Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0398/З |
Дугаар | 128/ШШ2024/0466 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.******* /РД:*******/
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Г.******* тус шүүхэд хандаж “нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын Б/757 дугаар тушаалаар цагдаагийн хурандаа Г.*******г Дотоод хэргийн их сургуульд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж эрдмийн зэрэг хамгаалахаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажлаас түр чөлөөлж шийдвэрлэжээ.[1]
2.2. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар түр чөлөөг цуцалж, цагдаагийн албанаас чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлжээ.[2]
2.3. Нэхэмжлэгчийн зүгээс “...Миний гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр докторын сургуулийн чөлөө, эрдэм шинжилгээний ажил бичих зорилгоор докторын чөлөө авсан. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-нд сэлгэн ажиллах хүртэлх энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 6 сар тасарсан. Миний хувьд цагдаагийн байгууллагад 27, 28 жил ажилласан. Цэргийн албаны тэтгэвэрт гарахад болзол шаардлага хангачихсан байгаа учраас тасралтгүй 5 жил байдаг. Гэхдээ нэхэмжлэл дээр дурдсан 6 сар яагаад чухал вэ гэхээр миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2017 оноос 2022 оны хооронд хэлтэс, газрын даргаар ажилласан энэ цаг хугацаанд цалин арай өндөр байсан юм. Энэ цаг хугацаанд 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан болохоор эргээд миний тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход хохиролтой асуудал үүсээд байна...” гэх агуулгаар маргаж байна.
2.4. Хариуцагчийн зүгээс “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/757 тушаал гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхтэй холбоотой заалт дурдаагүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ямар тушаал яригддаг гэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/30 дугаар тушаал яригддаг. Энэ тушаал нь түр чөлөө цуцлан, ажлаас чөлөөлж, шилжүүлэх, цагдаагийн цол хураах тухай заасан байдаг. Энэ тушаалаар нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн миний сая урд дурдсан тушаалаар олгосон эрдэм шинжилгээний ажил хийх чөлөөг таслаад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдаагийн албанаас чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу шилжүүлж, цагдаагийн цолыг хураасугай гэсэн байдаг. Энэ тушаал дээр мөн адил нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлуудыг дурдаагүй байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар хуулийн 57.1-д төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж зохицуулсан байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд 1 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх гэж заасан байна. Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал нь яг энэ 2 тушаалаар шийдвэрлэгдээгүй учраас бид нийгмийн даатгалын байгууллагад тайлагнах үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж байна. Түр чөлөөлөх гэдэг үг түр чөлөөг нь цуцлаад ороод ирэхээр энэ хүний өмнө нь хэрэглэж байсан цэргийн цол болон өмнө нь эрхэлж байсан албан тушаалыг нь шууд томилох эрх зүйн баталгааг нь хангаж өгч байгаа болохоос биш нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг нь шийднэ гэдэг зохицуулалт байхгүй. Цагдаагийн байгууллагын сургалттай холбоотой Нийгмийн даатгал болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан журмын дагуу цолны цалинг сар болгон өгөөд явдаг асуудал нь цагдаагийн байгууллагын захиалгаар гэрээ байгуулаад суралцаж байгаа албан хаагч нарт энэ асуудал хамаараад хуулиа зөрчихгүйн тулд олгосон орлогоос нь нийгмийн даатгалыг нь тасралтгүй төлөөд явдаг” гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* овогтой ******* миний бие 1997 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сард Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сэлгэн ажиллаж байна. Миний гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр докторын сургуулийн чөлөө, эрдэм шинжилгээний ажил бичих зорилгоор докторын чөлөө авсан. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-нд сэлгэн ажиллах хүртэлх энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 6 сар тасарсан. Миний хувьд цагдаагийн байгууллагад 27, 28 жил ажилласан. Цэргийн албаны тэтгэвэрт гарахад болзол шаардлага хангачихсан байгаа учраас тасралтгүй 5 жил байдаг. Гэхдээ нэхэмжлэл дээр дурдсан 6 сар яагаад чухал вэ гэхээр миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2017 оноос 2022 оны хооронд хэлтэс, газрын даргаар ажилласан энэ цаг хугацаанд цалин арай өндөр байсан юм. Энэ цаг хугацаанд 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан болохоор эргээд миний тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход хохиролтой асуудал үүсээд байна. Тийм учраас нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч өөрөө цагдаагийн байгууллагаас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын бичилт хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэл гаргасан. Яагаад ийм нэхэмжлэл гаргах болсон гэхээр нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Дотоод хэргийн их сургуульд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалахаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийнх нь дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/757 тушаал гарсан. Энэ тушаал дээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн ерөнхий зохицуулагчийн ажлаас нэхэмжлэгчийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тасалбар болгон чөлөөлсүгэй. Цагдаагийн хурандаа Г.*******гийн ажлыг хүлээлцүүлэхийг Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа *******ад үүрэг болгосугай гээд тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П. О*******д даалгасугай гэдэг зөвхөн ийм тушаал гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхтэй холбоотой заалт дурдаагүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ямар тушаал яригддаг гэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/30 дугаар тушаал яригддаг. Энэ тушаал нь түр чөлөө цуцлан, ажлаас чөлөөлж, шилжүүлэх, цагдаагийн цол хураах тухай заасан байдаг. Энэ тушаалаар нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн миний сая урд дурдсан тушаалаар олгосон эрдэм шинжилгээний ажил хийх чөлөөг таслаад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдаагийн албанаас чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу шилжүүлж, цагдаагийн цолыг хураасугай гэсэн байдаг. Энэ тушаал дээр мөн адил нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлуудыг дурдаагүй байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар хуулийн 57.1-д төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж зохицуулсан байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд 1 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх гэж заасан байна. Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал нь яг энэ 2 тушаалаар шийдвэрлэгдээгүй учраас бид нийгмийн даатгалын байгууллагад тайлагнах үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж байна. Бидний яг гол барьж байгаа зүйл нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс хууль, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж бид нар холбогдох холбогдох захиргааны хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасан, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж тус тус зохицуулсан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан яг энэ зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийнх нь эрх ашиг сонирхол зөрчсөн буюу дээр дурдсан 2 актыг мэдсэн буюу эрх, ашиг нь хөндөгдсөн гэж мэдсэнээс хойш хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллагад гомдол гаргаагүй учраас энэ гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Энэхүү нэхэмжлэлийн хүрээнд талуудын хооронд маргасан гол эрх зүйн асуудал нь цагдаагийн албан хаагчийн хүсэлтээр сургалтын түр чөлөө олгосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцан төлөх эсэх асуудал байна.
2. Нэхэмжлэгч Г.******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж, докторын судалгааны ажил эхлүүлэх, хамгаалах зорилгоор сургалтын чөлөө хүссэн өргөдөл гаргажээ.[3]
3. Энэхүү хүсэлтийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын Б/757 дугаар тушаалаар цагдаагийн хурандаа Г.*******г Дотоод хэргийн их сургуульд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж эрдмийн зэрэг хамгаалахаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажлаас түр чөлөөлж шийдвэрлэсэн[4] бөгөөд тушаалын эрх зүйн гол үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалт байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;” ойлгохоор, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:” гээд, 46.1.2 дахь заалтад “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон;” гэж заасан бөгөөд Ц.*******г түр чөлөөлсний улмаас тэрээр төрийн тусгай албаны чиг үүрэг хэрэгжүүлэхгүй болжээ.
5. Мөн 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад "шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;” ойлгохоор, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:” гээд, мөн хэсгийн 1 дэх заалтад “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” гэж заасан.
6. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд, аливаа этгээд /төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч/ хөдөлмөр эрхэлж, цалин авч байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөх зохицуулалттай байна.
7. Тодруулбал, төрийн албан хаагч нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авах, нөгөө талаас ажил олгогч нь цалин хөлс олгож байгаа тохиолдолд шимтгэл төлөх зарчмын шаардлага тавигджээ.
8. Цагдаагийн ерөнхий газрын даргын түр чөлөөлсөн агуулгатай тушаалаар нэхэмжлэгчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой харилцааг зохицуулаагүй бөгөөд Г.******* нь ажлаас түр чөлөөлөгдсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас цалин хөлс авсан зүйлгүй /энэ талаар үйл баримтын маргаан талуудад байхгүй/ байх тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг Цагдаагийн ерөнхий газар хүлээхгүй юм.
9. Иймд дээр дурдсан үндэслэлээр Г.*******гээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн гаргасан “нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ