тэгдэг. Би өвөөгийн сүнсийг хардаг, өвөөг нас барснаас 1 сарын дараа харж эхэлсэн, бөөд үзүүлээд өвөөгийн сүнс биднийг хамгаалдаг гэсэн гэх. Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө эмээгийнд очихдоо өвөөгийн сүнсийг харсан, өвөө яг өнгөрсөн байдлаараа харагдсан. Манай шинэ гэрийн хашаанд бас өвөө, эмээгийн сүнс харагддаг, би тэр сүнснүүдээс айдаг. Одоо тэр хоёр ах /Ёндон, Зоригоо/-с өөр эрэгтэй хүнээс айдаггүй” гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд насанд хүрээгүй хохирогч нь нэг биш хоёр хүний тухай эмчид ярьсан байдаг. Өмнө нь Ёндон гэх хамаатныхан ах оролдож байсан талаар ярьсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар зөвхөн миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн үйл баримтуудыг шалгаж тогтоосон ба насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд өмнө нь өөр этгээд халдаж байсан эсэх, нэг биш хоёр удаа халдлагад өртөж байсан эсэх, эсхүл хооронд нь хольж сольж мэдүүлээд байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй хэвээр үлдлээ. Мөн насанд хүрээгүй хохирогч нь өвөө, эмээгийнхээ сүнсийг хардаг талаар дүгнэлтэд тусгагдсан бөгөөд хэргийн бодит байдлыг үнэн зөв тусган авч, мэдүүлэх чадвартай эсэхэд эргэлзээ үүсдэг юм. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Д “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй, үйлдсэн бол би мэдэх байсан, зээ дүү маань янз бүрийн зүйл бурдаг, хэлсэн ярьсан зүйлд нь итгэхэд хэцүү, өмнө нь хамаатны Ёндон гэх залуу оролдож байсан” гэх зэргээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн боловч уг гэрчийн мэдүүлгийг шүүх огт үнэлээгүй болно. Гэрч Г.Д болон насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгээр дээрх гэмт хэрэг гарсан талаар огт мэдээгүй, гарсан бол мэдэх боломжтой байсан, сэжигтэй зүйл огт ажиглагдаагүй талаар мэдүүлсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгчид ашиггүй байдлаар үнэлсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ байнга илэрхийлж ирсэн. Дээрх хэргийг анхан шатны шүүхээс хоёр ч удаа прокурорт буцааж шийдвэрлэж байсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргаж, шүүх дуудаж байсан боловч огт ирдэггүй, мэдүүлгийн үнэн зөв байдлаа баталгаажуулдаггүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд уг хэргийг ээдрээ төвөгтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байсан ч шүүх хүлээн аваагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу Д.Зод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд би ийм хэрэг үйлдээгүй, хэрэв үйлдсэн бол би маргахгүй хүлээн зөвшөөрөх байлаа. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэр бол миний буруу. Гэхдээ тэр үед юу болсон талаар сайн мэдэж байна. Д бид хоёр хамт хоносон. Гэхдээ би хүүхэдтэй хоёулаа үлдсэн тийм тохиолдол байгаагүй. Дын хүүхдүүдтэй нь л гадуур тоглоод гүйгээд байсан. Д бид хоёр баруун талын гэрт нь согтууруулах ундаа уусан байгаа юм. Түүнээс би тэр хүүхэдтэй хоёулаа байсан асуудал гараагүй” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтайгаар гомдлыг гаргасан гэж ойлголоо. Хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна гэдэг байдлаар анхан шатны шүүхээр анх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Тухайн үед нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж бага насны хохирогч Мээс тухайн үед таныг оролдсон хүн хэн бэ гэх таньж олуулах ажиллагааг зургаар явуулсны хүрээнд 2022 оны 8 сарын 28-ны орой оролдсон хүн Д.З байна гэдэг байдлаар хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч М нь хэрэгт 2-3 удаа мэдүүлэг өгөхдөө холбогдогчийн нэрийг мэддэггүй байсан учраас түүний нэрийг Ёндон, Ганзориг, Зоригоо гэдэг байдлаар зөрүүтэй мэдүүлсэн нь тухайн таньж олуулах ажиллагаагаар мэдүүлгүүдийн зөрүү арилсан. Мөн хохирогчийг Ёндон гэх хүн оролдож байсан гэх талаарх асуудлыг шалгуулах эсэх нь тусдаа асуудал юм. Тийм учраас Д.З нь тус гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хангалттай нотлон тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Шүүгдэгч Д.З нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ тосгон 5 дугаар гудамжны 93 тоотод бага насны буюу 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн 8 настай Б.Мийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж, хүсэл зоригийнх нь эсрэг “амыг нь гараараа дарж хүч хэрэглэн, бэлэг эрхтэнийг нь гараараа оролдох, хүзүү хэсгийг нь үнсэх” зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Насанд хүрээгүй хохирогч Б.Мийн өгсөн: “...Энэ үед нөгөө эрэгтэй хүн гаднаас орж ирээд намайг шууд хөргөгч рүү түлхээд миний хүзүүнээс үнсээд байсан. Тэгээд намайг түлхээд миний амыг нэг гараараа дараад миний өмд рүү гараа хийж миний бэлэг эрхтэнээс барьсан. Надад юу ч хэлээгүй. Ярихгүйгээр шууд миний бие, эрхтэнд хүрсэн. Би айгаад юм дуугараагүй. Энэ Зоригоо гэх эрэгтэй хүн согтуу байсан. Би тэгээд гадагш гадаа гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг нь:

            гэрч М.Сгийн “ ... энэ асуудал 2020 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 01-ний хооронд болсон. Тэгээд өнгөрсөн 6 дахь өдөр манай хадам ээж Мийн дотуур хувцсыг сольж байгаад бэлэг эрхтэн нь улайчихсан байхыг харсан юм байна лээ. Эмэгтэй хүүхэд юм болохоор үрэвсээд улайчихсан юм байлгүй, ер нь нэг эмчид үзүүлье гэж над руу утсаар ярьсан. Би Тэрэлжид ажил дээрээ байсан. Тэгээд өнөөдөр хадам ээж маань өрхийн эмчид үзүүлэхэд онгон хальс нь гэмтчихсэн юм шиг байна гээд над руу залгаад уйлаад байхаар нь би сандраад шууд хотод ирээд хүүхдээ дагуулаад Эх нялхаст эмчийн нэрийг нь мэдэхгүй байна. Гэхдээ маш их үрэвсэлтэй байна, хүн оролдсон байж магадгүй л юм байна гэж хэлсэн. Тэр эмч ийм тохиолдолд манайхаас заавал цагдаад мэдэгдэх ёстой гээд цагдаад мэдэгдсэн. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ... манай охин М нь жаахан аймхай, түүнээс биш сэргэлэн цовоо зантай. Ээж, аавынхаа үгнээс гардаггүй, илэн далангүй юу болсон талаар шууд гэрийнхэндээ хэлчихдэг. Нууж хаадаггүй. ... ээж, ааваасаа санаа зовоод байдаггүй маш их сэргэлэн хүүхэд юм аа. ... манай охин бага байхаас нь эхлээд би биед нь ялангуяа эмзэг, нууцлах эрхтэнд хүн амьтан зөвшөөрөлгүй хүрвэл хэлж байгаарай гээд зааж зөвлөж өгсөн юм. Манай охин М нь юмыг үнэнээр нь хэдэг худлаа ярьдаггүй ... би охин Мийн яриад байгаа зүйлд маш их итгэж байгаа. Үнэхээрийн бэлэг эрхтэнд хүрсэн болохоор нь болсон явдлыг яриад байгаа. ...” /хх-ийн 28-29/,

            гэрч М.Дын “... ойролцоогоор 8 дугаар сарын 27-ны үед очсон байхаа би 3 хүүхдэдээ хичээлийн хэрэгсэл аваачиж өгөх гээд очсон. Хажуу талд Нямдаваагийн эгч Баянтогоогийнх байдаг. Баянтогоо нэг хүнтэй хамт амьдардаг байсан. Би энэ хүнтэй цугтаа архи ууж 2 хоносон. Би архи уухдаа Баянтогоогийнд л уугаад байсан. М манай 3 хүүхэдтэй, Но нартай цуг тоглоод л яваад байсан. Би архи уусан явж чадахгүй болохоор нь 2 хоноод 3 дахь өдөр нь Мийг аваад явсан. ...би тухайн үед хажуу талын Д.Зын гэрт л архи уугаад байсан. Архи уугаад яаснаа санахгүй байна, хоёр дахь хоног дээр байх Нямдаваа Бугын сангийн аж ахуйн тийш хамаатны айл руугаа яваад ирсэн. ...” /хх-ийн 34-35/,

            гэрч М.Мийн “... 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.М нь ээжтэйгээ хамт ирж үзүүлсэн. ... гадна бэлэг эрхтэн орчмыг үзэхэд хөгжил хэвийн. Охин хальс их нимгэн, цагариг, хэлбэртэй. Үтрээний үүдэвч орчмын салст улайсан. Үзэх үед үтрээнд ялгадасгүй, цавины булчирхай тэмтрэгдэхгүй байсан...” /хх-ийн 45-46/,

            насанд хүрээгүй гэрч Д.Нын “... бид нар хашааны гадна тоглоомын талбайд тоглоод байж байсан. Нэ сагс тоглож байсан. Энэ үед би зайрмаг авах гээд дэлгүүр яваад ирсэн. М тоглоомын талбайд үлдсэн. Аав гэрт байж байгаад З ахын гэрт орж унтсан. Манай гэрийн хаалга зүгээр цоожлогдоогүй, хаалттай байсан. Намайг дэлгүүр явсан хойно М манай гэр лүү орсон эсэхийг мэдэхгүй байна ...” /хх-ийн 41-42/,

            насанд хүрээгүй гэрч Д.Нийн “... манай дүү Но тоглоомын талбайд тоглож байхдаа дэлгүүр орохоор яваад ирсэн. Энэ үед М тоглоомын талбайд тоглож байх шиг л болсон. Юу хийснийг мэдэхгүй ...” /хх-ийн 43-44/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №10876 дугаартай шинжээчийн “Б.Мийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Мийн үтрээний арчдас, наалдацад эр бэлгийн эс илрээгүй байна. Б.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Б.Мийн охин хальс бүтэн байна” /хх 49-50/,

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн “Б.Мийн оюун ухааны хөгжил өөрийн насны түвшинд тохирсон байна. Б.М нь болсон явдлыг өөрийн насны түвшинд тусган авч, үзсэн харсан сонссон зүйлээ илэрхийлэн ярих чадвартай байна. Бэлгийн харилцааны талаарх ойлголт, мэдлэгийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. Б.М нь өөрийн насны түвшинд болсон явдлыг тусган авч, өөрийн үзэж харсан, сонссон зүйлээ өөрийн насны түвшинд илэрхийлэн ярих чадвартай байна. Б.Мийн сэтгэцийн эрүүл мэнд болон зан үйлд болсон хэрэгтэй холбоотойгоор өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.” /хх-ийн 153-155/ гэх дүгнэлтүүд,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

            Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/,

            Д.Зын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/,

            Эх хүүхдийн эрүүл мэндийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт /хх-ийн 15-20/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 85/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Зыг насанд хүрээгүй хохирогч Б.Мийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж, хүсэл зоригийнх нь эсрэг амыг нь гараараа дарж хүч хэрэглэн, бэлэг эрхтэнийг нь гараараа оролдох, хүзүү хэсгийг нь үнсэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас “ ... “гэрч Г.Д нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй, үйлдсэн бол би мэдэх байсан, зээ дүү маань янз бүрийн зүйл бурдаг, хэлсэн ярьсан зүйлд нь итгэхэд хэцүү ... ” гэх зэргээр мэдүүлсэн боловч уг гэрчийн мэдүүлгийг шүүх огт үнэлээгүй. Мөн насанд хүрээгүй хохирогчийн шүүгдэгчийн хийсэн гэх үйлдлүүдийг харилцан зөрүүтэй байдлаар мэдүүлсэн бөгөөд шүүх аль мэдүүлгийг нь үнэн зөв гэж үнэлсэн нь тодорхойгүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Д.Зод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

            Насанд хүрээгүй хохирогч Б.Мээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл “... Миний ам цангаад Хараа эгчийн гэрт ороод ус уутал Ганзориг ах намайг саарал өнгөтэй хөргөгч рүү түлхээд миний боожгойг барьсан. Бариад байхаар нь би орилох гэтэл миний амыг гараараа дарчихсан, аав ээждээ битгий хэлээрэй гээд миний хүзүүг үнэрлэсэн. Миний боожгой жаахан өвдсөн чинь нөгөө ах намайг явуулчихсан.” /хх 21-22/, насанд хүрээгүй хохирогчоор “... Би үүднээс ус аваад уусны дараа тэр ах намайг хөргөгч рүү шахаад миний цамцыг дээш нь сөхөөд гэдэс илсэн. Хүзүүн дээр үнсээд байсан” гэх /хх 24/, “... Би ороод хоолны шүүгээний хажуу талын савнаас ус аваад уух гэж байсан. Энэ үед нөгөө эрэгтэй хүн гаднаас орж ирээд намайг шууд хөргөгч рүү түлхээд миний хүзүүнээс үнсээд байсан. Тэгээд намайг түлхээд миний амыг нэг гараараа дараад миний өмд рүү гараа хийж миний бэлэг эрхтэнээс барьсан. Надад юу ч хэлээгүй. Ярихгүйгээр шууд миний бие, эрхтэнд хүрсэн. Би айгаад юм дугараагүй. Би энэ тухай хэнд ч хэлээгүй байсан ба хориод хоногийн дараа эмчид үзүүлсний дараа эмээ ээждээ хэлсэн.” /хх 26-27/, “... Би ус уух гээд усны савны хажууд ус шанагдаад зогсож байхад нөгөө ах гаднаас орж ирсэн. Орж ирээд миний нуруугаар илээд байсан. Тэгээд миний хүзүүг маань илсэн. Тэгэнгүүт би гарыг нь чимхээд зугтсан. Тэгээд маргааш орой нь Хараа аниа ирсэн. Миний боожгойг өмдний гадна талаас нь бариад илсэн. Өөр юм болоогүй, амыг маань хааж бариагүй.” /хх 134-135/ гэх зэргээр тус тус мэдүүлжээ.

            Хэрэгт авагдсан баримтууд болон дээрх мэдүүлгүүдээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгч Т.Зыг “Ганзориг”, “Зоригоо” “Ёндон” “нөгөө эрэгтэй хүн” гэх зэргээр түүний нэрийг өөрөөр мэдүүлсэн байх боловч шүүгдэгчийн үйлдсэн хууль бус үйлдлийн талаар эргэлзээгүйгээр тогтвортой мэдүүлсэн, мөн таньж олуулах ажиллагаагаар насанд хүрээгүй хохирогч Б.М нь өөрийн биед нь халдаж “бэлэг эрхтэнийг нь гараараа оролдож, хүзүү хэсгийг нь үнссэн” этгээдийг шүүгдэгч Т.З болохыг шууд заасан болох нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч Б.М нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд 8 нас 6 сар 17 хоногтой байсан бөгөөд тэрээр өөрийн насны түвшинд болсон явдлыг тусган авч, үзсэн харсан, сонссон зүйлээ илэрхийлэх чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлтээр тогтоосон, мөн түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд хоорондоо ноцтой зөрүүгүйгээс гадна, тус мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотолжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасан бөгөөд гэрч Г.Даас “... би тухайн үед хажуу талын Д.Зын гэрт л архи уугаад байсан. Архи уугаад яаснаа санахгүй байна. ...” /хх-34-35/ гэх, “... би нүдээрээ үзсэн харсан зүйл байхгүй ... гэхдээ энэ хүн ийм хэрэг хийх хүн биш гэдгийг мэдэж байна. ...” гэх зэргээр өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд тэрээр хэрэг учрал үйлдэгдэх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу хэргийн бодит байдлыг хараагүй, дамжмал байдлаар бусдаас сонссон зүйлсээ мэдүүлсэн нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс түүний өгсөн мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдлийг ойлгодог.

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэгт гэмт этгээд хохирогчтой бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх зорилгогүйгээр бэлгийн халдашгүй байдлыг нь зөрчсөн үйлдэл хийсэн байхыг, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гэдэгт хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож энэхүү байдлыг өөртөө давуу тал болгон ашигласан байхыг тус тус ойлгох бөгөөд дээрх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол тухайн зүйл ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Зыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Зын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 178 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийн оролцогч нарт 2022 оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд танилцуулсан байх боловч хэргийг тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлж хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх рүү хэргийг хүргүүлэхдээ хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхад шүүгчийн туслах Н.Зулаагаас “ ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг давж заалдах гомдолтой ирж танилцаагүй ... ” гэх агуулга бүхий тайлбарыг хэрэгт хавсаргасан нь үндэслэлгүй бөгөөд мөн энэхүү хэрэгт урьд нь буюу ... өдөр гаргасан прокурорын эсэргүүцлийг хэргийн оролцогч нарт хуулийн хугацаанд таницуулалгүйгээр дээрх утга бүхий тайлбарыг хавсаргаж, хэргийг тус шүүхэд хуулийн хугацааг хэтрүүлэн ирүүлж байсан зөрчлийг удаа дараа гаргасан байх тул холбогдох ажилтан, албан хаагчид зохих хариуцлагыг тооцох нь зүйтэй бөгөөд цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулвал зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/393  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 178 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН