| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00556/и |
| Дугаар | 152/ШШ2024/00474 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2024/00474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., З ургийн овогт Р-гийн З-гийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.З шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1989 онд Завхан аймгийн Худалдааны техникумыг төгсөж ирээд 1989 оны 7 дугаар сарын 15-нд Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн тусгай үнийн дэлгүүрт кассчнаар ажилд орсон ба 1990 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 3 дугаар дэлгүүрийн ахлах Дын хүсэлтээр уг дэлгүүрт кассчнаар ажиллах болсон. 1992 онд уг дэлгүүр дуудлага худалдаагар худалдаалагдсан тул 1992 оны 1 дүгээр сараас О ахлагчтай Эхчүүдийн дэлгүүрт худалдагчаар ажилласан. Энэ хугацаанд худалдагчаар ажилласан тушаал олдохгүй байна. Аймгийн архиваас тухайн үед авч байсан цалин гарч ирсэн. Тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үеийн худалдагчаар ажиллаж байсан нотлох баримт, тушаал дутуу тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оныг дуустал кассчин, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 135 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 387 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрч Ц.Ц, Д.Ц нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Ц, Д.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Р.Згийн ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Згийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Р.Згийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 387 зөвлөмжийн хуудсанд: Р.З нь Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989-1994 онд ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал нь Аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 387 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Р-гийн Згийн 1989 оны 7 дугаар сараас 1995 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3.3. Р.З-д 1989 оны 7 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Тусгай үнийн дэлгүүрт кассчнаар томилон ажиллуулав, 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас худалдагчийн ажлаас чөлөөлөв, 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс ХК-ийн ... дэлгүүрт худалдагчаар томилон ажиллуулав гэх бичилтүүд хийгджээ. Тухайн хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийг анх кассчнаар ажилд авсан бичилт хийгдсэн атлаа кассчнаар чөлөөлсөн бичилт хийгдээгүй, худалдагчийн ажлаас чөлөөлсөн зөрчилтэй байна. Мөн Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Р.Згийн 1989-1995 онд Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд түүвэрлэн ирүүлсэн байхад хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс ХК-ийн ... дэлгүүрт худалдагчаар томилон ажиллуулав гэх цалингийн тодорхойлолтоос эрс зөрүүтэй бичилтүүд хийгдсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
3.4. Р.З-гийн ХААТР-1 баримтыг 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд баримтад нэхэмжлэгчийн суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул маягтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Харин гэрлэснийг бүртгэх анкетыг 1993 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн байх ба анкетад Овог, нэр Р-гийн З, боловсрол тусгай дунд, ажилладаг байгууллага ХХБТрест, эрхэлдэг ажил худалдагч гэж бүртгэгдсэн байх тул тухайн баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.
3.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Ц, Д.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Ц Миний бие 1976 оноос 1980 он хүртэл Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар, 1987 оноос 2005 он хүртэл тус трест болон Увс ХК-д кассчин, худалдагчаар ажиллаж байсан. Р.З нь 1989 оноос 1995 он хүртэл Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трест болон Увс ХК-д худалдагч, кассчнаар ажиллаж байсан. Р.З бид хоёр тусгай үнийн дэлгүүрт худалдагч, кассчнаар хамт ажилладаг байсан. Тухайн үед бид нарыг хооронд нь солиод өөр өөр дэлгүүрт ажиллуудаг байсан гэж, гэрч Д.Ц Миний бие 1985 онд Завхан аймгийн Худалдааны техникум төгсөж ирээд 1985 оноос 1995 он хүртэл Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн хүүхдийн дэлгүүрт кассчин, худалдагчаар ажиллаж байсан. Р.З нь 1989 оноос 1992 он хүртэл тус трестийн хүүхдийн дэлгүүрт худалдагч, кассчнаар ажиллаж байгаад 1992 онд хүүхдийн дэлгүүр хувьчлагдахад мэргэжилтний дэлгүүрт худалдагч, кассчнаар ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 387 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч Р.З нь 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 387 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Ц.Ц, Д.Ц нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг ургийн овогт Ргийн Згийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зуутраг ургийн овогт Ргийн Згийн 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчин, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ