Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0409/З |
Дугаар | 128/ШШ2024/0465 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* /РД:*******/,
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд холбогдох Ёс зүйн хариуцлага ногдуулсан тушаал болон Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Монгол Улсын иргэн ******* нь тус шүүхэд хандан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаал, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2023 оны 01 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 07 дугаар сараас Дархан-Уул аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтнээр ажилласан.
2.2. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.*******аас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт “....******* нь манай эмнэлгийн өвчний түүхэд хяналт хийх явцдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2.зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 7.1.4.албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх; 7.1.7.албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх; 7.1.8.байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх; Төрийн албаны тухай хуулийн 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах зэрэг заалтыг удаа дараа зөрчин Төрийн албан хаагчийн ёс зүйд үл нийцэх үг үйлдлийг давтан гаргаж байна...” гэх гомдол гаргажээ.[1]
2.3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн зөвлөлийн дарга 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******гаас тайлбар авсан байна.[2]
2.4. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга ээс *******гийн харьцаа хандлага, ажил байдлын талаар гэсэн утга бүхий удирдлага болон хамт олонтойгоо таагүй харилцаатай, хамтарч ажиллахад хүндрэлтэй гэх тайлбарыг Ёс зүйн зөвлөлийн гишүүн *******д 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан.[3]
2.5. Мөн хэлтсийн албан хаагч , нараас *******гийн зан харилцааны асуудалтай, уур бухимдалтай зэрэг тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргажээ.[4]
2.6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргасан гомдлыг хэлэлцэж, “...*******г ажлын хамт олон, эрүүл мэндийн байгууллага, ажлын хамт олон бусад иргэдтэй ёс зүйн доголдолтой харьцдаг юм байна...” гэж дүгнээд сануулах нь зүйтэй талаар тэмдэглэжээ.
2.7. Тус хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргасан гомдолд дурдсан “...чанарын хяналт хийхдээ шалгуур үзүүлэлт буруу хэрэглэсэн...” гэх асуудалд дүгнэлт гаргахгүй гэж, өргөдөл, сонсох ажиллагааны тайлбар, хамт олны үнэлгээ, хэлтсийн даргын тодорхойлолтыг үндэслэн *******г Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэжээ.[5]
2.8. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.С******* 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг мэдэгдэхэд “нэмэлт шалгалт хийлгэх, тайлбар гаргах хүсэлтэй, тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг өгчээ.
2.9. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар *******д нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ.[6]
2.10. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар *******д албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.[7]
2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “...Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д энэ ёс зүйн асуудлаар гаргасан гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх журмыг хуульчилсан байна. Энэ дээр гомдолтой холбогдуулж, холбогдох тайлбар тодруулга, тэрийг нь нотлох баримтуудыг, шаардлагатай бол шинжээчийн дүгнэлт хүртэл гаргуулах замаар гаргасан зөрчлийг нотолж тогтооно гэж хуульчилсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны дүгнэлт дээр тусгаснаар үндэслэл болгоод хавтаст хэрэгт өгчихсөн байгаа Ёс зүйн хороонд ирүүлсэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн албан бичиг, түүнтэй холбоотой хавсаргаж ирсэн гомдол 1 хуудас, гарын үсэггүй шивсэн иймэрхүү гомдлуудыг үндэслээд хэн нэгэн этгээдээс гаргасан гомдолтой нь холбогдуулж тайлбар аваагүй, тэр гаргасан гомдол дээр дурдагдаад байгаа асуудлууд нь үнэн эсэхийг холбогдох баримтаар нотлоогүй Тэгэхээр дээр дурдсан заалтуудын яг алийг нь зөрчөөд, нэхэмжлэгч *******гийн хэдэн сарын хэдний өдөр хэн гэж хүмүүстэй яаж, ямар ёс зүйгүй үйлдэл гаргаад, зөрчсөн үйлдлийг нь нотолж тогтоогоод Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн заалтуудын яг алийг нь зөрчсөн гэдгийг нотолж тогтоолгүйгээр Ёс зүйн хорооны дүгнэлтийг гаргаад, түүнийг үндэслэж ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Дээр дурдсан үйл баримтуудыг тогтоогоогүй болох нь тодорхой байна...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.12. Хариуцагчийн зүгээс “...Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоход бидний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тал дээр миний хувьд зарим нэг зүйл дээр санал нийлж байна. Ёс зүйн дэд хороо хуралдаад дүгнэлт гаргаад, дүгнэлтийг үндэслээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга сахилгын шийтгэл ноогдуулах тушаалыг гаргасан байна. Тушаал Б/11 дугаар тушаал дээр Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хуулиуд, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг үндэслэл болгож тушаалыг гаргасан байсан. Эхний тушаал гаргасны дараа бид яагаад тушаалыг хүчингүй болгосон гэхээр энэ хүний үндсэн ажлын байрны тодорхойлолт болон үндсэн хийсэн нэхэмжлэл дээр нь бид сахилгын шийтгэл оногдуулаагүй, ёс зүйн талаас нь гаргасан юм чинь 2 хуулиа зэрэг хэрэглэсэн нь алдаа байсан тийм учраас зөвхөн Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслээд Төрийн албан хаагчийн ёс зүйн хуульд үндэслэж шийдвэр гаргасан нь зүйтэй гэдэг үндэслэлээр бид эхний тушаалыг хүчингүй болгоод 2 дахь тушаалыг гаргасан байдаг...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эрүүл мэндийн салбарт 20 дахь жилдээ эмчийн мэргэжлээр ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ороод энэ 07 дугаар сард 3 дахь жилдээ ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт миний хийдэг үндсэн ажлын чиг үүрэг нь эрүүл мэндийн байгууллагаас ирдэг нэхэмжлэлийг хянаж, шаардлага шалгуур хангасан эсэхийг шалгаж, санхүүжилт олгох эсэхийг тодорхойлдог хяналтын ажил хийдэг эмч хүн байна. Өнөөдрийн энэ маргааны асуудалд 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаа хамаарна гэж бодож байна. Энэ хугацаанд ч бай өмнө нь эрүүл мэндийн байгууллагад 17 жил ажиллаж байхдаа би ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Эмнэлгийн систем, эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтэн гэдэг ёс зүйд өртөхөд хамгийн ойрхон мэргэжил, ийм ажил байдаг. Тийм учраас бид сургуульд байхаас эхлэн ёс зүйгээр хүмүүжиж боловсорсон. Өнгөрсөн хугацаанд би ёс зүйн зөрчилтэй огт холбогдож байгаагүй, харьцаа хандлагын алдаа гаргаж байгаагүй. Би ажилласан цаг хугацаандаа шатлан дэвшиж явсаар байгаад сүүлдээ Эрүүл мэндийн газрын Чанар, төлбөр хяналтын мэргэжилтэн болсон. Мөн Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн салбарын Ёс зүйн салбар хорооны даргын ажлыг ковид-19 цар тахалт өвчний үед 2 жил ажиллаж байгаад Эрүүл мэндийн даатгалын газарт ажилд орсон. 2023 оны 11 дүгээр сард би ээлжийн амралттай байсан. 12 дугаар сард ажилдаа ороход Ёс зүйн дэд хорооны дарга дарга надтай утсаар холбогдож тан дээр гомдол ирсэн, сонсох ажиллагааны тэмдэглэл явууллаа, та буцаагаад тайлбараа өгөөрэй гэж хэлсэн, би танилцсан. Гомдолтой танилцахад 2 асуудлыг тавьсан байсан. 1 дүгээрт нь өвчний түүхэнд хяналт хийх явцдаа төрийн албан хаагчийн ёс зүйд үл нийцэх үг, үйлдлийг давтан гаргасан, 2 дугаар асуудал миний үндсэн хийдэг ажлын чиг үүрэгтэй хамааралтай буюу цэвэр хяналттай холбоотой асуудал байсан. Тухайн үед 1 дүгээр асуудалд хүн өөрийгөө мэднэ, чадна гэхээс илүү аливаа зүйлийг сурч, судалж явах ёстой гэхдээ би төрийн албан хаагчийн ёс зүйд хэлж ярих үг, үйлдэл гэж юу вэ гэдгийг бол би өөрийгөө нэлээн сайн баримталдаг гэж үздэг. Энийг уншаад надад ийм үг, үйлдэл гаргасан, тэр тусмаа олон дахин давтан гаргасан гээд ийм тохиолдол надад хэзээ ч байгаагүй учраас 1 дүгээр асуудалд хариулах ямар ч боломж байхгүй байсан. Харин 2 дугаар асуудал яг цэвэр миний ажлын хяналтын чиг үүрэгтэй холбоотой, хийсэн ажил, хийгээд өнгөрсөн хяналтаас тайлбар авахыг хүссэн байсан учраас би ямар ч эргэлзээгүйгээр бүх юмыг нь баримтаар гаргаад тайлбар өгсөн. Энэ тайлбарыг хийлгэхдээ надад тэр байгууллага, хэн гэдэг хүнээс ирсэн гэдгийг тухайлсан зүйл хэлээгүй боловч Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн сургалт дээр яригдсан асуудал байсан учраас нэгдсэн эмнэлгийн асуудал байна, мэс заслын эмч гэдэг эмчийн асуудлууд гэдгийг би таниад тухай бүрд нь хариултыг өгөөд хасалт хийсэн гээд байгаа материалуудыг бүгдийг нь хавсаргаад өгсөн. Эндээс ажлын чиг үүрэгтэй холбоотой тухайн баримтуудаас намайг буруутгах зүйл гарахгүй, хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн. Өөрөөр хэлбэл шалгуур нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолд заасан шалгуурыг асуумжийн дагуу хийгддэг. Шалгуурын асуумжийн дагуу хийгдээд шалгуур нь цахимаар тооцооллоо хийдэг, тэнцээгүй байх юм бол санхүүжилт нь олгогддоггүй. Гэтэл энд эмч нь 30 минутаас дээш хугацаанд мэс заслыг хийсэн байх ёстой гэж байдаг. Энийг би анагаахад байхаас эхлээд заасан, эмчлэгч эмчийн эмчилгээ хийж байгаа үйлдэлд хэн ч оролцдоггүй юм. Би бүхэл бүтэн байгууллагын мэргэжлийн эмч нарт 30 минутаас дээш доош хийх ёстой гэж хэлсэн ийм ёс зүй үг, үйлдэл миний толгойд бол байхгүй, би хэзээ ч ингэж хэлээгүй, дээрээс нь 2 хонуулж эмнэлгээс гаргах гэсэн байсан. 12 дугаар тогтоолын шалгуурт байхгүй асуумжаар хасалт хийсэн гэж хэлэх гээд байх шиг байна. Энийг хяналтаар хасах, илрүүлэх боломж нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын А/139 дугаар тушаалын 6 дугаар зүйлийн 6.7.26-д хэрвээ нэхэмжлэл танд түүвэрлэгдээгүй ч гэсэн таны хянаж байгаа эрүүл мэндийн байгууллага нь нэхэмжлэл дотор цахимаар хянагдах боломжгүй, танд түүвэрлэгдээгүй, гэхдээ илт таны нүдэн дээр алдаа зөрчил илрэх юм бол зөрчлийг нь бүртгээд илрүүлээд тухайн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлээд хасалтаа хийж болно гэж заасныг би баримталж ажилласан. Тэр 2 цагийн дотор мэс заслын түүхийг заавал нээх ёстой гэдэг асуултыг эмч асуухад тухайн сургалт дээр Эрүүл мэндийн байгууллагын ******* дарга өөрөө хариулсан. Манай мэргэжилтэн надтай хамт сургалт хийсэн. Энэ асуулт манай шалгуурт байдаггүй учраас хасалт хийгээгүй гэж мэргэжилтэн хариулахад ******* дарга хариулахдаа эмнэл зүйн удирдамж дээр байдаг эмч та ийм юм асуухаа болиоч гэж хэлж байсан. Энэ нь яг миний үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудал яригдсан. Энэ дээр миний ямар үг, үйлдэл гаргасан, яаж хөдөлгөөн хийж байсан, хүмүүстэй яаж харьцаж байсан, яаж сургалтаа хийж байсныг эмч, ******* дарга, надтай хамт ажилладаг мэргэжилтэн нараас гадна бусад эмч нар хараад сууж байсан. Гэтэл одоо хасахаа болилоо бүхий утга агуулгатай юм хэлсэн гэж бичсэн байна. Ер нь хүнийг нээлттэй хагалгаанд оруулчхаад 48 цагийн дотор эмнэлгээс гаргана гэдэг бол хангалтгүй тусламж үйлчилгээ. Би энэ асуудал дээр тухайн эрүүл мэндийн байгууллагад шаардлага тавьсан. Гэтэл тэд дурангийн мэс засал болно гэж хэлсэн. Тэгвэл би яг энэ хийж байгаа хяналт дотроос 48 цаг дотор эмнэлгээс гарсан бүх тохиолдлыг танай эмч нарт өгье гээд эксел программ дээр өгөөд бүх тохиолдол дээр бүх эмч нараас нь тайлбар авсан. Тэгээд тэд нар надад өөрсдөө дурангийн мэс засал болон нээлттэй хагалгаануудыг 04 дүгээр сард ялгаж өгөөд 19 орчим нь нээлттэй хагалгаагаар орсон гэж хэлсэн. Тэгэхээр амьдрал дээр өнгөрсөн бүх хугацаанд эрүүл мэндийн даатгалдаа мөнгө төлчхөөд, эмнэлэгт хэвтээд, бие эрхтнээ зүсүүлж, зүсэлттэй хагалгаа хийлгэчхээд 48 цаг болоод эмнэлгээс гарахад хүнд ямар ч сэтгэл ханамж байхгүй. Дээрээс нь хүн болгоны арын амьдрал янз бүр, бүрэн гүйцэж эдгэрсэн шархтай, шархгүй гэр хороололд амьдарч байж болно, гэртээ харихад нь халамжлах хань ижилгүй байж болно. Орчин нөхцөл нь муухай байж байгаад хүний шарх руу идээ бээр орж болно. Би тэр эрүүл мэндийн байгууллагад та нар нээлттэй хагалгаа хийсэн үедээ ядаж 72 цаг болго, Эрүүл мэндийн даатгалын сангаас та нарын тусламж үйлчилгээнд хангалттай мөнгө гарч байгаа гэж хэлсэн. Та нар зөвхөн нээлээ, хаалаа, оёлоо гэж дуусгаж болохгүй энд бас хүний сэтгэл ханамж гэж зүйл байх ёстой, 2 дугаарт нь энэ хүн эмнэлгээс гараад явахад гэртээ очоод хоёрдогчоор халдвар авахгүй, эрсдэл үүсэхгүй гэсэн баталгаанд үндэслэж та нар энэ хүмүүсийг гаргах ёстой юм шүү гэдгийг л би хэлсэн. Дээрээс нь би та нарын дурангийн мэс засалд хасалт хийгээгүй яагаад гэвэл та бүхэн өөрсдөө тайлбарла, энэ бол олон улсын эмнэл зүйн удирдамжаар болдог гэж тайлбарласан. Дурангийн мэс засал 2 хоног хүрээгүй юмыг хас гэсэн тушаал, шийдвэр эрх зүйн үндэс надад байхгүй учраас би хасалт хийгээгүй. Харин нээлттэй хагалгаа дээр 48 цагаас дээш байхыг та нар бодоорой гэж хэлснийг би одоо хасалт хийхээ болилоо гэж мушгин гуйвуулж ойлгосон юм шиг байна. Дээрээс нь хүн цагаа тулахаар муухай л юм гэж бодоод зогсож байна. эмчийн төрсөн ээж, аав 2 манай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт насаараа ажилласан Монгол Улсын гавьяат эмч цол тэмдэг хүртсэн сайхан хүмүүс байдаг. Энэ хүмүүс өөрсдөө хувийн эмнэлэгтэй, эмнэлэг нь манай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Нэг иргэн манай Эрүүл мэндийн даатгалын хэлтэс дээр орж ирээд энэ байгууллага намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд билүү би бас сайн санахгүй байна, ямар ч байсан нэмэлт төлбөр авсан гэдэг гомдол гаргасан юм. Тэр гомдлыг би хүлээж аваад шийдвэрлээд сүүлдээ нэмэлт төлбөр авсан учраас болохгүй гэж үзээд газар дээр нь хяналт шалгалт хийгээд Улсын байцаагчийн акт тавигдана гээд процесс ажиллагаа хийгдээд удирдамж боловсруулаад сууж байхад эмч манай Оюунбилиг мэргэжилтэн бид 2-ыг байхад манай өрөөнд орж ирсэн. Тэгээд эмчээ одоо та энийг нэг аятайхан шиг больчихож, болиулчхаж болдоггүй юм уу бид тэр хүнд нь 190,000 төгрөгийг нь өгье, ахиад өөр бусад хүнээс авсан эсэхийг шалгах хяналт шалгалтаа зогсоож болдоггүй юм уу гэж надад хэлэхэд нь би ажлаа хийж байна, гомдол хүлээж авсан бол гомдлын дагуу ажиллаж ёстой гэж хэлсэн. Гэтэл эмч өөр хүнээс мөнгө авсан нь хаана байна, нэгдсэн эмнэлэг дээр ч гэсэн нэмэлт төлбөр авдаг тохиолдол зөндөө байна, чиний илрүүлсэн чинь хаана байна гээд уурлаад гараад явсан. Би тэр хурал цуглаан дээр юу ч хэлээгүй байхад эмч жоохон хувийн өш хонзон агуулаад ерөнхий газар руу гомдол гаргасан байж магадгүй гэж бодож байна. Тэр өрөөнд эмчтэй ярихдаа хууль ёсны, өөрийнхөө ажлын байранд баримтлах чиг үүрэг, харьцах харьцаагаа баримталж ажилласан уу гэхээс би тэр эмч рүү орилоогүй. Ийм зүйл болсон байдаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооноос сонсох ажиллагаа, хурал хийхэд энэ тухай би хэлсэн. Тэгэхэд хорооны гишүүд эмчээс гомдол ирээгүй гэж хэлэхэд нь хүнийг бас хар буруу санаад муухай юм болчхов уу даа гээд хэлсэн. 1 дүгээр асуудал дээр бол би тайлбар хийж чадахгүй байна. Яагаад гэвэл хаанаас, хэнээс миний аль үг, үйлдлийг яриад хэлээд хуулийн зүйл, заалтыг дурдаад 2 удаа сахилгын шийтгэлийн арга хэмжээ ногдуулаад байгааг би ойлгохгүй байгаа учраас хүлээн зөвшөөрч чадахгүй байна” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн зүгээс тухайн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны Б/63 дугаар тушаал болон тушаал гарах үндэслэл болсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт энэ тушаалын үндэслэл болсон учраас эхлээд тайлбарлах нь зөв байх. Тэгэхээр Ёс зүйн хорооны дүгнэлтийг ямар журмаар яаж гаргах ёстойг судлаад үзэхэд 2024 оны 05 дугаар сард Ёс зүйн хорооны ажиллах журам батлагдсан байна. Тиймээс тухайн үед яг баримталж ажиллах ёстой дүрэм, журам байгаагүй болох нь харагдаж байна. Тэгэхээр 2019 оны Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан сахилгын шийтгэл оногдуулах журамд заасан нийтлэг журмыг баримталж ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д энэ ёс зүйн асуудлаар гаргасан гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх журмыг хуульчилсан байна. Энэ дээр гомдолтой холбогдуулж, холбогдох тайлбар тодруулга, тэрийг нь нотлох баримтуудыг, шаардлагатай бол шинжээчийн дүгнэлт хүртэл гаргуулах замаар гаргасан зөрчлийг нотолж тогтооно гэж хуульчилсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны дүгнэлт дээр тусгаснаар үндэслэл болгоод хавтаст хэрэгт өгчихсөн байгаа Ёс зүйн хороонд ирүүлсэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн албан бичиг, түүнтэй холбоотой хавсаргаж ирсэн гомдол 1 хуудас, гарын үсэггүй шивсэн иймэрхүү гомдлуудыг үндэслээд хэн нэгэн этгээдээс гаргасан гомдолтой нь холбогдуулж тайлбар аваагүй, тэр гаргасан гомдол дээр дурдагдаад байгаа асуудлууд нь үнэн эсэхийг холбогдох баримтаар нотлоогүй ийм байдлаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.8, 7.10 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.2.1 дэх заалт гээд олон заалтуудыг дурдаж, энэ заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Дүгнэлтийг тушаал дээр үндэслэж гаргахдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар хүлээсэн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ гээд 7 дугаар зүйл нь дотроо 7.1.10 хүртэл олон заалттай, дараа нь төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага гээд 8 дугаар зүйл нь 8.1.7 хүртэл олон заалттай. Мөн хориглох зүйл гээд 8.2 дугаар зүйл нь 8.2.8 хүртэл олон заалттай байна. Тэгэхээр дээр дурдсан заалтуудын яг алийг нь зөрчөөд, нэхэмжлэгч *******гийн хэдэн сарын хэдний өдөр хэн гэж хүмүүстэй яаж, ямар ёс зүйгүй үйлдэл гаргаад, зөрчсөн үйлдлийг нь нотолж тогтоогоод Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн заалтуудын яг алийг нь зөрчсөн гэдгийг нотолж тогтоолгүйгээр Ёс зүйн хорооны дүгнэлтийг гаргаад, түүнийг үндэслэж ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Дээр дурдсан үйл баримтуудыг тогтоогоогүй болох нь тодорхой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад яг ямар үйлдэл дээр нь буруутгаад байгаад нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт хийж байна. Тэрнээс биш яг ийм үйлдэл дээр нь ингэж хариуцлага тооцлоо гэдэг зүйл одоо болтол тодорхойгүй байна. Албаны чиг үүрэгтэй нь холбоотой хяналт шалгалт хийхдээ хасчихсан үйлдлийг нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хассан учраас ёс зүйгүй үйлдэл гэж харсан юм уу гэж харагдахаар байна. Энэтэй холбоотойгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоор урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ гэж заасан байна. Сая дурдсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож, нотолсон баримтаар баталгаажаад, ёс зүйн хариуцлага тооцсон нь тогтоогдохгүй байна. Дээр нь Төрийн албаны тухай хуулиар хэрвээ албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулиар ёс зүйн хариуцлага биш сахилгын хариуцлага авах ёстой байсан. Гэтэл төрийн албаны чиг үүргээ таалагдахгүй, буруу хэрэгжүүлсэн гэж огт хэлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, таалагдахгүй байдлаар хэрэгжүүлснийх нь төлөө ёс зүйн хариуцлага оногдуулсан гэж үзэхээр нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоход бидний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тал дээр миний хувьд зарим нэг зүйл дээр санал нийлж байна. Ямар процесс болсон бэ гэхээр манай Ёс зүйн зөвлөлийн дэд хороонд 2023 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгээс гомдол ирсэн. Ёс зүйн дэд хороо гомдолтой танилцаад бид мэргэжлийнх нь талаас дүгнэлт үйлдэхгүй юм байна. Тэр гомдол гаргасан эмнэлэг дээр ямар процесс болсон, ямар үйлдэл гаргасан, ямар журмаар хяналт хийсэн, нэхэмжлэлээ яаж хянасан мэргэжлийн талаас бид дүгнэлтийг гаргахгүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь гаргаж буй ёс зүйн талаас нь хуульд заасны дагуу дүгнэлтийг үйлдсэн. Тэр үед бид хуралдаж дүгнэлтийг гаргасан, өмгөөлөгчийн хэлснээр ажиллах журам гараагүй байсан. Бид хуулиа бариад хуульд дэд хороо ямар үүрэгтэй вэ гэдгээр дүгнэлтийг гаргаад холбогдох дээд шатны удирдлагадаа хүргүүлсэн байдаг. Дүгнэлт гаргахаас өмнө бид нэхэмжлэгч *******тай утсаар холбогдож, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж тайлбар авч, сонсох ажиллагаа хийчихсэн байсан учраас дүгнэлтээ бид тодруулга хийе гээд утсаар холбогдож нэмэлт тайлбаруудыг авсан. ******* мэргэжилтэн хэлж байна, бид яагаад энэ хүнд ямар учраас хаанаас ирсэн гомдол вэ гэдгийг нь танилцуулаагүй нь үнэн. Яагаад гэхээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан өргөдөл, гомдолд дурдсан төрийн байгууллага, хувь хүний нууцыг хадгалах гэдэг заалтыг хэрэгжүүлээд мэдээллийг өгөөгүй нь үнэн. Ёс зүйн дэд хороо хуралдаад дүгнэлт гаргаад, дүгнэлтийг үндэслээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга сахилгын шийтгэл ноогдуулах тушаалыг гаргасан байна. Тушаал Б/11 дугаар тушаал дээр Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хуулиуд, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг үндэслэл болгож тушаалыг гаргасан байсан. Эхний тушаал гаргасны дараа бид яагаад тушаалыг хүчингүй болгосон гэхээр энэ хүний үндсэн ажлын байрны тодорхойлолт болон үндсэн хийсэн нэхэмжлэл дээр нь бид сахилгын шийтгэл оногдуулаагүй, ёс зүйн талаас нь гаргасан юм чинь 2 хуулиа зэрэг хэрэглэсэн нь алдаа байсан тийм учраас зөвхөн Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслээд Төрийн албан хаагчийн ёс зүйн хуульд үндэслэж шийдвэр гаргасан нь зүйтэй гэдэг үндэслэлээр бид эхний тушаалыг хүчингүй болгоод 2 дахь тушаалыг гаргасан байдаг” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1.1. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.*******аас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “....******* нь манай эмнэлгийн өвчний түүхэд хяналт хийх явцдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн заалтыг удаа дараа зөрчин Төрийн албан хаагчийн ёс зүйд үл нийцэх үг үйлдлийг давтан гаргаж байна...” гэх агуулгатай гомдлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гаргажээ.[8]
1.2. Маргаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр өргөдөл, сонсох ажиллагааны тайлбар, хамт олны үнэлгээ, хэлтсийн даргын тодорхойлолтыг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2.зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 7.1.4.албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх; 7.1.7.албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх; 7.1.8.байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх; 7.1.10.багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах. 8.1.1.иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх; 8.1.4.бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх; 8.2.1.төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирах” гэсэн ёс зүйн нийтлэг шаардлага болон Төрийн албаны тухай хуулийн 7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэжээ.
1.3. Шүүх маргаж буй захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх бөгөөд дараах үндэслэлүүдээр хариуцагчаас гаргасан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзлээ. Тодруулахад:
1.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлд Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг, 8 дугаар зүйлд ёс зүйн нийтлэг шаардлагыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 14.3-т заасан эрх бүхий этгээд гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ:” гээд, 15.1.2 дахь заалтад “шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах” гэж, 15.1.5 дахь заалтад “төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах” гэж тус тус заажээ.
1.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Ёс зүйн дэд хороо нь гомдол, мэдээлэлд дурдсан төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил мөн эсэхийг шалган тогтоож, үндэслэлийг тусгах үүрэгтэй байна.
1.6. Гэтэл гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах болон ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гомдол, харьяалах хэлтсийн дарга, албан хаагчдаас ирүүлсэн тайлбар тодорхойлолт буюу бусад этгээдийн зүгээс *******д өгөх субьектив шинжтэй дүгнэлтийг үндэслэл болгосон бөгөөд гаргасан гэх зөрчлийн обьектив нөхцөл байдал, үйлдэл, эс үйлдлийг нотлох баримтаар тогтоогдоогүй байхад төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй.
1.7. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс гаргасан гомдлыг хэлэлцэж, “...*******г ажлын хамт олон, эрүүл мэндийн байгууллага, ажлын хамт олон бусад иргэдтэй ёс зүйн доголдолтой харьцдаг юм байна...” гэж дүгнээд сануулах нь зүйтэй талаар тэмдэглэжээ.
1.8. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргасан гомдолд дурдсан “...чанарын хяналт хийхдээ шалгуур үзүүлэлт буруу хэрэглэсэн...” гэх асуудалд дүгнэлт гаргахгүй гэж, өргөдөл, сонсох ажиллагааны тайлбар, хамт олны үнэлгээ, хэлтсийн даргын тодорхойлолтыг үндэслэн *******г Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэжээ.
1.9. Ийнхүү дүгнэлт гаргахдаа *******гийн хэзээ гаргасан, аль үйлдэл нь ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн нь ямар үйл баримтаар тогтоогдож байгаа талаар огт ажиллагаа явуулаагүй, нотлох баримтыг цуглуулаагүй атлаа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргасан гомдлоос хэтрүүлэн тухайн албан хаагчийн хэлтсийн дарга, хамтран ажиллагсдын субьектив үнэлгээг үндэслэн *******г ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцээгүй байна.
1.10. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс *******д холбогдуулан гаргасан гомдлыг хянаад *******г төрийн албан хаагчийн ёс зүйн дараах шаардлагыг зөрчсөн гэж буруутгасан. Үүнд:
-зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
-албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх;
-албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх;
-байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;
-багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах.
-иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх;
-бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх;
-төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирах” гэх үндэслэлийг дүгнэлтэд дурдсан боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...бидний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тал дээр миний хувьд зарим зүйл дээр санал нийлж байна....” гэж тайлбарласан болно.
1.11. Тухайлбал, ******* нь “төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирах” гэх зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан, үйлдэл, эс үйлдэхүйг тогтоохын тулд хариуцагч аливаа ажиллагаа хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй байдаг.
1.12. Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.1.дэх хэсэгт “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:” гээд 7.1.8-д “захирах, захирагдах ёсыг баримтлах” гэх зарчмыг баримтлаагүй гэж буруутгасан бөгөөд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс *******д холбогдуулан гаргасан гомдолд захирах, захирагдах ёсны харилцаа хамааралгүй бөгөөд гомдлын хүрээнээс хэтрүүлэн нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд нийцэхгүй байна.
1.13. Хариуцагч нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт, шийдвэр гаргахдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан зохицуулалтаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасны дагуу зөрчил тус бүрийг холбогдох нотлох баримтуудаар нотлон нөхцөл байдлыг бодитой, зөв тогтоож, энэ талаар нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр ёс зүйн хариуцлага оногдуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчимд нийцнэ.
1.14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1.15. Харин хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж буй “...Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хяналт хийхдээ шалгуур үзүүлэлтийг буруу үнэлсэн...” гэх асуудал нь *******гийн албаны чиг үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд хариуцагч энэ үндэслэлээр буруутгаагүй тохиолдолд шүүх тухайлан дүгнэлт өгөхгүй.
Хоёр. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар *******д албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулж шийдвэрлэжээ.[9]
2.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна” гээд, 16.1.3 дахь заалтад “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” гэж заасан.
2.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, агентлагийн дарга нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн хариуцлага ногдуулах тухай шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд шүүх захиргааны актын үндэслэл болсон дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *******д ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэрлэсэн хүсэлтийн тухайд:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*****н зүгээс Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч *******, хуулийн зөвлөх 2-ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд эдгээр хүмүүс нь *******д холбогдох ёс зүйн гомдолтой хамааралгүй, *******д ёс зүйн хариуцлага хүлээлгэхэд эдгээр иргэдийн тайлбар, баримтыг үндэслээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гэрчээр оролцуулах татгалзаж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 15.1.2, 15.1.5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаал, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2023 оны 01 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооноос тус бүр 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ