Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0513

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0513

Улаанбаатар хот

Д.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ж-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүх шийдвэртээ: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 46 дугаар зүйлийн 46.2, 79 дүгээр зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж-ийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, зохих бичилт хийлгэх тухай, Д.Жгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 46 дугаар зүйлийн 46.2, 79 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж-г Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3,764,259 төгрөгийг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтыг тооцож олгохыг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0366 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэсэн заалтыг шүүх хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах шалтгааны нэг болсон. Өндөөр нэхэмжлэгчийн 17, 19 дүгээр хороо хариуцсан хөдөлмөрийн мэргэжилтний ажлын байр байхгүй ба шүүхийн шийдвэрт дурьдсан нэхэмжлэгчийг хороо хариуцсан мэргэжилтний аль хороонд ажиллуулахыг даалгаагүйгээс хэн гэдэг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн баталгааг хангаж хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-т зааснаар 3 сарын тэтгэмж олгосон.

            Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэрт дурьдсан 3,764,259 төгрөг олгох нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Д.Ж-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг байгууллагаас олгосон. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авсныг шүүх харгалзан үзэлгүй давхардуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс илүү олгосон.

            Гуравдугаарт: Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулахыг даалгасан нь хууль бус юм. Учир нь нэхэмжлэгч 2016 онд бүтэн ажиллаагүй атлаа 2016 оны ээлжийн амралтаа бүрэн эдэлснийг шүүх анхаарч үзээгүй. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй гэж үзвэл ээлжийн амралтын талаар маргаан гарах шаардлагагүй юм.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлээгүй байгаа болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Ж-г Баянгол дүүргийн 17, 19 дүгээр хорооны Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаалыг үндэслэн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар тус хэлтсийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Ж-г ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгожээ.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан “хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний” албан тушаалд нийгмийн халамжийн чиг үүрэг нэмэгдсэн ч түүний эрхэлж байсан хорооны хөдөлмөрийн асуудлыг хариуцах чиг үүрэг нь хасагдаагүй хэвээр хадгалагдсан байна.

            Анхан шатны шүүхийн “маргааны үйл баримтаас эрх бүхий байгууллагын шийдвэрээр хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийн эрхэлж байсан хороо хариуцсан хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нийгмийн халамжийн чиг үүрэг нэмэгдсэн ч түүний эрхэлж байсан хороо хариуцсан хөдөлмөрийн асуудлыг хариуцах чиг үүрэг нь агуулгын хувьд бүхэлдээ өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдан үлдсэн” гэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Өмнө нь тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 32, Хөдөлмөрийн хэлтэст 11 хороо хариуцсан мэргэжилтний орон тоотой байсан байна. Шинэ бүтцээр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний орон тоо 37 байхаар баталжээ. Хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх боловч тухайн албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд харин мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын орон тоо цөөрсөн байгаа тул “уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар” байсан талаар шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээд татан оролцуулаагүй гэх гомдлын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” гэж зааснаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилд томилогдсон ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зохицуулалттай юм.

            Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “тэтгэлэг давхардуулан олгосон” гэх асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх явцад өмнө нь олгогдсон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг хасч тооцох боломжтой бөгөөд харин ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллага нь зохих журмаар шийдвэрлүүлбэл зохих бөгөөд энэ нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй асуудал байна.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж-г Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 3,764,259 төгрөгийг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтыг тооцож олгохыг тус тус Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгасугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад нэхэмжлэгч Д.Ж-г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмаар хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ