Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0475

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨАТҮГ /РД:*******/                                                                                                

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******

Хариуцагч: Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч ******* нарын хоорондын “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” акт болон “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай” актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* /цахимаар/ нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нэхэмжлэгч “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨАТҮГ-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч ******* нарт холбогдуулан “Улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  07/00-02/004-03 дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт”, нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай акт”-ыг тус тус илт хууль бус захиргааны актууд болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монголын нислэгийн удирдагчдын холбооноос 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 006/024 дугаартай “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгээр[1] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд *******д хандан “... Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.28-д “Ээлжийн ажилтнуудын шөнийн нэг цагийн нэмэгдэл хөлсийг хэвийн нөхцөлд ажиллагсдад 1000, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад 2000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож болно” гэж заасан нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцээгүй, хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээг дордуулсан, ажилтны эрхийг дордуулсан зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 12.3-д заасны дагуу тус заалт нь хүчин төгөлдөр бус юм ... энэ зөрчлийг арилгуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн актаар хамтын гэрээний дагуу 1.3 дахин нэмэгдүүлэн нөхөн олгуулах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн болон хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлт, хэрэгжилтэд хяналт шалгалт хийлгэх шаардлагатай байна ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

2.2. Тус гомдлын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13-07/03 дугаартай “Хяналт шалгалтын удирдамж”-ийг[2] баталж, тус удирдамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч ******* нар Иргэний нисэхийн ерөнхий газарт хяналт шалгалт явуулж, маргаан бүхий актуудыг тогтоожээ.

2.3. Улсын ахлах байцаагч *******ын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  07/00-02/004-03 дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт”-аар 2022 оноос 2023 онд ээлжийн хуваарийн дагуу шөнийн ээлжид ажилласан ажилтнуудын шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4,487,005,072 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн олгохыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нарт хариуцуулж шийдвэрлэсэн.[3]

2.4. Мөн нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч *******ын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаартай "Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай" актаар "...Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2022 оны 1-12, 2023 оны 1-12 дугаар саруудад шөнийн цагаар ажилласан нэр бүхий ажилтнуудад нөхөн олгох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун наян долоон сая таван мянга далан хоёр) төгрөгийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл 24 хувиар тооцож 1,076,881,217.47 (нэг тэрбум далан зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун арван долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, дутуу төлсөн хоног тутамд 0.1 хувиар тооцож 32,306,436.52 (гучин хоёр сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн алданги, нийт 1,109,187,653.99 (нэг тэрбум нэг зуун есөн сая нэг зуун наян долоон мянга зургаан зуун тавин гурван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэлийн орлогын дансанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор нөхөн төлөхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нарт хариуцуулж шийдвэрлэжээ.[4]

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс “... Дээрх захиргааны актууд нь дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.4, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.  

2.6. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Монголын нислэгийн удирдагчдын холбоо гэдэг төрийн бус байгууллагаас манай яаман дээр гомдол ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8  дахь заалтыг ажил олгогч зөрчөөд байна, бидэнд шөнийн цагийн нэмэгдэл цалин хөлсийг олгож өгөөч гэж гомдол гаргасны дагуу Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Салбарын хяналтын Улсын ахлах байцаагч *******, мөн хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч ******* миний бие тус Иргэний нисэхийн газарт хяналт шалгалт хийгээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-д заасны дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй байна, хамтын хэлэлцээрт заасны дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй байна гэдэг байдлаар дотоод журам нь хуулийг дордуулсан заалт байна гэж үзээд дээрх мөнгөн дүн бүхий актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэлээр бол тавьсан. Илт хууль бус захиргааны актын хувьд тухайн байгууллагын нягтлан бодогч, эрх албан тушаалтнуудыг байлцуулж сонсох ажиллагааны хувьд сонсох ажиллагаа явуулахгүй байх үндэслэлтэй болохыг шүүхэд өгсөн тайлбартаа тодорхой бичсэн …” гэх зэрэг агуулгаар тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч *******ын актаар 2022 оноос 2023 онд ээлжийн хуваарийн дагуу шөнийн ээлжид ажилласан ажилтнуудын шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс  4,487,005,072 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн олгохыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нарт хариуцуулж шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасны дагуу тухайн захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Дараах үндэслэлүүдээр ******* байцаагчийн захиргааны актыг эс зөвшөөрч байна.

Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаартай "Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай" актаар "...Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2022 оны 1-12, 2023 оны 1-12 дугаар саруудад шөнийн цагаар ажилласан нэр бүхий ажилтнуудад нөхөн олгох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун наян долоон сая таван мянга далан хоёр) төгрөгийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл 24 хувиар тооцож 1,076,881,217.47 (нэг тэрбум далан зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун арван долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, дутуу төлсөн хоног тутамд 0.1 хувиар тооцож 32,306,436.52 (гучин хоёр сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн алданги, нийт 1,109,187,653.99 (нэг тэрбум нэг зуун есөн сая нэг зуун наян долоон мянга зургаан зуун тавин гурван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэлийн орлогын дансанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор нөхөн төлөхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нарт хариуцуулж тус тус шийдвэрлэсэн байна.

Дээрх захиргааны актууд нь дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх тухайд: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь хэсэгт "Хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ гэж тодорхойлсон. Энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар мөн хуулийн 154 дүгээр зүйлд Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах талаар тусгасан бөгөөд 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн, нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2 дахь заалтад энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор комисст хандаж шийдвэрлүүлэхээр тус тус хуульчилсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт "Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэх явцад ..." гэж зааснаас үзэхэд хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан шийдвэрлэх зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой байхад хариуцагч улсын ахлах байцаагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхгүй байгаа нь баримтаар нотлогдсон гэж үзэн Улсын ахлах байцаагчийн акт тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэггүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус захиргааны акт байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т заасан захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэх тухайд: Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг гэж заасан. Иргэний нисэхийн үндэсний төвийн жил бүрийн орлого, зарлагын төлөвлөгөөг Төсвийн тухай хуульд заасныг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталдаг бөгөөд үүндээ цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын дүнг зааж өгсөн байдаг. Маргаан бүхий тохиолдолд улсын байцаагчийн актын үр дагавар болох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн хамт нийт 1,109,187,653.99 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нарт хариуцуулж шийдвэрлэсэн нь захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус бөгөөд буруу байна. Учир нь Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилтны цалин хөлсийг Иргэний нисэхийн ерөнхий газар олгодоггүй болно.

3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зүйлд Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа, мөн хуулийн 37.1.1-д “үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ” гэж хуульчилсан байна. Энэхүү заалтын хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.6-д "Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин нэмэгдүүлж олгоно" гэж заасан. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийн 4.3-т “Ээлжид ажилладаг ажилтны шөнө ажилласан нэг цагийн нэмэгдлийг олгохдоо түүний дундаж цалин хөлсийг 1,3 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.” гэж заасан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Хамтын хэлэлцээрээр дараах харилцааг зохицуулна, 34.1.2-т "салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал" гэж заасантай зөрчилдөж байгаа ба энэ талаар Хамтын хэлэлцээрийн талууд болон Хамтын гэрээний талууд одоог болтол маргаагүй, хөдөлмөрийн эрхийн болон хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсээгүй, уг асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж, Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх асуудал байхад Хамтын гэрээгээр нарийвчлан зохицуулсан харилцааг үгүйсгэж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, улсын байцаагчийн акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж захиргааны акт гаргасан нь илт хууль бус захиргааны акт байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх тухайд: Зам, тээврийн хөгжлийн яаманд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан "Хамтын хэлэлцээрийн дагуу талуудтай хийсэн уулзалт"-аар үүсээд байгаа дээрх нөхцөл байдлыг арилгаж, шөнийн цагийн нэмэгдлийг 2000, 4000 төгрөг болгон нэг дахин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тохиролцоонд хүрсэн ба хамтын гэрээ, хэлэлцээрт тусгахаар ажиллаж байгаа, мөн шөнийн цагийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай салбарын хэмжээнд маргаан байхгүй, харилцан тохиролцсон асуудал тул улсын байцаагчийн актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй юм. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг гэж, 4.1.10 дахь хэсэгт "төсвийн зарлага" гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг гэж тус тус заасан. Маргаан бүхий захиргааны актуудаар үүрэг болгосон 4,487,005,072.0 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл алдангийн хамт 1,109,187,653.99 төгрөгийг бодит нөхцөл байдалд биелүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дүнд батлагдсан тохиолдолд бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байхад 2024.05.01-ний дотор Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ажилтны нэмэгдэл хөлсийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар төлж, барагдуулах хуулийн болоод эдийн засгийн ямар ч боломжгүй байгаа нь захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасан тооцооны алдаа гаргаснаас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг Иргэний нисэхийн үндэсний төв дутуу төлөөгүй болно. Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******ын гаргасан 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-02/004-03 дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” акт, мөн Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч *******ын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаар "Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай” актыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үүссэн нөхцөл байдлын тухайд 2019 оноос 2021 оны Иргэний нисэхийн ерөнхий газрын салбарт хэрэгжих хамтын хэлэлцээр гэж байсан. Энэ хамтын хэлэлцээр дээр шөнийн цагаар ажилласан ажилтнууд тухайн үед Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаагүй шөнийн цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой харилцааг зохицуулж шөнөөр ажилласан ажилтанд 800,000 төгрөг олгоно гэсэн зохицуулалт байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд байгууллагын зүгээс хөдөлмөрийн дотоод журмаа шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Өмнө нь хамтын хэлэлцээр дээр дүн заачихсан байсан учраас хөдөлмөрийн дотоод журамдаа тухайн үеийн хэлэлцээрийн дүн 800,000 төгрөгийг арай сайжруулаад 1000, 2000 гэсэн дүнгээр оруулаад шинээр ажилласан ажилтан нөхөн амарсан эсэхээс үл хамаараад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоё гэдэг асуудлыг дотоод журмаараа шийдвэрлээд энэ нь хэрэгжээд өнөөдрийг хүрч байна.  Цаг хугацааны дарааллын хувьд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор хөдөлмөрийн дотоод журам нь түрүүлж батлагдаад, араас нь хамтын гэрээ нь батлагдаад,  араас нь хамтын хэлэлцээр батлагдаад цаг хугацааны дарааллын хувьд урвуу хамааралтайгаар үргэлжлээд явчихсан учраас хамгийн сүүлд батлагдсан хөдөлмөрийн хамтын хэлэлцээр буюу салбар дундын хэлэлцээрийг тухайн үед заалтыг хамтын гэрээ гэдэг юм уу, хөдөлмөрийн дотоод журамдаа шингээж шинэчилж тусгаагүйгээр хамтын хэлэлцээрийг Улсын байцаагчийн буруутгаад байгаа заалт хэрэгжээгүй өнөөдрийг хүрчихсэн юм. Энэ асуудал одоо хэрэгжихгүй байгаатай холбоотойгоор хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн ажилтнаас одоогийн байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу 90 хоногийн хугацааны дотор хөдөлмөрийн эрхийн маргааны талаар гомдол гаргаж байгаагүй. Өнөөдөр үүсээд байгаа асуудал харьяаллын хувьд иргэний хэргийн шүүхийн маргаан, ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн этгээд түүнийг мэдсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор Маргаан таслах комисс, сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо, иргэний шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх зохицуулалттай харилцаа юм. Гэтэл одоо Улсын байцаагч дундуур нь орж ирээд нөхөн олговрыг олгоогүй нь буруу гэж үзээд акт тавьсан нь захиргааны илт хууль бус актын шинжийг агуулж байна. Эрх олгогдоогүй буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан учраас илт хууль бус актын шинжийг агуулж байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Нэг зүйл тодруулаад хэлэхэд яагаад өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл дээр хамтын гэрээгээр зохицуулах харилцааг зохицуулсан. Үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ, харин салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөрийн зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал гэж тусгасан. Гэрээгээр нарийвчлан цалин хөлсний нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах байтал хэлэлцээр дээр нэг дүн, хувь тавьчихсан учраас магадгүй хэрэгжихгүй байх нөхцөл нь эдийн засгийн болон энэ хуулийн зөрчилтэй холбоотойгоор хэрэгжихгүй өнөөдрийг хүрчихсэн. Хөдөлмөрийн буюу иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэдгийг нэмж тайлбарлая.” гэжээ.

3.3. Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Монголын нислэгийн удирдагчдын холбоо гэдэг төрийн бус байгууллагаас манай яаман дээр гомдол ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8  дахь заалтыг ажил олгогч зөрчөөд байна, бидэнд шөнийн цагийн нэмэгдэл цалин хөлсийг олгож өгөөч гэж гомдол гаргасны дагуу Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Салбарын хяналтын Улсын ахлах байцаагч *******, мөн хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч ******* миний бие тус Иргэний нисэхийн газарт хяналт шалгалт хийгээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-д заасны дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй байна, хамтын хэлэлцээрт заасны дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй байна гэдэг байдлаар дотоод журам нь хуулийг дордуулсан заалт байна гэж үзээд дээрх мөнгөн дүн бүхий актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэлээр бол тавьсан. Илт хууль бус захиргааны актын хувьд тухайн байгууллагын нягтлан бодогч, эрх албан тушаалтнуудыг байлцуулж сонсох ажиллагааны хувьд сонсох ажиллагаа явуулахгүй байх үндэслэлтэй болохыг шүүхэд өгсөн тайлбартаа тодорхой бичсэн. Миний хувьд өглөө шүүх хуралтай гэж өглөө ярьсан учраас процессын хувьд ярихад бэлтгэл муутай байна. Гэхдээ Монголын нислэгийн удирдагчдын холбоо ТББ мөн Үйлдвэрчний холбоодоос нь шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг хуулийн дагуу олгохгүй байгаа талаар удаа дараа ажил олгогчдоо өгсөн баримт мөн хүсэлтүүд хэрэгт авч хавсаргачихсан байх ёстой. Мөн гуравдагч этгээдээр Эрсдэлийн удирдагчдын холбооны үйлдвэрчний эвлэлийн холбооноос бид ажил олгогч нартаа удаа дараа хуулийн дагуу шөнийн цагийг нь нэмэгдүүлсэн учраас нэг цагийг 1,2 дахин нэмэгдүүлж авах хүсэлтэй байна гэж хандахад бидэнд боломжгүй гэдэг байдлаар тайлбаруудыг өгсөн байдаг.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуульд заасны дагуу Нисэхийн удирдагчдын холбоо гэдэг байгууллага бидний эрх зөрчигдөөд байна гэж гомдол гаргасан нь хавтаст хэрэгт хавсаргачихсан байх. Гомдлын дагуу бид Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажиллагсдад хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзээд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэлээр ******* бид 2 акт тогтоосон байдаг. Түүнээс биш илт хууль бусаар юм уу, ямар ч хамааралгүй сайн дураараа Иргэний нисэхийн ерөнхий газарт очоод хяналт шалгалт хийсэн зүйл байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨАТҮГ-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  07/00-02/004-03 дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон үндэслэлийн тухайд:

1.1. Маргаж буй улсын ахлах байцаагч *******ын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  07/00-02/004-03 дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт”-аар 2022 оноос 2023 онд ээлжийн хуваарийн дагуу шөнийн ээлжид ажилласан ажилтнуудын шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4,487,005,072 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн олгохыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нарт хариуцуулж шийдвэрлэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн зүгээс уг актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж буй үндэслэлээ тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлүүдийг дурдаж маргасан. Тодруулахад:

1.3. Нэхэмжлэгчээс “... Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь хэсэгт "Хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ гэж тодорхойлсон. Энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар мөн хуулийн 154 дүгээр зүйлд Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах талаар тусгасан бөгөөд 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн, нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2 дахь заалтад энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор комисст хандаж шийдвэрлүүлэхээр тус тус хуульчилсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт "Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэх явцад ..." гэж зааснаас үзэхэд хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан шийдвэрлэх зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой байхад хариуцагч улсын ахлах байцаагч акт тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бус” гэж,

1.4. “Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг гэж заасан. Иргэний нисэхийн үндэсний төвийн жил бүрийн орлого, зарлагын төлөвлөгөөг Төсвийн тухай хуульд заасныг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталдаг бөгөөд үүндээ цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын дүнг зааж өгсөн байдаг. Маргаан бүхий тохиолдолд улсын байцаагчийн актын үр дагавар болох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн хамт нийт 1,109,187,653.99 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нарт хариуцуулж шийдвэрлэсэн нь захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4-т зааснаар илт хууль бус” гэж,

1.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа, мөн хуулийн 37.1.1-д “үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ” гэж хуульчилсан байна. Энэхүү заалтын хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.6-д "Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин нэмэгдүүлж олгоно" гэж заасан. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийн 4.3-т “Ээлжид ажилладаг ажилтны шөнө ажилласан нэг цагийн нэмэгдлийг олгохдоо түүний дундаж цалин хөлсийг 1,3 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.” гэж заасан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Хамтын хэлэлцээрээр дараах харилцааг зохицуулна, 34.1.2-т "салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал" гэж заасантай зөрчилдөж байгаа ба энэ талаар Хамтын хэлэлцээрийн талууд болон Хамтын гэрээний талууд одоог болтол маргаагүй, хөдөлмөрийн эрхийн болон хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсээгүй, уг асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж, Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх асуудал байхад Хамтын гэрээгээр нарийвчлан зохицуулсан харилцааг үгүйсгэж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, улсын байцаагчийн акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж захиргааны акт гаргасан нь илт хууль бус” гэж,

1.6. Зам, тээврийн хөгжлийн яаманд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан "Хамтын хэлэлцээрийн дагуу талуудтай хийсэн уулзалт"-аар үүсээд байгаа дээрх нөхцөл байдлыг арилгаж, шөнийн цагийн нэмэгдлийг 2000, 4000 төгрөг болгон нэг дахин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тохиролцоонд хүрсэн ба хамтын гэрээ, хэлэлцээрт тусгахаар ажиллаж байгаа, мөн шөнийн цагийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай салбарын хэмжээнд маргаан байхгүй, харилцан тохиролцсон асуудал тул улсын байцаагчийн актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй юм. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг гэж, 4.1.10 дахь хэсэгт "төсвийн зарлага" гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг гэж тус тус заасан. Маргаан бүхий захиргааны актуудаар үүрэг болгосон 4,487,005,072.0 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл алдангийн хамт 1,109,187,653.99 төгрөгийг бодит нөхцөл байдалд биелүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дүнд батлагдсан тохиолдолд бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байхад 2024.05.01-ний дотор Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ажилтны нэмэгдэл хөлсийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар төлж, барагдуулах хуулийн болоод эдийн засгийн ямар ч боломжгүй байгаа нь захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт” гэж тус тус тайлбарлажээ.

1.7. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус гэж маргаж байх тул шүүх эдгээр үндэслэлүүдэд тухайлсан эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэнэ.

1.8. Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлийг хүлээн авсан болно. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлахад:

1.9. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалтад "хөдөлмөрийн эрхийн маргаан" гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;” гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно.” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт "Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэх явцад ..." гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:” гээд, 154.2.2 дахь заалтад “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж, 154.10 дахь хэсэгт “Хамтын гэрээ, салбар, салбар дундын болон улсын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг энэ хуульд заасан хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар шийдвэрлэнэ.” гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:” гээд, мөн хэсгийн 158.1.3 дахь заалтад “хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдол;” гэж тус тус заажээ.

1.10. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах системчилсэн аргын хүрээнд авч үзвэл, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох бөгөөд үүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ эхлээд хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх, улмаар тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байгаа тухайн ажилтан өөрөө иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр хуульчилжээ.

1.11. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, анх Монголын нислэгийн удирдагчдын холбооноос 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 006/024 дугаартай “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд *******д хандан “... Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.28-д “Ээлжийн ажилтнуудын шөнийн нэг цагийн нэмэгдэл хөлсийг хэвийн нөхцөлд ажиллагсдад 1000, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад 2000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож болно” гэж заасан нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцээгүй, хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээг дордуулсан, ажилтны эрхийг дордуулсан зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 12.3-д заасны дагуу тус заалт нь хүчин төгөлдөр бус юм ... энэ зөрчлийг арилгуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн актаар хамтын гэрээний дагуу 1.3 дахин нэмэгдүүлэн нөхөн олгуулах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн болон хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлт, хэрэгжилтэд хяналт шалгалт хийлгэх шаардлагатай байна ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

1.12. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13-07/03 дугаартай “Хяналт шалгалтын удирдамж”-ийг баталж, тус удирдамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч ******* нар Иргэний нисэхийн ерөнхий газарт хяналт шалгалт явуулж, маргаан бүхий актуудыг тогтоосон байна.

1.13. Монголын нислэгийн удирдагчдын холбооноос “... Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.28-д “Ээлжийн ажилтнуудын шөнийн нэг цагийн нэмэгдэл хөлсийг хэвийн нөхцөлд ажиллагсдад 1000, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад 2000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож болно” гэж заасан нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцээгүй, хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээг дордуулсан, ажилтны эрхийг дордуулсан зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 12.3-д заасны дагуу тус заалт нь хүчин төгөлдөр бус ...” гэх агуулгаар гомдол гаргасан нь хууль зүйн агуулгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудаар зохицуулагдах буюу эхлээд хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулах журмаар, дараа нь иргэний хэргийн шүүхэд шийдвэрлүүлэх учиртай маргаан байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******аас маргаж буй акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” үндэслэлд хамаарна гэж шүүх дүгнэлээ.

1.14. Харин нэхэмжлэгчийн тайлбарласан 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалт буюу “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэх үндэслэл энэ тохиолдолд хамаарахгүй гэж үзнэ. Учир нь:

1.15. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, 42.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж заасан байдаг бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтийн талаар хяналт шалгалт хийх чиг үүрэггүй гэж шууд үзэх боломжгүй ба харин тухайн улсын ахлах байцаагч нь ямар тохиолдолд албан шаардлага, эсхүл дүгнэлт, эсхүл акт гаргах эсэхээ сонгох боломжтой. Тодруулахад:

1.16. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт “Улсын байцаагч нь ... албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, 10.9 дэх хэсэгт “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 10.9.8 дахь заалтад “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;”, 10.12 дахь хэсэгт “... улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 10.12.2 дахь заалтад “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;” гэж тус тус зохицуулснаас үзвэл улсын ахлах байцаагч нь тухайн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтад заасныг хэрэглэж албан шаардлага гаргах уу, эсхүл мөн зүйлийн 10.12.2 дахь заалтад заасныг хэрэглэж акт тавих уу гэдгээ сонгох боломжтой.

1.17. Гэхдээ ийнхүү сонгох боломжоо хэрэгжүүлэхдээ өөрийн дур зоргоор хэрэгжүүлэхгүй, харин хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэх зарчимтай.

1.18. Энэ тохиолдолд хариуцагч улсын ахлах байцаагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтыг үндэслэсэн нь хяналт шалгалтын үндсэн зорилгодоо нийцээгүй буюу Монголын нислэгийн удирдагчдын холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар маргаж байхад энэ талаарх маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх боломжийг заасан албан шаардлага хүргүүлэх, эсхүл дүгнэлт гаргах боломжтой байхад төлбөр тогтоосон акт гаргасан нь буруу байна.

1.19. Гэвч дээрх үндэслэл нь захиргааны акт илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй /харин хууль бус байх үндэслэлд хамаарна/ бөгөөд шүүх энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.13-т маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзсэнийг дахин тэмдэглэж байна.

1.20. Шүүх нэхэмжлэгчийн дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэх үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авсан.

1.21. Учир нь, захиргааны эрх зүйн онолд “захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдгийг объектив шалтгаан нөхцөлийн улмаас буюу техникийн, хууль зүйн, санхүү-эдийн засгийн тодорхой шалтгааны улмаас /захиргааны актын хаяглагдсан этгээдээс үл хамаарах/ тухайн захиргааны актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй байхыг ойлгодог.

1.22. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдаж буй, “... Маргаан бүхий захиргааны актаар үүрэг болгосон 4,487,005,072.0 төгрөгийг бодит нөхцөл байдалд биелүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дүнд батлагдсан тохиолдолд бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байхад 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ажилтны нэмэгдэл хөлсийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар төлж, барагдуулахаар тогтоосон нь хуулийн болоод эдийн засгийн ямар ч боломжгүй ...” гэх тайлбар үндэслэлтэй.

1.23. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд[5] тус байгууллагын тухайн оны орлого, зарлагын төсвийг Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дүнд зарцуулдаг байх тул маргаан бүхий актаар шууд “2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор” гэсэн биелүүлэх боломжгүй үүргийг ногдуулсан нь илт хууль бус байна.

1.24. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. “Нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай акт”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон үндэслэлийн тухайд:

2.1. Маргаж буй нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч *******ын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаартай "Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай" актаар "...Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2022 оны 1-12, 2023 оны 1-12 дугаар саруудад шөнийн цагаар ажилласан нэр бүхий ажилтнуудад нөхөн олгох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун наян долоон сая таван мянга далан хоёр) төгрөгийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл 24 хувиар тооцож 1,076,881,217.47 (нэг тэрбум далан зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун арван долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, дутуу төлсөн хоног тутамд 0.1 хувиар тооцож 32,306,436.52 (гучин хоёр сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн алданги, нийт 1,109,187,653.99 (нэг тэрбум нэг зуун есөн сая нэг зуун наян долоон мянга зургаан зуун тавин гурван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэлийн орлогын дансанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний дотор нөхөн төлөхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нарт хариуцуулж шийдвэрлэжээ

2.2. Нэхэмжлэгчийн зүгээс уг актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж буй үндэслэлээ тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлүүдийг дурдаж маргасан. Тодруулахад:

2.3. Нэхэмжлэгчээс “... Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг гэж заасан. Иргэний нисэхийн үндэсний төвийн жил бүрийн орлого, зарлагын төлөвлөгөөг Төсвийн тухай хуульд заасныг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталдаг бөгөөд үүндээ цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын дүнг зааж өгсөн байдаг. Маргаан бүхий тохиолдолд улсын байцаагчийн актын үр дагавар болох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн хамт нийт 1,109,187,653.99 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нарт хариуцуулж шийдвэрлэсэн нь захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус бөгөөд буруу байна. Учир нь Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилтны цалин хөлсийг Иргэний нисэхийн ерөнхий газар олгодоггүй болно” гэж,

2.4. “... Маргаан бүхий захиргааны актуудаар үүрэг болгосон 4,487,005,072.0 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл алдангийн хамт 1,109,187,653.99 төгрөгийг бодит нөхцөл байдалд биелүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дүнд батлагдсан тохиолдолд бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байхад 2024.05.01-ний дотор Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ажилтны нэмэгдэл хөлсийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар төлж, барагдуулах хуулийн болоод эдийн засгийн ямар ч боломжгүй байгаа нь захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт” гэж маргасан.

2.5. Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлийг хүлээн авч, мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзсэн болно. Үүнийг тодруулбал:

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж заасан.

2.7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа захиргааны байгууллага нь хуулиар өөрт оногдуулсан чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж ажиллах ёстой бөгөөд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргах нь илт хууль бус болох үр дагаврыг агуулна.

2.8. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай акт”-аас[6] харахад түүнийг “Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч” үйлдсэн болох нь илэрхий байна.

2.9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "нийгмийн даатгалын улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.” гэж, 38.10 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын улсын байцаагч дараах эрх эдэлнэ:” гээд, мөн хэсгийн 38.10.1 дэх заалтад “хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг, цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах, төлөхтэй холбогдсон тайлан тэнцэл, санхүүгийн болон бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;”, 38.10.6 дахь заалтад “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнд энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх;” гэж тус тус зохицуулжээ.

2.10. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтыг нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч бус, харин нийгмийн даатгалын улсын байцаагч хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.

2.11. Гэтэл маргаж буй “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай акт”-ыг нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч гаргаж, энэ талаар хяналт шалгалт хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтын дагуу илт хууль бус гэж үзнэ.

2.12. Шүүх нэхэмжлэгчийн дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэх үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авсан.

2.13. Нэхэмжлэгчээс “Маргаан бүхий захиргааны актуудаар үүрэг болгосон 4,487,005,072.0 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл алдангийн хамт 1,109,187,653.99 төгрөгийг бодит нөхцөл байдалд биелүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яамаар дамжуулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төсвийн төслийг хүргүүлэн, улмаар тус яамнаас Монгол Улсын тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дүнд батлагдсан тохиолдолд бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байхад 2024.05.01-ний дотор Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ажилтны нэмэгдэл хөлсийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга , Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар төлж, барагдуулах хуулийн болоод эдийн засгийн ямар ч боломжгүй байгаа нь захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус ...” гэж маргасныг энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.21-1.23-д дурдсан үндэслэлийн нэгэн адил дүгнэж, шүүхээс уг маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны акт гэж үзлээ.

2.14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлын талаар:

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус гэж үзсэн үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг дурдсан.

3.2. Дээрх үндэслэлд шүүх тухайлан дүгнэлт өгөөгүй. Учир нь:

3.3. Нэгдүгээрт, энэхүү шүүхийн шийдвэрээр маргаан бүхий актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасны дагуу илт хууль бус гэж нэгэнт дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангасан, хоёрдугаарт, нэхэмжлэгчээс хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******т холбогдуулан “Шийтгэлээс чөлөөлөх хуудас маягт 5-ыг илт хууль бус захиргааны  акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаар тус шүүхэд 128/2024/0401/З индекстэй захиргааны хэрэг үүссэн байх тул тухайн захиргааны хэргийн хүрээнд энэхүү үндэслэл дүгнэгдэх хууль зүйн боломжтой гэж үзсэн болно.

3.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актуудтай маргахдаа зөвхөн “илт хууль бус болохыг тогтоолгох” хүрээнд маргасан тул захиргааны акттай холбогдуулан сонсох ажиллагаа хийгээгүй, хяналт шалгалтыг зохих журмаар явуулаагүй гэх агуулга бүхий үндэслэл, тайлбаруудад шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй, энэ талаар нотлох баримт цуглуулах нь хэрэгт ач холбогдолгүй болохыг тэмдэглэж байна.

3.5. Мөн шүүх хуралдаанд хариуцагч Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч *******аас “шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр” хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн агуулга бүхий хүсэлтийг[7] шүүхэд ирүүлсэн, хэргийн бусад оролцогчдоос түүнийг байлцуулах шаардлагатай талаар тухайлсан хүсэлт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ирцийн асуудалгүй гэж үзэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.2, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9 дэх хэсэг, 10.9.8 дахь заалт, 10.12 дахь хэсэг, 10.12.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.2, 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг, 154.2.2 дахь заалт, 154.10 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалт,  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.10 дахь хэсэг, 38.10.1, 38.10.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨАТҮГ-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-02/004-03 дугаартай “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” акт болон нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч *******ын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай” актыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч *******аас 35 100 төгрөг, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч *******аас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 141-142 дахь тал

[2] Хх 139-140 дэх тал

[3] Хх 7-8 дахь тал

[4] Хх 9-11 дэх тал

[5] Хх 167-169, 173-175 дахь тал

[6] Хх 11 дэх тал

[7] Хх 179 дэх тал