Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 157

 

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

    Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Бунжаа,

    Шүүгдэгч: Б.Г, Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Т-ын М, О овгийн Б-ы Г нарт холбогдох эрүүгийн 1735000440015 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч : Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 13-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн Тариалан сумын 5-р багт оршин суух, Ш овгийн Т-ын М /РД:ОМ95061312/ .

     Шүүгдэгч : Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 05-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Увс аймгийн Тариалан сумын 5-р багт оршин суух, О овгийн Б-ы Г /РД:ОМ97110511/.

    Холбогдсон хэргийн талаар:

                Шүүгдэгч Б.Г, Т.М нар бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний шөнө Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Ч.М, Д.С, Ч.Г нарт хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Б.Г, Т.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  

                 Шүүгдэгч Б.Г, Т.М нар  бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний шөнө Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт  хохирогч Ч.М, Д.С, Ч.Г нарт хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                хохирогч Ч.М-ий мөрдөн байцаалтад өгсөн “Би төрсөн ах Г, хамаатны ах С нар болон нийт 10 гаруй хүний хамт Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт очиж гар аргаар алт олборлосон юм. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажил дуусаад С ах, Г ах бид гурав П ахын машин дотор амарч байтал мотоцикльтой хоёр залуу ирээд машины гадна юм яриад зогсож байгаад машины цонх цохиод байхаар нь “Яах гээд байгаа юм бэ. Хүмүүс амарч байна” гэж хэлэхэд тэд яваад өгсөн. Удалгүй 2 залуу ирээд машины хаалга онгойлгоод бид нар луу дайрч, бид гурвыг цохиод эхлэхээр нь манай ах Г намайг хамгаалж машинаас буухдаа хоёр залууг нь түлхээд буусан. Тэр үед Г  Г ахыг зодож эхэлсэн бөгөөд нэг залуу Г-ын ахын нүүр лүү өшиглөсөн. Тэгэхээр нь С бид хоёр машинаас буухад Г, М гэх хоёр  залуу бид хоёр луу ирээд биднийг цохисон. С бид хоёр тэр залууд цохиулаад ухарч явсаар шрүпнээс гаргасан шороон дээр гарахад М гэх залуу намайг өшиглөж, Г намайг нүх рүү түлхсэн. Би хэн нэгнийх нь гарнаас барих гээд чадалгүй нүх рүү унасан юм. Намайг шрүп рүү унасны дараа миний араас С мөн уг шрүп / нүх/ рүү унаж ирсэн. Тэгээд С бид хоёрыг ах Г, Т /Ш/, Д гурав татаж шрүпнээс гаргасан. Г ах, С бид нар тэдгээр залуучуудтай ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийгээгүй. Бидний дунд өр авлага, өш хонзон байхгүй. Г, М  нарт зодуулсны улмаас миний чихэнд гэмтэл учирсан бөгөөд орой унтахад миний чихний хэнгэрэг хатгаж өвдөөд зовиурлаад байгаа. Мөн толгой хатгаж өвдөж байна. Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллаагүй хугацааны мөнгө болох 500.000 төгрөг нэхэмжилсэн ” гэх мэдүүлэг,                 

                хохирогч Д.С-ын “ 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажил дуусаад Г ах, М бид гурав П гэх хүний машин дотор унтаж байтал гадаа мотоцикль ирж зогсоод машины цонх цохиод байхаар нь “Яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр хүмүүс явчихсан. Удалгүй Т ирээд Г-тай юм ярьж амжаагүй байтал цаанаас нь хэн нь мэдэхгүй нэг хүн ирээд Гыг цохисон. Тэгэтэл машины зүүн талын хаалгыг М онгойлгоод үгийн зөрүүгүй миний нүд рүү хөлөөрөө өшиглөж, гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид 2-ыг машин дотор хэдэн талаас зодож цохиод байсан тул бид  арай хийж өмдөө өмсөөд машинаас буусан. Намайг машинаас буухад Г ахыг газар унагаачихсан зодож байсан ба М надад “Бид нар нутагтаа байгаа шүү” гэж хэлээд миний нүүр, толгой руу гараараа цохиж, хөл рүү өшиглөж зодсон. Тэр үед Г манай найз М-ийг зодож байгаад нэг харахад тэнд байсан ухсан нүх рүү /7 метрийн гүнтэй/  М унасан. Мөн намайг М тэр нүх рүү түлхэж унагаасан. Зодооны үед М бид хоёр ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй, харилцан зодоон цохион хийгээгүй юм. М бид хоёрыг зодож цохиж байх үед бид хоёр ухарч явсаар ухсан нүхний тараасан шороон дээр гарчихсан байхад М миний гарнаас бариад түлхэхэд би нүх рүү унасан. Би  ухсан нүх хойно байгааг мэдээгүй байсан. Одоо миний толгой өвдөж байгаа бөгөөд өөр зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Г, М нарт зодуулсны улмаас би 7 хоногийн ажлаа алдсан. Нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг минь барагдуулбал надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг,

               хохирогч Ч.Г-ын “ 2017 онь 07 дугаар сарын 31-ний шөнө машин дотор амарч байтал машины цонхыг хүн цохиод байсан. Тэр үед М “Яах гээд байгаа юм бэ. Амарч байна” гэхэд цонх цохиж байсан хүн яваад өгсөн юм. Удалгүй манай хамаатны дүү болох Т бидний амарч байсан машин дээр ирээд надтай мэнд мэдээд зогсож байтал гэнэт танихгүй хоёр залуу ирээд шууд бид нарыг цохиод эхэлсэн. Тухайн үед яагаад бид нарыг зодоод байгааг ойлгоогүй. Тэгтэл Т тэд нарт “Манай хамаатны ах байна, юу болоод байгаа юм бэ” гэж удаа дараа хэлсэн боловч тэр хоёр хүн машины арын хаалга онгойлгоод ард сууж байсан М, С нарыг машинаас гаргахгүй зодоод эхэлсэн тул би өөрийгөө хамгаалах гээд жолоочийн урд талын суудал дээр байсан хүрзний иш бариад машинаас буухад нэг нь миний гараас хүрзний иш сугалаад шидчихсэн юм. Тэр хоёр залуу намайг машин дотор байхад машины хоёр талын хаалга онгойлгоод нүүр рүү гараараа цохиод, машинаас буухад газар унагаагаад миний нүүрэн хэсэгт өшиглөсөн юм. Тэр орой гадаа харанхуй байсан болохоор машин дотор намайг хэн цохиж зодсоныг сайн харж чадаагүй бөгөөд машинаас хүрзний иш бариад буухад дээл, куртиктай залуучууд байсан юм. Би намайг болон С, М нарыг зодсон залуучуудыг танихгүй. Т гэж манай хамаатны залуутай хамт ажилладаг залуучууд байсныг дараа нь мэдсэн. Ямар шалтгаанаар бид гурвыг зодож цохисныг мэдэхгүй байна. Машины хаалга онгойлгоод шууд зодоод эхэлсэн бөгөөд тухайн үед бид гурав машин дотор амарч байсан юм. Тэр залуучууд архи согтууруулах ундаа уусан байсан юм. Би тэр залуучуудаас бид гурвыг яагаад зодоод байгааг асууж чадаагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний биед зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алимны салст, баруун шуунд цус хуралттай байна гэсэн гэмтэл гарсан боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй” гэх мэдүүлэг,  

               гэрч Б.Д-гийн “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би шрүпнийхээ амсар дээр унтаж байтал манай шрүпнээс холгүй машин дотор хэдэн залуучууд зодолдоод байсан. Тэгээд намайг харахад манай шрүпний хажуу талын шрүпний дэлгэсэн шороон дээр дөрвөн залуу зодолдож байгаад хоёр залуу нь шрүп рүү уначихсан. Тэр үед би “Та нар хүн аллаа” гээд орилоход түлхсэн хоёр залуу нь зугатаагаад явчихсан. Тэгээд би уг хоёр залуугийн унасан шрүпийн хажууд очоод “Гайгүй юу” гэхэд тэр хоёр “Гайгүй” гэж хэлэхээр нь шрүп рүү унасан хоёр залуутай хамт байсан нэг залуутай нийлээд олс оруулж унасан хоёр залууг шрүпнээс татаж гаргасан юм. Тухайн үед тэр хоёр залуу цээж нүцгэн, өмдтэй, хөл нүцгэн байсан. Тэр үед гадаа харанхуй болсон байсан тул би маргалдаж байгаад зугатаад явчихсан хоёр залууг ямар зүс царайтай, ямар хувцастай байсныг харж чадаагүй” гэх мэдүүлэг,

               гэрч Б.Б-ы “Би 2017 оны 07 дугаар саырын 31-ний орой гэртээ хэвтэж байтал Г, М, Т, Б дөрөв ирээд “Хэдүүлээ доошоо гол ороод ирье” гэж хэлээд бид нар гол ороход тэд архи гаргаж ирээд ууцгаасан. Тухайн үед би архинаас уугаагүй, ганц хоёр удаа амсаад өгсөн бөгөөд архи дуусаад явахаар болоод М, Т, бид гурав түрүүлж яваад Г, Б хоёр араас ирсэн. .....Тэгтэл Г, М нар “Тэр машин дотор байсан хүмүүс Т дээр томроод байх шиг байна” гээд гүйгээд явчихаар нь би араас нь Б-тай хамт очиход Г, М хоёр машин дотор байсан залуучуудтай зодолдож байсан тул би машины буруу талд зогсож байгаад Б-ыг аваад яваад өгсөн юм. Тухайн үед хэн хэнтэйгээ зодолдсон болохыг харанхуй байсан болохоор харж чадаагүй. Тухайн өдөр бид нар бүгд согтуу байсан” гэх мэдүүлэг,

               гэрч Р.Т-гийн “....шар өнгийн УАЗ машинаас намайг хүн дуудахаар нь яваад очиход манай нагац аавын хамаатны хоёр залуу, бас нэг танихгүй  залуу байсан. Би машинд нь ороод мэнд асуугаад “Танай шрүп хэд болж байна, уландаа буусан уу” гээд юм яриад сууж байтал М машины хаалга онгойлгоод машин дотор байсан Г-ыг нэг удаа цохисон. Тэгтэл Г нөгөө талын хаалгаар нь ирээд Г-ыг өшиглөхөөр нь би “Та хоёр яаж байгаа юм бэ. Энэ чинь миний хамаатны залуу байна” гэхэд Г машин дотроос лантуу аваад “Та нарыг ална” гэж хэлээд буусан. Тэгэхээр нь би орж ирсэн хаалгаараа буугаад машины урдуур тойроод очиход Г машины зүүн урд дугуйны хажууд зогсож байсан. Би Г-аас “Гайгүй юу, хамраас чинь цус гарч байна” гэж хэлээд зогсож байтал Г, М хоёр М, С хоёрыг “Наашаа хүрээд ир” гээд дуудаж байсан, нэг харахад тэр 2 шрүп рүү уначихсан байсан. Би М, С хоёрыг нүхэн дотроос татаж гаргасан юм” гэх мэдүүлэг,

   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №459 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ч.М-ий  биед гэмтэл учирсан байна. Баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжний ар нуруу, зүүн бугалга, шуу, зүүн шилбэ, баруун зүүн хөлний уланд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт,

   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №458 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Д.С-ын  биед гэмтэл учирсан байна. Цээжний ар нуруу, зүүн шуу, зүүн хөлний өсгийнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт,

   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №451 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ч.Г-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алимны салст, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

    шинжээч эмч Н.О-ын “Үзүүлэгч Ч.М-ий биед учирсан баруун чихний хэнгэргэн хальс цоорол нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн биеийн цээжний ар нуруу, зүүн бугалга, шуу, зүүн шилбэ, баруун хөлний уланд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь биеийн нийт гадаргууны 1 хувиас илүү гэмтэл байсан. Баруун чихний хэнгэргэн хальсны цоорол нь цохилтын улмаас үүсэх боломжтой юм” гэх мэдүүлэг,

   шүүгдэгч Б.Г-ийн “ Би Тариалан сумын “Бор хавцал” гэх газар найз нарынхаа хамт хувиараа алт олборлох гэж очсон. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр  ажлаа дуусаад М, Т, Б, Б нарын хамт 500 граммтай “Улаанбаатар” нэртэй 3 шил архи хувааж уусан байсан. ....уаз-469 машин дотор байсан залуучууд намайг цохиж зодсон зүйл огт байхгүй. Би уг машин дотор байсан залуучуудыг танихгүй, урьд өмнө харж байгаагүй. Машин дотор байсан залуучууд манай найз Т-г зодож байна гэж бодоод тэр залуучуудтай маргалдаж улмаар зодсон. Тухайн үед тэдгээр 3 залуу нь манай найз Т-г цохиж зодсон зүйл болоогүй байсан. Т хоёр залуутай нь хамаатан болж таарсан. М бид хоёр архи уусан байсан тул архиныхаа халуунд тэр 3 залууг зодож цохисон байсан. М бид хоёр М, С нарт учирсан хохиролд тус бүрт нь 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөг өгсөн. Бид 2-оос нийт 1 сая төгрөг нэхэмжилснээс 400000 төгрөгийг өгөөд үлдсэнийг нь дараа өгнө гэж тохирсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

     шүүгдэгч Т.М-ын “ Би найз нарынхаа хамт Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт хувиараа алт олборлохоор очсон. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажил дууссан байхад Т 3 шил “Улаанбаатар” нэртэй аваад ирэхээр нь Г, Б, Б, Т бид тав гол дээр очиж уг архийг хувааж уусан. .....Т-гийн суусан машин дотор хүмүүс том, том дуугараад байхаар нь Т-г зодож байна гэж бодоод Г бид хоёр машины баруун талаар очиход Т машины хаалган талд нь сууж байсан. Тэгээд “Энд юу болоод байна” гэхэд урдаас хэгжүүрхээд байхаар нь Г бид хоёр машин дотор байсан залуучуудыг зодож эхэлсэн. Г машины араар тойроод зүүн талын хаалга онгойлгоод зүүн талд сууж байсан залууг цохисон. ..Тэгээд бид хоёр машины араар тойроход шрүпнээс гаргасан шороон дээр хоёр залуу гарчихсан зогсож байхаар нь “Та хоёр наашаа хүрээд ир” гээд урдаас нь  очиход тэр хоёр хойшоо ухарч байгаад нүх рүү уначихсан. Тэр үед цаанаас нэг хүн “Та нар хүн алчихлаа” гэхээр бид хоёр айгаад зугатаачихсан юм. Тэр машин дотор байсан залуучууд намайг цохиж зодсон зүйл огт байхгүй. Би машин дотор байсан залуучуудыг танихгүй бөгөөд маргааш нь нэг нэгийгээ таньж мэддэг болсон. Машин дотор байсан залуучууд болох Г, М нар нь манай найз Т-тэй хамаатан байсан. Би тухайн үед би манай найз Т-г машин дотор зодож цохиж байна гэж бодоод ямар нэгэн шалтгаангүйгээр тэр залуучуудтай маргалдаж зодсон. Би тэр үед архи уучихсан байсан тул найзыгаа өмөөрөх гэж очсон. Гэтэл машин дотор зодоон цохион болоогүй байсан. Бид хохиролд М, С нарт тус бүрд нь 200.000 төгрөг өгсөн байгаа. Үлдсэн хохирлыг төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                

   Шүүгдэгч Б.Г, Т.М нар бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  машиндаа  амарч байсан хохирогч Ч.М, Д.С, Ч.Г нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодсон, хохирогч нарын эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл нь гэнэтийн шинжтэй эхэлж, эмх замбараагүй байдлаар үргэлжилсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл : Тухайн шөнө хохирогч, шүүгдэгч нарын хооронд тодорхой ямар нэг асуудлаар үл ойлголцсон, нэгнийгээ доромжилж маргалдсан асуудал гараагүй байхад шүүгдэгч нар шууд хүч хэрэглэн зодоон эхлүүлсэн, тодорхой зорилгогүй, хэн нэг этгээд рүү чиглэсэн биш, хэн ч хамаагүй өртөгдөхөөр эмх замбараагүй үйлдэл хийсэн нь нотлогдож байх бөгөөд   шүүгдэгч нарын дээрхи хүч хэрэглэсэн үйлдэл нь хүний амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх, амгалан тайван амьдрах, амрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан нь тогтоогдсон.  

    Иймд шүүгдэгч Б.Г, Т.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

               Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М, Б.С нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, Ч.Г-ын биед гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй  болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд Ч.М, Б.С нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тус бүр 500.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч тус бүр 200000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи  нотлох баримт авагдаагүй боловч хохирогч, шүүгдэгч харилцан тохиролцсоноос нийт 400000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдсэн хохирлыг шүүгдэгч Б.Г, Т.М нар нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

                2. Шүүгдэгч Б.Г, Т.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар  

                Шүүгдэгч Б.Г, Т.М нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч Б.Г, Т.М нар нь тус тус аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Тариалан суманд оршин суудаг, Улаангом Политехник коллежийн Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1-р ангид суралцаж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Увс аймгийн Улаангом Политехник коллежийн Мэргэжлийн боловсролын тэнхимийн арга зүйч Н.Ж-гийн 2017.12.08-ны өдрийн 2/09, 2/08 тоот тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Г, Т.М нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон коллежид суралцаж байгаа, цаашид сурч боловсрох боломж олгох зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

                Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

                Шүүгдэгч Б.Г, Т.М нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.                  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                1. Шүүгдэгч О овгийн Б-ы Г, Ш овгийн Т-ын М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Т.М нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээ тус тус авсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

           4. Шүүгдэгч Б.Г, Т.М нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Г, Т.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

                6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН