Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/1143

 

 

 

 

 

        2022             12              01                                     2022/ДШМ/1143                             

 

    Б.Од холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ, даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Мягмардорж,

хохирогч Б.П,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/1253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Пийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Од холбогдох эрүүгийн 2208017301479 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Б.О нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “Гарьд” караокед хохирогч М.Птой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хавсарч унаган, дугтарч “зүүн хацар яс, зүүн хоншоор ясанд урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж ...” шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 5 дугаар сарын 11-ний орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах караокед төрсөн өдрөө тэмдэглэхээр орсон. Урд сууж байсан ахаас дууны номоо өгөөч гэж асуухад “гичий минь чи яасан тэнэг юм” гээд намайг өшиглөж унагаасан. Босоод ирэхэд хоёр мөрнөөс хүчтэй угзарч, шалан дээр нүүрээр минь унагаасан. Тэр үед миний ухаан балартаж, хаалгаар гарч нэг алхаад хамраас цус гарсан. Машинд суугаад гэртээ ирэхэд ээж маань хамарны цусыг тогтоож, “нүдний чинь цус тогтохгүй байна. Зодуулсан хүн дээр чинь очъё” гээд буцаад очиход нөгөө ах сууж байсан. Манай ээж очиж уулзахад “би зодоогүй, та нар худлаа ярьж мөнгө салгадаг хүмүүс байна. Би бөх хүн та нар намайг яаж ч чадахгүй” гэхээр нь ээж цагдаа дуудсан. Тэр ах цагдаа ирэхээс өмнө худлаа ярьж гарч яваад зугтсан. Цагдаа ирээд ээж бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст авчирч, 103 дуудаж анхны тусламж авсан. Мөн намайг шүүх эмнэлэгт үзүүлж, оёдол тавиул гээд бичиг хийж өгсөн. Би маргааш нь босож чадахгүй, шөнө нь ч унтаж чадаагүй. Амьсгаа авч ч чадахгүй амаараа амьсгалж байсан. Нүүр, нүд, шанаа бүхэлдээ хавантаж, халуураад маш хүнд байдалтай 3 хоног байсан. Ээж маань утсаа ломбарданд тавьж нүүрний зургаа авахуулахад “хамар хугарсан, нүүрний яс цаашаа цөмөрсөн” гэсэн дүгнэлт гарсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өг гэсэн боловч намайг эрүүл мэндийн даатгалаа бөглүүл гээд үзээгүй. Манай ээж тэтгэвэрт, хойд аав чихрийн шижинтэй хүнд байдалд, харин би ажлаасаа чөлөө авсан байсан. Тиймээс ээж маань хүнээс 180.000 төгрөг зээлж, миний даатгалыг төлж үзүүлсэн. Эмч “хагалгаанд ор” гэсэн боловч би ямар ч боломжгүй байсан. Зээлтэй, хоолгүй хонож ч байсан юм. Цагдаа дээр очиж асуухад намайг зодсон хүнийг олохгүй байна гэдэг байсан. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн газраас ээж бид хоёрыг дуудаад очиход нөгөө ах ирсэн байсан. “Би одоо чиний эмчилгээний мөнгийг өгнө, яаралтай хагалгаанд оруулна” гэж хэлсэн ч алга болсон. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр залгаж асуухад “чи жоохон байж бай, 15-наас 20-ны хооронд өгнө” гэсэн. Үүнээс хойш утас нь холбоогүй байж байгаад 9 дүгээр сар гаргаад залгахад “эм ав” гэж 50.000 төгрөг өгсөн. Дахин 9 дүгээр сарын 10-ны өдөр залгахад “би чамд мөнгө өгөх албагүй,  миний цохисон гэмтэл байхгүй, чиний хуучин гэмтлүүд л байх. Би таньдаг эмчээрээ үзүүлнэ” гэж хэлсэн. Үүнээс хойш би хэцүү байдалд байсаар 10 дугаар сарын 7-ны өдөр шүүх хурал болсон. Шүүх хуралд “тухайн хүнийг шийтгэсэн ч намайг хагалгаанд оруулж өгөөгүйд нь гомдолтой байна” гэдгээ хэлтэл, шүүгч “чи 5 сарын хугацаанд хагалгаандаа орохгүй яасан юм. Аав ээж чинь хагалгаанд оруулаад өгч болох байсан” гэсэн. Хагалгаанд оруулж өгөх боломж бололцоо байгаагүй. Хагалгааны төлбөр 5.000.000 төгрөг байсан гэхэд шүүгч “энэ наймаа хийдэг газар биш шүү” гэж хэлсэн. Ингээд би эрүүл мэндээрээ хохирч, ажил хийж чадахгүй, ээжээрээ тэжээлгэж байна. Би 2022 оны 9 дүгээр сард барилга дээр ажиллаж байгаад нуруугаа хугалсан. Шүүх хурал дээр ч нурууны хугарлын зургаа үзүүлсэн ч хавтаст хэрэгт ороогүй хэмээн аваагүй. Энэ хүнээс болж зуны 4 сар би ажилгүй, бие муу хэвтэж л өнгөрөөсөн. Энэ ах өөрийгөө том компанид ажилладаг гэж танилцуулж байсан. Тийм байж өдийг хүртэл хохирол барагдуулаагүйд гомдолтой байна. Би 5 сар дутуу амьсгаатай, байнга толгой өвдөж, эм ууж ирсэн. Хөгшин ээж минь намайг арчилж тордож байсан. Энэ хугацаанд би ээжийн бөгж, утас гэх мэт зүйлсийг ломбарданд тавьж эмнэлэгт үзүүлж, эм авч байсан. Ар гэр ямар хэцүү байдалд байдгаа хэлээд байхад авч үзээгүй.  Шүүх хуралд ээжийг минь үг хэлж болохгүй гэсэн ба шүүх хурлын дараа нөгөө ахтай уулзахад 1 дэх өдрөөс ярья гэсэн боловч яриагүй. Мөн прокурортой уулзахад “зүгээр зохицох юман дээр асуудал үүсгэлээ” гэж хэлсэн. Иймд намайг хохирогч хэвээр үлдээхгүйгээр дахин шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Р.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс 130.000 төгрөгийн баримттай хохирол нэхэмжилсэн. Шүүгдэгчийн хувьд эм тарианы мөнгө гэж хохирогчид 275.000 төгрөг өгсөн байна. Мөн хохирогчийг эмнэлэгт үзүүлье гэж дуудахад ирдэггүй байсан талаар мэдүүлдэг. Хохирогч Д.П ч бас үүнийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Хохирогчийн хувьд анхан шатны шүүх хуралдааны үеэр 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ баримтаар тогтоогдохгүй учраас гаргуулах боломжгүй байна гэж үзсэн. Тухайн хохиролтой холбоотой баримт бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.О нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “Гарьд” караокед хохирогч М.Птой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хавсарч унаган, дугтарч “зүүн хацар яс, зүүн хоншоор ясанд урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-15/,

“...Б.Пийн биед зүүн хацар яс, зүүн хоншоор ясны урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана, хамар ясанд хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7067 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 50-51/, 

хохирогч Б.Пийн “...Тухайн караокед сууж байхдаа “дууны ном өгөөч” гэхэд намайг барьж аваад хавсарч газар унагаад, босох гэхэд мөрөн дээрээс дугтарч газар унагасан. Тухайн үед би биеийнхээ зүүн талаар плита дээр нүүр хэсгээрээ хүчтэй унасан. ...Би гомдолтой байна. ...” /хх 27-27/,

шинжээч эмч Б.Дгийн “...Б.Пийн биед учирсан гэмтлүүд нь нүүрний зүүн хэсгээр мохоо зүйл дээр цохигдох буюу бичлэгт үзүүлсэн нөхцөлд үүсгэгдэх боломжтой ба 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. ...” /хх 58-59/,

яллагдагч Б.Оын “...Б.П нь миний ард ирээд мөрнөөс минь татаад байхаар нь би “боль” гэж хэлсэн чинь улам мөрөн дээр дараад байхаар нь би босож ирээд Б.Пийг гараараа түлхээд, хөлөөрөө хавсараад газар унагасан. ...” /хх 112-113/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Поос: “...Хохирол, төлбөрийг төлөөгүй байх тул хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч Б.Поос 130.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Оас 275.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой зардлыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь үндэслэлтэй болжээ.

Иймд хохирогч Б.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/1253 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/1253 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН