Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 163

 

   Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжа

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

    Шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Н-гийн М-д холбогдох эрүүгийн 1735001410093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЗ60051212, Ш овгийн Н-гийн М.

    Холбогдсон хэргийн талаар:

                Шүүгдэгч Н.М нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Үхэр хэвтүүлдэг” гэх газраас хохирогч Д.Э-ын эзэмшлийн 384.517 төгрөгийн үнэ бүхий 33 ширхэг шинэс модыг 50-54 УВХ улсын дугаартай “Пронтер” загварын автомашин ашиглаж хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Н.М-ийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:  

                 Шүүгдэгч Н.М нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Үхэр хэвтүүлдэг” гэх газраас хохирогч Д.Э-ын эзэмшлийн 384517 төгрөгийн үнэлгээ бүхий 33 ширхэг шинэс модыг 50-54 УВХ улсын дугаартай “Пронтер” загварын автомашин ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би өвөлжөөнийхөө хашааг засаж янзлахаар 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сумын ойн ангиас  хэрэгцээний модны гоожин авч, хадам дүү Б-ийн хамт “Хэцийн ар” гэх газраас модоо бэлтгэж, гэх залуугийн “Маяти” маркийн автомашинаар тээвэрлэж өвөлжөөн дээрээ буулгасан юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны үеэр би адуугаа хайж яваад өвөлжөөн дээрээ очиход бид нарын бэлтгэж буулгасан модноос 33 ширхэг модыг хулгай авсан байсан. Би нийт 5-6 метрийн урттай, 63 ширхэг мод бэлтгэж өвөлжөөн дээрээ буулгасан байсан юм. Би анх өвөлжөөн дээрээ ирээд мод дутаж байхаар нь гэрийнхэндээ мэдэгдсэн, тэгээд манай өвөлжөөнөөс машины мөр гарсан байхаар нь уг мөрийг дагаж явсаар Наранбулаг сумын нутаг “Сэжүүр” гэх газарт байх М-ийн өвөлжөөн дээр очсон юм. Тэгээд би М-ийн гэрт нь ороод хаанаас мод ачиж ирснийг нь асуухад М “Би 09-р сард мод авсан юм” гэхээр нь “Хамт гарч модыг тань үзье” гэж хэлээд хамт гарч хашааг нь тойрч модыг нь үзэхэд хашааны ард уг модыг элсэнд булчихсан байсан. Тэгээд би “Энэ миний хулгайд алдсан мод мөн байна” гэхэд М “Би танай өвөлжөөн дээр эзэнгүй мод байхаар нь хашаагаа янзалж авъя гэж бодоод ачаад авчихсан юм. Д-гийн машинаар ачиж ирсэн,  одоо модыг чинь хүргэж өгье” гэж хэлсэн. Би М болон түүний хүү Т нарыг танихгүй, харин Д-г зүс танина. Би Д-гаас яагаад миний модыг ачиж өгснийг асуухад “М надад хүнээс мод авахаар болсон, тэгээд тус болоод ачаад өгөөч” гэхээр нь би машинаараа үйлчилсэн. Хулгайн мод гэдгийг мэдээгүй” гэж хэлсэн. Д манай өвөлжөөг мэдэхгүй байх. Өмнө нь манай өвөлжөөн дээр ирж байгаагүй бөгөөд тэднийх Наранбулаг сумаас баруун талд өвөлждөг юм. Д болон М нарын гэр Наранбулаг сумын “Хусийн эхэн” гэх газарт байсан гэж хэлсэн ба уг газар нь манай өвөлжөөнөөс 40 орчим км зайтай байдаг. Н.М нь хулгайлж авсан модоо тоо ёсоор нь буцааж өгсөн. Мөн М надад хохирол гэж 150.000 төгрөг өгсөн. Би уг 33 ширхэг модоо буцааж аваад өвөлжөөнийхөө хашааг засаж сэлбэсэн юм. Би модоо тоо ёсоор нь хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-18х/,

              гэрч Д.Ц-ын “Манай дүү Э өвөлжөөнийхөө хашааг янзлахаар аавын нэр дээр сумын ойн ангиас хэрэгцээний модны гоожин авсан тул бид нар мод бэлтгэж авах хугацаандаа буюу 2017 оны 09 дүгээр сард мод бэлтгэж, Э-ын өвөлжөөний хашаан дээр буулгасан байсан юм. Бид нийт 63 ширхэг, 5-6 метрийн урттай мод бэлтгэсэн. 2017 оны 10 дугаар сарын 16-17-ны үед байх хашаа барих гээд өвөлжөөн дээр ирэхэд уг моднуудаас 33 ширхэг модыг нь хулгай авсан байсан. Дүү Э-ын өвөлжөөнд байсан модыг Наранбулаг сумын хүмүүс хулгайлж авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

               гэрч Ч.Б-ийн “Увс аймгийн Малчин сумын 1-р багийн иргэн Ж.Д нь 2017 оны 09 дүгээр сард өөрийнхөө болон хүү Э-ынхаа өвөлжөөг засаж янзлах зорилгоор хэрэгцээний мод авах өргөдөл өгсний дагуу сумын ойн ангиас 2017 оны 09 дүгээр сарын 18-20-ны хооронд “Хэцийн нар” гэх газраас 6 м/куб хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон юм. Тэгээд Э найз нөхдийн хамт эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж өөрийнхөө өвөлжөөн дээр буулгасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

              гэрч М.Т-ийн “Би 2017 оын 10-р сарын 15-ны өдөр отрын гэр дээрээ хонио хариулаад явж байгаад иртэл аав М гэртээ ирчихсэн байсан. Аав бид хоёр чанасан цайнаас уугаад малын бэлчээрийн талаар юм ярьж байгаад 17 цаг өнгөрч байсан байх, аав унаж явсан морио тавьчихаад манай ойрхон байдаг “Д-гийнд очоод ирнэ” гэж хэлээд явсан. Би гэртээ ганцаараа хоолоо хийгээд байж байтал аав М, Д ах хоёр Д ахын машинтай манай гадна ирсэн. Тэгээд аав орж ирээд надад “Хувцсаа өмсчих,  Д маргааш хонинд явна гэнэ, мод ачилцаад өвөлжөө рүү буулгаад өг” гэхээр нь би ямар учиртай мод болохыг нь асуухад аав “Хүнээс мод авч байгаа юм” гэж хэлсэн бөгөөд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би аавыг морь малаа хайж яваад хүнээс мод авахаар болсон байх гэж бодоод өөр зүйл асуугаагүй, замдаа машинд явж байхдаа тухайн модны талаар ямар нэгэн зүйл яриагүй. Д ах ааваас “Тухайн газар хэд орчим км юм бэ” гэж асуухад аав хариуд нь “Эндээс 30 орчим км яваад очно” гэж хэлж байсан. Би машинд явж байхдаа унтчихсан байсан. Тэгээд бид 3 явсаар орой 00:00 цагийн үед тухайн мод ачих өвөлжөөн дээр очоод хураалттай модноос машинд ачиж болох 33 ширхэг мод ачаад буцаж манай өвөлжөө байдаг “Сэжүүр” гэх газар луу явсан бөгөөд би замдаа гэртээ бууж үлдээд аав Д ах хоёр модоо буулгахаар явсан. Би гэртээ буугаад малаа эргэж тойрчихоод унтаж амраад өглөө малаа бэлчээрлүүлж байхад Д ахын машин гэрийнхээ гадна зогсож байхаар нь модоо буулгаад шөнө ирсэн юм байх гэж бодсон. Маргааш нь Д ахтай уулзаж амжаагүй. Аав Д ахын гэрт очиж ирээд “Хүнээс мод авахаар боллоо. Яваад ачилцаад өг” гэхээр нь би хамт явсан. Аав намар “Өвөлжөөныхөө хашааг янзалж авна” гэж хэлж байсан тул хүнээс мод авахаар болсон байх гэж бодсон. Тухайн мод ачсан өвөлжөөг хэний өвөлжөө болохыг би мэдэхгүй. Аавын таньдаг хүний өвөлжөө байх гэж бодсон.. Бид гурвыг уг өвөлжөөн дээр очиход хураалттай 60 гаруй мод байсан байх, түүнээс бид нар 33 ширхэг мод тоолж ачсан юм. Хагас мод нь тухайн өвөлжөөн дээр үлдсэн. Би Д болон түүний хүү Э нарыг зүс танина, уулзаж байгаагүй бөгөөд манай гэрүүд зун, намарт ойрхон намарждаг, тэгэхэд нэгнээ харж байсан юм. Тухайн үед отрын гэр дээр би ганцаараа байсан бөгөөд малаа болон гэрээ эзгүй орхиж явсан болохоор модыг ачилцаж өгөөд буцах замдаа отрын гэр дээрээ бууж үлдсэн юм. Д ах, аав хоёр модыг очиж буулгахаар явсан. Би тухайн модыг хулгайн мод болохыг Д ахаас мэдсэн. 2, 3 хоногийн дараа Д ах хонины бэлчээрт таараад “Тэр өдөр ачсан мод хулгайн мод байсан байна. Бид хоёрыг цагдаа дуудаж байна, орж ир гэж байна” гэхээр нь бид 2 маргааш нь мотоциклоор сумын төв орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 33-34/,

             гэрч С.Д-гийн “Манайх Наранбулаг сумын 4-р багийн нутаг “Хулстын эхэн” гэх газар гэрээрээ байсан юм. Манай ойролцоо Наранбулаг сумын М гэх хүний отрын гэр байсан ба отрын гэрт М-ийн хүү Т ганцаараа малаа эргүүлээд байж байдаг байсан. М-ийн отрын гэр манайхаас 2 км зайд байдаг юм. М, түүний хүү Т бид нар нэг нэгнийгээ таньдаг, нэг нутгийн хүмүүс юм. 2017 оны 10 дугаар сарын 15-ны үед байх орой 20 цагийн үед би гэртээ ганцаараа байтал М явган алхаж ирсэн. Тэр надад “Ах нь хэдэн мод ачиж өөрийнхөө өвөлжөөн дээр буулгах гэсэн юм. Чи тус болоод машинаараа маргааш ачаад өгөөч. Би бензин тосны мөнгийг нь өгье” гэж хэлэхээр нь нутгийн хүмүүс тул тус болох үүднээс “Би маргааш завгүй, хонио хариулна. Одоо яваад ачиж  буулгуулаад авахгүй юу ” гэж хэлсэн. Тэгээд М, Т бид гурав шөнийн 00:00 цагийн үед мод ачсан байх. Шөнө ачих болсон шалтгаан нь Т бид хоёр отрын гэртээ ганцаараа байдаг, өдрийн цагаар болон өглөө хонь хариулах хүнгүй байсан тул орой хонио хотонд оруулсны дараа явж ачих боломжтой байсан юм .Миний “Пронтер” маркийн автомашинаар явж мод ачсан юм. Би М-ийг “Мод ачаад өг гэж” хэлэхэд нь хаанаас авч байгаа, ямар учиртай мод болохыг асуусан. Гэтэл Мөө надад “Би хүнээс хашааны мод авахаар болсон. “Буурлын үзүүр” гэдэг газраас ачаад манай өвөлжөө рүү буулгаад өг” гэхээр би ямар нэгэн зүйл бодолгүй тус болох үүднээс ачаад өгчихсөн юм. М бид хоёр бие биенээ мэддэг болоод олон жил болж байгаа бөгөөд айл гэр болох цагаасаа саахалт явж ирсэн хүмүүс тул бие биедээ тустай явдаг юм. Ямар нэгэн ажил гарсан үед М дандаа надад ханддаг, би ч ажил төрлөө зохицуулж Мөнийн ажлыг нь амжуулж өгдөг юм. Бид бие биендээ итгэдэг болохоор нэгнийхээ ажилд дандаа тустай, дэмтэй явдаг хүмүүс байгаа юм. Тэгтэл 2 хоногийн дараа байх, сумын цагдаа дуудаад  надаас “Та хулгайн мод ачсан байна. Хаанаас ямар мод ачиж ирсэн юм” гэхээр би 2 хоногийн өмнө ачиж ирсэн модныхоо талаар хэлэхэд тухайн модыг М хулгайлан авч надаар ачуулсныг мэдсэн юм. Тэгээд маргааш нь байх, Малчин сумын хэсгийн төлөөлөгч ирээд тухайн модыг ачиж ирж буулгасан газар очиж үзлэг хийгээд явсан. Тэгтэл тухайн модны эзэн болох хүмүүс орой ирээд “Та нар хулгайлж авсан модоо ачиж ирж буулгаж өг. Цас орохоос өмнө бид нар хашаагаа янзалж авмаар байна” гэхээр нь М бид хоёр миний машинаар модыг ачиж буцааж анх ачсан өвөлжөөн дээрээ хүргэж өгсөн юм. Тухайн мод очиж ачсан өвөлжөө манай гэрээс 40 км зайтай байсан байх. Би тухайн өвөлжөөн дээр урьд өмнө нь очиж байгаагүй, хэний өвөлжөө болохыг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 27-28/,  

               гэрч П.Б-ийн “Би 2017 оны 09 дүгээр сарын 19-ний үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна, гэртээ байж байтал манай сумын Э гэдэг залуу ирээд “ би хэрэгцээний модны гоожин авсан юм, өвөлжөөнийхөө хашааг засаж сэлбэх гэсэн юм. Чи хамт яваад мод бэлдэлцээд өгөөч” гэхээр нь би тус болъё гэж бодоод тухайн өдрөө Э бид хоёр 2 мотоцикльтой дружба хөрөө аваад Малчин сумын 1-р багийн нутаг “Хэцийн ар” гэх газар очиж мод бэлтгэсэн юм. Бид хоёр нийт 63 ширхэг, 5-6 метрийн урттай мод бэлдсэн. Би мод бэлдэлцсэн боловч тухайн модыг ачиж, буулгалцаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,  

               гэрч Ж.Д-гийн “Би 2017 оны 09 дүгээр сард өвөлжөөнийхөө хашааг засаж сэлбэх зорилгоор хэрэгцээний мод авахаар сумын Засаг даргад өргөдөл гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 18-аас 20-ны өдрийн хооронд хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. Манай өвөлжөө Малчин сумын 2-р багийн нутаг “Үхэр хэвтүүлдэг” гэх газарт байдаг юм. Би тухайн өвөлжөөн дээрээ өөрийн хүү Э-ын гэрийн хамт өвөлждөг бөгөөд 7-8 жил өвөлжиж байна. Мод бэлтгэж авах зөвшөөрлийн дагуу миний хүү Э найзынхаа хамт мод бэлтгэж буулгасан юм. Манайх сумын төвд байсан тул 2017 оны 09 дүгээр сард хөөцөлдөж байгаад хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэгээд хүү Э уг эрхийн бичгээр мод бэлтгэсэн. Эынх болон манайх хоёр нэг хашаатай болохоор Эаар хашаа, өвөлжөөгөө янзлуулах гэж байсан юм. М бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгсөн. Одоо бидэнд М-өөс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. М бид хоёр нэг нэгнээ таньдаг юм. Би М-тэй сүүлийн 5 жил уулзаагүй бөгөөд М надаас мод авах талаар хэлж, ярьж байгаагүй. Мөн надтай утсаар ярьсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,  

               “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017.10.23-ны өдөр гаргасан 334 тоот Мод үнэлсэн тухай тайлан /хх-ийн 36-37/,  

               “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017.11.13-ны өдөр гаргасан 346 тоот Автомашин  үнэлсэн тухай тайлан /хх-ийн 42-43/, 

                Шүүгдэгч  Н.М-ийн “Би Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багийн иргэн бөгөөд манайх Наранбулаг сумын 4-р багийн нутаг “Сэжүүр” гэх газар байдаг юм. Би өөрийн 250 гаруй бог мал маллаж амьдардаг. 2017 оны 10 дугаар сард нэг морио хайж яваад Малчин сумын 1-р багийн нутагт Д-гийн Э гэдэг айлын өвөлжөөнд очиход тэднийх өвөлжөөндөө буугаагүй, өвөлжөөн дээрээ хашаа барихаар мод бэлтгэж буулгасан байсан. Тухайн үед өвөлжөө нь эзгүй байсан болохоор би модыг тойрч үзэхэд жаран хэдэн ширхэг мод байсан. Тэгээд би эзнийг нь таньдаг байсан болохоор эзэнд нь хэлж байгаад хэдэн ширхэг мод авч хашаагаа янзалъя, айл ирж буухаар нь очиж уулзъя гэж бодоод явсан. Түүнээс хойш хэдэн хоног ирж буухыг нь хүлээхэд бараг 10-аад хоноход айл ирж буугаагүй. Тэгэхээр нь “Модыг ачиж авчихаад дараа нь эзэнтэй нь тохиролцьё” гэж бодсон. Тэгээд хүү Т-ийн отрын мал маллаж байсан “Хулст” гэх газарт очоод ойрхон Д гэдэг машинтай таньдаг хүний гэрт очиж уулзсан. Би Д-тай уулзаад “Маргааш хэдэн мод ачаад өвөлжөө рүү дөхүүлээд өгөөч” гэхэд “Би маргааш мал хариулах ажилтай. Та өнөөдөр ачуулаад авбал ав” гэхээр нь тэр оройгоо хүү Т, Д бид 3-уулаа машинаар явж тухайн айлын модноос эзэнд нь мэдэгдэхгүйгээр 33 ширхэг мод ачиж өөрийн өвөлжөөн дээрээ буулгасан юм. Би өөрийн хүү Т болон Д нарт хулгайн мод болохыг хэлээгүй. Учир нь “Мод хулгайлж ачина” гэж хэлбэл Д машинаараа явж өгөхгүй байх гэж бодоод тэр хоёрт “Хүнээс мод авахаар тохиролцсон. Эзэнтэй нь яриад тохирсон” гэж худлаа хэлсэн ба тэр 2 өөр ямар нэгэн зүйл асууж тодруулаагүй, би ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Би Д-д машинаараа мод ачиж өгсөн гэж 20 литр бензин хийж өгсөн бөгөөд хүү Т-д ямар нэгэн зүйл өгөөгүй. Би тухайн модоор өөрийн малынхаа хашаагаа засаж сэлбэх гэж байсан ба тухайн моднуудыг зарж борлуулсан болон хүнтэй хувааж авсан ямар нэгэн зүйл байхгүй. Хүү Т хамт мод ачилцчихаад замдаа отрын гэр дээр үлдсэн. Д бид хоёр цааш явж модыг манай өвөлжөөн дээр буулгасан.. Би тухайн модны эзэнтэй мод авах талаар ярьж тохирсон ямар нэгэн зүйл байгаагүй. Э-ын аав Д гэдэг хүнийг таньдаг тул модыг нь ачаад авчихсан бөгөөд эзэнтэй нь дараа тохиролцож болох байх гэж бодсон юм. Д бид хоёр мод ачиж ирж буулгахад манайх болон Д-гийн гэр, мал нь эзэнгүй байсан. Тухайн үед шөнийн 01, 02 цаг болж байсан байх , Д гэрлүүгээ явчихсан. Би ачиж ирсэн модоо заримыг нь хурааж, заримыг нь элсээр дараад хаячихсан юм. Ямар нэгэн зорилго байгаагүй. Би хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Би тухайн өвөлжөөнөөс ачиж авсан 33 ширхэг модыг тоо ёсоор нь хүлээлгэн өгч, хохирол арилгахаар Эт 150.000 төгрөг өгсөн. Мөн модыг нь ачиж хүргээд Э-ыг өвөлжөөнийхөө хашааг янзалхад 2 өдөр хамт ажиллаж, тусалж өгсөн юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                  

                 Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Н.М нь хохирогч Д.Э-ын өвөлжөөнөөс 33 ширхэг шинэс модыг  хулгайлж авсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

                 Хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Н.М С.Д-гийн 50-54 УВХ улсын дугаартай “Пронтер” загварын авто машиныг ашиглаж хохирогч Д.Э-ын өвөлжөөнөөс мод хулгайлсан байх тул шүүгдэгч Н.М-ийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

                Иймд шүүгдэгч Н.М-ийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                Хохирогч Д.Э-ын хулгайд алдсан 33 ширхэг шинэс мод 384.517 /гурван зуун наян дөрвөн мянга таван зуун арван долоо/ төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт авагдсан  2017-10-23-ны өдрийн 335 дугаартай, модны  үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 036-р хуудас/-ээр нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийн улмаас 384.517 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв. Шүүгдэгч Н.М нь хулгайлсан 33 ширхэг шинэс модыг хохирогч Д.Э-т буцааж хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч нь учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн, шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх хохиролгүй гэж үзлээ.                

                2. Шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:  

                Шүүгдэгч Н.М нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч Н.М нь Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багт мал маллан амьдардаг, 1960 онд төрсөн, 57 настай болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, оршин суугаа хаягийн тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч Н.М нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж дүгнэв.  

                 Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.  

                 Шүүгдэгч Н.М нь Д.Э-ын өвөлжөөнөөс 33 ширхэг шинэс модыг хулгайлахдаа С.Д-гийн өмчлөлийн 50-54 УВХ улсын дугаартай “Киа Пронтер” загварын автомашинаар тээвэрлэсэн нь тогтоогдсон бөгөөд С.Д, М.Т нар  тухайн үедээ мод хулгайлж байгааг мэдээгүй, шүүгдэгч Н.М нь С.Д, М.Т нарт “мод худалдаж авахаар хүнтэй ярьж тохирсон” гэж итгүүлэн тэднийг дагуулж явсан болох нь гэрч, шүүгдэгч нарыг мэдүүлгээр нотлогдсон байна.  

                Н.М-ийн мод хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-54 УВХ улсын дугаартай, “Киа Пронтер” маркийн бага оврын ачааны автомашин нь С.Д-гийн өмчлөлийнх болох нь хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан №01288456 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн С.Д нь хулгайлах гэмт хэрэгт оролцсон нь нотлогдоогүй тул уг автомашиныг хураах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

                Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                1. Шүүгдэгч Ш овгийн Н-гийн М-ийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д 1 жил хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан  шүүгдэгч Н.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

           4. Шүүгдэгч Н.М энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

                5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                                   ДАРГАЛАГЧ,

                                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН