Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1623

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01488 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “О” ХХК-ийн хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 25 519 500 төгрөг гаргуулах үндсэн, хохиролд 21 271 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани “Ж” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 14/1107 тоот Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог хэмээх газарт байрлах Чингис хааны морьт хөшөөт цогцолборын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллахаар болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-д заасны дагуу нэг сарын хамгаалалтын хөлс 3 200 000 төгрөгийг сар бүрийн 28-ны өдрийн дотор төлөхөөр, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 3.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч “Ж” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 6 дугаар сар хүртэлх 6 сарын хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс болох 17 013 000 төгрөгийг өнөөг хүртэл төлөлгүй, тус компанийг хохироосоор байна. Хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж, талууд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн. Төлбөрөө төлөхийг шаардаж олон удаа мэдэгдэл, албан бичиг өгсөн боловч төлөөгүй. Иймд “Ж” ХХК-аас гэрээний төлбөр болох 17 013 000 төгрөг, түүнд ногдох алдангид 8 506 000 төгрөг, нийт 25 519 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Тооцоо нийлсэн баримтаар 17 013 000 төгрөгийн өртэй гарсан нь үнэн. Нэхэмжлэгч компани харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байх хугацаанд буюу 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хамгаалж байсан объект болох Чингисийн морьт хөшөө цогцолборын хашаан дотроос эд зүйл хулгайд алдагдсан. Нэхэмжлэгч компани 27 500 000 төгрөгийн үнэ бүхий трансформатор хулгайд алдагдсан байхад гэрээний дагуу ямар нэгэн хариуцлага хүлээх талаараа өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн тухайд гэрээний 3.4 дэх зохицуулалт хуульд нийцээгүй тул алданги шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай Харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. “О” ХХК-ийг харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байх хугацаанд буюу 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хамгаалж байсан объект болох Чингисийн морьт хөшөө цогцолборын хашаан дотроос 27 500 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайд алдагдсан. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээсэн боловч хулгайд алдагдсан зүйлийг олж, тогтоож чадаагүй байсаар хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэргийг хаасан. Эрүүгийн хэрэгт хулгайд алдагдсан трансформаторын үнийг “Хан-Үнэлэмж” ХХК 27 500 000 төгрөгөөр үнэлсэн. Талуудын хоорондох гэрээний 4.2.1-т харуул хамгаалалтыг гэрээнд заасан хугацаа, нөхцлийн дагуу өөрийн ажиллах хүч, тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслийг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд алдаа дутагдалгүй хийж гүйцэтгэнэ, 4.2.12-т объектын хүрээнд гарсан хэрэг, зөрчлийг таслан зогсоох, гэмт халдлага гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэж заасныг тус тус зөрчин үүргээ биелүүлээгүйгээс болж манай компанид хохирол учирсан. Иймд гэрээний 6.2-т заасны дагуу гэрээнээс учирсан хохиролд 27 500 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сүүлд шинжээч трансформаторын ороомог, зүрхэвчийг 19 271 000 төгрөг, масло 2 000 000 төгрөг гэж үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 21 271 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Уг газарт манайх 227 орчим га газрыг эзэмшдэг. Үүнээс морьтон цогцолборын хашаалсан хэсэг 20 га газрыг хамардаг. Гэрээгээр аль хэсгийг хамгаалах, аль хэсгийг хамгаалахгүй талаар заагаагүй. Зөвхөн доторх музейг хамгаална, хашаан доторх бусад хэсэг хамаарахгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. “Ууган энд Анунгоо” ХХК-д манайх трансформаторын үнийг бүрэн төлсөн байсан. Мөн манай хашаанд трансформаторыг оруулж тавьсан байсан тул гэрээний дагуу хашаанд оруулснаар манай өмч гэж үзэх тухай эрүүгийн хэрэгт өгсөн тус компанийн захирлын мэдүүлэгт тусгагдсан байгаа. Энэ асуудлаар “Ууган энд Анунгоо” ХХК манай хоёрын хооронд маргаан үүсээгүй болно. Иймд манайх шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Тухайн трансформаторыг манай компанийн хамгаалалтын ажилтан, ахлагч нарт албан ёсоор хариуцуулж, хүлээлгэн өгөөгүй. Мөн энэ трансформатор “Ж” ХХК-ийн эзэмшилд шилжиж ирээгүй бөгөөд “Ууган энд Анунгоо” ХХК-аас “Ж” ХХК-д албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Энэ талаар тус компанийн аж ахуйн менежер Д.Эрдэнэбилэг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. Тэрээр мэдүүлэхдээ Трансформатор морьт цогцолбороос 300-400 метрийн зайд байрлаж байсан, ... Манайх хүлээж аваагүй ... Ууган энд Анунгоо ХХК 2014 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгөх байсан боловч хүлээлгэж өгөөгүй байсан. ...Хашааны зүүн хойд булангийн 3 метр орчим хашааг зориулалтын бус хаалга маягаар ашиглаж, төмөр утсаар уядаг байсан. Тэнд ямар нэгэн харуул хамгаалалт, цоож байхгүй байсан гэж мэдүүлсэн. Тиймээс уг трансформаторыг “Ж” ХХК тухайн үед хүлээж аваагүй байсан, тэдний өмч биш тул нэхэмжлэх эрхгүй. Мөн уг трансформатор байрлаж байсан газар харуул хамгаалалт, цоож байхгүй байсан гэдгийг аж ахуйн менежер Д.Эрдэнэбилэг мэдүүлэгтээ нотолж ярьсан. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.2.5 Хамгаалалтын ажилтныг албан үүргээ хэрэгжүүлэх нөхцлөөр хангах, мөн гэрээний 5.3.7-д Үйлчлүүлэгч тал хамгаалалтын хяналтын камер, дохиоллын хэрэгслээр тоноглох, тэдгээрийн найдвартай ажиллагааг бүрэн хариуцах гэж заасны дагуу “Ж” ХХК хамгаалуулж буй объектынхоо хашаа, хаалгыг бүрэн бүтэн, цоожтой байлгах, хяналтын камер, дохиоллын хэрэгслээр тоноглох ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй болно. Анх гэрээ байгуулахад хамгаалалтын бүсийг тогтоож өгөхдөө зөвхөн морьт цогцолбор доторх хэсэг буюу музейн хэсэг, мөн зөвхөн төв зам дагуух гарц, орц хэсгийг хамгаалалтын объектод хамруулж өгсөн. Хулгайд алдагдсан зүйл морьт цогцолбороос 300-400 метрийн зайтай, өдрийн цагаар харагдах ч шөнийн цагаар харагдах боломжгүй газар байсан. Тэр орчимд гэрэлтүүлэг ч байхгүй. Мөн албан ёсны төв зам дагуух ганц орц, гарцаас гадна өөрсдөө ашигладаг албан бус хаалгатай байсан. Энэ тухай мөн цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. 2015 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө трансформаторыг эвдэж, зэс ороомог, масло, зүрхэвч зэргийг хулгайлан авсан гэх гэмт хэрэгт Төв аймгийн Цагдаагийн газар шалгах явцад Налайх дүүргийн үнэлгээний комисс-оос гаргасан үнэлгээгээр дээрх хулгайд алдагдсан эд зүйлс 9 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Гэтэл “Хан-Үнэлэмж” ХХК уг трансформаторыг бүхэлд нь 27 500 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Трансформатор бүхэлдээ алдагдаагүй, зөвхөн доторх зэс ороомог, зүрхэвч зэрэг деталиуд алдагдсан талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Сүүлд шинжээч үнэлгээ хийхдээ биечлэн очиж үзэлгүйгээр үнэлгээг хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Ж” ХХК-аас 17 013 000 /арван долоон сая арван гурван мянга/ төгрөгийг гаргуулж, “О” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 8 506 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “О” ХХК-аас 10 635 500 /арван сая зургаан зуун гучин таван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 10 635 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285 547 төгрөг, хариуцагчаас төлсөн 295 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 243 015 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 185 118 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 1 000 000 /нэг сая/ төгрөгийг зохигчдоос тус бүр 500 000 төгрөг гаргуулж, шинжээч “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С давж заалдах гомдолдоо:

... Талуудын хооронд байгуулагдсан “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.14-т “Объектын хүрээнд гарсан хэрэг, зөрчлийг таслан зогсоох, гэмт халдлага гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэж заасан. “О” ХХК нь “... хашааны зүүн хойд булангийн 3 метр орчим хашааг зориулалтын бус хаалга маягаар ашиглаж, төмөр утсаар уядаг байсан. Тэнд ямар нэгэн харуул хамгаалалт, цоож байхгүй байсан” гэж мэдүүлсэн. Хамгаалагч нь хамгаалж буй объектынхоо хашаа хаалгыг бүрэн бүтэн байлгах, цоож, хяналтын камер, дохиоллын хэрэгсэл зэрэг хамгаалалтын үйл ажиллагаанд хэрэгтэй тоног төхөөрөмжийг “Ж” ХХК-аас шаардаж гэмт халдлага гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой. Хамгаалагч нь хаана, юу хэрэгтэй байгааг шаардах, өөрсдийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй. Хамгаалагч нь гэмт халдлага гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас манай компанид 21 271 000 төгрөгийн хохирол учирсан. Шүүх хохирлын 50 хувь буюу 10 635 500 төгрөгийг ханган шийдвэрлэж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан хохирлын 50 хувь болох 10 635 500 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 25 519 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 21 271 000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн болон 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр “О” ХХК нь “Ж” ХХК-ийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Цонжин болдогт байрлах Чингис хааны хөшөөт цогцолборын аюулгүй байдлыг хангах, гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулж, зохих шаардлага хангасан хамгаалалтын 4 ажилтанг ээлжээр ажиллуулахаар, “Ж” ХХК нь гэрээний хөлсөнд сарын 3 200 000 төгрөг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж 2015 онны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны өглөг авлагаа тооцон “Ж” ХХК нь нэхэмжлэгч байгууллагад 17 013 000 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй болохыг баталгаажуулж, талууд гарын үсэг зурсан, энэ баримтыг хариуцагч  үгүйсгэж маргаагүй. /хх 39/

 

2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний 3.4-т хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 1 хувийн алданги төлөхөөр тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг 0,5 хувь хүртэл тооцох талаарх зохицуулалтад нийцэхгүй, анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Иймд  нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсэхгүй, шүүх нэхэмжлэлээс үндсэн төлбөрт холбогдох 17 013 000 төгрөгийг хангаж, үлдэх 8 506 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

            Хариуцагч нь хамгаалалтын бүсэд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирол учирсан гэж 21 271 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

 

Чингис хааны хөшөөт цогцолбороос 2015 оны 3 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө цахилгааны трансформаторын ороомог, зүрхэвч, 1 тонны масло тус тус хулгайд алдагдсан, уг үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Төв аймгийн прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29 тоот прокурорын тогтоол, хэрэг учирлын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл  хэрэгт авагдсан байна.

 

Хулгайд эд зүйл алдагдсан байдлыг эрүүгийн журмаар шалгах явцад алдагдсан эд зүйл хөшөөтэй цогцолборын төв хэсгээс 300-400 орчим метр зайтай газарт байрлаж байсан, тэр орчимд гэрэлтүүлэггүй байсан нь тогтоогдсон, шөнийн цагаар төв хэсгээс шууд харагдах боломжгүй болохыг зохигчид тайлбарласан. /хх 46-48, 83-84/

 

“Ж” ХХК-ийг алдагдсан эд зүйлийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй боловч харуул хамгаалалтын гэрээний 5.2.1 дэх заалтаар хүлээсэн “объектын тухай мэдээлэл, дотоод журам, аюулгүй ажиллагааны заавар зэрэг Хамгаалагч талд зайлшгүй шаардлагатай мэдээлэл, цаг үеийн өөрчлөлт, хөдөлгөөнийг тухай бүр мэдэгдэж байх”, 5.2.5-д “Харуул хамгаалалтын алба хаагчдыг албан үүргээ хэрэгжүүлэх нөхцлөөр хангах” үйлчлүүлэгч талын үүргээ зохих ёсоор биелүүлснээ баримтаар нотлоогүй тул эд зүйл хулгайд алдагдахад гэрээний талуудын хэн алины буруутай байдал нөлөөлсөн гэж шүүх дүгнэн төлбөрийг 50 багасгаж, нэхэмжлэгчээс гаргуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч трансформаторын ороомог, зүрхэвчийг 19 271 000 төгрөг, масло 2 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  10 635 500 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөрчихгүй.

 

            Шүүх “Ж” ХХК-аас 17 013 000 төгрөгийг гаргуулж, “О” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 8 506 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “О” ХХК-аас 10 635 500 төгрөгийг гаргуулж, “Женкотур бюро” ХХК-д олгож, үлдэх 10 635 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ