Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/80

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.М-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Ө,

Шүүгдэгч П.М-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.М-ын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000284 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

................., 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............................

 

П.М- нь 2022 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Гүрмийн нуурын эрэгт байрлах “Зуун сарнай” амралтын газрын 05 тоот амралтын гэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Ш.Э-г тус тоот гэрт амарч байхад нь түүний ширээн дээр орхисон байсан Самсунг А-8 маркийн гар утас, иргэний үнэмлэх, виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч Ш.Э-нд 268.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-аас П.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “Шүүгдэгч П.М-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг баримтлан шүүгдэгч П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан уг оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие  2022 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуурын эрэгт байрлах “Зуун сарнай” амралтын газрын хойно Хэнтий аймгийн Норовлин сумаас ирсэн хоёр машинтай 5 найзтайгаа хөгжим тавьж, ууж, идэж сууж байтал 3 найз хоёр машинаа асаагаад “Зуун сарнай” амралтын зүг хөдлөөд явсан. 2 найзтайгаа хэсэг хүлээн сууж байгаад араас нь бид 3 явж амралтын газар очиж нөгөө хоёроосоо салж тус тусдаа хайж явж байгаад олдохгүй байхаар нь хаалга нь онгорхой гэрт орсон байж магадгүй гэж бодсон байх гэр рүү орсноо бүдэг бадаг санадаг. Тэр үед ямар  нэгэн эд зүйл хулгайлах санаа бодолгүй явсан. Тэр шөнө найзуудаа олж, хамт наргиж байгаад Баян-Овоо сумын төвд хадмындаа очиж амарсан. Баян-Овоо сумын төлөөлөгч Р надтай уулзаж, шөнө амралтын тэнд эргүүл хийж явахад надтай таарснаа санаж байна уу гэж асуухад би санахгүй байна гэсэн... Гэтэл Р “..чи тэр шөнө нэлээн согтуу найзуудаа хайгаад явж байна гээд надтай таарсан. Тэр амралтын гэрээс үүдний ширээн дээр байсан хар хавцастай гар утас алга болсон, чи авсан уу..” гэж асуухад нь за юу билээ гэж бодоод өөрийн утас болон өөр нэг утас надад байсан би найзуудын нэгнийх нь утас гэж бодож байсан. Би санахгүй байна надад ийм гар утас байна гээд цагдаад өгсөн. Гэтэл цагдаа “чи найзынхаа утсыг авсан байна гэхээр нь уучлаарай би хаанаас яаж авснаа санахгүй байна. Хоёулаа хамт очоод эзэнд нь утсыг нь өгөөд уучлалт гуйя гэхэд цагдаа хэрэггүй гэсэн. Тэр үед хэрэгт холбогдож байгаагаа мэдсэн ба гар утсыг цагдаад өгөхөд үнэмлэх, виза карт утасны хавтсанд нь байсныг мэдсэн.

            Би урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найзуудтайгаа хамт явж байгаад онгорхой байсан гэрт орж ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна.

            Миний бие Хэнтий аймагт ээж Ц-тэй хамт амьдардаг. Аав маань 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Түүнээс хойш ээжийн бие чилээрхээд байгаа, ээжийг маань надаас өөр асран хамгаалах хүн байхгүй. Мөн цэцэрлэгт явдаг хоёр охинтой. Хоёр охиндоо хоол, хувцас зэргийг бэлдэж халамжлах үүрэгтэй.

            Бусдад учруулсан хохирол, гомдолгүй. Анхнаасаа хулгай хийх бодол надад байгаагүй. Хүний утсыг авснаа мэдэж, уучлалт гуйж, хүлээлгэж өгсөн. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү...” гэв.                  

 

            Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ..Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж тунхагласан. Үндсэн хуульд заасны дагуу органик хууль батлагдан гарсан. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар орон байр гэдэг нь хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж заасан. Шүүгдэгч П.М- нь халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь халдаж, амралтын газар орж, бусдын утсыг авч байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Мөн хуулийг нэг мөр хэрэглэх нь эрх зүйт төрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс бусдын орон байранд нэвтрэхийн тулд заавал хаалгыг эвдэж, цонхыг хөшиж орсон байхыг шаардахгүй. Гэрээнд заасны дагуу тухайн объектыг эзэмшиж байсан хүний зөвшөөрөлгүй тус объектод нэвтэрсэн бол хууль бус нэвтэрсэн гэж үзнэ. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд заасан зарчмыг зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ” гэв.

 

            Шүүгдэгч П.М- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед би найзуудтайгаа архи согтууруулах ундаа хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй байхдаа энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна.  Манай ажлын газар яг тийм сууц байдаг. Өөрийнхөө ажлын сууц руу орж байгаа гэж бодсон байх. Надад хулгай хийх, бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах санаа, бодол байгаагүй. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын цагдаад утсыг хүлээлгэж өгч, утасны эзэнтэй уулзаж, уучлалт гуйсан. Миний амьдрал болон ар гэрийн асуудал хүндрэлтэй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Өөрийгөө хянах чадваргүй болтлоо архи согтууруулах ундаа хэрэглэхгүй” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд П.М- нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрээгүй гэж үзэж байна.  Учир нь амрагчдын гэрийн хаалга нээлттэй, цоожгүй байсан. Гэрт ороход амрагчид унтаж байсан. Гарах гэтэл ширээн дээр гар утас байхаар нь аваад гарсан, түүнийгээ миний үйлчлүүлэгч сайн санадаггүй. Маргааш нь хэсгийн төлөөлөгч Р -тай уулзахад гар утас, виза карт П.М-аас гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч ороогүй гэж тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр хохирлын хэмжээ хүрэхгүй. Хохирлын хэмжээ 300.000 төгрөгөөс дээш байхыг шаардана, гэтэл хохирогч Ш.Э-нд 268.200 төгрөгийн хохирлыг учруулсан.  Хуульчид өөр өөрөөр тайлбарлах боловч миний хувьд зөрчлийн хэрэг гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. П.М-т субьектив санаа зорилго байхгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх нь эргэлзээтэй гэсэн байр суурьтай байна” гэв.

 

          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр түүнд  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

П.М- нь 2022 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Гүрмийн нуурын эрэгт байрлах “Зуун сарнай” амралтын газрын 05 тоот амралтын гэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Ш.Эрдэнэсайханы Самсунг А-8 маркийн гар утас, иргэний үнэмлэх, виза карт зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

-  Хохирогч Ш.Э-ийн өгсөн: “..маргааш нь өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ний өглөө босоод утсаараа ярих гээд хартал миний хар өнгийн хавтастай, хар өнгийн самсунг А-8 маркийн утас болон хавтас нь дотор Хаан банкны хоёр өөр дансны виза карт, иргэний үнэмлэх зэрэг зүйл алга болсон байсан..2022 оны 07 дугаар сарын 13-14-ний шилжих шөнө унтаж байхад хүн хаалга онгойлгож орж ирээд гараад явсан..”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 хуудас/,

 

  - Гэрч Д.Б-ын өгсөн: “..2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр... намайг амралтын газраа очих үед амрагч Ш.Эрдэнэсайхан нь надад хандан өчигдөр шөнө унтаж байх үед хүн орж ирээд миний утас, түүний ард байсан Хаан банкны 2 виза карт, иргэний цахим үнэмлэхийг аваад явсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17-18 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 252 дугаартай “Тооцооллын үр дүнд гар утас, иргэний үнэмлэх, виза картын зах зээлийн үнэлгээг 268,300.0 /хоёр зуун жаран найман мянга гурван зуу/-н төгрөг байх боломжтой..” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 хуудас/,

 

- П.М-ын яллагдагчаар өгсөн: “..Машинтай явсан найзуудыгаа хайж байгаад харанхуй шөнө нэрийг нь мэдэхгүй амралтын газрын хашаагаар ороод хашаан дотор байсан гэрээр ортол хүмүүс унтаж байсан. Тэгээд ширээн дээр хар өнгийн хавтастай гар утас байхаар нь аваад гарсан. Тухайн шөнө 2022 оны 07 дугаар сарын 13-наас 14-нийг шилжих шөнө байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48  хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.М-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч П.М-ын давж заалдах гомдлын тухайд:

 

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардахгүй байна. П.М- нь хулгайн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

          Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд “анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж, хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч П.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай,

                                

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

 

   ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                   Д.ГАНЗОРИГ