Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0398/З |
Дугаар | 128/ШШ2024/0419 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0419
2024 05 15 128/ШШ2024/0419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна дж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М*******ийн Б******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Ч*******гийн Э******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Б*******ын С /РД:/,
Нэхэмжлэгч: Ггийн О /РД:/,
Нэхэмжлэгч: М*******ийн Э /РД:/,
Нэхэмжлэгч: Дын Б /РД:/,
Нэхэмжлэгч: Дын Ч /РД:/,
Нэхэмжлэгч: Дгийн О /РД:/,
Нэхэмжлэгч: Бгийн Ш /РД:/,
Нэхэмжлэгч: Нн У /РД:/,
Нэхэмжлэгч: Оын Б /РД:/,
Нэхэмжлэгч: Ёын С /РД:/,
Нэхэмжлэгч: Пийн Д /РД:/,
Нэхэмжлэгч: Юийн Ч /РД:/,
Нэхэмжлэгч: Дийн Д /РД:/,
Нэхэмжлэгч: Ддоржийн Ж /РД:/,
Нэхэмжлэгч: Дийн Ө /РД:/,
Нэхэмжлэгч: Гийн Х /РД:/,
Нэхэмжлэгч: Гийн Э /РД:/,
Нэхэмжлэгч: Оын Т /РД:/,
Нэхэмжлэгч: Нийн Б /РД:/,
Нэхэмжлэгч: Нын С /РД:/,
Нэхэмжлэгч: Нн А /РД:/,
Нэхэмжлэгч: Жын Б /РД:/,
Нэхэмжлэгч: Цгийн О /РД:/,
Нэхэмжлэгч: Э*******ын Давааж /РД:/,
Нэхэмжлэгч: Эын Б /РД:/,
Нэхэмжлэгч: Дийн Ө /РД:/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Гуравдагч этгээд: Г ХХК,
Маргааны төрөл: өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрхтэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрт маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 дүгээр шийдвэр, Г ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар.
2.1. Төв аймгийн Ө сумын нутагт орших Х нэртэй 5582.61 га талбайд зарласан СШ-52-7 дугаартай сонгон шалгаруулалтад Г ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах А/87-дугаар тушаал, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 241 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгосон.
2.2. Нэхэмжлэгч нараас Ашигт малтмал, газрын тосны газарт Г ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргахад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/1086 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх агуулгатай хариу өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Маргаж буй үндэслэлүүд.
3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: Төв аймгийн Ө сумын Уянга гуравдугаар багийн Х нэртэй газарт Ашигт малтмал, газрын тосны газар нээлттэй гэх сонгон шалгаруулалт зарлаж, Г ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Манай баг нь 200 орчим өрхийн 600 орчим хүн амтай, 159 малчин өрхийн 73727 тоо толгой малтай, мал аж ахуй зонхилсон баг. Мөн бэлчээрийн даац муутай, отор нүүдэл ихтэй тул цаашид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор 500 гаруй иргэдийн эрх ашигт шууд сөргөөр нөлөөлөх, бэлчэ болох зэрэг маш олон сөрөг үр дагавар үүсэхээр байна.
Жил ирэх тусам бэлчээрийн даац хомсдож бүр 3-4 дахин буурсан байгааг мэргэжлийн байгууллага тогтоочихсон, олон малтай, уст цэг муутай байхад голлох бэлчээрийн бүс, уст цэгүүд энэ тусгай зөвшөөрлийн газарт багтсан байдаг. Мөн энэ тусгай зөвшөөрөл олгосон газар нь бэлчээр болон уст цэгтэй бэлчээрийн бүс нутгаас гадна ан агнуурын болон тусгай хамгаалалтад авсан түүхэн дурсгалт газрууд байдаг. Ийм байхад малчид болон орон нутаг, улсын эрх ашгийг үл хайхран, багийн иргэд болон сум, аймгийн эрх бүхий албан тушаалтнуудаас зөвшөөрөл, санал авахгүй, мэдэгдэлгүйгээр дээрэмчин шиг малчин бидний газрыг булаан авч нэг компанид зөвшөөрөл олгож байгаад гомдолтой байгаа бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын даргад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөхийг хүсч 28 иргэн гомдол гаргасан боловч 2023 оны 3 дугаар сарын 1-нд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үүсээгүй байна гэж хариу гаргасан байна.
Бид энэхүү бичгийг 3 дугаар сарын 13-ны өдөр багийн Засаг даргаар дамжуулан хүлээн авч шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. "Ковид-19" цар тахлын хүнд нөхцөл байдалтай нүүр тулж хөл хорио тогтоож иргэд, аж ахуй нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж хомсдож, малчин бидний амьжиргаа болсон мал, түүнээс гаралтай түүхий эд үнэгүйдэж, хил гааль хаагдаж байсан цаг үед иргэд болон сум, аймгийн ИТХ-аас санал, дүгнэлт гаргуулалгүй илт хууль зөрчин сонгон шалгаруулалт зарласан нэрээр зориуд хууль зөрчиж нэг компанид давуу байдал олгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, хохироосон үйлдэл гаргасан байна. Хариуцагч нь тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны байгууллага буюу ашигт малтмал газрын тосны газар нь тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана гэснийг, мөн хуулийн 17.2 аймаг, нийслэлийн засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгнө. гэснийг тус тус зөрчиж сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл олгосон нь илэрхий харагдаж байна. Бид сумын засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2020,2021 онуудад хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд санал өгч байсан эсэх талаар мэдээлэл гаргаж өгөхийг хүсч М.Эөөр дамжуулан хүсэлт гаргахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын зүгээс тус санал, зөвшөөрөл авч байгаагүй тухай албан бичиг ирүүлсэн.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад 2020, 2021 онуудад Өндөр ширээт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд санал өгч байсан эсэх талаар мэдээлэл гаргаж өгөхийг хусч М.Эөөр дамжуулан хүсэлт гаргахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын зүгээс тамгын дарга нараараа дамжуулан тус онуудад санал, зөвшөөрөл авч байгаагүй тухай албан бичиг ирүүлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтын талбайг ялгахдаа тухайн орон нутгийн засаг дарга болон ИТХ-аас санал авах, мэдэгдэл хүргүүлэх зэрэг эрх ашиг нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана гэснийг, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуульд газрын хэвлий, ой, ус, хий мандал, агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбоотой харилцаануудыг тусгайлсан хуулиар зохицуулна гэж хуульчилсан.
Үүнтэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулж байгаа. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар иргэд тодорхой эрх үүргийг хүлээсэн байдаг. Тус хуульд зааснаар Монгол Улсын иргэн тодорхой үүргүүдийг хүлээсэн. Энэ үүргүүдийн хүрээнд өөрсдийн субьектив эрх нь зөрчигдөж байгаа учраас нэр бүхий 28 иргэн нэхэмжлэл гаргаж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуульд заасан мэдэгдлийг хүлээн авмагцаа тухайн талбайд байрших сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Гэтэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Төв аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ асуудлаар 2018 онд татгалзсан хариунуудыг явуулсан байдаг. Үүнээс хойш уг газруудад дахин хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал асуулга явуулсан зүйлгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орж хэлэлцсэн асуудал байхгүй. Энэ асуудлын талаарх холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу сая уншиж танилцуулсан хэсгийг эшлэл болгож энэ дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж байгаа юм.
Гэтэл зөвшөөрсөн тухай саналыг сум, аймгаас өгч байгаагүй. Татгалзсан саналыг 2018 онд олгож байсан. Хууль зүйн ямар зүйл заалтуудыг зөрчсөн гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт ялгасан талбай нь дараах шаардлагыг хангасан байна гэж тодорхой заасан байдаг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2 дахь хэсэгт тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар нөөцөд авсан талбай ямар нэгэн байдлаар давхцалгүй байна гэж заасан. Гэтэл уг газарт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт өгсөн ан агнуурын бүс нутгийг хариуцан ажиллаж байгаа компани юм. Тэгэхээр хайгуулын талбайд агнуурын бүс нутаг бүхлээрээ давхцаж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дурсгалт газрууд бүхлээрээ хайгуулын талбайд орж багтсан. Энэ талаар соёлын төвийн эрхлэгч гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргахдаа тодорхой хэлж байсан. Мөн түүх соёлын дурсгалт газрын талаар материалуудыг нотлох баримтаар өгсөн. Эдгээр газруудыг давхцуулан хууль зөрчиж олгосон. Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон газарт эрх ашгаа хамгаалахаар малчид нэхэмжлэлийг гаргасан. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.
3.3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Төв аймгийн Ө сумын Уянга багийн малчин өрх болох М.Б******* нарын 28 иргэнээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан "АЛСЫН ХАРАА-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.24-т "Геологийн судалгаан ажлыг эрчимжүүлж дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ" гэж, 2021 оны "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" 106 дугаар тогтоолын гурав Аж үйлдвэржилтийн сэргэлт"-ийн 3.1-т "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна" гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол улсын засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн "Талбайн солбицол тогтоох тухай" 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна.
Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол улсын засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Журам батлах эрх олгох тухай 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд улмаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын тухай" А/28 дугаар тушаалаар "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг баталж Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3863 дугаарт бүртгүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно" гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/622 дугаар "мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/494 дүгээр албан бичгээр хариуг ирүүлсэн.
Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 09 дүгээр тогтоолын 10-д "Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "... татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тайлбарласан.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-д "тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх", 17.5.3-д "хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх" гэж тус тус заасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д "...Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно" гэж заасны дагуу хуулийн үндэслэл бүхий татгалзсан хариу ирүүлээгүй байх тул тухайн газарт сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрлийн талбай олгох боломжтой гэж үзсэн тул Засгийн газар солбицлыг баталсан.
Засгийн газрын аливаа тогтоолыг батлах явцад бүх яамнуудаас тогтоолын төсөлтэй холбогдуулж дэмжсэн эсэх саналыг авдаг бөгөөд дээрх тогтоолтой холбогдуулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/940 тоот бичгээр яамнуудаас санал авахад татгалзсан санал ирээгүй байдаг.
Засгийн газрын 2018 оны "Талбайн солбицол тогтоох тухай" 243 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан Төв аймгийн Ө сумын нутагт орших ******* нэртэй 5582,61 га талбайд зарласан СШ-52-7 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад Г ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн "Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах" А/87 дугаар тушаал гарч, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай" 241 дүгээр шийдвэрээр малтмалын хайгуулын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад ...Г ХХК-д олгосон ХV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэжээ. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай заалт байхгүй бөгөөд 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч компани хуулийн ямар зүйл заалтаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэж байгаа нь ойлгомжгүй юм.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон ХV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хариуцагчийн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлтэй санал нэг байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс давхардуулахгүйгээр тухайн захиргааны акт хууль зөрчөөгүй талаарх хууль зүйн үндэслэлүүдийг хэлье. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 241 дугаартай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Г ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Шийдвэр гаргах үндэслэл нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаартай Засгийн газрын тогтоолоор нэгэнт тусгай зөвшөөрлийн хайгуулын талбайн солбицлыг тогтоож нийтэд мэдээлсэн талбай байгаа юм. Ямар үндэслэл байдаг вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох талбайг нийтэд мэдээлэн гээд Засгийн газрын шийдвэрээр тогтоосон талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Тэгэхээр дээрх заалтаас харахаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал гэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байгаа юм. Түүний саналыг үндэслэж, Засгийн газар тогтоосон. 2 төрийн захиргааны байгууллага буюу Засгийн газар, Геологи, уул уурхайн яам гэсэн байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд хүчин төгөлдөр бус гэдэг ч юм уу маргаан хийгээгүй байхад тухайн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж сонгон шалгаруулалтыг хуульд заасан чиг үүргийн хүрээнд зохион байгуулсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа нь тухайн сонгон шалгаруулалтын талбайг одоо тодорхойлохдоо орон нутгаас дэмжээгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга зөрчсөн гэж хэлсэн. Тус заалт нь тусгай зөвшөөрлийг олгохоос өмнөх буюу сонгон шалгаруулалтын талбайн солбицол тогтоох процессыг зохицуулчихсан. Үүнийг төрийн захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ. Тиймээс Кадастрын хэлтсийн дарга ямар нэгэн байдлаар хууль зөрчих боломжгүй гэж үзэж байгаа. Үнэхээр хууль зөрчсөн гэж үзэж байвал нэхэмжлэгчээс тухайн захиргааны акттай холбоотой гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой. Засгийн газрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Кадастрын хэлтсийн даргыг хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг дарга тухайн сонгон шалгаруулалтын талбайг тодорхойлохтой холбоотойгоор санал өгч байсан. Нутаг дэвсгэрийн хүрээнд ашигт малтмалын газраас өгч байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд 19.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэдэг зохицуулалт байсан. Үүнийг нь Улсын дээд шүүх тайлбарласан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэж зохицуулсан байгаа. Тэгэхээр хуульд заасан үндэслэл гэдэг нь тухайн үеийн Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан газар, ямар нэгэн байдлаар давхцаагүй газар хамаарна гэж заасан. Хамаарахгүй учраас Улсын дээд шүүхийн тайлбараар 17.4 дэх хэсэгт заасан сонгон шалгаруулалтын талбайн шаардлагад нийцнэ гэж үзэж байгаа.
Г ХХК нь нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан эрхийг төлбөр төлж олж авсан. Засгийн газрын тогтоолоор энэ эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс олгосон гэж үзэж байгаа. Гэтэл 3 жилээр олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дуусаж байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж чадахгүй хохирч байгаа. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол гарсны дараа сумын Засаг дарга иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар сонгон шалгаруулалтын талбайтай давхцуулан газар олгосон талаарх баримт ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 3 удаа сунгагдаж, нийтдээ 12 жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн зардлаар Монгол Улсын хэмжээнд тухайн нутаг дэвсгэрт тодорхой ашигт малтмалын нөөц байгаа эсэхийг хайдаг.
Хэрвээ нөөц байгаа тохиолдолд эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тооцож үзээд, түүнийг нь улсын нөөцөд хүлээж авч, ашиглалтын лиценз болгох эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан процедурын дагуу орон нутгаас тодорхой санал авч, нийт 5582 га талбайгаас хэд м.кв дээр нь ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар хайгуулын талбай 5582 м.кв байгаа боловч үүнээс хэд нь ашигт малтмал болох вэ гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох эдийн засгийн үндэслэл тооцооны үндсэнд гарч ирнэ. Тэгэхээр энэ талбайг бүхэлд нь А болгоод бүх талбайг ухна гэдэг хууль зүйн ойлголт байхгүй. Давхцаж байгаа хэсэг дээр газар ашиглаж болох эсэхийг Ашигт малтмалын хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага шийднэ. Тэр тохиолдолд иргэдийн эрх хөндөгдөнө гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар газрын хэвлийд хайгуул хийх зорилгоор, нэг нь бол газрын үр шимийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших эрхтэй байдлаар тус тусдаа зохицуулж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нарын эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын ... тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр, 10 дугаар зүйлийн 10.1.1-д геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах, 10.1.2-т сонгон шалгаруулалтын журам батлах, 10.1.3-т ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрх, чиг үүргийг Уул уурхайн яам хэрэгжүүлэхээр, 11 дүгээр зүйлийн 11.1.13-т тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, 11.1.19-д ...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 11.1.25-д ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах чиг үүргийн Ашигт малтмал, газрын тосны газар, түүний Кадастрын хэлтэс хэрэгжүүлэхээр, 12 дугаар зүйлийн 12.1.1-д ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох чиг үүргийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр, 17 дугаар зүйлийн 17.1-д тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр, эсхүл ... цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргахаар, 17.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэхээр, аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр л татгалзсан хариу өгч болохоор, 17.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг орон нутгийн Засаг даргын болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар", 17.4-т сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэхээр, 20 дугаар зүйлийн 20.6-д Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд ... төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэхээр тус тус заасны дээр 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ийнхүү эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрхтэй байна.
2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, талбайн солбицлыг нийтэд мэдээлэн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгожээ.
2.1. Нэхэмжлэгч нар Засгийн газрын 2018 оны 243 дугаартай тогтоолоор тухайн нутаг дэвсгэрийг сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор ялгасан, солбицол тогтоосон шийдвэртэй маргаагүй, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.
2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/622 тоот албан бичгээр сонгон шалгаруулалт зарлах 450284.49 гектар талбайн солбицол-д Төв аймгийн Засаг даргаас санал авахаар хандсанаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/494 тоот албан бичгээр Галуут 2 дугаар багийн Нүүрэнтийн дэнжид байрлах 149 га талбайгаас бусад 450083.49 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохыг дэмжихгүй гэх хариуг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 30 дугаар тогтоол хавсарган ирүүлсэн, тогтоолын үндэслэлээс үзвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа тогтмол биш, малчдын өвөлжөө, хаваржааны газар, бэлчээр, тариалангийн бүстэй давхцалтай гэсэн байдаг.
2.3. Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "... татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тайлбарласан, өөрөөр хэлбэл татгалзсан хариуг үндэслэлтэй байх шаардлага тавигджээ.
2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулалт явуулах ялгасан талбай нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх", 17.5.3-т "хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх"-ыг шаардах бөгөөд ийм давхцал үүссэн эсэхийг ийнхүү орон нутгаас санал авах үед дүгнэх ёстой бөгөөд 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу хуулийн үндэслэл бүхий татгалзсан хариу ирүүлээгүй үндэслэлээр тухайн талбайг сонгон шалгаруулалтаар олгохоор Засгийн газар солбицлыг баталсан, Засгийн газраас ялгасан талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцогчид тусгай зөвшөөрөл олгосон тушаалын хууль зүйн үндэслэлтэй маргаж буй энэ хэрэгт Засаг даргын санал болон Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шүүх дүгнэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй зохицуулалтад нийцэхгүй.
3. Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулалтын талбайд буюу Төв аймгийн Ө сумын нутагт ******* нэртэй 5582,61 га талбайд зарласан СШ-52-7 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад Г ХХК оролцож шалгарсан, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/87 дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр тус талбайд сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгожээ.
3.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын талбайн солбицлыг батлахдаа талбайн солбицлыг нийтэд мэдээлэн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, 11.1.19-д ...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийн хүрээнд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруулалтад өндөр үнэлгээ авсан Говь Караван ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны 241 дугаартай шийдвэр, уг шийдвэрээр олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч нар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрхтэй тус бүр 700 м.кв газартай нь давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн маргаж байгаа ч Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хаваржааны байранд гэм хор учруулсан бол хохирлыг өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх, тэдгээрийг шилжүүлэн байршуулах зардлыг хариуцах зохицуулалт байх тул ийнхүү өвөлжөө хаваржааны зориулалттай газар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд багтсан нь хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.19, 20 дугаар зүйлийн 20.6, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 дүгээр шийдвэр, Г ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Б******* нарын 28 иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч нар, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА