Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1580

 

ТӨСӨЛ

2020.07.17                                           1580                                                 Улаанбаатар

 

 

 

 

 

 

Д.Э-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01873 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ны хариуцагч Д.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 04 сарын 16-ны өдөр 9 000 000 төгрөгийг 2019 оны 9 сарын 01-нийг хүртэл 5 сарын хугацаатай зээлүүлсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.1 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч Д.Н гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээий дагуу нийт үндсэн зээл 9 000 000 төгрөг, түүний алданги 3 600 000 төгрөг нийт 12 600 000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 500 000 төгрөгийг хариуцагч төлсөн тул хариуцагч 12 100 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага дээр 9 000 000 төгрөг гаргуулах гэсэн боловч нэхэмжлэлийн агуулга дээр үндсэн нэхэмжлэл 9 000 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг нийт 12 600 000 төгрөгийг гаргуулахаар тусгасан байна. Иймд 9 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж үзэж төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н-аас 10 455 000 төгрөг гаргуулж Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 145 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас 182 230 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай байсан. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус үндсэн зээлийн үүргээс гадна алданги болох 1 455 000 төгрөг нэмж тооцон шийдвэрлэсэн хууль бус гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 9 000 000 төгрөгийг зөвшөөрч, алдангийн хэмжээг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2019 оны 04 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 9 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, хариуцагч мөн өдрөө 9 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хх 3, 4/

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нийт төлбөл зохих 12 600 000 төгрөгийн төлбөрөөс 500 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараас тогтоогдож, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 12 100 000 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг зөрчөөгүй байна. Мөн хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.

Талууд гэрээгээр зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээл 8 500 000 төгрөг, алданги 1 955 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв.

Хариуцагч алдангийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч 9 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн 2020 оны 04 сарын 29-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны тэмдэглэлд 12 600 000 төгрөг нэхэмжилж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй       орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           А.МӨНХЗУЛ