Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 150/ШШ2024/00184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч ** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ** хот, ** дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух ** овогт **ын **, /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **аймгийн **сум, * дүгээр багт байрлах “**” ХХК-д холбогдох,

“**” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ** хотод төрсөн. **хотод өссөн. **хотын унаган хүн байгаа. 2022 оны 07 дугаар сард ** компанид ажилд орсон. Ажилд орох үндэслэл маань **компанид Монголд тэргүүлэх маркетингийн хийдэг компанид маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагыг минь үндэслээд шат дараалан сонгон шалгаруулалтынхаа журмаар ажилд авсан байдаг 2022 онд идэвх чармайлттайгаар ажилласан байдаг.  Өндөр гүйцэтгэлтэй ажилласан байдаг. 2022 онд нэхэмжлэл дээр  дурдсан ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ** **компани болон **захирлыг нийтдээ таниулах ажлыг зохион байгуулж хийсэн байдаг. 2023 оны 01 дүгээр сараас эхлэн маркетингийн мэргэжилтэн гэдэг албан тушаал байхгүй болсон талаар **дарга өрөөндөө  дуудаж надад мэдээлэл хүргэсэн байдаг. Энэ албан тушаал байхгүй болсон. Чамайг үргэлжлүүлээд маркетингийн ахлах мэргэжилтнээр ажиллуулна гэсэн. **дарга чи гэхдээ түр хугацаанд байх юм аа төслийн нэгжийн мэргэжилтнээр үргэлжлүүлээд ажиллах уу гэж хэлсэн. Төслийн нэгж дээр чи өөрөө ерөнхийдөө судалгаа, шинжилгээндээ, зах зээлийн судалгаан дээр мэргэшсэн хүн болохоор энэ дээр үргэлжлүүлээд ажиллавал сайн байна гэж хэлсэн. Би ** компанид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байсан тул тухайн саналыг хүлээж авсан, үргэлжлүүлээд ажилласан. 02 дугаар сарын 01-нээс надад нэг туршилтын гэрээ гэж үзүүлсэн. Би яагаад надтай туршилтын гэрээ байгуулж байгаа талаар тодруулж асуухад бид нар энэ ажлыг хамтдаа эхэлсэн, тийм болохоор чамайг бид нар цээжээрээ хамгаална гэж хэлсэн.  Чи зүгээр төслийн нэгж дээр үргэлжлүүлээд ажиллана гэсэн. **дарга ч гэсэн өөрөө хэлсэн байдаг. **дарга манай маркетингийн  хэлтсийн дарга байгаа. **нь бизнесийн удирдлагын дарга байгаа. Манай толгой гэсэн үг. Тэгээд 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан. 03 дугаар сарын 09-ний өдөр сонсох ажиллагаа нэртэй өрөөндөө дуудсан. Надад гуравхан хүснэгттэй цаас үзүүлсэн. Миний гүйцэтгэл гэж харуулсан. Цаашид  үргэлжлүүлэн хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Би тухайн үед хууран мэхэлж гэрээ байгуулсан юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд 04 сарын 01-ний өдрөөс намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би нотлох баримттай яръя. Намайг энэ хугацаанд сайн ажиллаж байсан гэдгийг юугаар нотлох вэ гэвэл миний цалин хөлс байгаа. Үнэлгээний  үзүүлэлтээр цалингаа авдаг байсан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн А150 гэсэн цалин хөлсний журмын талаар тогтоол байгаа.  Хавтаст хэргийн 237 дугаар хуудаст байгаа. Үүнд үндсэн 70 хувийн цалин авна. 30 хувийг нь гүйцэтгэлээр авна гэсэн журам байдаг. Тэгэхээр би сар болгон ажлаа төлөвлөөд, гүйцэтгэлээ үнэлүүлээд цалингаа авдаг. Би KPI үзүүлэлтээр 90-ээс дээш гүйцэтгэлтэй ажилласан байдаг. Намайг ажлаас хууран мэхэлж, зохион байгуулалттайгаар ажлаас чөлөөлсөн гэдгийг нотлох зүйл бол ахлах мэргэжилтэн гэдэг албан тушаал гаргаснаас болсон. Хариуцагч тал хэлдэг. Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тоогоор явдаг. Орон тооны журмаар шийддэг гээд байгаа. Төлөөлөн удирдан зөвлөлөөс нийт бүтцийг баталдаг. Нийт хэдэн ажилтан байх вэ гэдгийг л баталдаг. Гүйцэтгэх захирал бол газрын даргатай хуралдаж,  бүтцэд хэдэн хүн ажиллах вэ гэдэг менежментийг өөрөө хийдэг. Ахлан мэргэжилтэн болон маркетингийн мэргэжилтэн гэдэг хоёр албан тушаал бол яг үнэндээ ямар ч чанарыг ялгаа байхгүй. Маркетингийн мэргэжилтэн бол өөрөө дизайнер болон хэвлэлийн төлөөлөгчөөр процессын хувьд бол хамтран ажилладаг, чиглэлийг нь өгдөг, бодлогоо тодорхойлдог, төлөвлөгөөгөө гаргадаг. Үргэлжлүүлээд маркетингийн хэлтсийн даргаар баталгаажуулдаг. Ахлах ажилтан мөн адил ийм байдаг. Намайг муу ажилласан талаар тайлан байдаг. Энэ нь хавтаст хэргийн 95-р хуудаст байгаа. Маркетингийн ахлах мэргэжилтний туршилтын хугацааны гүйцэтгэлийн тайлан 03 дугаар сарын 09-ний өдрийн сонсох ажиллагааны тайлан байгаа. Энэ гурван ажлын /хавтаст хэргийн 235-236-р хуудаст/ бизнес төлөвлөгөө байгаа. Энэ нь бизнес  төлөвлөгөөний ердөө 3-хан хэсэг, зүгээр тастаад авчихсан байгаа. Тэгэхээр 1-р ажил нь бизнесийн төлөвлөгөөний  1.3-т эхний улиралд хийх ажил байгаа. 2-р ажил нь бизнесийн төлөвлөгөөний 1.5-д байгаа. Бүтэн 1-12 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлыг бичсэн байна. 3-р ажил нь  бизнесийн төлөвлөгөөний  2.1-д байгаа. Мөн 1-12 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлыг бичсэн байна. Тухайн улирал нь яаж явсан гэхээр  нийт 11 бүлэг 24 ажлаас бүрдэх тайлан байгаа. Хавтаст хэргийн 222-225 хуудаст авагдсан байгаа. Миний өөрийн ажиллах ёстой байсан ажлууд бол 1,2,3-р сарын эхний улиралд нийт 15 ажил хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ тайланд **дарга 03 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурж **дарга баталгаажуулсан байна. Миний ажлын хийхгүй байгаа, муу ажилласан гэх 3-н ажлын эхний ажил нь бүтээгдэхүүн зах зээлд таниулах, гүйцэтгэх гээд энэ тайлангийн 1.1 дээр байж байгаа. Гүйцэтгэлийг би өөрөө 80 гэж үнэлсэн байгаа. Удирдлага 80 гэж үнэлсэн байгаа. Дараагийн ажил 1.3 дээр байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, цахим төлөвлөгөө гаргах, гүйцэтгэх гэж байгаа. Үүнийг би өөрөө 100  гэж үнэлсэн. Дарга мөн 100 гэж үнэлсэн байгаа. 2.1-д байгууллагын ажилчдад эрхэм зорилгыг үнэт зүйлсийг таниулах, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалтын зохион байгуулах гүйцэтгэх гэж байгаа. Энэ нь 80, 80 хувийн гүйцэтгэлтэй. Энэ юуг харуулж байна гэхээр би ажлаа хангалттай хийж гүйцэтгэсэн байна. Мөн тайлан нэртэй хуурамч материал танилцуулсан. Ийм материал угаасаа байдаггүй. Намайг нээх өндөр албан тушаалд томилсон юм шиг ярьдаг. Ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн хоёрын цалингийн зөрүү нь 95,000 төгрөгийн зөрүү байдаг. Төслийн нэгжийн ажилтан болоход нөлөөлсөн зүйл энэ байсан. Төслийн нэгжид би адилхан цалин авна, адилхан юм аа хийнэ. Тиймээс би төслийн нэгжид ороход надад ямар ч ялгаа байхгүй юм байна гэж бодож би хүлээн зөвшөөрч ажлаа хийгээд явж байсан боловч дүр үзүүлж, хуурсан зүйл болчхоод байна. Тиймээс шүүх нотлох баримтуудад үндэслэж шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...**ын хувьд хууран мэхэлж ажилд шилжүүлэн томилсон гэх зүйлийг ярьж байна. 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил төрөлтэй огт хамааралгүй. Энэ нь 2023 оны 01 дүгээр сараас эхлээд албан тушаал дэвшүүлж ахлах мэргэжилтний ажилд томилсонтой холбоотой маргаан үүссэн гэж тайлбарлаж яриад байдаг. Гэвч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  ахлах мэргэжилтний албан тушаалд томилж, 2 сарын туршилтын хугацаа өгсөн. Туршилтын хугацаанд ажил мэргэжлээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж холбогдох нэгж болон газрын даргын үнэлгээ, сонсох ажиллагааны тэмдэглэлд үндэслэж туршилтын гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурддаг. Миний ах **ерөнхий инженерээр ажиллаж байсан. 09 дүгээр сараас инженер техникийн ажилчдыг бөөнөөр нь халсан гэх зүйлийг ярьдаг. 2023 оны 01 дүгээр сард түлшний хулгай хийсэн 7 жолоочийг бөөнд нь ажлаас чөлөөлсөн. 2023 оны 1-р улиралд 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд инженер, техникийн ажилчдыг хэнийг ч ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үед **рын ах  **албан тушаал буурсан байж байгаад сахилгын зөрчлөөр ажлаас чөлөөлсөн зүйл болсон. Төрсөн ахыгаа ажлаас чөлөөлсөнтэй холбоотой мэдээж төрсөн дүүд нь сэтгэл зүйн болон ямар нэгэн эмзэглэл гэх зүйл ирэхийг үгүйсгэхгүй. Үүнтэй холбоотой ажлын бүтээмж саарсан, багассан хангалтгүй гэж дүгнэгдсэн зүйлүүд гарсан байхыг үгүйсгэхгүй. **ажлаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар хийж гүйцэтгэх үүрэгтэй.  Мэдээж хууран мэхэлсэн гэдэг ч юм уу нэхэмжлэлийн үндэслэлээ батлах гээд байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа батлах гэсэн оролдлого. Баримтууд гээд зүйл яриад байдаг. KPI дүгнэх процесс бол ерөнхийдөө компанийн хувьд бэлэг тэмдэг зүйл байгаа төдийд сахилга бат, цаг үеийн байдалтай холбоотой үүрэг даалгавар, үндсэн үүрэг даалгавар гэсэн 3 зүйл дээр зарим тохиолдолд багахан оноо хасах байдлаар бүх нэгжүүд дүгнэж байсан. Үндсэндээ ажилтны ажил үүргийг сайжруулахтай холбоотой зүйл биш байна гэдэг үндэслэлээр 2023 оны 04  дүгээр сараас цалин хөлсний журамд өөрчлөлт оруулаад урамшуулал биш хариуцлагын зохицуулалтаас болоод байна. Ажлын гүйцэтгэлийн үр дүнд төдийлөн нөлөөлөхгүй байна. Нэгжийн дарга нар холбогдох ажилтнуудаа журамд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэсэн. Ерөнхийдөө бүгдийг нь хангалттай, 5,5,15 оноог нь  өгөөд дүгнээд байна гэдэг зүйл яригдаж маш их өөрчлөлт орсон байгаа. Зөвхөн **ын ажилтай холбоотой зүйл биш. **сая өөрөө ярьж байна. Маркетингийн мэргэжилтний орон тоо байхгүй болсон учир **дарга өрөөндөө дуудаж ирээд түр хугацаанд туршилтын гэрээ байгуулж ажиллахаар тохирсон гэж өөрөө хэллээ, тайлбарлалаа. Энэ байдлаа хэлж тайлбарлаад албан тушаалд шилжүүлэн буюу түр хугацаагаар дэвшүүлэн томилсон нь ямар ч хууран мэхэлсэн, залилсан зүйл байхгүй гэдэг нь тодорхой харагддаг. Үүнийг тодруулах юм бол 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20 дугаар тогтоолоор тухайн үед маркетингийн хэлтэс гэж байж байгаад энэ тогтоолоор маркетинг хэвлэл мэдээллийн хэлтэс болгож маркетингийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдсэн. Энэ асуудлыг компани дотооддоо бүх нэгж, газрын удирдлагуудаас санал авч бий болгодог. Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн, тэмдэглэлээ үндэслэж, ТУЗ-д танилцуулаад өөрчлөлт оруулсан. Энэ тогтоолтой холбоотой 2022 оны 12 сарын 26-ны өдрийн А/291 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар маркетингийн хэвлэл мэдээллийн хэлтсийг 4 ажилтантай байсныг 5 болгож, тухайн хэлтсийн орон тоог баталсан. Ингэхдээ нэг хэлтсийн дарга, 1 ахлах мэргэжилтэн, 1 хэвлэлийн мэргэжилтэн, 2 дизайнер гэж орон тоо нэмэгдсэн боловч маркетингийн мэргэжилтэн гэдэг орон тоо байхгүй болсон. Энэ нь мэргэжилтэн гэдэг орон тоо байхгүй болж энэ нь ахлах мэргэжилтэн гэдэг албан тушаал шинээр бий болсныг илэрхийлнэ. Энэ тушаал гарч тэр дор нь **шилжүүлэн томилоогүй. Энэ тухай мэдэгдсэний үндсэн дээр  02 сарын 01-ний өдөр шилжүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд **өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Эхнээсээ холбогдох хууль, дотоод хэм хэмжээний дагуу шилжүүлэн томилсон. Ахлах мэргэжилтэн авахын тулд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарладаг журам үйлчилдэг. Энэ журмын хүрээнд дараагийн ажилтныг авах хүртэл ахлах мэргэжилтний хэрэгцээ шаардлага байна гэдэг үүднээс бизнес хөгжлийн газар маркетингийн хэвлэл мэдээллийн хэлтэс дотооддоо ярилцаж **мэргэжилтнээр ажиллаж байсан хүн ахлах мэргэжилтний ажлыг гүйцэтгэх боломжтой гэдэг үүднээс түр томилно гэдгээ мэдэгдээд, түр томилж, туршилтын хугацааны гэрээ байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу ажилтныг шинээр авахад туршилтын 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Энэ нь 2022 оны 11 дүгээр сард баталсан дотоод журмын хүрээнд туршилтын хугацаагаар томилсон.  Мөн энэ хугацааг нэг удаа сунгах боломжтой нийт хугацаа 6 сараас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 7.2-д ажлын гүйцэтгэлийн тайлан болон бусад зан байдлын хувьд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргаж, ажлаас хугацааны өмнө чөлөөлөх боломжтой гэж зохицуулсан байдаг. Хэрэв хууран мэхэлж албан тушаалд томилсон бол тухайн албан тушаалд томилсны маргааш, гэрээ байгуулсны маргааш 02 дугаар сарын 20-ны дотор ч гэдэг ч юм уу богино хугацаанд 1 сар хүрэхгүй хугацаанд 02 дугаар сараас өмнө **ажлаас чөлөөлөх бүрэн боломж компанид байсан. Гэхдээ Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд 2 сарын хугацааг дуусгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууран мэхэлсэн гэх үндэслэл байхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр дээр тусгаж, дүгнэлт хэлсэн байдаг. Харамсалтай нь Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Энэ нь  хэргийн материалаар тогтоогддог. 2 сарын туршилтын хугацааны процесс бол 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр **ажилд авсан үед бас л мөрдөгдсөн. Тэгээд 09 дүгээр сард жинхлэн томилсон. 07 дугаар сарын  01-ний өдрийн Б/392 дугаартай тушаал, 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/530 дугаартай тушаалаар тогтоогдоно. Туршилтын 2 сарын хугацааг бүх ажилтан, албан тушаалтанд ялгаварлахгүйгээр хэрэглэдэг. Хууль болон дотоод хэм хэмжээгээ баримталж аливаа шийдвэрүүдийг гаргадаг. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн хуульд нийцүүлж компани Хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 11 дүгээр сард баталсан. Энэ журмыг батлахдаа компани дотооддоо 3-4 нэгжийн саналыг авч, мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авсан. Өнөөдрийг хүртэл мөрдөж ажиллаж байгаа. Хуулийн агуулгатай нийцсэн ажлын байран дахь  ялгаварлан гадуурхалт, аливаа хэлбэрийн дарамт, бэлгийн дарамтыг үл тэвчих гэх зэрэг агуулгыг суулгаж өгсөн. Хуульд нийцсэн гэдгийг Төлөөлөн удирдах зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, **монгол төрийн өмчит бодлого зохицуулалтын газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох мэргэжилтэн, ажилтнууд татаж авч үзсэн. Хуульд нийсэн байна гэдэг хариу өгч байсан гэдгийг хэлмээр байна. **ажлаас чөлөөлснөөс хойш 2023 оны 04 дүгээр сард нэлээдгүй олон хүн сахилгын зөрчил гаргасан. Ажлаас чөлөөлсөн. Эдгээр хүмүүс нийлж ажилгүй болсон учраас Шүгэл үлээгч хуулийн зохицуулалтай холбож тайлбарладаг. Хэнийг ч ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн зүйл бол байхгүй. Тухайлбал **хувьд туршилтын хугацаанд холбогдох нэгжийн удирдлага тайланг нь үнэлж  ажлаас чөлөөлсөн нь хууль, журамд нийцсэн. Иймээс ажилд эгүүлэн томилж, цалин хөлсийг олгох боломжгүй.  Цалин хөлс гээд сүүлд нэмэгдүүлсэн шаардлага дээр 41 сая орчим төгрөг нэмж гаргасан. Цалин гээд нэг дүн тавиад нэхэмжлээд байна. Гэвч тухайн цалингийн 1 сарын болон сүүлд авч байсан 3 сарын цалингийн дундаж болон тооцоолол хүснэгт аргачлал  байх ёстой. Энийг өөрөө гаргаж өгдөггүй. Тэгэхээр энэ тооцооллыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. 17 сарын буюу 41,018,110 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага аль алийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхээс хэргийг холбогдох нотлох баримтад үндэслэж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна...” гэв.

 

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ** нь “**” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 41,018,110 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн ба талуудын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ХГ/23/28 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулжээ.

 

Нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... маркетингийн хэлтсийн маркетингийн мэргэжилтэн, маркетинг хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн нь гүйцэтгэх ажил үүрэг адилхан тул туршилтын гэрээ байгуулах шаардлагагүй гэж, мөн намайг ахлах мэргэжилтний ажилд томилохдоо “өөр ажил өгнө түр зуур энэ ажил албан тушаал дээр ажиллаж бай” гэж хуурч надад итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдөлд оруулж 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Намайг маркетингийн ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай томилохдоо байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ХГ23/28 дугаартай гэрээг анхнаасаа хугацаатай гэрээний хугацаа дуусмагц гэрээг цуцална гэсэн үндэслэлээр байгуулсан, цаашид хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үргэлжлүүлэх санаа зорилго байгаагүй, дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь намайг ажил үүргээ хангалттай ямар ч алдаа дутагдалгүй биелүүлж байхад гэрээг сунгах эсхүл өөр ажил, албан тушаалд томилохгүйгээр шууд цуцалж байгаа байдлаар нотлогдон тогтоогдож байгаа тул гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бүрэн үндэслэлтэй гэж тодорхойлно.

 

Хариуцагч “**” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маркетингийн хэлтсийн маркетингийн мэргэжилтэн, маркетинг, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэх ажил үүрэг өөр тул туршилтын гэрээ байгуулах шаардлагатай гэж үзэж **ыг 2023 оны 02 сарын 01-ний өдөр шилжүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд **өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Эхнээсээ холбогдох хууль, дотоод хэм хэмжээний дагуу шилжүүлэн томилсон. Ахлах мэргэжилтэн авахын тулд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарладаг журам үйлчилдэг. Энэ журмын хүрээнд дараагийн ажилтныг авах хүртэл ахлах мэргэжилтний хэрэгцээ шаардлага байна гэдэг үүднээс бизнес хөгжлийн газар маркетингийн хэвлэл мэдээллийн хэлтэс дотооддоо ярилцаж **мэргэжилтнээр ажиллаж байсан хүн ахлах мэргэжилтний ажлыг гүйцэтгэх боломжтой гэдэг үүднээс түр томилно гэдгээ мэдэгдээд, түр томилж, туршилтын хугацааны гэрээ байгуулсан. 2 сарын туршилтын хугацаанд ажил мэргэжлээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж холбогдох нэгж болон газрын даргын үнэлгээ, сонсох ажиллагааны тэмдэглэлд үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж маргана.

 

Зохигчийн тайлбараас үзэхэд **ыг ахлах мэргэжилтний албан тушаалд түр хугацаагаар томилсон гэдэгт маргахгүй байгаа гэж үзэхээр байна. Мөн гомдол гаргах хугацааны хувьд маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ** нь “**” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/392 дугаартай тушаалаар Маркетингийн хэлтсийн маркетингийн мэргэжилтнээр туршилтын 2 сарын хугацаатай томилогдож, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/530 дугаартай тушаалаар жинхлэн ажиллуулахаар томилжээ. /хх-ийн 83-84/

“**” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Компанийн орон тооны дээд хязгаарыг 765 байхаар тогтоож, зохион байгуулалтын бүтцийг баталж, батлагдсан зохион байгуулалтын бүтцийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгажээ. /хх-ийн 86-87/

 

Үүний дагуу гүйцэтгэх захирал 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/291 дугаартай тушаал гаргаж, Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан ба нэхэмжлэгч **ын ажиллаж байсан Маркетингийн хэлтсийг Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтэс болгон орон тоог 5 байхаар тогтоожээ.

 

Улмаар “**” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болон ажилтан ** нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ХГ-23/128 дугаартай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

 

“**” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 78.1.9, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн дүрмийн 8.1, 8.9.8, 8.9.9, 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-ийг үндэслэн **ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 96/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хөдөлмөрийг гэрээг дор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заасан.

50.1.1-д дагалдангаар,

50.1.2-т туршилтын хугацаагаар,

50.1.3-т улирлын шинжтэй ажил гүйцэтгэх,

50.1.4-т түр ажиллах ажлын байранд ажиллуулах,

50.1.6-д санхүүжилт хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой хугацаагаар хязгаарлагдан ажил гүйцэтгэх гэж тус тус заасан.

 

Маркетинг хэвлэл, мэдээллийн ахлах мэргэжилтэн байнгын ажлын байр болох нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/291 дугаартай “**” ТӨХК-ийн захирлын тушаал, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/169 дугаартай ажилд томилох тушаал, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу туршилтын хугацаагаар байгуулагдсаныг зөвтгөх үндэслэлгүй  гэж шүүх дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тэнцэх эсэхийг шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж хуульчилжээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 150/ШЗ2024/00610 дугаартай захирамжаар маркетингийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, мөрдүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд ирүүлээгүй.

 

Маркетингийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтний хэрэгжүүлж байгаа чиг үүрэг өөр гэж маргаж байгаа хариуцагчийн тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж шүүх дүгнэв.

 

Ажилтны хэрэгжүүлж байгаа чиг үүрэг өөр тохиолдолд ажилтан тухайн ажилд тэнцэх эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор хуульчилсан. Харин ажилтны хэрэгжүүлэх чиг үүрэг адилхан тохиолдолд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлгүй юм.  

 

Мөн нэхэмжлэгч ажилд туршилтаар ажиллуулах гэрээ бол дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж тайлбар гаргаж байгааг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Ажилтан сонгон шалгаруулах журамд заасны дагуу ажилтныг авах хүртэл ахлах мэргэжилтний хэрэгцээ шаардлага байна гэдэг үүднээс бизнес хөгжлийн газар маркетингийн хэвлэл мэдээллийн хэлтэс дотооддоо ярилцаж **мэргэжилтнээр ажиллаж байсан хүн ахлах мэргэжилтний ажлыг гүйцэтгэх боломжтой гэдэг үүднээс түр томилно гэдгээ мэдэгдээд, түр томилж, туршилтын хугацааны гэрээ байгуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа ба Ж.**нь “…тухайн ажилд намайг тэнцэх эсэхийг шалгах хүсэл, зориг байгаагүй, гэрээний хугацаа дуусахаар ажлаас халах зорилготой…” дүр үзүүлж хийсэн хэлцэл гэх  нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

 Түүнчлэн ажил олгогчийн төлөөлөгч Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2-т туршилтын хугацааны ажлын тайлангаар ажилтныг мэргэжлийн ур чадвар, хувийн зан байдал тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж үнэлэгдсэн бол ажил олгогч туршилтын хугацааг хэдийд ч зогсоож гэрээг хугацаанаас өмнө цуцлах буюу дуусгавар болгох эрхтэй гэж заасны дагуу ажилтны тайланг үнэлж, ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа.

 

Хавтаст хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр болон 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2 өөр үнэлгээ бүхий тайлан авагдсан.

 

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлсийн 2023 оны 1-р улирлын тайланг хэлэлцэж,  маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заагдсан 24 төрлийн ажилд удирдлагын баталгаажуулсан үнэлгээ 80-100 хувийн үнэлгээгээр үнэлэгдсэн байна.

 

Ажил олгогч маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заагдсан ажлыг  хийж дуусгах хугацаа болоогүй байхад буюу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажлын гүйцэтгэлийг дүгнэж, ажилтныг ажлаас халж байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч **ыг “**” ХХК-ийн Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул үр дагаврыг мөн шийдвэрлэх нь зүйтэй.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн ажилласан нийт цалин 6,845,314 төгрөг байна.

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг тооцохдоо 6,845,314 төгрөгийг 3 сарын хугацаанд ажилласан нийт 65 хоногт хуваахад нэг өдрийн цалин 105,312 төгрөг болох ба нийт 380 ажлын өдөр ажилгүй байсан нь тогтоогдож байна.

 

Иймд **ын ажилгүй байсан хугацааны олговорт 40,018,560 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж дүгнэн хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “**” ХХК-иас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 40,018,560 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 358,042 төгрөг, нийт 428,242 төгрөгийг гаруулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч **ыг “**” ХХК-ийн Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 40,018,560 төгрөгийг “**” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч **т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмаар төлөхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “**” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 428,242 төгрөгийг гаруулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.АЛГИРМАА