| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00472/И |
| Дугаар | 133/ШШ2024/00449 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2024/00449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг 0 тоотод оршин суух, *** -ийн *** гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, гэрч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 10 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** нь 1986 оны 6 дугаар сард арван жилээ төгсөөд 10 дугаар сард нь нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор ажилласан байдаг. Ингээд ажиллаж байгаад 1992 онд хүүхэд асрах чөлөө авсан байхад нь нийтийн ахуйн үйлчилгээний газар татан буугдсан. Тэрнээс хойш тухайн газарт ажиллаагүй байдаг. Мөн өмнө нь зэрэг хамгаалж байсантай холбоотой тушаал байдаг боловч ажилд орсон, гарсан тушаал байдаггүй. Иймээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. холбогдох баримтууддаа хамт ажиллаж байсан хүмүүсийн нэрийг өгөөд Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг 3 хүнийг гэрчээр оролцуулъя гэсэн боловч нэг нь Улаанбаатар хотод хувийн ажлаар яваа ирж амжихгүй байгаа учир хоёр гэрчийг оролцуулъя гэсэн саналтай байгаа. Мөн ажиллаж байсан үеийн зураг, нийтийн ахуйн үйлчилгээний газрын номын хэсгийг нотлох баримтаар өгсөн. Гэрч нар тэр талаар нотолж өгөх байх гэдэг үүднээс гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай тушаал,
-*** ***гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 358 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай Цалингүй, тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал,
-НААҮ-АҮ-ний байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулав гэх Түүх өгүүлсэн дурсамж номын 53, 54, 286 дугаар талын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг,
-*** -ийн *** гийн мэргэжлийн үнэмлэх.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** нь 1986 оны 10 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3.1. *** -ийн *** нь 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан болох нь:
Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай Мэргэжлийн шалгалт авсан дүнгийн тухай 1. Төмөр, оёдлын тасгийн ажилчдаас мэргэжлийн шалгалт авсан 143 ажилчны мэргэжлийн зэргийг 1-р хавсралтаар баталсугай. 2. Мэргэжлийн зэрэг олгосон тушаалыг үндэслэн 7-р сарын 1-нээс зэргээр нь цалинжуулахыг ерөнхий нягтлан бодогч ***од зөвшөөрсүгэй дарга *** гэж гарын үсэг зурсан тушаалын хавсралтын 25 дугаарт *** хуучин зэрэг II, шинэ зэрэг IIIа гэж бичигдсэн,
-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай Цалингүй, тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд ...Дараах ажилчдад хүүхдээ нэг нас хүртэл асрахад нь зориулж цалингүй тэтгэмжтэй чөлөө олгосугай гээд 7 дугаарт *** , эрхэлсэн ажил оёдолчин, чөлөөний хугацаа эхлэх 1990-10-7, дуусах 1991-07-19 гэж бичигдсэн,
-*** -ийн *** д 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон мэргэжлийн үнэмлэх,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн CVL2482000001001347 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ...*** овгийн ***ны *** 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эцгийн овог ***, эцгийн эцэг /эх/-ийн нэр ***, нэр ***, эхийн овог ***, эхийн эцгийн нэр ***, нэр *** гэж бүртгэгдсэн зэргээр тогтоогдож байна.
3.2. Шүүх нэхэмжлэгчийн ажиллаж эхэлсэн хугацааг Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мэргэжлийн шалгалт авсан дүнгийн тухай тушаал гарсан өдрөөр тодорхойлсон болно.
4. Иймд *** овгийн *** -ийн *** г 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
5. Харин хүсэлтээс 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...1986 оны 6 дугаар сард арван жилээ төгсөөд 10 дугаар сард нь нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор ажилласан байдаг. Ингээд ажиллаж байгаад 1992 онд хүүхэд асрах чөлөө авсан байхад нь нийтийн ахуйн үйлчилгээний газар татан буугдсан. Тэрнээс хойш тухайн газарт ажиллаагүй байдаг гэж тайлбарлаж байгаа боловч 1986 оны 10 дугаар сараас Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор томилогдож, 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан байдал нь шүүхэд ирүүлсэн бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тухайлбал үүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ үүргээ биелүүлээгүй байна.
Гэрч *** ...Би 1985 онд илгээлтээр гараад ажилласан. *** 1986 онд ажилд орсон. Бид нар хамт ажиллаж байгаад ахуй үйлчилгээ хувьчлагдаад тус тусдаа ажил хийсэн. 1990 оны 03 дугаар сард хувьчлагдсан байх. Тэрнээс хойш хувиараа оёдол хийж байгаа гэж,
Гэрч *** ...1987-1992 он хүртэл ажилласан. Тэгэхэд намайг ажилд ороход *** ажиллаж байсан гэж мэдүүлж байгаа боловч тухайн мэдүүлгүүд нь өөр бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул гэрч ***, *** нарын мэдүүлгээр *** г 1986 оны 10 сараас 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн *** -ийн *** г 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ