Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 598

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий иргэн А.О, Д.М, Ч.З, Б.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч иргэн А.О, Д.М, Ч.З, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай гомдлыг Төрийн албаны зөвлөл мөн Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус гаргасан.

Миний бие Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ статистик мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. 2016.02.08-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдөр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.А өрөөндөө дуудаж уулзсан ба агентлагийн даргын тушаал гарсан тул яаралтай ажлаа хүлээлгэн өг гээд тушаалын хуулбар хувийг өгсөн. Ажлаас халсан тушаалын хуулбарыг уншихад сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр төрийн албанаас халсан байсан. Яг ямар хууль, журам зөрчсөн болон ноцтой зөрчил гэж юуг хэлж байгаа талаар лавлахад ямар ч зүйл хэлж тайлбарлаагүй болно. Тэр өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн. Хяналт-шинжилгээ, үнэлгээ статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Ц 2015.11.30-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт авсан бөгөөд “Эрхэлсэн ажлаа түр орлуулан үлдээх тухай мэдэгдэл”-ийг өөрийн гараар бөглөж надаар зөвшөөрүүлэх гарын үсэг зуруулсан ба үүнийгээ агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гаар зуруулж баталгаажуулсан. Тухайн өдрөөс өөрийн хариуцаж байсан ажлыг гүйцэтгэхээс гадна хэлтсийн даргын ажлыг гүйцэтгэж хэлтсийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллаж байсан. Энэ хугацаанд хууль, журманд заасан ажил хавсран гүйцэтгэсэний нэмэгдлийг өгөхийг удаа дараа хүсэж байсан боловч шийдээгүй ба мөн өөр хүнийг томилоогүй. Хэлтэст ирсэн бичгийг үүргийнхээ дагуу хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдад цохон хууль, журмын дагуу гүйцэтгэж байсан.

2016.01.25-ны үеэр Ашигт малтмалын газарт ирүүлсэн “Ч ” ХХК-ийн гомдлыг агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү******* манай хэлтэст болон Төрийн Захиргаа, Удирдлагын Хэлтэст давхар цохож “танилцуулах” гэсэн тэмдэглэл хийсэн байсан. Төрийн Захиргаа, Удирдлагын Хэлтэст эх хувь нь манай хэлтэст хуулбар хувь нь бичиг хэргээс орж ирсэн. Гэтэл Төрийн Захиргаа, Удирдлагын Хэлтсийн дарга Н.А манай хэлтсийн мэргэжилтэн Ц.Гад өөрт нь цохоод өгсөн байсан. Тухайн үед хэлтэс дамжих бичиг тодорхой дүрмийн дагуу явах ёстой яагаад ингэж байгаа талаар тодруулах гэсэн боловч байгаагүй. Иймд Ц.Гад хариуцаад хий гээд дахин цохолт хийгээд өгсөн. 2 өдрийн дараа мэргэжилтэн Ц.Г надад хандан “миний хариуцаад хянаж байгаа ирсэн бичгүүд дуусаагүй байна. Нэмээд энэ бичиг байна, ажлыг шуурхайлж, хөнгөвчилөх шаардлагатай тул өөр мэргэжилтэнд шилжүүлж өгнө үү” гэсэн. Иймд тухайн үед хариуцсан бичиг багатай байсан мэргэжилтэн Б.Бд шилжүүлье гэсэн шийдвэр гаргаад асуухад татгалзах зүйлгүй гэсэн тул шилжүүлэх цохолт хийн Ц.Гын нэрийг бичгийн цохолтоос хассан.

2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дэд даргын үүрэг гүйцэтгэгч С.А өрөөндөө дуудсан. Өрөөнд нь Төрийн Захиргаа, Удирдлагын Хэлтсийн дарга Н.А, Эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн н.Д******* нар байлцаж дээрх бичгийн талаар газрын дарга үүрэг өгсөн тул тодруулах юм байна гэсэн. Болсон явдлыг тайлбарлаад асуусан асуултад хариулсан. Тухайн бичгийн хариу төсөлтэй миний бие хараахан танилцаж амжаагүй байна гэдгээ ч хэлсэн. Албан бичгийг өөрийн хариуцаж байсан үүргийн дагуу цохолт хийсэн нь яагаад төрийн албанаас халах сахилгын ноцтой зөрчил болсныг ойлгохгүй байгаа бөгөөд маш их гомдолтой байна” гэв.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ статистик мэдээллийн хэлтсийн статистик мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдөр цайны цагаар гадагш гарсан байх үед “өөрийг чинь ажлаас халсан даргын тушаал гарсан яаралтай ажлаа хүлээлгэн өг, ажлаа хүлээлгэн өгөхгүй бол ажил хүлээж авах ажилтнуудыг гэрт нь хариулахгүй гээд байна гэж утсаар мэдэгдсэний дагуу битүүний тэр өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний ээж зүрхний шигдээс оноштой эмнэлэгт хүнд байсан ба ямар учир шалтгаантай ажлаас халсан юу болоод байгааг үнэхээр анхаарч ойлгож чадахгүй байсан ба тэр хүмүүсийг гэрт нь хариулахын тулд юу болж байгааг ойлгоогүй ажлаа хүлээлгэн өгсөн. Цагаан сарын дараа иргэн тушаалтай танилцсан. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халсан тушаалын хуулбарыг хүлээн авахад сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр төрийн албанаас халсан байсан. Би Ашигт малтмалын газрыг анх байгуулагдахад буюу 1997 онд анх техникчээр орж ажилсан бөгөөд мэргэжилтэн, тасаг, хэлтсийн даргын ажлуудыг хийж байсан. Төрийн албаны шалгалтыг 2005 онд өгч тангараг өргөсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд төрийн хуулийг дээдлэн, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, төрийн нэрийн өмнөөс ард түмэндээ үзүүлэх үйлчилгээндээ үнэхээр чармайн зүтгэж ирсэн. Өмнө ямар нэгэн алдаа дутагдал гаргаж арга хэмжээ авхуулж байгаагүй. 2016 оны 1 дүгээр сарын 26, 27-ны үеэр Ашигт малтмалын газарт ирүүлсэн “Ч ” ХХК-ийн албан тоотыг надад хувиарласны дагуу тухайн албан бичгийг судлан хариу төслийг боловсруулаад хяналт-шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Зт хянуулаад газрын даргад танилцуулахаар туслах н.Гд хүлээлгэн өгсөн. Би ийм л үйлдэл хийсэн. Яг энэ үйлдлээрээ ажлаас халагдсан. Боловсруулсан албан бичгийн төслийг буруу зөв боловсруулсан гэх асуудлыг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гэсэн. Харин надад чи ингээд буруу боловсруулсан байна гэх зэрэг ямар нэгэн шаардлага тавиагүй шууд халах тушаал гаргасан. Тиймээс би үнэхээр гомдолтой байна. Миний нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага байгаа” гэв.

Нэхэмжлэгч Ч.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр ордон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагатай байгаа. Цалин нь 6 сар 13 хоногийн 8.414.979 төгрөг байгаа. 

Миний бие 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр ордон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай гомдлыг Төрийн албаны зөвлөл мөн Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус гаргасан.

Миний бие Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн иж бүрдэл, тэмдэглэл хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 2 дугаар сарын 08-ныг хүртэл ажиллаж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.П шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь бичигдэх хэдэн аж ахуйн нэгжүүдийн материалуудыг надад өгсөн, өөрийн эрхэлсэн ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөл болон хавсралтуудыг хэвлэж бэлтгээд 2-р хавсралтад тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг хянаж гарын үсэг зуруулахаар хэлтсийн зураг зүйн мэргэжилтэн Д.Мд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн. Намайг ХУ-******* дугаартай “Ч ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг маш удаасан гэсэн байдаг. Энэ нь 08-ны өдрөө ирээд 08-ны өдөр нь би дараагийн хүнд шилжүүлсэн байдаг. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа ба системд энэ нь бүртгэгдэж явдаг. Д.Мд ХУ-******* дугаартай Ч ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн материалаас бусад тусгай зөвшөөрлүүдийг хянаж гарын үсэг зураад надад буцааж өгсөн. XУ-******* тусгай зөвшөөрлийн материалыг байхгүй байгаа тухай лавлахад “Шүүхийн маргаантай талбайтай давхцалтай байна. Эрх зүй, хуулийн хэлтэс рүү дахин явуулж тодруулах хэрэгтэй” гэсэн. Хэд хоногийн дараа дахин лавлахад Эрх зүй, хуулийн хэлтэс дээр байгаа гэсэн. Үүнээс хойш 2016-01-20-ны өдөр Ч ХХК-ийн ажилтан тусгай зөвшөөрөл гарсан эсэхийг асуухад нь тодруулаад буцаад хариу хэлье гээд эргээд би өөрөө залган Эрх зүй, хуулийн хэлтэс дээр байгаа гэж хэлсэн. Маргааш нь уг компанийн хүн ирэхэд нь Эрх зүй, хуулийн хэлтсээс асуучих гээд явуулсан. Гэтэл “манай тусгай зөвшөөрөл эрх зүй, хуулийн хэлтэс дээр байхгүй гэж байна, та нар алга болголоо гээд хэл амаар доромжлоод, та нарт арга хэмжээ авахуулна гээд хэлтсийн дарга Н.Ч*******ын өрөөнд орсон. Эрх зүй, хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Э******* уг тусгай зөвшөөрлийн материалыг авч ирээд Н.Ч******* даргын өрөөнд хамт орон учрыг тайлбарлаж байсан. Миний хувьд уг тусгай зөвшөөрлийг удаасан, дарсан үйлдэл байхгүй. Өөрийн ажил үүргийн дагуу шалгаад шилжүүлсэн ийм үйлдэл байгаа. Ноцтой зөрчил гаргасан гэх зэргийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  

Нэхэмжлэгч Д.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагатай байгаа. 7.127.902 төгрөг байгаа. Миний бие 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай гомдлыг Төрийн албаны зөвлөл мөн Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус гаргасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.А дуудаж ажлаас халсан даргын тушаал гарсан тул эрхэлсэн ажлаа хүлээлгэн өг гэсний дагуу тэр өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн.

2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Ч ” ХХК-ийн ХУ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралт дээрхи солбицолыг хянуулах гээд н.З мэргэжилтэн ажил үүргийн хувиарын дагуу надад өгсөн бөгөөд тухайн талбайн солбицолыг зураг зүйн санд шүүн үзэхэд шүүхийн маргаантай талбайтай давхцаж байсан. Энэ талаар мэргэжилтэн Ш.М*******аас тодруулахад Д.Ү******* даргын цохолттой бичиг ирсэн байгаа энэ байна гээд надад өгсөн бөгөөд тус албан бичгийг хуулбарлан ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийн файльд хавсаргаж, хяналтын хуудсан дээр шүүхийн маргаантай талбайтай давхцаж байгаа тул Эрх зүйн хэлтсээр дахин хянуулах саналтай байна гэж бичсэн. Тухайн тусгай зөвшөөрлийн файлыг хэлтсийн даргад танилцуулах гэтэл өрөөндөө байгаагүй тул Эрх зүйн хэлтэст оруулан өгсөн болно.

Тэрний дараа Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* өрөөндөө дуудаж миний шийдвэр гарсаны дараа яагаад хяналтын хуудсан дээр шүүхийн маргаантай талбай байна гэж ямар санаатай бичсэн гээд байсан.

2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дэд даргын үүрэг гүйцэтгэгч н.А өрөөндөө дуудан ХУ-******* тусгай зөвшөөрлийн талаар газрын дарга үүрэг өгсөн тул тодруулахаар дуудсан. Асуусан асуултанд нь хариу тайлбар өгсөн” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 дугаартай “ажлаас халах” тухай тушаалыг хүчингүй болгуулах, түүний урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дах хэсэг, Ашигт малтмалын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дараах 4 тушаалыг гарган ажлаас нь халсан. 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тушаалын хуулбар авч танилцахад сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр төрийн албанаас халсан байсан гэжээ. 

Сахилгын ноцтой зөрчил гаргасан талаар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/03 “Ч аптай ” ХХК-иас Ашигт малтмалын газарт ирүүлсэн албан тоотыг Хяналт шинжилгээ үнэлгээ статистк мэдээллийн хэлтэс /ХШҮСМХ/-ийн мэргэжилтэн Ц.Гад хувиарлаж албан тоотод дурдсан гомдлыг шалгаж эхэлсэн байдаг. 

Гэтэл Статистик мэдээлэл, сургалт, сурталчилгааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.О нь мэргэжилтэнгүүдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үйл ажиллагааг хэвийн явуулах, удирдлагаар хангах, удирдлагаас өгсөн үүрэг далгаварыг цаг хугацаанд чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, мэргэжилтэн Д.Гад Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаас "Ч алтай " ХХК-ийн гомдльг шалгуулахаар цохолт хийж өгсөн байхад мэргэжилтэн Д.Гаас өргөдлийг авч Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын цохолтыг дарж мэргэжилтэн Б.Бд шилжүүлсэн.

Статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Б.Б нь "Ч алтай " ХХК-ийн гомдлыг мэргэжиптэн Д.Г шалгах явцад мэргэжилтэн Ч.Згаас “Ч алтай ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг яагаад бичиж өгөөгүй талаар тайлбар бичиж өгнө үү гэхэд Ч.Зд чи тайлбар өгөх ёсгүй, мэргэжилтэн Д.Гыг тайлбар авах хүн биш, чи наад өргөдлөө шалгах ёсгүй гэж хөндлөнгөөс гомдлыг шалгах явцад оролцож өөр дээрх өргөдлийг ахлах мэргэжилтэн А.Оаар цохолт хийлгэж авсан ноцтой зөрчил гаргасан байдаг.

NE-2******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Говь- аймгийн Цогт сумын Тэгш нэртэй 1075.82 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Ч ” ХХК-д олгох шийдвэр гарсан. 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Өргөдөл, зураг зүйн бүртгэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Одончимэг 'Ч ” ХХК-д хайгуулын тусгай зевшөөрөл олгох талаар мэдэгдэл хүргүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Тусгай зөвшөөрлийн төлбөр хариуцсан мэргэжилтэн У.С******* тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн тухай баримтыг хянаж хүлээн авч бүртгээд, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлийн тэмдэглэгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Зд өгсөн байна.

Ч.З нь УУККС-т тусгай зөвшөөрлийг бүртгэж, тусгай эавшөөрөл болон хавсралтыг хэвлэх ажил үүргийн хувиарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудаст бүртгээгүй тэмдэглэл хийгээгүй байдаг. Тусгай зөвшөөрлийг хавсралтын хамт хэвлэж кадастрын хэлтсийн даргад танилцуулаагүй дарагдуулсан байсан.

Зураг зүйн мэргэжилтэн Д.Мд Ч.З нь “Ч алтай ” ХХК-ийн өргөдлийн материалыг өгч дахин шүүлт хийлгэсэн бөгөөд Д.М нь өөр дээрээ 7 хоног ямарч шалтгаангүйгээр байлгаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн маргаантай байгаа учир Эрх зүйн хэлтсээр дахин шүүлгэх саналтай байна гэж шүүлтэнд тэмдэглэл хийж эрх зүйн хэлтэс рүү шилжүүлсэн.

Ашигт малтмалын газарт “Ч ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/03 дугаартай гомдолд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа талаар дурдаж ирүүлсэн бөгөөд Кадастрын хэлтсийн даргын шаардлагаар 2016 оны 01 сарын 21-ний өдөр ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ч.З бичиж олгосон.

Б.Б нь Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Ч.З, Д.М нарын хууль бус үйлдлийг мэдсээр байж ‘Ч ” ХХК-ийн гомдлыг шалгаагүй, аж ахуйн нэгжийг хохироосон албан хаагчдын хууль бус үйлдлийг дарагдуулсан.

Иймд Б.Б, Д.М, Ч.З, А.О нарын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан Ашигг малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 тоот тушаалууд нь холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй тушаалууд байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч иргэн  А.О, Д.М, Ч.З, Б.Б нар нь тус шүүхэд “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нарын хүсэлтээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу “...тухайн маргаантай хэрэг байгаа...” гэсэн үндэслэлээр тус захиргааны хэргүүдийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5165, 5166, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5228 дугаар захирамжуудаар нэгтгэсэн болно.

Шүүх нэхэмжлэгч А.О, Д.М, Ч.З, Б.Б, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актуудын үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч А.Оыг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/10 дугаар тушаалаар  Хяналт шинжилгээ үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн статистик мэдээлэл, сургалт, сурталчилгааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтний, Б.Бг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/12 дугаар тушаалаар Хяналт шинжилгээ үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн статистик мэдээ хариуцсан мэргэжилтний, Ч.Зг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/11 дүгээр тушаалаар Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн иж бүрдэл, тэмдэглэл хариуцсан мэргэжилтний, Д.Мг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09 дүгээр тушаалаар тус тус Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 Энэхүү тушаалуудын үндэслэлд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, Ашигт малтмалын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус удирдлага болгосон байдаг.

Дээрх маргаан бүхий захиргааны 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 тоот актуудын хууль зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг баримталсан бөгөөд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараахь сахилгын зөрчлийг ногдуулна”, 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах”, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “…албан үүргээ биелүүлээгүй…” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгч нарыг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан ямар зөрчил гаргасан, эсхүл албан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн үндэслэлээ дурдаагүйн дээр тухайн зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах тухай хуульд заасан зохицуулалтыг харгалзаж үзээгүй байна.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарыг ямар зөрчил хэдийд яаж гаргасан талаар шалгаж тогтоогоогүй мөн ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргээ биелүүлээгүй болохыг шалгаж тогтоолгүйгээр “Ч алтай ” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу зөвхөн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нэхэмжлэгч нарыг буруутган “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэж Төрийн албаны  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нарыг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Тухайлбал; Нэхэмжлэгч А.О нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Цг 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт авсантай холбогдуулан Хяналт-шинжилгээ, үнэлгээ статистик мэдээллийн хэлтсийн даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэгт ажлыг гүйцэтгэхээс гадна хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж иржээ.

Энэ нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эрхэлсэн ажлаа түр орлуулан үлдээх тухай мэдэгдэл”-ийн танилцсан хэсэгт Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******, зөвшөөрсөн хэсэгт мэргэжилтэн А.О гарын үсэг зурж албажуулсан баримтаар нотлогдож байна. 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд “А.О нь мэргэжилтэнгүүдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үйл ажиллагааг хэвийн явуулах, удирдлагаар хангах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, өөр хэлтсийн даргын цохолттой байсан зүйлийг дур мэдэж цохолтыг баллан дарсан сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбар ирүүлсэн байдаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү тушаалын үндэслэлийн талаар шүүх хуралдааны явцад үндэслэлтэй тайлбар гаргаж чадаагүй нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргаж байгаа захиргааны акт нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 6-д “Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно”, “түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ” гэж заасныг энэхүү тушаал бүхэлдээ хангаагүй гэж үзэхээр байна.

А.О нь ажлын байрны тодорхойлолт заагдсан “...мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үйл ажиллагааг хэвийн явуулах, удирдлагаар хангах...”, ажил үүргийг гүйцэтгэхээс гадна 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хэлтсийн даргын ажлыг түр орлон  “...хэлтсийг өдөр тутмын удирдлагаар хангах, хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангах...” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж хэлтсийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллаж байсан байна.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ““Ч алтай ” ХХК-ийн гомдлыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, манай хэлтэст хоёуланд нь давхар цохсон байсан. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.А манай хэлтсийн мэргэжилтэн Д.Гад цохоод өгсөн байсан. Иймд би Ц.Гад өөрт нь цохоод өгсөн. 2 өдрийн дараа мэргэжилтэн Ц.Г надад хандан “миний харьцаад хянаж байгаа ирсэн бичгүүд дуусаагүй байна. Нэмээд энэ бичиг байна, ажлыг шуурхайлж, хөнгөвчлөх шаардлагатай тул өөр мэргэжилтэнд шилжүүлж өгнө үү” гэсэн. Иймд тухайн үед харуцсан бичиг багатай байсан мэргэжилтэн Б.Бд шилжүүлэх талаар санал асуухад татгалзах зүйлгүй гэсэн тул шилжүүлэх цохолт хийн Ц.Гын нэрийг бичгийн цохолтоос хассан” гэж дурдсан нь ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, өргөдлийг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд ачаалал багатай мэргэжилтэн Б.Бд цохолт хийж гомдлыг шилжүүлсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”,  Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх нөхцөл”, 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, 3.2.6-д  “жирэмсний болон амаржсаны амралттай”, 4.4-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 4.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай... тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар... түр орлон гүйцэтгүүлнэ”, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 688 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.3-д “...хэлтсийн дарга эзгүй байх үед тасгийн даргад, тасгийн дарга эзгүй байх үед тухайн хэлтэс, тасгийн ахлах зэрэглэлийн мэргэжилтэнд, мэргэжилтэн эзгүй үед түүнтэй адил, ангилал зэрэглэлийн аль нэг албан тушаалтанд ажлыг түр орлуулна” гэж тус тус зааснаар А.О нь өөрт олгогдсон эрхийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн энэ тухай Уул уурхайн дэргэдэх Төрийн албаны  зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан комиссын санал, дүгнэлтэд тусгагдсан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ,  статистик мэдээллийн хэлтсийн статистик мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд түүнийг Д.Гад цохолтоор өгсөн албан бичгийг өөрөө дур мэдэж авсан, холбогдох хяналт тавих ахлах мэргэжилтэнгээр хянуулаагүй ноцтой зөрчил гаргасан гэж буруутган төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан  тухайд: 

Мэргэжилтэн, хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.О нь ажлын байрны тодорхойлолт заагдсан “...мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үйл ажиллагааг хэвийн явуулах, удирдлагаар хангах...” болон хэлтсийн даргын “...хэлтсийг өдөр тутмын удирдлагаар хангах, хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангах...” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж, мэргэжилтнүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх, хуулийн этгээдийн гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэх үүднээс  “Ч алтай ” ХХК-ийн гаргасан гомдлыг шалгуулахаар захидлын бүртгэлийн картад өөрчлөлт хийж мэргэжилтэн Б.Бд шилжүүлэн цохолт хийсэн байдаг. 

Б.Б Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална”, 4.2.1-д “захирах, захирагдах ёс”-ны зарчим, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-д “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж… удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” заалтуудыг баримтлан ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг хэрэгжүүлж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд Б.Б нь Ашигт малтмалын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9.10-д “тайлан, мэдээ, албан бичгийн эх бичвэрийн үг үсэг, тоо баримт, хэл найруулга, утга агуулгыг боловсруулсан хэлтэс, тасгийн дарга хянан гарын үсэг зурсаны дараа холбогдох албан тушаалтанд танилцуулан хянуулж, гарын үсэг зуруулан тамга, тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасны дагуу албан бичгээ тухайн үед Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Оын цохолтын дагуу албан бичгийн төсөл боловсруулж өөрийн шууд удирдлагын албан тушаалтан болох Хяналт мониторингийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.З хянуулаад Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү******* даргад хүргүүлсэн бөгөөд мөн журмын 2.7-д “алба, хэлтэс, тасгийн албан хаагчдын боловсруулсан баримт бичгийг хянах, үр дагаврыг нь хариуцах”, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”ын 3.5.4-д “Асуудлыг хянан шийдвэрлэх явцад боловсруулсан баримт бичгийн төсөлд холбогдох хэлтэс, нэгжийн албан тушаалтнуудаас санал авна” гэж зааснаар Ашигт малтмалын газрын дарга албан бичгийн төслийг хүлээн авч даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шүүхийн маргаантай бол холбогдох журмаараа нягтал гэдэг цохолтыг Төрийн захиргааны удирдлагын газарт хийсэн байна.

Нэхэмжлэгч Ч.З нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн иж бүрдэл, тэмдэглэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүйгээс эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тухайд:

 Нэхэмжлэгч Ч.Зг албан үүргээ биелүүлээгүй гэдгийг хариуцагч тайлбарлахдаа  “Ч алтай ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн NE-2******* дугаартай өргөдлийн дотоод хяналтын хуудсанд бүртгэх ёстой байсан боловч бүртгэл тэмдэглэл хийгээгүй, кадастрын хэлтсийн даргад танилцуулж гарын үсэг зуруулан байгууллагын тэмдгийг дарж баталгаажуулаагүй удаан хугацаанд өөр дээрээ дарсан” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д “Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагчийн ирүүлсэн тайлбарт “...Ч.З нь 2016 оны 01 дүгээр сарын 07-нд хүлээн авч өргөдлийн дотоод хяналтын хуудсанд бүртгэж тэмдэглэгээ хийгээгүй” гэж буруутгасан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Ч.З нь өөрийн эрхэлсэн ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөл болон хавсралтуудыг хэвлэж бэлтгээд 2-р хавсралтад тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг хянаж гарын үсэг зуруулахаар хэлтсийн зураг зүйн мэргэжилтэн Д.Мд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн” гэх тайлбар, Кадастрын системийн өргөдлийн боловсруулалтын эцсийн шийдвэр хэсэгт  УУККС-д бүртгэх мөрөнд 18:07 минутад “олгох бичиг баримтыг бүртгэх” хэсэгт бүртгэгдэж, бичиг баримт олгох мөрөнд 18:08 минутад “бичиг баримтыг олгох” төлөвт оруулж бүртгэсэн бүртгэл зэргээс  нэхэмжлэгч өөрийн ажлын байранд заагдсан үүргийг хуулийн хугацаанд нь биелүүлсэн нь харагдаж байна. 

Нэхэмжлэгч Д.Мг Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09 дүгээр тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан тухайд:

 Хариуцагчаас бичгээр ирүүлсэн тайлбарт “Ч алтай ” ХХК-ийн NE-2******* дугаартай өргөдлийг дотоод хяналтын хуудасны хамт дахин зураг зүйн шүүлт хийлгэхээр мэргэжилтэн Д.Мд өгсөн. Д.М энэхүү өргөдлийг өөр дээрээ 7 хоног ямарч шалтгаангүйгээр байлгаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тухайн тусгай зөвшөөрлийн талбайд өргөдөл гаргасан шүүхийн маргаантай байгаа учир Эрх зүйн хэлтсээр дахин шүүлгэх саналтай байна гэж шүүлтэнд тэмдэглэл хийж эрх зүйн хэлтэс рүү шилжүүлсэн. Кадастрын хэлтийн дарга тусгай зөвшөөрөл олгох шийдвэрээ гаргасан байхад шийдвэрийг биелүүлэхгүй өөрсдийн дураар дахин нэмэлт ажиллагаа хийсэн” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Ч алтай ” ХХК-ийн ХУ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралт дээрхи солбицолыг хянуулах гээд Ч.З мэргэжилтэн ажил үүргийн хувиарын дагуу надад өгсөн бөгөөд тухайн талбайн солбицолыг зураг зүйн санд шүүн үзэхэд шүүхийн маргаантай талбайтай давхцаж байсан. Энэ талаар мэргэжилтэн Ш.М*******аас тодруулахад Д.Ү******* даргын цохолттой бичиг ирсэн байгаа энэ байна гээд надад өгсөн бөгөөд тус албан бичгийг хуулбарлан ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийн файлд хавсаргаж, хяналтын хуудсан дээр шүүхийн маргаантай талбайтай давхцаж байгаа тул Эрх зүйн хэлтсээр дахин хянуулах саналтай байна гэж бичсэн”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “Д.М өөрийн албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралт дээр кординат дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг эрх бүхий албан тушаалтан. Д.Мгийн баталгаажуулалтаар тухайн хуулийн этгээд дурдсан кординатад тусгай зөвшөөрөл эзэмшиж байна гэдэг нь харагддаг. Нотлох баримтаас харахад Д.Мгийн гарын үсэг зуруулалгүй хүч хэрэглэн олгосон нь харагдаж байна. “Ч алтай ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь шүүхийн маргаантай буюу “Э*******” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад улмаар захиргааны хэрэг үүсээд Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Р.Э******* төлөөлөгчөөр оролцож байсан” гэж тус тус тайлбарладаг.            

Дээрх тайлбаруудаас үзэхэд Д.М нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн...өргөдлүүдэд компьютерийн зураг зүйн шүүлт хийх” үүргийн дагуу мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Өргөдөл бүртгэх хянан шалгах ажиллагаа”, 19.1.3-д “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 17.2-д “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна”, 17.2.3-д “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” гэж заасны дагуу өөрийн үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна. 

Энэ үйл баримт нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлээр “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 878 дугаар шийдвэрээс “Э*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байсан нь тус захиргааны хэрэгт нотлох баримтаар татсан захиргааны хэрэг, мөн тус захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан  Р.Э*******ы  “Ч алтай ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсан дээр шүүхийн маргаантай гэж бичилт хийсэн зэргээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-д “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасан заалтыг хэрэгжүүлж ажилласан нь харагдаж байна. 

Бодит байдал дээр захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд маргаан бүхий захиргааны актуудыг гаргах үндэслэл болсон “Ч алтай ” ХХК-ийн гомдлыг нэхэмжлэгч нарт танилцуулаагүй, энэ гомдлын дагуу мэргэжилтнүүдийн ажлыг шалгуулахаар байгууллага дээр ажлын хэсэг байгуулаагүй, гомдлын дагуу Тагнуулын ерөнхий газар болон, Авлигатай тэмцэх газарт хандаж хувийн ашиг сонирхол үүссэн эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй, сахилгын ноцтой зөрчил мөн эсэхийг тогтоолгоогүйгээр, мөн байгууллагын Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлээгүй, тодорхой үндэслэл бүхий нотлох баримтгүйгээр Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж ажлын хариуцлага алдсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2.-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлийн 16.4-д “...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн“, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”,  Ашигт  малтмалын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.14-д “албан хаагчийг эрх бүхий албан тушаалтны санаачлагаар албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлийг үндэслэн...шийдвэрлэнэ”, 3.16-д “албан хаагчийг албан тушаал бууруулах, түр чөлөөлөх, халахдаа шууд харьяалах алба, хэлтэс, тасгийн дарга эсхүл  Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Газрын дарга тушаал гарган”, 16.1-д “Төрийн  албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, томилогдсон ажилдаа очоогүй, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан тохиолдолд зөрчлийн шинж байдал, анхан буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасныг үндэслэн төрийн захиргааны албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд маргаан бүхий актууд нь хуульд нийцээгүй, хариуцагч нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулж, төрийн албан хаагчдын эрх зүйн байдалд халдаж олон жил хариуцлагатай албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж ирсэн мэргэжилтнүүдийг төрийн албанаас халахдаа эрх зүйн үндэслэлгүйгээр хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэгч А.О, Б.Б, Ч.З, Д.М нарыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, хуульд зааснаас бусад үндэслэлээр халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус шийдвэр гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, энэ хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 106.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг баримтлан иргэн А.О, Б.Б, Ч.З, Д.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн б/09, б/10, б/11, б/12 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, иргэн А.О, Б.Б, Ч.З, Д.М нарыг ажилд нь эгүүлэн томилхыг даалгаж шийдвэрлэлээ.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч иргэн А.О, Б.Б, Ч.З, Д.М нарын  ажилгүй байсан хугацааны 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,413,587 /таван сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийг Б.Бд , 4,162,705 /дөрвөн сая  нэг зуун жаран хоёр мянга долоон зуун тав/ төгрөгийг Д.Мд, 5,783,655 /таван сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг А.От, 5,413,587 /таван сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийг тус тус олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Ашигт малтмалын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОЮУНГЭРЭЛ