| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0175/э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 160
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Туяа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 1735001960103 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЛ86041578, Б овгийн Б-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутагт эхнэр С.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутагт эхнэр С.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Б-ийн “Би нөхөр Б.Б-ын хамт 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаангомд 29 тооны үхэр нядалж зарахаар тууж ирсэн юм. Тэгээд орой нь нөхөр Б.Б бид хоёр найз Б, Т, Б, Э, Г, У нарын хамт “Өгөөж” караоке орж 1 цаг дуулаад 0.5 литрийн 1 шил архи, 0.5 литрийн нэг нэг пиво ууцгаагаад тэндээсээ гарч хуучнаар “Маргад” диско бааранд орсон. Тэнд ороод 2 шил 0.5 литрийн архи ууж, бүжиглэж байгаад гарах болоход Т, Б нар явчихсан тул Б.Б бид хоёр үлдсэн хүмүүсийн хамт Ц гэх хүний гэрт очиж 3 шил архи, 1 ширхэг том савтай “Боргио” нэртэй пиво хувааж ууцгаасан юм. Би тухайн үед их согтсон бөгөөд хамгийн сүүлд “Гэрэлтэй цонх” дэлгүүрээс 2 шил архи авах үед “Үүрийн 04 цаг болж байна” гэж ярьж байсан. Би Ц.Б гэх бидний очсон айлын залуугаар ээжийнхээ гэрт хүргүүлэх гэсэн боловч явж чадаагүй бөгөөд согтчихсон байсан тул юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд би амбаарт Ц.Б-тай хамт унтаж байсан ба тэр үед гаднаас нөхөр маань орж ирээд бид хоёрыг хардаад миний үснээс татаж амбаараас гаргаад намайг зодсон юм. Тухайн үед нөхөр Б.Б миний толгой руу гараараа цохиод, нуруу, хөл рүү минь өшиглөсөн. Миний толгой руу олон удаа цохисон бөгөөд бараг 3-4 удаа цохисон байх. Тэр үед Уранцэцэг ирж бидийг салгаад намайг гэр лүү оруулсан. Тэгээд би тэнд байж байгаад өглөө 07 цагийн үед нөхөр Б.Б”ын хамт таксигаар ээжийнхээ гэрт очсон. Би ээжийнхээ гэрт өдөржин хэвтэж байгаад босох гэтэл ухаан алдаж унасан тул эмч дуудаж намайг үзүүлсэн байсан. Б.Б намайг хардаад миний толгой руу 3-4 удаа гараараа цохиж, нуруу, хөл рүү өшиглөсөн. Нөхөр Б.Б-д зодуулсны улмаас миний зүүн хацар доод хэсгээрээ хавдаж хөхөрсөн, зүүн шанаа чамархай хэсгээрээ хавдсан, толгой тэр чигтээ хавагнаад хөндүүрлэж өвдөөд байгаа. Мөн 2 хөлний гуя хэсгээр хөндүүрлэж өвдөж байна” гэх мэдүүлэг,
хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 08 цагийн үед би биеэ үзүүлэхээр эмнэлэг дээр очиход Нэгдсэн эмнэлгийн сувилагч нар надаас “Та хүнээр зодуулсан юм уу” гэж асуухад нь би тэд нарт “Нөхрөөрөө зодуулсан” гэж хэлэхэд сувилагч нар “Цагдаад мэдэгдэх ёстой” гэхэд нь би “Цагдаад мэдэгдэх хэрэггүй. Бид нар өөрсдөө учраа олно” гэхэд сувилагч “Үгүй зодуулсан бол заавал цагдаад мэдэгдэх ёстой” гээд дуудлага өгсөн. Түүнээс биш би өөрөө цагдаад дуудлага өгөөгүй. Бид нар өөрсдөө тухайн үед согтуу байсан болохоор бие биенээ ойлголгүй нөхөр маань намайг зодсон байсан. Миний хувьд Ц.Б гэх залуутай унтаж хэвтсэн асуудал байхгүй. Миний зүгээс нөхөр Б.Б-д ямар нэг гомдол, санал байхгүй. Энэ цагдаагаар шийдүүлэх хэрэг биш байсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор хэн хэний хамт байшин дотор байсныг санахгүй байна. Би яагаад эзэнгүй байшинд орсноо санахгүй байна. Гэхдээ Ц.Б бид хоёрын хооронд ямар нэг асуудал болоогүй. Байшин дотор миний хажууд Ц.Б, эхнэр Бяржаргалын хамт байсан юм билээ. Миний нөхөр Б.Б нь намайг Ц.Б-тай хардаж зодсон. Бяржаргалыг бид хоёрын хажууд байхыг хараагүй байсан. Б.Б бид хоёр гэр бүл болоод 13 жил болж байна. Гурван хүүхэдтэй, хөдөө мал маллаж амьдардаг. Гэр бүл болсноос хойш аливаа зүйл дээр санал зөрж маргалдаж байсан удаа байсан. Гэхдээ нөхөр маань намайг байнга зодож цохиод, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Бид хоёрын хооронд үл ойлголцсоноос болж ийм асуудал боллоо. Үүнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхгүй байх. Надад одоо нөхөр Б.Б-д холбогдуулан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
гэрч С.Уранцэцэгийн “...Тэгээд бид баарнаас гарах үед Б.Б-ын найз нар нь явчихсан байсан тул Б, Б, Б бид дөрөв Б.Б-ын хамаатан болох Ц гэх айлд очоод би нөхрийнхөө хамт унтаад өгсөн юм. Тэд нар архи уухаар ярьцгааж байсан. Гэтэл шөнө гэрийн гадна зодоон болж байгаа бололтой хүмүүс орилж хашгираад бужигнах чимээ гарсан тул би гэрээс гарч харахад Б-ийг нөхөр нь зодсон бололтой, Б уйлчихсан, зүүн хацар болон зүүн шанаа орчимд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Учрыг асуухад Б эзэнгүй байшинд байхад нь нөхөр нь хардаад зодсон бололтой байсан. Тэгээд би тэд нарыг салгахад Б нөхөртөө “Би энэ залуутай унтаагүй” гэсэн тайлбар тавиад байсан бөгөөд нөхөр нь “Чи эрэгтэй хүнтэй эзэнгүй байшинд өөр юу хийдэг юм” гээд уурлаад байсан. Би тэр хоёрыг салгаад гэрт оруулж хэрүүл намжихаар нь өглөө 07 цаг орчимд таксигаар Б.Б, Б нарыг Б-ийн ээж О-ын гэрт хүргэж өгөөд явсан. Гэтэл өдөр 12 цаг орчимд Б-ийн бие муудсан гэж сонсоод О-ынд очиж эмнэлэгт дуудлага өгч үзүүлэхэд “Даралт нь ихэссэн байна” гэж хэлээд эм бичиж өгснийг нь авч өгөөд тэднийд байж байтал орой 18 цаг орчимд О захаас ирээд Б.Б-ыг архи уучихсан согтуу байсан тул уурлаж гэрээсээ хөөсөн. Тэр хооронд Б дахин ухаан алдаж унасан тул бид түргэн дуудаж эмнэлэгт хүргүүлсэн юм. Б.Б, Б нар үүрээр зодоон болоход согтуу байсан юм” гэх мэдүүлэг,
гэрч Г.О-ын “.....Тэгээд би босоод галаа түлээд цайгаа чанаж байтал 07 цагийн үед гаднаас Б.Б, Б хоёр орж ирэхээр нь би тэр хоёрт “Та нар юу болоод байгаа юм. Та нар унтаж амраад босож ирээд учраа олцгоо. Би ямар цагдаа юм уу. эсвэл та нар цагдаад учраа хэлж шалгуул” гэж хэлэхэд Б орон дээр гараад унтсан. Харин Б.Б унталгүй орж гараад яваад байсан. Би тэд нарт цай чанаж өгчихөөд гараад явсан. Тэгээд гадуур ажилтай явж байхад 12 цагийн үед “Б-ийн бие муудаж байна” гэж охин Батцэцэг над руу залгахаар нь “Эмнэлэг дуудаж үзүүл” гэж хэлээд орой 18 цагийн үед гэрт очиход Б “Бие муу байна” гээд орон дээр хэвтэж байсан. Манай гэрт Б.Б болон түүний найз, ах дүү нар нь хамт согтуу байцгаасан. Намайг гэртээ ороод байж байтал гэнэт Б-ийн бие муудаад ухаан алдаад уначихаар нь Б-ийг эмнэлэг дээр авч очиход эмнэлгийнхэн “Хүнд зодуулсан байна” гээд цагдаад дуудлага өгсөн. Б.Б нь охин Б-ийг “Айлын залуутай хамт унтаж байсан” гээд дарамтлаад зодож цохисон байсан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өглөө Б манайд ирэхэд түүний хацар хөхөрчихсөн, зүүн талын шанаа нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг,
гэрч Б.Б-гийн “Б.Б нь миний төрсөн дүү бөгөөд Б түүний эхнэр нь юм. Б.Б бид хоёр эхнэрүүдийн хамт Улаангомд үхэр зарахаар ирсэн бөгөөд 2017 оны 11 сарын 30-ны орой Б.Б-ын найз нарын хамт “Өгөөж” караокед орж 1 цаг дуулаад 0.5 литрийн 1 шил архи, нэг нэг пиво ууцгаасан юм. Тэгээд тэндээсээ гараад үргэлжлүүлж “Маргад” бааранд орж 2 шил 0.5 литрийн архи хувааж уугаад гарч ирэхэд Б.Б-ын найз нар нь явчихаар нь Б.Б, түүний эхнэр Б, миний эхнэр Уранцэцэг бид 4 Ц гэх миний хүргэн ахын гэрт очсон юм. ...Гэтэл үүрээр гэрийн гадна хүмүүс зодолдох шуугилдах чимээнээр гарч харахад Б.Б эхнэрээ зодсон бололтой, миний эхнэр Уранцэцэг тэднийг салгасан байсан. Удалгүй Б.Б, Б нарыг Уранцэцэг дагуулж гараад таксигаар Б-ийн ээжийнд хүргэсэн юм. Тэгээд би эхнэрийн хамт үхрээ усалж ойр зуурын ажил хийгээд байж байтал үдийн орчимд Б-ийн хүүхэд нь эхнэрлүү утасдаад “Б-ийн бие муудлаа” гэж хэлсэн тул эхнэр бид хоёр О-ын гэрт очиход тэднийд Б.Б эхнэр хүүхдүүдийн хамт байсан. Б “Бие эвгүй болоод байна” гэж хэлээд хэвтэж байснаа ухаан алдсан тул өрхийн эмч дуудаж үзүүлээд бас түргэний эмч дуудаж үзүүлсэн. Эмч нар үзээд “Даралт ихэссэн байна, хөдөлгөж болохгүй” гэж хэлээд эм бичиж өгөөд явсан. Би гарч яваад айлд очоод буцаж ирэхэд Б-ийн бие муудаад эмнэлэг явчихсан байсан. Б-ийг Б.Б нь зодсон байсан. Б-ийн зүүн хацар орчим нэлэнхүйдээ хавдсан бололтой байсан” гэх мэдүүлэг,
гэрч Ц.Б”ын “Миний ээжийн дүү болох Б.Б ах “Хөндлөн”-өөс хэдэн үхэр авч ирж зах дээр зарж байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Б.Б ах над руу гар утсаар залгаж “Зах дээрээс хэдэн үхэр туугаад Чандмань оруулж ээжийнд хүргээд өгөөч” гэхээр би зах дээр очиж 11 тооны үхрийг мориор ганцаараа тууж Чандмань оруулж хадам ээжийнх нь гэрт хүргэж өгчихөөд гэртээ ирээд хоол унд идээд 23 цагийн үед эхнэр хүүхдийн хамт унтах гэж байтал гаднаас Б.Б ах, бэр эгч Б болон Бэлэнхүү, Бярмаа нар хажуудаа танихгүй хоёр хүний хамт гэрт орж ирсэн. Тэд нар архи уучихсан согтуу байсан ба нэг шил 0.75 граммын архи барьчихсан ирсэн. Тэгээд авч ирсэн архиа хувааж ууж байгаад зарим хүмүүс нь манай аавын гэр лүү ороод Б.Б ах манайд унтаж байсан. Тэр үед аавын гэрээс Б эгч орж ирээд “Чандманьд хүргэсэн үхэр өвсгүй хэцүү болж байгаа. Ядаж байхад Чандманьд хяналтын камер байхгүй. Үхэр хулгайлж магадгүй. Би ээжийнд очмоор байна. Чи эгчийгээ ээжийнд хүргээд өгөөч” гэхээр би Б-ийг хүргэж өгөхөөр гэрээс гарч зам дээрээс такси барих гэхэд машин явахгүй байсан. Тэгээд Б эгч бид хоёр буцаад гэр лүү явж байтал бид хоёрын урдаас манай эхнэр Бяржаргал ирээд “Та хоёр яасан бэ” гэж асуухаар нь би эхнэрт “Такси олдохгүй байна” гэж хэлээд гэр лүү явах гэхэд Б эгч “Одоо танайд очихоор манай нөхөр Б.Б архи уулаа гээд босож ирээд зодоод эхэлнэ. Энэ хавьд унтуулчихмаар газар байна уу” гэхээр нь манай эхнэр Бяржаргал “Гэрийн урд талд байдаг эзэнгүй байшин дотор оруулж 10-20 минут байлгаж байгаад архи нь гарахаар гэрт оръё” гэж хэлээд бид гурав байшинд ороод юм ярилцаад зогсож байтал Б.Б ах гар чийдэн тусгаад орж ирээд юм хэлэлгүй миний хөл рүү хальт өшиглөөд эхнэр Б-ийгээ чирээд аваад гарсан. Тэгээд би эхнэрээ дагуулаад хашаанаас гарч хашааны гадна зогсож байхад манай гэрийн үүдэнд орилж хашгиралдаж байсан. Би тухайн үед очоогүй, юу болсныг хараагүй. Тэгж тэгж байгаад салаад явахаар нь эхнэр бид хоёр гэрт орж амарсан. Б бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал болоогүй. Манай эхнэр Бяржаргал, Б эгч бид гурав байшин дотор байсан юм. Б ах эхнэрээ надтай хардаад зодсон байсан” гэх мэдүүлэг,
гэрч О.Бяржаргалын “ ...Тэгж байгаад Б.Б ах манай гэрт унтчихсан, гэтэл шөнө Б эгч “Би Чандмань руу явмаар байна. Чи эгчийгээ ээжийнд хүргээд өгөөч” гэхээр нь би түүнд “Одоо шөнийн 03 цаг болж байна, такси явахгүй байх. Та манай гэрт унтаад амарчих” гэхэд Б эгч “Үгүй, одоо заавал явна” гээд манай нөхөр Ц.Б-аар Чандмань руу ээжийндээ хүргүүлэхээр хамт гарч явсан юм. Би тэр хоёрыг гараад явахаар нь нүүрс хийчихээд жаахан сууж байгаад хашааны хаалгаар гарахад дээрээс Б эгч, Ц.Б хоёр ирсэн. Б “ Такси явахгүй байна ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б эгчид “Такси явахгүй гэж би танд хэлээ биз дээ. Гэрт ороод амарчих” гэхэд Б эгч “Манай нөхөр согтуу байна. Би танайд орж амрахгүй, манай нөхөр намайг архи уулаа гээд зодох байх, энэ хавьд ороод амарчих газар байна уу” гэхээр нь би түүнд “Та тэгвэл аавынд ороод амарчих” гэхэд Б эгч “Би орохгүй” гээд байхаар нь “Тэгвэл манай хашаан дотор байдаг эзэнгүй байшин дотор оръё” гээд бид гурав тэр байшинд ороод байж байтал гаднаас Б.Б ах асаагуурын гэрэл асаачихсан орж ирээд Б эгчийг “Чи ингэж явдаг юм уу” гэж хэлээд чирээд аваад гарсан. Манай нөхрийг хальт өшиглөх шиг болсон. Б.Б ах Б-ийг манай нөхөр Ц.Б-тай хоёулаа байшин дотор байсан гэж бодсон байх. Б.Б ах орж ирээд Б эгчийг чирээд аваад гарахаар нь би “Хөөе та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг анзаарч харалгүй гараад явсан. Б.Б ах намайг байшин дотор Б, Ц.Б хоёртой хамт байхыг анзаарч хараагүй байх, тэгээд хардаад зодсон гэсэн” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэднийд шөнөжин архи уусан бөгөөд би согтож Ц-ийн хүү Ц.Б-ын гэрт орж унтсан байсан. Тэгээд 04 цаг болж байхад сэрэхэд эхнэр Б нь Ц.Б”ын гэрт байгаагүй, мөн Ц.Б бас байгаагүй тул Ц”ийн гэрт орж үзэхэд тэднийд бас байгаагүй. Тэгээд би хашаанаас гараад эсрэг талд нь байсан эзэнгүй байшингийн хажуу талаар өнгөрч явтал дотор нь хүн дуугарах шиг болохоор нь уг байшин руу ортол Ц.Б, Б хоёр байсан бөгөөд Б куртикаа өмсөж байсан юм. Тэгээд би эхнэрээ Ц.Б-тай хардаад Б-ийг 2 удаа алгадахад Ц.Б үг дуугүй байсан. Би Б-ийг уг байшингаас чирч гадна гаргаад Б-ийн хацар луу гараараа хоёр удаа алгадаж, хөл рүү нь нэг удаа өшиглөөд маргалдаж байтал бид хоёрын маргалдах чимээнээр Уранцэцэг гарч ирээд бид хоёрыг гэр лүү оруулсан. Б нь Б.Б-тай унтаагүй гэж хэлсэн тул бид хоёр эвлэрээд хадам ээж О-ын гэрт /Улаангом сумын 1-р баг Чандманьд байдаг/ 07 цагийн үед таксигаар хүргүүлсэн юм. Би тийм ч их архи уудаггүй бөгөөд хааяа архи уугаад ирэхээр эхнэр уурлаад намайг янз бүрээр хэлдэг тул түүнээс болж хэрүүл маргаан гардаг юм. Эхнэр бид хоёр эрүүлдээ хэвийн сайн харьцаатай байдаг. Би хардалтаас болж эхнэрээ зодсон үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй тул надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №785 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч С.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, дээд уруул, зүүн хацрын хэсэгт, баруун гуяны гадна талд хар хөхөрсөн, духны зүүн дээд хэсэг, толгойн хуйханд хавантай зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б”ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бундэлгэрийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. .
Хохирогч С.Б нь шүүгдэгч Б.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, мөн 2017.12.08-ны өдөр Б.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэх хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгасан буюу хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН