Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1162

 

 

 

 

 

2022                12            08                                     2022/ДШМ/1162                                  

 

Т.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

яллагдагч Т.Н-н өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/461 дүгээр захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Т.Н-н өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Н-д холбогдох 2207001860174 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н-,

2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

Т.Н- нь 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ********* тоотын онгорхой гараж дотор байсан улсын дугааргүй “FЕКОN” загварын мотоцикль, паялник зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авч, бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: Т.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Т.Н-н хулгай хийсэн гэх автомашины гараж нь автомашин орж, гарах зориулалт бүхий хашааны гадагшаа харсан том хаалгатай, мөн хүн орох зориулалт бүхий хашааны дотор тал руу харсан жижиг хаалгатай байх бөгөөд хохирогч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би машинаа гаднаас нь оруулаад хаалгыг нь дотроос нь түгжээд хашаа руу ордог хаалгаараа гараад явчихсан юм. Би тухайн үед хашаан доторх хаалгыг түгжээгүй гараад гэртээ орсон” гэх мэдүүлэг, мөн түүний гэрчээр өгсөн “...Би өчигдөр шөнө гаражийн гадна том хаалгаа дотроос нь төмөр дэгээгээр түгжчихээд дотор талын жижиг хаалгаа цоожлолгүй хаагаад цоожийг нь зүүгээд орхичихсон байсан. Миний бодлоор хулгайч манай хашааг гадна талаас нь давж ороод гаражийн дотор жижиг хаалгаар ороод дотор нь байсан цагаан өнгийн мотоцикль, ногоон өнгөтэй паялникийг аваад том хаалгыг дотроос нь онгойлгож гараад буцаж дотор талаас нь түгжээд хашаа даваад гарсан байх” гэх мэдүүлгүүдээр яллагдагч Т.Н- нь хашааг давж хүн орох зориулалт бүхий хашааны дотор тал руу харсан жижиг хаалгаар нэвтэрч орсон байх баримт хэрэгт авагджээ.

Хавтас хэрэгт тухайн хэрэг учрал болсон гэх айлын хашаан дахь объектуудын байршил, тухайн хашаа, гаражийн хаалга, цоож түгжээ, орц гарц, хэмжээ зэргийг бүрэн харагдахуйц байдлаар авсан гэрэл зураг авагдаагүй байх тул эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгэж, дээрх байдлуудыг нягтлан шалгаж, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн эсэх буюу хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай гэж үзэн Т.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зүйчлэлийг зөвтгүүлэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч Т.Н-н өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтас хэргийн 6 дугаар хуудаст “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, 7 дугаар хуудаст “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт" тусгагдсан байгаа учир дээрх ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн эсэх буюу хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай гэж үзсэн ба яллагдагч Т.Н-н 2022 оны 06 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 18- 643 тоотын онгорхой гараж дотор байсан улсын дугааргүй “FЕКОN” маркийн мотоцикль, паялникийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учир хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.

Тухайн гэмт хэрэг гарах үед Г.Л-ийн гаражийн хаалга онгорхой байсан болох нь хохирогч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “Би тухайн үед хашаан доторх хаалгыг түгжээгүй гараад гэртээ орсон...”, Т.Н-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн “.. гаражийн хаалга онгорхой байсан ...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа.

Хууль бус нэвтрэлт гэдгийг Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 511 дүгээр тогтоолд “...түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах” байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ гэж заасан ба Т.Н- нь онгорхой байсан гараж руу орсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бус нэвтрэлт биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/461 дүгээр захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч Т.Н- нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан хамгаалагдсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Т.Н-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн яллагдагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хуулийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/461 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН