Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 155

 

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

    Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор: Б.Баярмагнай,

    Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

    Хохирогч: Б.Б,

    Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн М-ийн А-т холбогдох эрүүгийн 201720000015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОР74031116, Х овгийн М-ийн А.

    Холбогдсон хэргийн талаар:

                Шүүгдэгч М.А нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан жирэмсэн эх О.О-д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас жирэмсэн эх О.О нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч М.А-ийг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  

                Шүүгдэгч М.А нь Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч эмчээр ажиллаж байхдаа хэвтэн эмчлүүлж байсан жирэмсэн эх О.О-д эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас жирэмсэн эх О.О нас барсан болох нь цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2006 онд эхнэр О-тэй гэр бүл болсон,  манайх 2 хүүхэдтэй бөгөөд 3 дахь хүүхэд маань 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр төрөх байсан. Би эхнэрээ төрөх дөхсөн байсан учир ерөнхийд нь биеийг нь үзүүлж, зөвлөгөө аваад буцаж гаръя гэж бодоод 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сумын эмнэлэгт очиж эх баригч эмч А-т үзүүлэхэд “Даралт их байна, хэвтэх шаардлагатай” гэж хэлээд 14-16 цагийн үед эмнэлэгт хэвтүүлсэн. Би эхнэрээ эмнэлэгт хэвтүүлчихээд гэрлүүгээ хариад байж байтал 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 9-10 цагийн хооронд хадам эгч над руу залгаад “Эхнэрийн чинь бие тааруу байна, ороод ир” гэж ярьсан. Тэгээд би тэр даруйдаа гарч өдөр 11 цагийн үед сумын төв орж эмнэлэг дээр очиход эхнэр маань ухаангүй, шингэн залгачихсан, эмч, сувилагч нар өрөөнд нь байсан. Тэгээд удалгүй эмч нар надад “Бид нар шаардлагатай арга хэмжээ авч, зохих эмчилгээ хийсэн боловч нэмэр болсонгүй, өнгөрчихлөө” гэж хэлсэн. Уул нь эхнэрийг маань гэртээ байхад багийн эмч эргэж ирэхдээ үзээд “Даралт нь гайгүй байна” гэж хэлсэн. Мөн эхнэр маань гэртээ байхдаа бие нь өвдөж байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Цаашид ийм харамсалтай зүйл битгий гараасай гэж хүсэж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ” гэх мэдүүлэг,

    хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эхнэрээ хөдөөнөөс авчирж эмнэлэгт хэвтүүлсэн. 3 дахь хүүхдээ төрүүлэх гэж байсан. Эхнэрт маань суурь өвчин байхгүй. 01 дүгэр сарын 03-ны өдөр эхнэр маань нас барсан. Одоо би  хоёр хүүхэдтэйгээ сумын төвд амьдарч байна. Манай эхнэр өмнө нь 2 удаа төрөхдөө хүндрэл гарч байгаагүй. Хохирлын талаар шүүхэд шинээр баримт гаргаж өгсөн. Нийт 8.380.900  төгрөг нэхэмжилж байна. М.А нь өнөөдөр өглөө 2 сая төгрөг өгсөн. Зөвхөн А биш тухайн үед ажиллаж байсан их эмч, сувилагч нарт гомдолтой байна. Манайх 5, 11 настай хүүхдүүдтэй” гэх мэдүүлэг,

 

                гэрч Н.А-ийн “Талийгаач нь миний нагац ахын эхнэр бөгөөд би сумын эмнэлэгт талийгаачийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 цаг 40 минутын хооронд сахиж хоносон юм. Намайг сахиж хоноход талийгаачид цагаар тариа хийж, уухаар эм өгсөн. Шөнө 22 цагийн үед даралт буулгах эм өгсөн. Даралтыг нь үзэхэд 170-тай байсан ба тухайн үед эх баригч эмч А-тай сувилагч утсаар холбогдоход А эмч утасны цаанаас зөвлөгөө өгчихөөд ирээгүй. Талийгаач “Цээж дүүрээд амьсгалж болохгүй байна” гээд орноосоо босоод өрөөн дотроо явсан. Мөн “хэвтэх гэхээр далаар хатгаад хэвтэж болохгүй байна” гэж хэлээд байсан. Тэгээд бүр болохгүй болохоор би шөнийн 01 цаг өнгөрч байхад сувилагчийг дуудахад сувилагч орж ирээд талийгаачийн даралтыг үзчихээд “Даралт буугаагүй байна” гээд дахиад эмчтэй холбогдоход эмч мөн адил утасны цаанаас нь зөвлөгөө өгчихөөд ирээгүй. Тэр үед сувилагч шингэн залгаад 03 цагт дууссан. Харин талийгаач 2 цаг орчим унтаад 05 цагийн үед сэрээд “Толгой хатгаад байна, сувилагч дуудаад толгойны эм байвал асуугаад ир” гэж хэлэхээр нь би сувилагчтай уулзахад “Толгойны эм байхгүй” гэж хэлэхээр  нь би буцаж орж ирээд талийгаачийн толгой дээр нь хүйтэн жин тавьж өгөөд хэсэг хугацаанд хэвтүүлсэн. Тэгж байтал сувилагч орж ирээд өглөөний 06 цагийн тариа хийгээд, эм уулгасан. Уусан эм нь 12 цагийн зайтай уудаг эм байсан бөгөөд талийгаач эмээ уусны дараа бөөлжөөд гаргачихсан. Тэгээд надад “Миний дүү гэгээ орохоор гэртээ харь. Шөнөжингөө суусан юм чинь ядарч байгаа байх. Одоо ингэсгээд эмч нар ирэхээр нь би өөрөө үзүүлчихнэ” гэж хэлж байсан. Тухайн үед талийгаачийн царай нь их ядрангуй байсан ба надад “Өчигдрөөс хойш би хоол унд идэж, ууж чадахгүй болчихлоо. Уг нь би гэрт зүгээр байсан юм” гэж хэлж байсан. Талийгаачийг сахиж хонохдоо би орой нэг удаа бие засуулахад хөл нь гуйваад унах шахам явж байхаар нь би түүнийг түшиж хамт гарч бие засуулсан. Харин өглөө 05 цаг 30 минутын үед талийгаач бие засахдаа өөрөө босоод алхаж гараад би хажууд нь дагаж гарсан ба талийгаач бие засчихаад орж ирж хэвтсэн. Тэгээд би удалгүй харьсан бөгөөд гэрт очиж унтаж байгаад 12 цагийн үед сэрэхэд талийгаачийг өнгөрсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

               гэрч Б.Ц-ийн “Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж хоносон. Өвчтөн О нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө бие нь гайгүй байсан. Эх баригч эмч эмчилгээ бичиж өгсний дагуу сувилагч эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг 30 минутад ээлж хүлээж аваад өвчтөн О-д 22 цагт цагийн тариа хийж, даралт буулгах эм өгсөн. Тэр үед өвчтөн О нь “Цээжин дээр өвдөөд байна” гэсэн зовиур хэлэхээр нь би даралтыг нь үзэхэд баруун, зүүн даралт нь 160/100, 160/110-тай байсныг эх баригч эмчид танилцуулахад “Эхлээд ямарч байсан даралтыг нь буулгачих. Тэгээд над руу хэлээрэй” гэхээр нь би эмчийн зааврын дагуу дибазол дангаар нь судсаар хийж 30-40 минутын дараа даралтыг нь үзэхэд даралт буугаагүй байсан. Тэгэхээр нь дахиад эх баригч эмч рүү яриад седуксин /тайвшруулах унтуулах үйлчилгээтэй/ хийхэд өвчтөн тайвширч 1 цаг орчим унтсан. Түүний дараагаар би 01 цагийн үед орж үзэхэд талийгаач бие засчихаад орж ирсэн ба “Цээжин дээр өвдөж байгаа зүйл бүр хүчтэй өвдөж, амьсгал давчдаад байна” гэхээр нь би даралтыг нь үзэхэд зүүн даралт нь 160/110, баруун даралт нь 170/120-той байсан. Тэгэхээр нь би дахиад эх баригч эмчтэй ярьж энэ талаар танилцуулахад “Даралтын аппарат чинь зөв үзэж байгаа юм уу” гэхээр нь өөр хүний даралтыг үзэхэд зүгээр хэвийн ажиллаж байсан. Би эх баригч эмчийг ирээд үзээд өгөөч гэхэд “Даралт нь уг нь гайгүй байсан, яасан юм бол, чи ямар ч байсан ношбатай натрыг 0.9 хувиар дуслаар хийчих” гэхээр нь би шингэн хийсэн. Тэгээд орж гараад талийгаачаас “Бие чинь яаж байна” гэхэд “Өвдөлт нь зүгээр болчихлоо” гээд 3 цаг унтаж амарсан. Тэгээд өглөө 06 цагийн тариа хийхээр орж “Яаж байна” гэж асуухад “Өрцөн дээр өвдөж байсан зовиур алга болчихлоо. Харин толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд би 08 цаг 20 минутанд ээлж хүлээлцэхээс өмнө талийгаач ухаан алдчихсан байсан ба тэр үед би эмч нарыг дуудаж эмч нар яаралтай эрчимт эмчилгээний  арга хэмжээ авсан боловч талийгаач нас барсан. Сувилагчийн ажлын байрны тодорхойлолтонд сувилагч өвчтний онош тогтоох үүрэгтэй эмнэлгийн ажилтан биш юм. Би эх баригч эмч рүү өөрийнхөө 99423788 дугаарын утаснаас 88281001 дугаарын угас руу залгаж дуудлага хийсэн” гэх мэдүүлэг,

                гэрч Д.Л-гийн “Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө ажил дээр яваад  очтол сувилагч “Хурдлаарай эмчээ, хүний бие муудаад байна” гэхээр нь талийгаачийн хэвтэж байсан өрөөнд орж үзлэг хийхэд өвчтөн ухаангүй, судасны цохилт сулхан, зүрх судасны үйл ажиллагаа суларсан, шокын байдалтай байсан. Тэгээд яаралтай тусламжийн арга хэмжээ авч хүчилтөрөгч өгч, зүрхэнд иллэг, массаж хийж, яаралтай тусламжийн эмчилгээ хийж эхэлсэн боловч амийг нь аварч чадаагүй. Талийгаач манай эмнэлэгт 2017 оны 01 дүгээр сарын 02-ны орой хэвтсэн байсан ба 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төрөх хугацаатай байсан. Талийгаачийг шууд хариуцаж эмчилж байсан эмч нь эх баригч эмч юм. Эх баригч эмч нь хүнд өвчтэй буюу шаардлагатай гэсэн өвчтөнг надад мэдэгдэж хамтран үзлэг хийдэг. Харин шаардлагагүй тохиолдолд өөрөө бие даан үзлэг явуулж эмнэлэгт хэвтүүлж эмчилгээг явуулдаг юм. Тэгэхээр талийгаачийг эх баригч эмч өвчний байдлаас гайгүй гэж үзсэн байх. Харин би талийгаачийг эмнэлэгт хэвтсэн талаар мэдээгүй. Эмчийн үзлэгээр талийгаачийн даралт 160/110-тай байсан гэсэн. Гэхдээ өвчтөнд эмнэлгийн байгууллага зохих эмчилгээ, үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлсэн. Эх баригч эмч мөн талийгаачид эмчилгээ, үйлчилгээг цаг хугацаанд үзүүлсэн гэж үзэж байна. Эх баригч эмч талийгаачийг тийм түвшинд хүрчихнэ гэж бодоогүй байх. Олон жил ажилласан ажлын туршлагаараа талийгаачийг эмчилж болох байх гэж үзсэн байх. Уг нь манай суманд даралт ихтэй олон эх төрж байсан, гэхдээ эхийн эндэгдэл гарч байгаагүй” гэх мэдүүлэг,

               гэрч Н.О / шинжээч эмч /-ын “Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуудлага авч Хяргас суманд очсон. Тус сумын Эрүүл мэндийн төвд Хайрхан багийн иргэн О гэгч жирэмсэн эх эмчлэгдэж байгаад нас барсан байсан ба талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор бүрэлдэхүүнтэй шинжилгээг явуулсан. Шинжилгээгээр талийгаач нь тархины ховдолд болон тархины эдэд цус харвасны улмаас тархи хавагнан гавлын дотоод даралт ихсэж амьсгал зүрх, судасны төв дарангуйлагдаж нас барсан байсан. Талийгаач нь 36-37 хоногтой жирэмсэн байсан ба жирэмсний гаралтай артерийн даралт ихсэх эмгэгтэй байсан. Жирэмсний гаралтай артерийн даралт ихсэлт эмгэг нь зөвхөн жирэмсэн үед артерийн даралт ихсэх байдлаар илэрдэг. Харин жирэмслэлт төгссөний дараа артерийн даралтын хувьд эргээд хэвийн байдалд ордог юм. Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн 09 тоот өвчний түүхэнд артерийн даралтыг бууруулах эмчилгээ бичигдэж, эмчилгээ хийгдсэн байсан. Харин дээрхи эмчилгээнд артерийн даралт буулгүй улмаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө талийгаач О-гийн артерийн даралт ихсэж даралт харвасан байгаа нь эмчилгээний хувьд дутагдалтай юм. Өвчний түүхэнд бичигдсэн эмчилгээ нь үр дүнгээ өгөөгүй учраас дараагийн арга хэмжээг авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл талийгаачийн артерийн даралтыг хөнгөн хэлбэрийн гэж үзэж эмчилгээг эхлүүлсэн байсан. Гэхдээ үзлэгийн үеийн байдлаар тухайлбал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 30 миунтанд хийсэн үзлэгээр баруун даралт нь 150/90, зүүн нь 160/100 байсан даралт нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг 20 минутанд хийсэн үзлэгээр баруун даралт нь 190/110, зүүн нь 220/120 хүрч ихэссэн байсан. Энэ үед артерийн даралт бууруулах эмчилгээг хийсэн боловч үр дүн өгөөгүй. Даралт хэдий хэмжээгээр ихэссэн байсан ч артерийн даралтыг буулгаж чадсан бол талийгаачийн амь насыг аврах боломжтой байсан. Талийгаачийн харвасан цус харвалт нь маш хүнд хэлбэр учир түүний амь насыг аврах боломжгүй байсан байна. Даралт ихсэлттэй хүн даралт буух хүртэл босож явдаггүй бөгөөд босож явах нь артерийн даралтыг ихэсгэх нөлөөтэй байдаг” гэх мэдүүлэг,

                гэрч Б.Б / шинжээч эмч /-ийн “Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуудлагаар Хяргас суманд очсон. Хяргас сумын Эрүүл мэндийн төвд тус сумын иргэн О гэх жирэмсэн эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан байсан. Талийгаач нь 35-36 недель буюу 9 сартай байсан ба 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр төрөх эмэгтэй байсан. Талийгаачид хийсэн шинжилгээгээр үхлийн шалтгаан нь тархинд тархмал цус харвалт өгч, их хэмжээний цусан бүлгэмийн улмаас тархи шаантаглаж нас барсан байсан. Энэ нь жирэмсэн эхэд жирэмсний үед илэрдэг эмгэг бөгөөд жирэмсний үеийн хожуу хордлогын хүнд хэлбэр буюу манас /гялс/ таталтын эмгэг юм. Энэ эмгэг нь бусад үед илэрдэггүй бөгөөд зөвхөн жирэмсэн үед илэрдэг. Ийм үед “Эмчилгээ, үйлчилгээний удирдамж”-ийн дагуу хийгдэх эмчилгээг тодорхой заасан байдаг. Энэ нь 3 төрлийн хэлбэртэй байдаг бөгөөд аль хэлбэр байхаас шалтгаалж эмчилгээ нь өөр өөр байдаг. Манас /гялс/ таталтын хэлбэр нь их хурдан харвалт өгөх шинж юм. Харин би эмчлэгч эмч биш учраас тодорхой тийм эмчилгээ хийх байсан гэж хэлэхэд учир дутагдалтай. Энэ талаар дээр хэлсэн “Эмчилгээ, үйлчилгээний удирдамж”-д тодохой заасан байгаа. Эмчлэгч эмч тэр удирдамжийн дагуу эмчилгээг явуулж, онош тогтоож дараагийн арга хэмжээнд шилжих ёстой байдаг. Талийгаачид эхлүүлсэн эмчилгээ нь талийгаачийн тухайн тавьсан оноштой тохирч байгаа. Өөрөөр хэлбэл сумын эх баригч эмч жирэмсэн эхийн эмгэгт зөв онош тогтоосон боловч хөнгөн хэлбэрийн даралт гэж эмчилгээг эхлүүлсэн нь үр дүнгээ өгөлгүй талийгаач харвалт өгч нас барсан байна” гэх мэдүүлэг,

                Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №06 дугаартай Шүүх эмнэлэгийн шинжилгээний №6 дугаартай: “Талийгаач О.О-гийн тархинд цус харвасны улмаас тархи хавагнан, тархи үхжиж, гавлын дотоод даралт ихсэж, амьсгал зүрх судасны төв дарангуйлагдаж нас барсан байна. Талийгаач нь 36-37 долоо хоногтой жирэмсэн байсан ба манас таталттай, жирэмсний гаралтай артерийн даралт ихсэх эмгэгтэй байжээ. Дээрх жирэмсний гаралтай артерийн даралт ихсэлт нь манас татаж, тархинд цус харваж хүндэрч үхэлд нөлөөлсөн байна. Ургийн бүтэлт, амьгүй ураг. Талийгаач О.О-д Хяргас сумын ЭМТ-ын эх баригч эмч нь эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийсэн боловч эмчилгээний хувьд дутагдалтай байна. Дүгнэлт гаргасан : Шинжээч эмч О.П, Н.О, эмгэг судлалын эмч Б.Б” гэх акт / шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 30-32 х/ ,     

                Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017.08.02-ны өдрийн 846 тоот /хавтаст хэргийн материалаар хийгдсэн/ шүүх эмнэлгийн: “Шинжээчийн 2017.01.17-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач О.О нь жирэмсний хожуу хордлого манас таталт даралт ихсэлтийн улмаас их, бага тархины эд, ховдол болон зөөлөн бүрхүүлийн дотор цус харваж нас баржээ. Увс аймгийн Хяргас сумын эх баригч, бага эмч М.А нь О.О-д манас таталтын урьдал хөнгөн хэлбэр гэж онош тавьж, эмчилгээ бичжээ. Ирэх үеийн зовиураас: Толгой өвдөнө, шилэн хүзүү хөшнө, ууц, нуруу, дал, мөрөөр хатгаж өвдөнө. Үзлэгээр: ...артерийн даралт баруунд 150/90, зүүнд 160/100, аюулхай орчим тэмтэрхэд эмзэглэлтэй гэсэн ба хэвтэх үед шээсний ерөнхий шинжилгээ хийгдээгүй, үзлэгийг бүрэн хийж тэмдэглэл хөтлөөгүй, их эмч болон нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваагүй, онош бүрэн тавигдаагүй байна. Тухайн эмнэлгийн байгууллагын нөхцөлд хийгдвэл зохих шинжилгээг бүрэн хийгээгүй байна. Тогтоосон оноштой хийсэн эмчилгээ нь тохирч байгаа боловч О.О-д онош бүрэн тавигдаагүй тул хийгдсэн эмчилгээ нь үр дүнгүй болжээ. Өвчтөнд эмнэлгийн тусламжийг зохих хугацаанд нь үзүүлсэн боловч оношийг бүрэн тогтоогоогүй байна. Хяргас сумын эх баригч бага эмч М.А нь Монгол Улсын стандарт сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5082:2005-н 7.7.1-д заасан: Эмч бүрэн үзлэг хийж эрүүл мэндийн картанд хөтөлнө. 7.7.5-д: Жирэмсний хүндрэлтэй эхчүүдийг илрүүлж, нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд төрөх шаардлагатай эхчүүдийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлнэ гэсэн заалт болон хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний заалтуудыг зөрчжээ. Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Л-д өвчтөн О.О-г хэвтсэн талаар мэдэгдээгүй байна. Хяргас сумын сувилагч Б.Ц нь өвчтөнд хийвэл зохих эмчилгээг хийжээ. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Т.А, Т.Н, М.З” гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 171-174х/,  

               Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Зөвлөлийн хурлын 2017.01.17-ны өдрийн 03 тоот “Эхийн эндэгдлийг магадлан хэлэлцэх тухай” тэмдэглэлд “Эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Н.Ш: Жирэмсний хожуу хордлого удаан үргэлжилжилж хүндэрснээс тархины цус харвалтаар эх эндсэн тул энэ нь эхийн эндэгдэл мөн гэж үзэж байна .

               Эх эндэгдэхэд нөлөөлсөн хожимдол байгаа эсэх талаарх санал :

               3-р хожимдол: стандарт, удирдамжаас доогуур тусламж үзүүлэх

               Д /Нэгдсэн эмнэлгийн дарга/: Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хожимдол байна.

               Ш:  Сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан боловч тусламж үйлчилгээ хангалтгүй байсан учир 3-р хожимдол байна.  

               Гишүүдийн 100% -ийн саналаар 3-р хожимдол байна гэж үзлээ ...гэжээ,

               Эмгэг судлалын шинжилгээний Протокол №Сум эх-1/ эмгэг судлалын онош/ -д “Хяргас сумын эрүүл мэндийн төвийн жирэмсний  хяналт туйлын хангалтгүй. Эхийн биеийн байдлыг үнэлж чадаагүй, жирэмсний хүнд хэлбэрийн манас таталтыг оношлоогүйгээс арга хэмжээ аваагүй цаг алдсан, их эмчийг дуудаагүй, эмчилгээ хангалтгүй хийсэн зэрэг нь эмчилгээ үйлчилгээний дутагдал болно. 2017-01-23 эмгэг судлаач эмч Б.Б” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 79 х/ ,  

               Мобиком корпорациас 2017.01.26-ны өдөр гаргасан 99423788 дугаарын 2017.01.01-2017.01.03-ны хоорондох хугацаанд гадагш ярьсан болон илгээсэн мессежний жагсаалтад “ 2017-01-02-ний 23:12:14, 23:18:57, 2017-01-03-ний 00:10:09, 00:02:05 цагуудад 88280110 дугаарт залгасан яриа  , Юнител ХХК-аас 2017.01.27-ны өдөр гаргасан  88280110 дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа/ 1-р хх-ийн 105-106, 112-113х /,

               гэрч Б.Б-ийн “Талийгаач нь миний төрсөн дүү Б-ын эхнэр бөгөөд миний бэр дүү О 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө Хяргас сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан. Тэр өглөө миний ээж 08 цаг 40 минутын үед утсаар ярьж “О харвасан юм шиг байна. Аймгийн эмнэлэгт дуудлага өгмөөр байна” гэхээр нь би ажлаасаа гарч 09 цаг 40 минутын үед эмнэлэг дээр очиж эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ш эмчтэй уулзаж болсон асуудлын талаар ярьж “Та нар Хяргас сум руу явах уу. Би хамт явж болох уу” гэхэд Ш эмч “Тэр хүн чинь даралт харваагүй, өвчтний биеийн байдал хэвийн байна. Бид зөвлөгөө өгч байгаа. Дараагийн эмчилгээ хийгдэж байгаа, эмчилгээний цаг арай болоогүй байна” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгийн коридорт хэсэг хугацаанд хүлээсэн ба 10 цаг 10 минутын үед эмч, сувилагч нар нааш, цааш хурдан явж эхэлсэн. Тэгэхээр нь би дахин Ш эмчтэй уулзаж “Та нар явах гэж байна уу” гэхэд “Тийм. Одоо хагалгааны багаж, хэрэгсэл авах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд аймгаас 11 цагийн үед гарч Хяргас суманд 15 цаг 20 минутын үед очиход О нас барсан байсан. Аймгаас 5 их эмч, 2 сувилагч явсан. Суманд очоод аймгаас очсон эмч нар Л эрхлэгч эмчийн өрөөнд ороход би дагаж орсон ба Л эмч “Нэг хүн алдчихаад сууж байна даа” гэхээр нь би “2 хүн алдчихсан сууж байгаа юм биш үү” гэж  хэлсэн. Гэтэл аймгаас очсон эмч нар юу болсон, талийгаачийг ямар өвчний улмаас нас барсан талаар тодруулахад талийгаачийн өвчний оношыг “Эхэс ховхорсон байх. Хөдөөний хүн учраас хүнд юм өргөсөн болов уу” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би “Эхэс ховхорсон хүн цус алддаггүй юм уу, энэ асуудлыг хуулийнх нь дагуу шалгуулна. Та нар чадахгүй байсан юм бол 2-р шатлалын тусламж дуудаж цаг алдалгүй дараагийн эмчилгээний багийн дэмжлэг авахгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед Л, А эмч нар “Бид нар хийх ёстой эмчилгээг бүгдийг нь хийсэн. Авах ёстой арга хэмжээг бүгдийг нь авсан. Тэгээд нэмэр болсонгүй” гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлыг дахин шалгуулах талаар миний төрсөн дүү Б хүсэлт гаргасан. Харин талийгаачийн нас барсан өвчний онош нь “Даралтын манас таталт” гэх оноштой гэсэн. Талийгаачийг нас барсан шөнө сувилагч Ц ээлжтэй хонож байсан ба талийгаачийн биеийн байдлын талаар эх баригч эмч А-т хэд хэдэн удаа хэлэхэд тэр ирээгүй байсан. Тэгэхээр Б-ын хувьд ээлжийн сувилагч Ц, эх баригч эмч А, Эрүүл мэндийн төвийн дарга Л нар нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, мөн талийгаачийн өвчний оношыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, хийсэн эмчилгээ үйлчилгээ нь хууль ёсны эмчилгээ байсан эсэх, талийгаач нас барсан өвчний оноштой хүнд 2-р шатлал буюу дараагийн шатны эмнэлгийн яаралтай тусламжийн баг бүрэлдэхүүнийг дуудсан байх ёстой эсэх, 2016 оны 12 сард талийгаачийг эх баригч эмч үзсэн байсан ба даралт буулгах эм бичиж өгсөн нь зөв эсэх, эсвэл эмнэлэгт яаралтай хэвтүүлэх байсан эсэх, мөн талийгаачийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэвтүүлж тухайн өдөр дараагийн шатны дуудлагыг өгөх байсан уу гэх зэрэг асуудлуудыг шалгуулах хүсэлт гаргасан байсан. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс мөн дээрхи хүсэлтүүдийг гаргаж байна” гэх мэдүүлэг,   

              гэрч Б.П-ын “Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажилладаг юм. Миний хувьд 2003 оноос хойш одоог болтол хүний их эмч мэргэжлээр 14 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Хожуу үеийн хордлого гэдэг нь жирэмсний сүүлийн 3 сард эхийн даралт ихсэх, хавагнах, шээсээр уураг алдах гэх мэт шинжүүд илэрдэг. Энэ хожуу хордлого нь хөнгөн, дунд, хүнд гээд эх болгонд харилцан адилгүй явагддаг. Талийгаач О-гийн хувьд ямар явагдаж байсныг хяналтын эмч /багийн эмч, сумын эмч/ сайн мэдэх ёстой. Манас таталын урьдал байдлыг жирэмсний хожуу хордлого гэж ойлгож болно. О нь манас таталттай биш манас таталтын урьдал байдалтай Хяргас сумын эмнэлэгт ирсэн байх магадлалтай. Яагаад магадлалтай гэж үзэж байна вэ гэвэл өөрийн ухаантай, зовиур шаналгаагаа хэлээд эмнэлэгт хэвтсэн байдлаас үзэхэд манас таталтын урьдал байдалтай ирсэн гэж үзэхээр байна. Ийнхүү ирсэн энэ тохиолдолд эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч илүү тусламж үйлчилгээ үзүүлж чадна. Манас таталт нь жирэмсний маш ноцтой хүндрэл бөгөөд эх баригч А нь их эмч Л-д мэдэгдэх ёстой байсан. Эх амьд үлдэх эсэхийг миний хувьд хэлж мэдэхгүй байна. Аймгийн хэмжээнд эх барихын нарийн мэргэжлийн эмчтэй сум маш цөөхөн байгаа. Хяргас сумын хувьд эх барихын нарийн мэргэжлийн эмч байхгүй. Эх нас барсан өглөө эх барихын  зөвлөх эмч Ш над руу “Хяргас суманд нэг эх маш хүнд байдалтай байна” гэж ярьсан тул хагалгааны багийг Хяргас сум руу яаралтай гаргасан боловч манай хагалгааны багийг очихоос өмнө эх нас барсан байсан” гэх мэдүүлэг,

               гэрч Н.Ш-гийн “Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажилладаг. Миний хувьд мэргэжлээрээ 21 дэх жилдээ ажиллаж байна. 36-37 долоо хоногтой жирэмсний хожуу үеийн хорлдоготой жирэмсэн эмэгтэйд, өөрөөр хэлбэл манас таталттай, жирэмсний гаралтай артерийн даралт ихсэх эмгэгтэй эхэд эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч тусламж үзүүлнэ. Эх баригч эмч нар нь анхан шатны тусламж үзүүлээд дараагийн шатны буюу нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө тусламжийг авах ёстой. Жирэмсний хожуу үеийн хордлого нь 22 долоо хоногтойгоос эхлэн “Даралт ихсэх, хавагнах, шээсэнд уураг илрэх” гэсэн шинж тэмдгээр илэрхийг жирэмсний хожуу хордлого гэнэ. Хожуу үеийн хордлого нь хөнгөн болон хүнд гэж ангилагдах бөгөөд хүнд хордлого нь хүндэрч манас таталт болдог. Манас таталт нь таталтаар илэрдэг. Явцын хувьд хөнгөнөөс хүнд, хүндээс манас таталт үүсдэг. Хөнгөн тохиолдолд артерийн даралт бууруулах эмчилгээг хийнэ. Хүндрээд ирвэл таталт бууруулах эмчилгээ, тэгээд даралт бууруулах эмчилгээг хийнэ. Амь насыг нь аврах боломжтой юу гэвэл боломжтой. Талийгаачийн хувьд хамгийн гол нь тухайн үед оношоо тогтоож чадаагүй, хордлогын хөнгөн хэлбэртэй гэж үзсэн байдаг. Хөнгөн хэлбэрт тохирсон эмчилгээг хийж чадсан байсан. Тухайн үед эмчийн хяналтанд бус сувилагчийн хяналтанд байсан нь өвчний түүхээс харагддаг. Сумын эрүүл мэндийн төвийн эх баригч эмч ажлын байрныхаа тодорхойлолтонд зааснаар л тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Талийгаач О-д Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, эх баригч эмч, сувилагч нар зохих түвшинд тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, стандартаас доогуур түвшинд үзүүлсэн. Үүнийг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №42 тоот тушаалд нарийвчлан заасан байдаг.  Дээрх тохиолдол нь тухайн тушаалд зааснаас доогуур түвшинд эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн” гэх мэдүүлэг,

               гэрч Ц.О / аймгийн Эрүүл мэндийн газрын дарга /-ын “Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эхийн эндэгдлийг магадлан хэлэлцэх тухай хуралд оролцсон. Сайдын тушаалаар эхийн эндэгдлийг магадлах хурлын дарга нь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байна гэсний дагуу би өөрөө даргалж, хурал зохион байгуулсан. Тус хурал эхийн эндэгдлийг магадлах зорилгоор хуралддаг. Эхийн эндэгдэл гарах болсон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл зэргийг тогтоодог. О нь Хяргас сумын Эрүүл мэндийн төвд 2017  оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэвтэж эмчлүүлсэн боловч эх нас барсан. Тухайн Эрүүл мэндийн төвийн эмч,  мэргэжилтнүүд эхэд эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч эх нас барсан. Магадлах комиссын хурлаар Хяргас сумын эрүүл мэндийн төвийн дарга Л-г ажлаас чөлөөлөх шийдвэрийг Хяргас сумын засаг дарга Ц-д, сувилагч Ц-д Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалингийн 20%-иар 3 сар бууруулах сахилгын арга хэмжээ авахыг Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л-д тус тус үүрэг болгож албан тоотоор хүргүүлсэн. Эх баригч эмч А нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байсан тул арга хэмжээ авах үндэслэл байхгүй байсан. Эх эндсэн, эмчилгээ оношлогоонд доголдол гаргасан учраас дээр дурьдсан эмч, сувилагч нарт сахилгын арга хэмжээ авсан” гэх мэдүүлэг,

              гэрч Д.Д / аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга /-ын “Эмч А жирэмсэн эх О-д “манас таталт” гэж тавьсан онош зөв байсан. Гэхдээ манас таталтын урьд үе, хөнгөн юмуу, хүнд хэлбэр гэдгийг зөв тавиагүй. Хүнд, хөнгөн гэдгээс хамаарч эмчилгээний тактик гарах ёстой. Эмчилгээ тохирсон эсэхийг нарийн мэргэжлийн эмчээс асуух нь зүйтэй байх. Сумын эмнэлэгт  тухайн нөхцөлд манас таталтын хүнд, хөнгөн аль нь гэдгийг ялган дүгнэх боломжтой. Жирэмсэн эхийн даралт буухгүй байгаа тохиолдолд эмч А мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах ёстой. Салбарын их эмчид мэдэгдэж хамтарч үзлэг хийж үр дүн өгөхгүй бол нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах ёстой байсан. Оношлогоо, эмчилгээний удирдамжид тусгагдсаны дагуу салбарын их эмч, нарийн мэргэжлийн эмчид мэдэгдэх ёстой байсан. Эх ирсэн даруйд эхэд үнэлэлт зөв өгөөд тэр даруйд дараагийн шатлалын эмнэлэгт мэдэгдсэн бол эх, нярай хоёрыг аврах боломжтой байсан” гэх мэдүүлэг,

               гэрч Д.Д / аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн/ -ийн “А нь талийгаач О-д “Жирэмсний хожуу хордлого” гэж онош тавьсан нь уг эх жирэмсний хордлоготой байна гэдгийг ерөнхийд нь оношилсон. Гэхдээ доторх ангиллыг ялган олохын тулд шинжилж, нарийн үзлэг хийх зэргээр тодруулах шаардлагатай байдаг. Эхний тавьсан оношийн дагуу хийсэн эмчилгээ нь ерөнхийдөө зөв. Хийгдсэн эмчилгээ нь ерөнхийдөө зөв боловч цаашид биеийн байдал хүндэрсэн шинж тэмдгээс харахад жишиг удирдах ажлаас доогуур тусламж үйлчилгээ үзүүлсэн гэсэн дүгнэлтэнд бид хүрсэн. Жирэмсэн эхийн даралт буухгүй байгаа тохиолдолд их эмчийг дуудаж, хамтран тусламж үзүүлэх байсан. Энэ нь сумын эмнэлгийн стандарт, жирэмсэн эмэгтэйг хянах Эрүүл мэндийн сайдын тушаал, заавар, журам, эх баригчийн өөрийнх нь ажлын байрны тодорхойлолт зэрэгт тусгагдсан байдаг. Дараагийн шатны эмнэлэгт эрт, хугацаа алдахгүй мэдэгдсэн бол эх, нярай хоёрын амь насыг аврах магадлал байж болно. Гэхдээ нэгэнт хүндэрсэн хойно, хүнд тохиолдолд амь насыг нь аврах боломжгүй үе ч байдаг юм. Эмч А нь мэргэжил дээшлүүлж байсан тэргүүлэх зэрэгтэй эмч юм. А-ийн мэдлэг боловсрол эхийн эндэгдэлд шууд нөлөөлсөн гэж үзэхгүй байна. А нь эмнэлгийн дунд мэргэжлийн эмч бөгөөд дээд мэргэжлийн эмчтэй харьцуулахад мэдлэг дутмаг гэдэг нь үнэн. Өөрийнхөө үзүүлэх тусламжийн хувьд жишиг удирдамжаас доогуур тусламж үзүүлсэн байна гэсэн нь эхийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйл болсон байх гэж үзэж байна. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Нарийн мэргэжлийн эмч нар нь мэдэх байх” гэх мэдүүлэг,                

               шүүгдэгч М.А-ийн “Талийгаач О нь жирэмсний хяналтанд орсон байсан бөгөөд би хяналтаараа үзэж байсан юм. 2016 оны 12 дугаар сарын эхээр дуудлагаар явж байгаад замдаа гэрээр нь орж жирэмсэн эхийн биеийг үзэхэд даралт өгссөн байдалтай, 2 хүүхдийн хамт байсан. Нөхөр нь отроор явчихсан байсан тул би түүнд “Нөхрөө ирсэн даруйд сумын төв орж үзүүлээрэй” гэж хэлээд явсан. Үүнээс хойш 7-10 хоногийн дараа талийгаач сумын төв рүү орсон байсан. Тухайн үед би өөрөө байгаагүй тул хүүхдийн их эмчид үзүүлэхэд даралт нь хэвийн байсан гэсэн, тэгээд  “Эх баригч эмчид үзүүл” гэж хэлсэн байсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа би түүний биеийг үзэхэд хэвийн байсан тул би О-д хандаж “Одоо хөдөө явалгүй эмнэлэгт хэвтвэл яасан юм бэ” гэхэд “Би эмнэлэгт хэвтэж чадахгүй, хоёр хүүхэд харах хүн байхгүй тул сумын төвд ээжийнхээ гэрт байж байя” гэж хэлээд эмнэлэгт хэвтээгүй. Түүний дараа 2016 сарын 12 дугаар сарын 22-ны үед талийгаачийн биеийг үзэхэд даралт нь буцаад жаахан өгссөн байсан тул “Чиний даралт ер нь тогтворгүй байна шүү. Чи эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь дээр. Даралтынхаа эмийг тогтмол хэрэглэж бай” гэдгийг нь хэлсэн. Түүнээс хойш сураггүй болчихоор нь эмнэлэгт үзүүлэх бүрт цуг ирж байсан Д гэдэг хүн рүү яриад “О яасан бэ, яагаад алга болчихвоо” гэхэд “Хөдөө гэрлүүгээ яваад ирээгүй байна” гэхээр нь “Яагаад юу болоод явчихваа” гэхэд багийн даргын сонгууль болох гээд явчихсан” гэж хэлж байсан. Би бодохдоо сонгуулийн ирц бүрдүүлэх гээд аваад явсан юм байх гэж бодсон. Тэгээд би Д-т “Та О-тэй холбогдвол эмнэлэгт ирж хэвт гэж хэлсэн гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд сураггүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үдээс хойш талийгаач нь Д эгчтэйгээ хамт эмнэлэг дээр ирэхээр нь талийгаачийг үзэхэд даралт нь мөн л 160/90-тэй ихэссэн байсан. Мөн тос ихтэй хоол идэснээс болсон байх цөс өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би талийгаачид “За одоо чи орж хэвт. Хоёр удаа хэвт гэхэд чи алга болсон”  гэж хэлээд хэвтүүлэх гэхэд талийгаач “Гадуур жаахан ажил байна” гэж гарч яваад буцаад 16 цагийн үед ирж хэвтсэн. Тэгээд миний бичсэний дагуу цагийн тариа, эмчилгээ хийгдсэн. Тэгтэл орой 22 цагийн үед ээлжийн сувилагч Ц над руу залгаад “Хэвтсэн эхийн даралт буухгүй байна, яг хэвэндээ байна” гэж хэлэхээр нь би “Чи даралтыг нь үнэн зөв үзэж чадаж байна уу. Дахин нягталж үз. Хэрэв буухгүй бол тарианы цагийг нь ойртуулаад хий” гэж хэлсэн. Түүнээс хойш цаг орчмын дараа сувилагч над руу дахин залгаад “Дибазол тарьсан ч даралт нь буурахгүй байна, цөс өвдөөд байна гээд гэдсээ дараад байна, ношватай натри хийж болох уу. Та ирээд үзчих боломж байна уу” гэж надаас асуухаар нь “Би одоо очоод яах вэ. Чи тайвшруулах эм хийгээд хажуунаас нь салж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгтэл шөнө 01 цагийн үед дахин над руу залгаад “Таны зөвлөсний дагуу эмчилгээ хийлээ. Эх одоо тайвшраад унтлаа” гэж хэлэхээр нь би “За одоо гайгүй байх” гэж бодсон. Тэгтэл өглөө 07 цаг 40 минутын үед ажил руугаа гарах гэж байтал сувилагч Ц над руу залгаж “А эмчээ нөгөө жирэмсэн эх ухаан алдчихлаа” гэхээр нь би эмнэлэг дээр очиход талийгаач ухаан алдчихсан байсан. Тэр үед би хийж болох бүх арга хэмжээг авч, эмчилгээ хийсэн боловч 12 цаг 30 минутын үед эмчилгээ авалгүй нас барсан. Би 01 дүгээр сарын 02-ны орой талийгаачийн даралт ихсэж байгаа талаар их эмчид мэдэгдээгүй бөгөөд Л эмч өглөө нь ажилдаа ирсэн. Л эмч тэр орой 20 цаг хүртэл ажиллаж байгаад явсан байсан. Сувилагч Ц 2017 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө миний 89748528, мөн эхнэрийн 88280110 дугаарууд руу залгасан. Би тухайн үед талийгаачид жирэмсний хожуу хордлогын хөнгөн хэлбэр, мөн нэмж цөсний үрэвсэл гэсэн онош тавьж эмчилгээ эхэлсэн. Цг залгаж байхад би эхийг хүндэрсэн байдалтай байна гэж үзээгүй. Учир нь сувилагч  тухайн үед “Та ирж үзэх боломж байна уу” гэж асуухад нь би эмчилгээгээ бичээд онош тавьсан болохоор эмчилгээг үргэлжлүүлчих гэж хэлсэн. Утсаар зөвлөгөө өгч болно гэсэн журам байхгүй. Манай сумын эрүүл мэндийн төвд цус, шээсний шинжилгээ хийдэг. Шинжилгээг лаборант хийдэг. Жирэмсэн эхийг хэвтэх үед шинжилгээ хийгдээгүй учир өлөн шээсийг шинжилгээнд авах  гэтэл жирэмсэн эх нь үдээс хойш эмнэлэгт хэвтсэн байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                  

                Шүүгдэгч М.А нь 1994 онд Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч, бага эмч мэргэжлээр төгссөн, эх баригч бага эмч мэргэжлээр 23 жил ажилласан, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 306 дугаар тушаалаар эх баригч бага эмч мэргэжлийн “Ахлах” зэрэг, 2010 оны 404 дүгээр тушаалаар эх баригч бага эмч мэргэжлийн  “Тэргүүлэх”  зэрэг,  Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаар тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай тус тус олгосон зэрэг нь хэрэгт авагдсан сувилагч-бага эмч мэргэжлийн 2060 тоот диплом, эх баригч бага эмч мэргэжлийн “Ахлах” зэргийн 3424 тоот үнэмлэх, эх баригч бага эмч мэргэжлийн  “Тэргүүлэх” зэргийн  5404 тоот үнэмлэх, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон 0005450 тоот гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

                Шүүгдэгч М.А нь Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвд эх баригч бага эмчээр ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь хавтаст хэрэгт авагдсан Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 129-132х/, Үр дүнгийн гэрээ /1-р хх-ийн 133-140х/, Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017-01-16-ны өдрийн Б/02 дугаар тушаал зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд тэрээр 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа жирэмсэн эх О.О-д үзлэг хийж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг зөвлөж, эмчилгээг эхлүүлсэн байна. Гэвч тухайн үедээ өвчтөний артерийн даралт хэвтэх үеийнхээсээ буураагүй, өвдөлт зовиуртай байсан тул ээлжийн сувилагч Б.Ц өөрийн 99423788 дугаарын утаснаас 2017-01-02-ний өдрийн 23:12:14, 23:18:57, 2017-01-03-ний 00:10:09, 00:02:05 цагуудад эмч М.А /88281001/-тай утсаар холбогдон өвчтний биеийн байдал, эмчийн зааврын дагуу хийсэн эмчилгээ үр дүнгээ өгөхгүй, даралт буурахгүй байгаа талаар удаа дараа /нийт 5 удаа залгаж, 3 удаа ярьсан/ танилцуулж, өвчтнийг ирж үзэх шаардлагатай талаар мэдэгдсэн болох нь гэрч Б.Ц, Н.А-ийн мэдүүлэг, М.А-ийн 89748528, 88280110 дугаарт орсон, гарсан дуудлагын лавлагаа, мэдээлэл  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.  

               Эх баригч бага эмчийн ажлын байрны тодорхойлолтод “Ажлын байрны үндсэн зорилт 2-д: үйлчлэх хүрээний жирэмсэн эхчүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, төрөх үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх,

               Ажлын байрны гол үйл ажиллагаа: Ажлын байрны үндсэн зорилт 2-ын хүрээнд: үйлчлэх хүрээний хүн амд төрөхийн өмнөх  болон төрөх үеийн тусламж үйлчилгээг тусламж үйлчилгээний нэн шаардлагатай болон нэмэлт багцийн дагуу эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн удирдлага дор үзүүлэх,

               Мөн М.А-тай байгуулсан үр дүнгийн гэрээний 1.1.2 /Нэгжийн ажил, үйлчилгээ/ хэсэгт “Жирэмсэн эхчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэж тус тус заажээ.  

               2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр М.А нь жирэмсэн эх О.О-д үзлэг хийж  эмнэлэгт хэвтүүлэхдээ оношийг бүрэн тавиагүй, зохих шинжилгээг хийлгээгүй, их эмч болон нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваагүй, мэдэгдээгүй, түүнчлэн өвчтний биеийн байдал хүндэрч байгаа, эмчилгээний үр дүнд даралт буурахгүй байгаа талаар удаа дараа сувилагчаас мэдэгдэж байхад ирээгүй, яаралтай тусламж үзүүлээгүй нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Эрүүл мэндийн сайдын 2014.10.20-ны өдрийн 338 тоот тушаалаар батлагдсан “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам”-д заасны дагуу тусламж үйлчилгээ үзүүлээгүй буюу өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ  зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирогч нас барсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

                Иймд шүүгдэгч М.А-ийг өвчтөнд эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

                Шүүгдэгч М.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 1 дүгээр сард үйлдэгдсэн ба Прокуророос гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар  зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

                Шүүгдэгч М.А нь 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Б.Бд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 сая төгрөг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдсон.

        Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А-аас нийт 8.380.900 /оршуулгын зардалд 3.080.900 төгрөгийн, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 300.000 төгрөг / төгрөгийн хохирол нэхэмжилж, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн ба нотлох баримтуудыг үнэлж дүгнэн талийгаачийн оршуулгын ажилд зарцуулсан бензиний үнэ 731.000 төгрөг, хүнсний бараа, эд зүйлийн үнэ 891.800 төгрөг, нийт 1.631.300 төгрөг гаргуулж, бусад зардал болох шашны зан үйлтэй холбоотой  болон нотлох баримтгүй бусад зардал / 980.000 төгрөг /, Дэвжих Хяргас ХХК-аас 2017-01-4-ний өдөр худалдан авсан гэх 469.600 төгрөгийн үнэ бүхий пийшин, гэрийн бүрээс, гялгар цаас зэрэг эд зүйлсийг юунд зарцуулсан нь тодорхойгүй / оршуулгын ажилтай холбоогүй /, мөн өмгөөллийн хөлс  300.000 төгрөгийг тус тус гаргуулах  үндэслэлгүй гэж дүгнэв. 

        Энэ гэмт хэргийн улмаас  хүний амь нас хохирсон /хохирогч О.О нь 36-37 долоо хоногтой жирэмсэн байсан/, талийгаачийн гэр бүлд  бага насны буюу 5-10 насны 2 хүүхэд үлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан  сэтгэл санааны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилснийг хангах нь зүйтэй гэж үзэв.         

   Дээрхи үндэслэлүүдээр хохирогчийн нэхэмжлэлээс оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 6.631.300 төгрөг гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд үүнээс  шүүгдэгчээс төлсөн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хасч, үлдэх 4.631.300 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 1.749.600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

   Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид  байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр/ эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж тус тус заасны дагуу гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй  гэж үзэв.

               2. Шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:  

               Шүүгдэгч М.А өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч М.А нь Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багт эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн Засаг даргын 2017-10-25-ны өдрийн тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.

               Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж дүгнэв. 

               Шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулинд заасан  хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

               Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл,  36.3 дугаар зүйлийн 1, , 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

               1. Шүүгдэгч Хасгууд овгийн Мидэрийн А-ийг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял  шийтгэсүгэй.

          3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

          4. Шүүгдэгч М.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.А-аас 4.631.300/ дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багт оршин суух хохирогч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1749600 / нэг сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуу / төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас  учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

               6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

               7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ,

                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН