| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1927000710226 |
| Дугаар | 1927000710226 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 1927000710226
Б.М, З.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Уранбайгаль,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/684 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, Б.М нарын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Гэрэл-Очир, шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М, З.Ж нарт холбогдох эрүүгийн 1927000710226 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г бошигт овгийн Бы М, 1993 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;
2. Х овгийн Зын Ж, 1955 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 10 минутын үед Ө- гэх газар “-” загварын - улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Быг мөргөж, амь насыг нь хохироосон,
шүүгдэгч З.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 15 минутын орчимд Ө- гэх газар “-” загварын - улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Х.Быг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, З.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г бошигт овгийн Бы Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Зын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Жын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, З.Жт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мийн цагдан хоригдсон 412 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Б.Мд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, З.Жт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс, З.Жт оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс тус тус тооцож, З.Ж 202 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэргийн хадгалах хугацаа дуустал компакт диск 4 ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг явдал болсонд маш их харамсаж, талийгаачийн төрөл садан, гэр бүлийнхэнд дахин эмгэнэл илэрхийлж, дахин дахин уучлал гуйхыг хүсэж байна. Миний бие гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр, 2-4 насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Хоёр хүү маань нас бага учир эхнэр ажил хийдэггүй, хүүхдүүдээ асардаг. Би ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан. Би анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд талийгаачийн ар гэрт төлөх төлбөргүй. Миний бие энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш одоогийн байдлаар нийт 440 хоног хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд маш их зүйлийг ойлгож, ухаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн бага ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч, зохих журмын дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Б.М нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөлийг шүүх хэрэглээгүй. Анхан шатны шүүхийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлттэй маргахгүй бөгөөд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байгаагаа илэрхийлж, хохирогчийн ар гэрээс уучлал хүсдэг. Энэ нөхцөл байдлыг шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харж болно. Харин шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад түүнд энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй. Зам тээврийн ослын гэмт хэргийн гол шинж нь санамсар, болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд миний үйлчлүүлэгчийн тухайд амь хохирогчтой найз нөхдийн холбоотой, хамтдаа согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. Миний үйлчлүүлэгч уг байдлаа маш сайн ойлгон ухамсарласан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байхад шүүхээс 6 жилээр хорих ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг богино хугацаанд нийгмээс тусгаарлах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хуульчилсан. Түүнчлэн мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар миний үйлчлүүлэгчид ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу 4 жилээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу 1 жилээс багагүй хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн боломж байхад шүүх үүнийг яагаад миний үйлчлүүлэгчид хэрэглэж болохгүй байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар тогтоосон байхад анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял оногдуулсан нь хорих ялын хэмжээг хэтэрхий урт хугацаагаар тогтоосон, хуулийн дээрх зүйл, заалтыг баримтлаагүй нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа болон гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүхээс ял оногдуулахдаа анхаараагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хоёрдох заалтын Б.Мд холбогдох хэсэгт, түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялын хэмжээг багасган өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Наранцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.М нь үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, гэм буруугаа хүлээж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Энэ гэмт хэргийн улмаас 4 жил мөрдөгдөн, 1 жил 2 сар цагдан хоригдож, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг хэрэглэлгүйгээр, болгоомжгүй гэмт хэрэгт ял шийтгэлийг хөнгөрүүлсэнгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх заалтад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, мөн бага насны 2-4 насны 2 хүүхэдтэй, амьдралд дөнгөж хөл тавьж буй цаашдын амьдралыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд яллагдагч З.Жын холбогдсон хэргийг цагаатгах саналтай оролцсон. Хэргийн нөхцөл байдлын хүрээнд хавтаст хэрэгт улсын яллагчийн зүгээс Б.Нын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр буруутгаж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Гэрч Б.Н нь хэрэгт удаа дараа мэдүүлэг өгдөг боловч болсон хэргийг талаар үнэн зөв мэдүүлэг огт өгдөггүй, хэрэгт ашиг сонирхол хамаарал бүхий этгээд юм. Б.Н нь “Тухайн үед бид 3 Хархорин сум руу явж байхад талийгаач Х.Б “бие засмаар байна, би буумаар байна” гэж хэлсэн тэгэхэд Б.М “удахгүй сумын төв орлоо, төв орж байгаад бие зас” гэж хэлээд зогсохгүй яваад байсан, талийгаач тэгэхэд Х.Б “зогсооч” гээд Б.Мийн хажуугаас жолооны хүрдийг нь бариад машиныг дайвалзуулаад, би хойноос нь “зогс, зогс” гэж хэлээд Б.М машинаа зогсоосон, ингэхэд Б.М машинаасаа бууж ирээд талийгаач Х.Б дээр очсон тэр үед талийгаач Х.Б машинаас буугаад тэр 2 машины хажууд барьцалдаж авсан, би ч жолооны эсрэг тал руу буугаад тэр 2-ын дундуур ороод “боль боль” гэж хэлээд салгасан. Тэгээд бид 3 машины хойд талд гараад “та 2 хэрэлдэж маргахгүй шүү, бие засчхаад явъя” гэж хэлсэн. Тэр үед тэр хоёр хоорондоо маргалдах, зодолдох шинжгүй байхаар нь би цаашаа далан руу буугаад бие зассан. Бие засах үед Б.Мийн машин хаазлах чимээ гарахаар нь эргээд харахад Б.Мийн машин хөдлөөд явсан. ...Тэгэхэд талийгаач Х.Б зам дээр зогсон нааш цааш гуйвж байснаа урагшаа 4 хөллөж унаад, улмаар дээшээ харсан...” гэсэн удаа дараагийн мэдүүлэг байх бөгөөд уг мэдүүлгээс амь хохирогч Б.М хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа байсан болох мөн амь хохирогч Б.Мийг машинтайгаа хөдлөхөд газар унаад дээшээ харж хэвтсэн болох нь тогтоогдлоо гэж үзвэл хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн З.Ж, Ө.А, Ч.И, Г.Б, Б.Ч нарын мэдүүлгийг юу гэж үзэх вэ. Хэрэг болсон зам дээр 2 суганаас нь өргөөд талийгаачийг чирээд явж байсан талаар харсан гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр дан ганц Б.Нын мэдүүлгийг үнэлж З.Жыг буруутгаж болохгүй. Шүүх эмнэлгийн 2018 оны 641 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Цээж, хэвлийн хөндийг нээхэд дотор эрхтнүүдийн байрлал зөв, цээж, хэвлийн хөндийд илүүдэл агууламжгүй. ...Цээжний хэнхэрцэг, нугалам, нугас, дээд мөч, зүүн хөлийн яс бүтэн гэмтэлгүй. Баруун 10, 11 дүгээр хавирганы түвшинд суганы дунд шугамаар хавирганы гадна зөөлөн эдэд 12x7 см цус хуралттай, уг цус хуралтын доод талаас 12 дугаар хавирганаас эхлээд бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны доод хэсэг хүртэл гадна болон ар талаар 47x41 см уутлагдсан том шархтай, шархны хөндийд их хэмжээний нөжирсөн болон шингэн цус, няцарсан зөөлөн эд өөхөн дусал бүхий агууламжтай. Аарцагт умдгийн хоёр талын дээд, доод салаа эрвээхий хэлбэрийн хугаралтай, зөрсөн, дээд салааны хугарлууд хэлтэрхий үүсгэсэн, баруун сүүжний дэлбэнд ууц сүүжний 2,5 см зайнаас эхлэн үелэмжээс хөндлөн аарцгийн цагираг бүрэн тасарсан хугаралтай, уг хугарлаар гадагш зөрөхгүй хугарлын ирмэгүүд хоорондоо тээглэнэ, дотогш аарцгийн хөндий рүү бүрэн салж зөрнө, зүүн сүүж ууцны үелэмжээр салж ангайсан хугаралттай өсгийнөөс дээш 69 см зайд дунд чөмгөний дунд 1/3 хэсгийн ар гадаргууд 4 см өргөн суурьтай гурвалжин хэлбэрийн хэлтэрхий үүсгэсэн хугаралтай, зөрөөтэй. ...Дүгнэлт хэсэгт: “Талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмгөний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлээс баруун дунд чөмгөний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралдалт баруун гуя өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ. Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ. Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсэж болно...” гэсэн бөгөөд З.Ж амь хохирогчийг газар хэвтэж байхад нь дарсан гэж анхан шатны шүүх дүгнэж үзэж байгаач уг дүгнэлтийг үгүйсгэх дараах нөхцөл байдлууд хэрэгт нотлох баримтаар авагдсан хэдий ч а\ гэрч Н амь хохирогч дээшээ хараад хэвтэхэд нь - улсын бүртгэлийн дугаартай авто машин дайрсан гэж мэдүүлдэг. Гэтэл шинжээч дүгнэлтдээ амь хохирогч доошоо харсан байхад уг гэмтлийг үүсгэх боломжтой гэж шүүхийн дүгнээд байгаа нотлох баримтууд хоорондоо зөрчилдсөн, б\ ялтан З.Жын унаж явсан Ү-62 дугаартай - улсын бүртгэлийн дугаартай машины бодит жин 2720 тн жинтэй /4 хх 121/. Уг машинаар амь хохирогчийг 60-70 км цагийн хурдтай яваа машин дайрсан тохиолдолд яг юу болох вэ гэдэг хэнд ч ойлгомжтой. Амь хохирогчид бүтэн эрхтэн нэг ч үгүй байх байсан. Гэвч дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчийн дотор эрхтнүүд ямар нэгэн няцрал бэртэл байхгүй. Харин баруун талд л гэмтэлтэй зүүн талын хөл бүтэн байгаа нь амь хохирогчийг З.Ж дайрсан болох нь хангалттай үгүйсэгддэг. в\ Хавтаст хэргийн 82-83 дугаар талд техникийн шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд “...4. Дугуй хээний гүн нь баруун урд дугуй 9.21 мм, зүүн урд дугуй 10.26 мм, баруун хойд дугуй 9.3 мм, зүүн хойд дугуй 10.26 мм байгаа нь стандартын шаардлага хангаж байна...” гэжээ. Эндээс үзэхэд 04-44 дугаартай автомашины дугуйн хээний гүний хэмжээ харагдаж байгаа бөгөөд амь хохирогчийн дайрсан тохиолдолд уутлагдсан шарх биш гадна хувцас болон бие эрхтэнд маш их хэмжээний хохирол учруулахаар байна. Улсын яллагчийн зүгээс 2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан 1534 дугаартай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1540 дугаартай шинжээчийн дүгнэлтээр буруутгаж байгаа бөгөөд уг нотлох баримтыг гэм буруутайд тооцох гол нотлох баримт болгосон.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...- улсын бүртгэлийн дугаартай автомашинд үзлэг хийхэд баруун талын урд дугуйны гадна хэсэгт юманд хавирч, үрэгдсэн байж болох ул мөр дугуйн резинэн хэсэгт байсан тул уг дугуйг жолоочоор нь тайлуулан авч нарийвчлан үзлэгийг нь хийхээр тогтов...” гэсэн ба уг дугуйг хураан авсан болох нь нотлогдож байна. Хавтаст хэргийн 111 дүгээр талд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1624 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд уг шинжилгээгээр - улсын бүртгэлийн дугаартай машины зүүн урд дугуйнд биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилсэн бөгөөд шинжилгээнд ирүүлсэн уг дугуйнд цус илрээгүй болох талаар дүгнэсэн байна. Энэ талаар ч ялтан З.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “...анх миний машины дугуйг аваад бодис дусааж үзэхэд миний дугуй зүгээр байсан ямар нэгэн зүйл гараагүй харин миний дугуйнд Б.Мийн хамааралтай хүмүүс биологийн шинжилгээг сольсон гэж үзэж байна...” гэж мэдүүлдэг нь ч үндэслэлтэй байхаар байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Мөн уг хэргийг Хархорин сум дахь Цагдаагийн газраас З.Жт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болохоос биш Б.Мийг холбогдуулж шалгахыг хүсээгүй энэ нь ч тодорхой үйл баримтаар нотлогдоно. Нэгдүгээр хавтаст хэргийн 6 дугаар талд “...92-52 УНЦ улсын бүртгэлийн дугаартай автомашины хойд гупер хэсэг нь цуурч хагарсан, скочоор тогтоосон нь хуучирсан байдалтай, баруун талын кабины урд хаалганы шилэн дээр цус мэт зүйлийн улаан өнгийн толбо тогтсон байсныг тэмдэглэлд тусгаж авав. /Хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан зураг 28, 29/...”, хавтаст хэргийн 70-73 дугаар тал 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр - улсын бүртгэлийн дугаартай автомашинд үзлэг хийсэн бөгөөд “...кузовын зүүн доод хэсэг буюу зүүн лонжромны зүүн хажуу хэсгээс биологийн гаралтай эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хөвөн бамбайд шингээж хураан авав. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан фото зураг 8, 9, 10 дугаартай фото зураг”-аар нотлогдсоор байхад уг тодорхой эд мөрийн баримт нь шүүхийн шинжилгээний дүгнэлтэд тэнцэхгүй, харин З.Жын автомашины зүүн дугуй дээрх цус нь талийгаачийн цус гэж гарч ирсэн нь хэргийн бодит байдлыг өөрчлөхийн тулд зориуд зохион байгуулалттай хийгдсэн гэж үздэг. Хархорин сум дахь Цагдаагийн газрын мөрдөгч нар 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр З.Жын автомашины зүүн урд дугуйг хураан авсан бөгөөд хураан авсан тогтоол үйлдээгүй, тухайн ажиллагаагаа хүчинтэйд тооцуулах прокурорын тогтоол үйлдээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ.”, 6-д “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн. Иймд хэргийг прокурорт буцааж амь хохирогчийн 04-44 улсын бүртгэлийн дугаартай автомашиныг барьж явсан З.Ж дайрсан эсэх, 2680 тн жинтэй автомашин 70-80 км цагийн хурдтай яваа машинд дайрагдсан тохиолдолд амь хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлээс илүү хүнд бяцрал няцрал үүсэхээр байсан.
Хавтаст хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан. Иймд З.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, Б.М нарын өмгөөлөгч Ц.Амар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тус хэрэг нь урьд Улсын дээд шүүхээс хэлэлцэгдэж, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 163 дугаар тогтоолд “...Хавтаст хэргийн материалыг хянаж үзэхэд шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох буюу амь хохирогчийг үхэлд хүргэх үйлдлийг санаатай хийсэн эсэх нөхцөл байдалд дүгнэлт өгөх...” гэж дүгнэж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Хүнийг алах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, зөвхөн шүүгдэгч, хохирогч нар хэрэг гарахын өмнө маргалдаж байсан гэсэн гэрчийн мэдүүлгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй...” гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг нотолно.” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтой урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Яллагдагч Б.М талийгаач Х.Быг өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээрээ санаатайгаар мөргөсөн үү, эсхүл Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж болгоомжгүйгээр учруулсан уу гэдэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дүгнэлт өгвөл, хэрэг учрал болсон цаг хугацаанд талийгаач Х.Б, яллагдагч Б.М, гэрч Б.Н нар бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба талийгаачийн хувьд Б.Н, Б.М нараас илүү согтолттой байсан шинжээчийн дүгнэлт, драгер багажаар согтолтын зэрэг шалгасан байдал зэргээр тогтоогддог. Тухайн цаг хугацаанд талийгаач Х.Б, Б.М нар нь хоорондоо хувийн таарамжгүй харьцаатай, хэрэлдэж зодолдсон болох нь гэрч Б.Нын удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Тэр ч утгаараа Х.Б, Б.М нарыг сумын төв рүү хүргэж өгөхөөр Б.Н хамт явсан байдаг. Хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч Б.М, талийгаач Х.Б нар хэрүүл маргаантай байсан нь шүүгдэгч Б.Мд гэмт хэрэг үйлдэх сэдэлтийг төрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.М нь талийгаач Х.Быг мөргөхгүй байж чадна гэж бодсон боловч мөргөсөн, эсхүл талийгаачийг мөргөх боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүйгээр түүнийг мөргөсөн гэх ямар ч нотлох баримт авагдаагүй байна. Шүүгдэгч Б.М “хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэх боловч хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, “болсон асуудлыг бүрэн санаж байна” гэх боловч хохирогчийг хэрхэн мөргөснөө мэддэггүй болохыг шүүх анхаарч үзээгүй болно. Эсрэгээрээ яллагдагч Б.М нь өөрийн санаатай үйлдлээр урдаа байсан талийгаач Х.Быг - улсын бүртгэлийн дугаартай “-” загварын тээврийн хэрэгслээрээ мөргөсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж үзнэ үү. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие эрүүгийн 1927 00071 0226 дугаартай хэргийн хууль ёсны хохирогч байна. Миний нөхөр 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэмтлийн хүнд шокоор нас барсан. Талийгаачийн амь хохирсон байдлыг нийслэл хотоос бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг ирсний үр дүнд хэргийг үйлдсэн алуурчдыг тодорхой болгосон. Б.М мөргөж, дараа З.Ж дайрснаар гэмтлийн хүнд шокоор нас барсныг хууль хяналтын байгууллага тогтоосон. Гэтэл Б.М талийгаачийн ар гэр, настай аав, ээжээс нь нэг ч удаа хүний ёсоор уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлээгүй. Бид бүхэн маш гомдолтой байна. Хүний алтан амь хохирсон хайран залуу нас, хүний амьдралыг сүйрүүлчихээд бага жил, ялыг хөнгөрүүлэхийг хүсэх нь хууль болон ёс зүйд шударга гэж үү. Мөн Б.М анхан шатны шүүх хуралд 3 удаа, давж заалдах шатны шүүх хуралд 2 удаа, хяналтын шатны шүүх хуралд удаа дараа зөрүүтэй худал мэдүүлэг өгч, хэргээ хүлээхгүй олон жил биднийг хохироосоор байна. Талийгаачийн хууль ёсны эхнэр би 3 жил 8 сарын хугацаанд зөвхөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, хуульд заасан тохирсон ялыг эдлүүлэхийг зорьсон боловч олон жилийн хугацаанд эрүүл мэнд, бие, сэтгэл, санхүү, цаг хугацаагаар хохирч байна. Иймд сэтгэл зүйн хямралыг засах зардлыг Б.М, З.Ж нараас иргэний журмаар нэхэмжлэх болно. Б.М нь өөрийн санаатай үйлдлээр урдаа байсан талийгаач Х.Быг - улсын бүртгэлийн дугаартай “-” маркийн тээврийн хэрэгслээрээ мөргөсөн болох нь хавтаст хэргийн нотлох баримтаар тогтоогдсон. Машинаар талийгаачийн амь насыг хохироосон. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү. З.Ж нь миний нөхрийн бие эрхтэн дээр машинаар дайрчхаад хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа нь үнэхээр ёс зүйгүй, талийгаачийн ар гэрийнхнийг доромжилж байна. Хүний алтан амь хохирчихсон байхад яагаад Б.М, З.Ж нарын хэргээ хүлээхгүй байсны үрээр талийгаачийн ар гэр олон жил шаналж, зовох ёстой юм бэ. Шударга, ёс зүйтэйгээр шийдэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Згийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт нотлогдвол зохих байдлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй. Энэ талаар Улсын Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалуудад тодорхой тусгагдсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Хяналтын шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаахдаа маш тодорхой үндэслэлүүдийг зааж буцаасан. Хяналтын шатны шүүхийн тогтоол болон анхан шатны шүүхийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй. Хэргийн бодит байдлыг тогтооход хамгийн их саад учруулсан хүн бол гэрч Б.Н байдаг. Анхны мэдүүлгээсээ эхлээд шүүхийн хэлэлцүүлэг хүртэл мэдүүлэг өгөхдөө маш их зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Б.Нын аль мэдүүлэг нь үнэн, худал болохыг тогтоож, санаатай худал мэдүүлэг өгч байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэсэн байдаг. Гэтэл гэрч Б.Ноос мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаа мэдүүлэг авсан. Хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг нь хамгийн эхэнд өгсөн мэдүүлгээсээ ноцтой зөрдөг. Энэ хүний мэдүүлэгт яагаад ач холбогдол өгөөд байна гэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч болон амь хохирогч нарын хоорондын хувийн таарамжгүй харьцаа, зодолдож, маргалдсан эсэх, “бие засаж байхад нь гэнэт машин огцом хаазлах чимээ гарахад хүн ёолох чимээ гарсан” гэх мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дэргэдээс нь харж байсан хүний мэдүүлэг өөр, өөр байдаг. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ зам тээврийн ослоос бол хүний амь насыг хохироосон гээд зүйлчилсэн. Гэрч Б.Нын удаа дараа өгсөн худал мэдүүлгүүдийг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхэд хүнийг санаатай алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байдаг. Энэ нь нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь шууд санаатай байх ёстой гэх байдлаар мэтгэлцдэг. Гэхдээ шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдэж болохыг хууль тогтоогчоос заасан. Хоорондын таарамжгүй харьцаанаас болоод тээврийн хэрэгслээ хөдөлгөж дайрсан үйлдэл нь санаатай. Тэр хэрэгжүүлсэн үйлдлээрээ амь насыг нь хохироосон, хор уршигт хүргэсэн байхыг шууд бус санаа гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан. Шүүгдэгч амь хохирогчийг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн шууд бус санаагаар хүний амь насыг хохироосон гэх байр суурь дээр хатуу зогсож байна. Өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч З.Ж дайрсан бол няцралт тогтоогдох ёстой. Шүүгдэгчид оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүх хүндрүүлэх хуулийн заалт байхгүй. Гэхдээ хор уршиг арилсан уу, үгүй юу, хөнгөрүүлэх нөхцөл байна уу, үгүй юу гэдгийг анхаарах шаардлагатай. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт анхнаасаа шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгчөөр ажилласан. Шүүгдэгч Б.М болон өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал дан ганц шүүгдэгч Д.Мийн буруутай үйлдлээс болоогүй байдаг. Шүүгдэгч З.Ж гэх хүний буруутай үйлдэл байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, мөн удаа дараагийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч нарын тайлбарууд дээр “шүүгдэгч Д.Мийн зүгээс талийгаачийн биед үүсгэсэн гэмтэл нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна, эдгэрэх боломжтой” гэдэг дүгнэлт, тайлбаруудыг шинжээч нар өгдөг. Шүүгдэгч З.Жын буруутай үйлдлээс болж нэмэгдэл гэмтэл аваад үүнээс болж амь нас нь хохирсон байдлууд тогтоогддог. Миний хувьд шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг 3 жил болгож хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв
Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ял оногдуулсан. Мөн шүүгдэгч З.Жыг гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч З.Ж, Б.М нарт оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж шийдвэрлэсэн. Хүнийг алах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй. Шүүгдэгч, хохирогч нар хэрэг гарахын өмнө маргалдаж байсан гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэж хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хоёр тусдаа хүчин зүйлээс болж үүссэн гэх шинжээч эмч Ганцэнгэлийн дүгнэлт хавтас хэрэгт авагдсан. Мөн шүүгдэгч Б.М, З.Ж нар авто машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогчийн амь нас хохирсон гэж шинжээч эмч Ганцэнгэл тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 10 минутын үед Ө- гэх газар “-” загварын - улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Быг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Б.Нын “...Бид гурав цуг машинаас буугаад би замын хажуу руу очиж бие зассан. Тэр үед нөгөө хоёр машины ард зогсож байсан. Би бие засаад эргэж харах үед Б.М машинаа хаазлаад хөдөлж таарч байсан. ...Машинаа хөдөлгөөд явснаас нь хойш унасан. Б.М машинаа хөдөлгөөд 20-30 метр зайтай явж байх үед талийгаач “ёо ёо” гээд дөрвөн хөллөчихсөн байсан. Тэр үед замын эсрэг урсгалаар нэг машин гараад ирсэн. Тэр машин их хурдтай явж харагдахаар нь би татаж босгох гэж очоод мөрнөөс нь татах үед нөгөө машин талийгаачийн бөгсөн бие хэсэг дээгүүр гараад явсан. Тэр машинд дайруулснаас хойш 1 цаг орчим хугацаанд талийгаач амьсгаатай байсан. Яагаад хөдөлсөн талаар асуухад “та хоёрыг суусан юм байх гэж бодоод хөдөлсөн, тэгээд харсан чинь байхгүй байсан” гэж ярьж байсан. ...Миний мэдэж байгаагаар талийгаачийг зам дээр унасан байхад явж өнгөрсөн машины эхний машин нь 04-44 дугаартай хар өнгийн машин байсан. ...Бид нар хойноос урагш явж байсан бөгөөд би замын баруун гар талд гарч бие зассан. Харин талийгаач зам дээр байж байгаад ойчсон тэр үед Б.М хөдөлсөн. Тэгээд бие засаад эргэж хартал ... Хархорин сумаас хойш чиглэлтэй автомашин гарч ирсэн. ...Очоод татах гэтэл машин гэнэтхэн талийгаачийн дээгүүр гарчихсан. ...М машинтайгаа хөдлөөд явсан. ...Талийгаач машины хүчинд машин явсан тал руу эргээд доошоо харсан. ...М автомашиныг зогсоох үйлдэл хийхдээ бага зэрэг зам руу захалж, араас ирж байсан автомашин урсгал сөрөхгүйгээр зөрөөд өнгөрөх зай үлдээн чөлөөлж зогссон. Гэхдээ замыг бүрэн чөлөөлөөгүй. ...” /1хх-109-110, 119-120, 125-126, 2хх-46-52, 241-242/,
гэрч Г.Бын “...Хүн харагдлаа гээд дарсан байх, сайн мэдэхгүй байна. Тэр хүн нь замын нөгөө урсгалд байсан. ...Тэр хүний нэг хөл нь замын дундах цагаан зураасыг дөнгөж давсан байдалтай байсан. ...Тэгээд “манай хоёр маргалдаад нэгийгээ машинаас унагачихсан, тэгээд би чирээд явж байтал танай машин манай хүний хөл дээгүүр гарчихлаа. ...” гэж байсан. Тэр хүмүүсээс ... архи үнэртэж байсан. ...” /1хх 112/,
гэрч Г.Уын “...Хархорин ... руу явах зам дээр ... цагаан өнгийн жижгэвтэр жийп маягийн загвартай машин байсан. Тэр машиныг өнгөрөөд явах үед зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгээд цааш явтал зам дээр хар өнгийн жийп ангиллын машин бас зогсож байсан. Газар хэвтэж байсан хүнээс 60-80 метр орчим зайтай газар тэр хар өнгийн машин зогсож байсан. ...” /1хх 151-153/,
гэрч Ө.А “...Дээлтэй залуу нь “та хөл нь дээгүүр гарчихлаа” гэж хэлсэн. Яасан бэ гэж асуухад “манай хоёр согтуу маргалдаж муудалцаад энэ хүнийг машинаас унагаачихлаа” гэж хэлсэн. ...” /1хх 103/,
гэрч Б.Ч “... “Юу болов оо, хүн чирчихсэн явж байна” гэж Ж, А нарыг хэлэх үед би сэрсэн. “Хүн чирчихсэн явж байна” гэхэд Ж машинаа их эвгүй дараад өнгөрсөн. Машин дайвалзаад бараг замын хажуу руу орчих дөхөөд машинаа зогсоосон. Монгол дээлтэй хүрэмтэй залуу “Жэд та хөл дээгүүр нь гарчихлаа” гэсэн. ...” /1хх 105/,
гэрч Ч.И “...Дээлтэй хүн “бид хоорондоо маргаад манай хүн машинаас уначихсан, харин та нар хөл дээгүүр нь гараад явчихлаа” гэж байсан. ...” /1хх, 118/,
гэрч Д.Мын “...2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00:25 минутад сувилагч Д.О яаралтай дуудлага ирлээ гэж дуудсан. ...Дуудлага өгөхдөө “машинд хүн дайруулсан байна” гэж Д.О хэлсэн. Тэгээд тухайн хэргийн газар нь очиход бид нарын очиж байгаа байрлалаар яривал баруун гар талд 2 автобус, 1 цагдаагийн жижиг машин, бас цагаан өнгөтэй дунд оврын жийп гэж хэлмээр машинууд замын хажууд замаасаа гараагүй зогсож байсан. Тухайн машинууд миний хэлсэн дарааллаар Хархорин талаасаа Архангай руу чиглэсэн байдалтай зогсож байсан. Тухайн зогсож байсан машинуудын урд талд засмал замын голд тухайн осолд орсон гэх хүн газар хэвтэж байсан. Тэр хүнд очиж үзлэг хийхэд толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай байсан ба биеийн ерөнхий байдлыг харахад царай хөхөрсөн, дээшээ харсан байдалтай үзлэг хийхэд хүүхэн хараа 2 талдаа жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, зовхи нь нээлттэй, гүрээт судас, цавины судас, том судаснууд тэмтрэгдэхгүй, захад пульс байхгүй /судасны цохилт байхгүй/, зүрхний цохилт байхгүй, амьсгал байхгүй, бүх бие хөрсөн байсан. Тэнд нэг цагдаа байсан. Тэр цагдаад тухайн үзлэг хийсэн талаараа хэлээд нас барсан байна шүү гэдгийг нь хэлж өгсөн. ...” /1хх 128-129/,
гэрч Ц.Цийн “...Эмч автомашин дотор орж ирэхдээ хүн нь нас барсан гэж хэлж байсан. Мөнхзаяа эмч бид хоёр хэргийн газраас Хархорин сумын төв рүү 01 цаг 35 минутад хөдөлж нэгдсэн эмнэлэг дээр 01 цаг 50 минутад ирсэн. ...” /1хх 133-134/,
гэрч Г.Эын “...Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын харьяат У гэх хүний хамт Уын худалдаж авсан 06-49 УБП улсын бүртгэлийн дугаартай машинаар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум руу гарсан. ...Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өнгөрөөд явж байхад зам дээр осол гарсан байсан. Цагаан өнгийн машин замын голын зураасны зүүн талд жишүү дүү байрлалтай их гэрэл нь асаатай зогсож байхаар нь би хажуугаар нь гараад чигээрээ явтал замын голын цагаан зураасны зүүн талд зам дээр нэг хүн хэвтэж харагдсан. Тэгээд цааш явж байтал замын баруун гар талд замаа шахаад зогссон хар өнгийн жийп ангиллын машин зогсож байсан. ...” /1хх 146-150/,
шинжээч Ч.Эын “...Амь хохирогч Х.Бд учирсан гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. ...Мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас шоконд орж нас барсан. ...Хохирогч босоо байрлалд байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. ...Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. ...” /2хх 73-75/,
шинжээч Э.Эын “...”С” маркийн автомашины гуперийн зүүн урд хэсгээр амь хохирогчийг мөргөх үед гуперийн зүүн хэсэг хүчний үйлчлэлээр дотогшоо шахагдана энэ үйлчлэлийн улмаас машины гуперийн баруун урд хэсэг урагшаа /гадагш/ тэмүүлэлтэйгээр хөшигдөнө. Энэ хөшилтийн улмаас гуперийн баруун хэсэг гадагшаа салж, гупер автомашины бэхэлгээнээс мултардаг. ...Автомашины баруун урд гуперт үүссэн гэмтлийг шинэ хуучин гэдгийг тогтоох боломжгүй байна. Гэхдээ хавтас хэргийн материалтай танилцаж байхад 1-р хавтасны 70-р хуудсанд - улсын бүртгэлийн дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлийн уг хуудасны ард “...урд бамбайн баруун талд үзүүр хэсэг хүртэл 1.5 см хэмжээтэй ангайж салсан гэмтэлтэй” гэж дурдсан байна. Энэ үзлэгийг хийхэд жолооч Б.М нь байлцсан байсан бөгөөд үзлэг хийх үед автомашинд үүссэн гэмтлүүдийг хэзээ ямар цаг хугацаанд үүссэн гэдгээ тэмдэглүүлэх, өөрөөр бичиж тэмдэглэх боломжтой байсан. Физикийн хуулиар зогсож байсан автомашин богино зайд огцом хурд авч тухайн тээврийн хэрэгслээс бага жин, масс бүхий хөдөлгөөнгүй биетийг мөргөх үед автомашины мөргөсөн хэсгийн эд анги хагарч бутрахгүй байх боломжтой. Учир нь, хөдөлгөөнгүй биетийн мөргөгдсөн хэсэг нь уян хатан, зөөлөн /гадуур хувцас, хүний биеийн мах, өөх зэрэг/ эд нь автомашинд үүсэж болох эвдрэл гэмтлийн хүчийг өөртөө шингээж тэр хүч нь өөрт нь хатуу биет болох ясанд гэмтэл учруулсан байх үндэслэлтэй. Энэ гэмтлийг үүсэх үе шатын талаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд мөргөлтийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тайлбарлаж байсантай тохирох юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай онолоор автомашины хурд 20 км цагийн хурдтай явж байхад хүн мөргөж хүний биед гэмтэл учруулахад хүн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах магадлал 20% хувь байдаг. Энэ хурд нь ихэссэнээр 80% км цагийн хурдтай явж байх үедээ явган зорчигчийг мөргөх үед амь насаа алдах эрсдэл 80%-иас дээш болдог. Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд хороолол дотор автомашин 20 км/цагийн хурднаас дээш хурд хэтрүүлэхийг хориглодог юм. Тэгэхээр “С” маркийн /уралдааны зориулалттай/ хөдөлгүүрийн багтаамж, хурд авалт нь бусад энгийн суудлын автомашинтай харьцуулахад илүү техникийн үзүүлэлттэй үйлдвэрлэгдсэн байдаг тул 20 км цагийн хурдыг 2-3 секундэд авах боломжтой юм. Хамгийн багадаа 20 км/цагаас дээш хурдтайгаар яваа тээврийн хэрэгсэл хүний биед хүнд гэмтэл учруулах боломжтой юм. ...” /3хх 245-248/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1542 дугаартай “...”Б.М 38 эр” гэсэн хаягтай цусанд 1.6 промили спиртийн зүйл илрэв. ...Согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” /2хх 212/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 641 дугаартай “...Талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмгийн бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тармал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал. ...Баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт Х.Б нь автомашинд мөргөгдөж, дайрагдсанаас үүссэн олон тооны хүнд гэмтлийн шокоор нас барсан. Талийгаачийн хэвлийн хэсэг дэх зулгаралт нь автомашины дугуйгаар үүсгэгдсэн байна. Талийгаач нь эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна. ...” /2хх 63-65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 343 дугаартай “...Талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмгийн бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлээс баруун дунд чөмгийн бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт баруун гуя өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал, хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ. Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ. Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсэж болно. ...” /2хх 72/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1540 дугаартай “...- машины зүүн талын дугуйнаас авсан арчдас гэж хаягласан марлиас эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь амь хохирогч Х.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /2хх 195-196/,
Техникийн хяналт үзлэгийн инженерийн 3 дугаартай “...- улсын бүртгэлийн дугаартай “С” маркийн автомашины ... урд гүперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 70 см, баруун урд булангийн товойсон хэсэг нь газраас 69 см, хойд гүперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 67 см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 66 см байна. ...” /2хх 89-90/,
Техникийн хяналт үзлэгийн инженерийн 216 дугаартай “...- улсын бүртгэлийн дугаартай “С” маркийн машины жолооч Бы М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг тус тус зөрчиж амь хохирогчийг ...мөргөсөн байх үндэслэлтэй байна.
- улсын бүртгэлийн дугаартай “-” маркийн машины жолооч Зын Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /2хх 89-90/,
Техникийн хяналт үзлэгийн инженерийн 5 дугаартай “...- - маркийн тээврийн хэрэгслийн урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 82 см, баруун урд булангийн товойсон хэсэг нь газраас 82 см, хойд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 84 см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 84.5 см байна. ...” /4хх 190-199/,
Техникийн шинжээчийн 216/1 дугаартай “...- улсын бүртгэлийн дугаартай “Субару Форестор” маркийн машины жолооч Бы М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн байна. ...Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж амь хохирогчийг зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй байна.
- улсын бүртгэлийн дугаартай “-” маркийн машины жолооч Зын Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч болох амь хохирогч Х.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /4хх 214-216/ гэсэн дүгнэлтүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-8, 26-30, 4хх 205-207/, ослын газрын схэм зураг /1хх 9, 31, 4хх 208/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-24, 32-42, 4хх 209-210/, “-” загварын - улсын бүртгэлийн дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 76-81/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 82-87/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 43-60/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 62-63/, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /2хх 1-3/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болох ба “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд хор уршигтай шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар Б.М нь Х.Быг санаатай алсан болохыг шууд нотлон тогтоогоогүйн дээр гэрч Б.Н “шүүгдэгч, хохирогч нар хэрэг гарахын өмнө маргалдаж байсан” гэж мэдүүлсэн байх боловч дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй, мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр Х.Бын үхлийн шалтгааныг тогтоосон буюу Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна тус хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлт болдог.
Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг.
Өөрөөр хэлбэл, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэйгээс гадна тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст шийдлийг гаргах үүрэгтэй. Аливаа хэргийн оролцогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг тул шүүх хэргийн бусад нотлох баримтыг бүхэлд нь хамруулж үнэлэхгүйгээр зөвхөн нэг талын гаргасан баримт, эсхүл гаргалгаанд эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох, таамаглалд үндэслэх нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн, төвийг сахих байр суурийг алдах ноцтой үр дагаврыг бий болгодог.
Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын суурь болдог.
Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан яллах, цагаатгах байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Б.М нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн ба зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтыг судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.М нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “...согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын төрөл, хэмжээний дотор байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Хэдийгээр шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар Х.Быг дайрч амь насыг нь хохироосон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Мд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, Б.М нарын өмгөөлөгч Ц.Амарын “зүйлчлэлийг хүндрүүлэх” талаар болон шүүгдэгч Б.Мийн “хорих ялыг багасгах”, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Б.Наранцэцэг нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх” талаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж гэм буруугүйд тооцох зарчмыг заасан.
Прокуророос З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд болсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, З.Жыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.Быг мөргөж, амь нас нь хохирсон гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Гэмт хэрэгт холбогдсон аливаа этгээдийн гэм бурууг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг бодитой хууль зүйн дүгнэлт хийх, хуулийн шаардлагатай.
Нотлох баримтыг судалж үзэхэд, шүүгдэгч Б.М нь осол гаргасныхаа дараа дахин зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд гадаа харанхуй, замын тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад замыг бүрэн чөлөөлөхгүйгээр өөрийн тээврийн хэрэгслийг зогсоож, их гэрлээ холын тусгал дээр нь шилжүүлэн эсрэг урсгалаас ирэх тээврийн хэрэгсэлд саад учруулсны улмаас “-” загварын, - улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч З.Ж нь замын зорчих хэсэгт хэвтэж байсан амь хохирогчийн дайрсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 641, 343 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч Ч.Эын “...Хохирогч босоо байрлалд байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. ...Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. ...” /2хх 73-75/, гэрч Б.Нын “...Бид нар хойноос урагш явж байсан бөгөөд би замын баруун гар талд гарч бие зассан. Харин талийгаач зам дээр байж байгаад ойчсон тэр үед М хөдөлсөн. ...М машинтайгаа хөдлөөд явсан. ...Талийгаач машины хүчинд машин явсан тал руу эргээд доошоо харсан. ...М автомашиныг зогсоох үйлдэл хийхдээ бага зэрэг зам руу захалж, араас ирж байсан автомашин урсгал сөрөхгүйгээр зөрөөд өнгөрөх зай үлдээн чөлөөлж зогссон. Гэхдээ замыг бүрэн чөлөөлөөгүй. ...” /1хх-109-110, 119-120, 125-126, 2хх-46-52, 241-242/, гэрч Г.Эын “...Цагаан өнгийн машин замын голын зураасны зүүн талд жишүү дүү байрлалтай, их гэрэл нь асаатай зогсож байхаар нь би хажуугаар нь гараад чигээрээ явтал замын голын цагаан зураасны зүүн талд зам дээр нэг хүн хэвтэж харагдсан. Тэгээд цааш явж байтал замын баруун гар талд замаа шахаад зогссон хар өнгийн жийп ангиллын машин зогсож байсан. ...” /1хх 146-150/, гэрч Г.Бын “...Хүн харагдлаа гээд дарсан байх, сайн мэдэхгүй байна. Тэр хүн нь замын нөгөө урсгалд байсан. ...Тэр хүний нэг хөл нь замын дундах цагаан зураасыг дөнгөж давсан байдалтай байсан. ...” /1хх 112/, гэрч Г.Уын “...Хархорин ... руу явах зам дээр ... цагаан өнгийн жижгэвтэр жийп маягийн загвартай машин байсан. Тэр машиныг өнгөрөөд явах үед зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгээд цааш явтал зам дээр хар өнгийн жийп ангиллын машин бас зогсож байсан. Газар хэвтэж байсан хүнээс 60-80 метр орчим зайтай газар тэр хар өнгийн машин зогсож байсан. ...” /1хх 151-153/, гэрч Б.Ч “...Ж машинаа их эвгүй дараад өнгөрсөн. Машин дайвалзаад бараг замын хажуу руу орчих дөхөөд машинаа зогсоосон. ...” /1хх 105/ гэсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М зам тээврийн осол гаргасан даруй болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан эс үйлдэхүйгээр жолооч З.Жыг зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичгийн баримтуудаар шүүгдэгч З.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын зорчих хэсэгт байсан амь хохирогчийг дайрсан нөхцөл байдал байх боловч түүний үйлдэлд хэргийн нөхцөл байдлын улмаас учирч болох хохирол, хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан прокуророос З.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, ял дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруугүйгээр Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Мд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, Б.М нарын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Гэрэл-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын З.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/684 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч З.Жт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, Б.М нарын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Гэрэл-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, цагаатгагдсан этгээд З.Жт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ