Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00467

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж 22/1, У1 байрны 2 дугаар давхарт байрлах, ...  хувийн хэргийн дугаартай, .... регистрийн дугаартай, Мобифинанс ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын ... дугаар баг, Хайрхан 00 тоотод оршин суух, 1996 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ...., С ургийн овогт Б-ын Д-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 344,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Д нь Мобифинанс ББСБ-тай 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 140000529106 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99939117 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Д нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 410,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэйгээр авч, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Б.Доос зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээж, 99939117 дугаараар өөртэй нь холбогдоход зээлээ хувааж төлөхөөр тохирсон хэдий ч одоог хүртэл огт төлбөр төлөөгүй байна. Б.Дын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 410,000 төгрөг, зээлийн хүү 255,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,970 төгрөг, нийт 714,443 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Доос зээлийн гэрээний үүрэгт нийт 714,443 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

            Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагын нэхэмжилсэн 714,443 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Б.Дын нэхэмжлэлийн шаардлага болох 714,443 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн тайлбартай танилцлаа. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 714,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 714,443 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Б.Д илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,697 төгрөгийн тал хувь болох 10,848.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,848.5 төгрөг, хариуцагч Б.Д-оос 10,848.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 714.443 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Б.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,848.5 төгрөг, хариуцагч Б.Доос 10,848.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгож, 10,848.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ